Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/01437

 

 

 

*******,******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02578 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 355 дугаар магадлалтай, 

*******,******* нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох  

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатарын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч*******гийн төлөөлөгч Т.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаар захирамжаар *******,******* бид 207,154,904 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК-д төлөхөөр шийдвэрлэсэн. Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улсын бүртгэлийн Ү-2206016226 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, ХД-40 байрны 11 тоотод байрлах 162.06 м.кв талбайтай 7 өрөө орон сууцыг зах зээлийн бодит үнэлгээнээс доогуур буюу 433,120,300 төгрөгөөр үнэлүүлсэн болохыг мэдэгдээд байна. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь 600,000,000 төгрөгийн үнэтэй бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах гэж буй нь үндэслэлгүй байна. Дээрх үнэлгээг бидэнд 2019.09.26-ны өдөр мэдэгдсэн. Харин шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээг хийлгэхээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилсон боловч шинжээчид эрх үүрэг тайлбарлахдаа шинжээч Э.Эрдэнэбатад танилцуулсан нь хууль зөрчсөн бөгөөд уг байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Бат-Энх гэдэг хүн байдаг. Мөн үнэлгээний тайланд 3 хүн гарын үсэг зурсныг шүүх анхаарч үзнэ үү. Өмнө шүүхийн шийдвэрээр уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Баян модот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосон бөгөөд өмнөх үнэлгээ болон энэ үнэлгээ үнийн дүнгийн хувьд яг адилхан тул мөн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нараас үнэлгээтэй танилцаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, ХД-40 байрны 11 тоотод байрлах 162.06 м.кв талбайтай 7 өрөө орон сууцыг 433,120,300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Түмэндэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаар шийдвэр, *******,******* нараас 208,418,826 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөрийг төлөөгүй тохиолдолд *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206016226 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, ХД-40 байрны 11 тоотод байрлах 162.06 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч *******,******* нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэн удаа дараа мэдэгдэл гардуулахад төлбөрийг төлөөгүй тул *******гийн өмчлөлийн орон сууцыг 2018.10.18-ны өдрийн 18290725 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019.03.12-ны өдрийн 18290725/01, 2019.09.07-ны өдрийн 18290725/138 дугаар тогтоолоор хураасан. Хуульд заасан журмын дагуу хураасан хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоон, шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэх тухай талуудад 2019.09.09-ний өдрийн мэдэгдлээр мэдэгдсэн байх ба төлбөр төлөгч нар үнийн санал өгөхөөс татгалзсан хариуг өгсөн. Иймд шинжээч томилж, үнэлгээ тогтоолгохоор 2019.09.11-ний өдрийн 279 дүгээр тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, эрх бүхий үнэлгээчин Э.Эрдэнэбатад эрх, үүрэг тайлбарласан байдаг ба уг хөрөнгийг 433,123,300 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан хэдий ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнөх шүүхийн шийдвэрт үнэлгээ хийсэн Баян модот ХХК-ийн шинжээч нь тайландаа гарын үсэг зураагүй үндэслэлээр л үнэлгээ хүчингүй болсон бөгөөд үнийн дүн хэт бага гэсэн зүйл байхгүй гэжээ. 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******,******* нар нь манай банктай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 175,000,000 төгрөгийг 19.8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас банкны зүгээс гэрээг цуцлах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасны дагуу шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 138 дугаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Нэхэмжлэгч нар нь нийт 208,418,851 төгрөгийг төлөх ёстой боловч уг төлбөрийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхээр хамтран ажиллаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад ******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрийгөө төлөөлөх этгээдээр*******д олгож, хөндлөнгийн гэрчүүдийг оролцуулан барьцаа хөрөнгийг хураах ажиллагаа явуулсан. Түүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу эд хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагааг хийж, талуудаас үнийн саналыг авсан боловч нэхэмжлэгч нар үнийн санал өгөхөөс татгалзсан байдаг. Түүний дагуу хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилсон байдаг. Анх Баян модот ХХК-ийн гаргасан үнэлгээ болон Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээний үнийн дүн ижил байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02578 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, ХД-40 байрны 11 тоотод байрлах 162.06 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай *******,******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар *******,******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-нna өдрийн 355 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02578 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг мөн хуулийн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх ...зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. *******гийн өмчлөлийн орон сууцны үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хөрөнгө-Эстимэйт ХХК-иар гаргуулахаар шийдвэрлэсэн. Тус үнэлгээний тайланд Э.Эрдэнэбат, Б.Бат-Энх нар нь гарын үсэг зурж үнэлгээ хийсэн. Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг хуулийн дагуу бүрэн төлөөлөх, гүйцэтгэх захирал нь Б.Бат-Энх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилохдоо компанид буюу төлөөлөх эрхтэй этгээд Б.Бат-Энхэд худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулж гарын үсэг зуруулаагүй байдаг. Харин Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг төлөөлөх эрхгүй Э.Эрдэнэбат гэж хүнд танилцуулсан нь хуулийн этгээдэд хууль сануулж, гарын үсэг зуруулсан гэж үзэх боломжгүй. Тиймээс Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээний дүгнэлт нь хууль бус юм. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр гудамж, ХД-40 байр 11 тоот орон сууцны зах зээлийн бодит үнэлгээ 600,000,000 төгрөг бөгөөд уг үнэлгээг хэт доогуур буюу 433,123,300 төгрөгөөр үнэлсэн нь тухайн хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

*******,******* нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, ХД-40 байрны 11 тоотод байрлах 162.06 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.  

*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг доор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Төлбөрийг ямар нэгэн эд хөрөнгөөс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан дарааллын дагуу явагдана.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шүүхийн шийдвэрт тухайлан заасан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дарааллыг баримтлахыг шаардахгүй.  

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, ХД-40 байрны 11 тоотод байрлах 162.06 мкв талбайтай орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.  

Хариуцагч хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдах доод үнийн саналыг ирүүлэхийг төлбөр төлөгч нарт 2019.09.09-ний өдрийн 4/19575 тоот мэдэгдлээр мэдэгдсэн бөгөөд *******,******* нар үнийн санал өгөхөөс татгалзсан байх тул 2019.09.11-ний өдрийн 279 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ. 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зохицуулжээ. 

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн газартай ойролцоо, ижил төсөөтэй худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.  

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2020.09.25-ны өдрийн №01/109 тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууцны үнэлгээг 433,123,300 төгрөгөөр тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. 

Эдгээр нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, түүнчлэн давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасантай нийцжээ.  

Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатарын хяналтын журмаар гаргасан ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн... гэсэн гомдол хангагдахгүй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон талаарх баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон болохыг нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй байх тул Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан заалтуудыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна. 

Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж зааснаар мэтгэлцэх зарчмыг хангаж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийжээ. 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...433,123,300 төгрөгөөр үнэлсэн нь тухайн хөрөнгийг үнэгүйдүүлсэн... гэх утгатай гомдол үндэслэлгүй болно. 

3. Шинжээч шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулдаг.  

Хариуцагч байгууллага 2019.09.11-ний өдөр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Э.Эрдэнэбатад шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад нь эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. 

Давж заалдах шатны шүүхийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин эрх, үүрэгтэйгээ танилцаж, дүгнэлт гаргасан тул төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт үндэслэлтэй.  

Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасантай нийцсэн, уг хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон холбогдох бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02578 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 355 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Л.АТАРЦЭЦЭГ 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                Г.АЛТАНЧИМЭГ

                                                           ШҮҮГЧИД                 П.ЗОЛЗАЯА 

                                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                              Х.СОНИНБАЯР