Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02578

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02578

                       Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М /РД:/,

 

Нэхэмжлэгч: М нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н газарт холбогдох

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Мгийн төлөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэндэлгэр, Н.Байгалтуяа, гуравдагч этгээдийн төлөөлөгч П.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мгийн төлөөлөгч Т.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 1 сарын 16-ны өдрийн 00138 тоот захирамжаар Э.М, Б.М бид 207 154 904 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК-д төлөхөөр шийдвэрлэсэн. Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улсын бүртгэлийн Ү дугаартай, Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, Х байрны Х тоотод байрлах  Х мкв талбайтай 7 өрөө орон сууцыг зах зээлийн бодит үнэлгээнээс доогуур буюу 433 120 300 төгрөгөөр үнэлүүлсэн болохыг мэдэгдээд байна. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь 600 000 000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах гэж буй нь үндэслэлгүй байна. Дээрх үнэлгээг бидэнд 2019 оны 9 сарын 26-ны өдөр мэдэгдсэн. Харин шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээг хийлгэхээр Хөрөнгө-эстимэйт ХХК-ийг томилсон боловч шинжээчид эрх үүрэг тайлбарлахдаа шинжээч Э.Эрдэнэбатад танилцуулсан нь хууль зөрчсөн бөгөөд уг байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Бат-Энх гэдэг хүн байдаг. Мөн үнэлгээний тайланд 3 хүн гарын үсэг зурсныг шүүх анхаарч үзнэ үү. Өмнө шүүхийн шийдвэрээр уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Баян модот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосон бөгөөд өмнөх үнэлгээ болон энэ үнэлгээ үнийн дүнгийн хувьд яг адилхан тул мөн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нараас үнэлгээтэй танилцаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, Х байрны Х тоотод байрлах  Х мкв талбайтай 7 өрөө орон сууцыг 433 1230 300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Түмэндэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2018 оны 1 сарын 16-ны өдрийн 138 дугаар шийдвэр, Э.М, Б.М нараас 208 418 826 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөрийг төлөөгүй тохиолдолд Э.Мгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү дугаартай, Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, Х байрны Х тоотод байрлах  Х мкв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Э.М, Б.М нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэн удаа дараа мэдэгдэл гардуулахад төлбөрийг төлөөгүй тул Э.Мгийн өмчлөлийн орон сууцыг 2018 оны 10 сарын 18-ны өдрийн 18290725 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 3 сарын 12-ны өдрийн 18290725/01, 2019 оны 9 сарын 07-ны өдрийн 18290725/138 дугаар тогтоолоор хураасан. Хуульд заасан журмын дагуу хураасан хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоон, шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэх тухай талуудад 2019 ны 9 сарын 09-ний өдрийн мэдэгдлээр мэдэгдсэн байх ба төлбөр төлөгч нар үнийн санал өгөхөөс татгалзсан хариуг өгсөн. Иймд шинжээч томилж, үнэлгээ тогтоолгохоор 2019 оны 9 сарын Х-ний өдрийн 279 дүгээр тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-г шинжээчээр томилж, эрх бүхий үнэлгээчин Э.Эрдэнэбатад эрх, үүрэг тайлбарласан байдаг ба уг хөрөнгийг 433 123 300 төгрөгөөр үнэлсэн. ШШГТХ-ийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд хуульд заасан хугацаандаа гаргасан хэдий ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнөх шүүхийн шийдвэрт үнэлгээ хийсэн Баянмодот ХХК-ийн шинжээч нь тайландаа гарын үсэг зураагүй үндэслэлээр л үнэлгээ хүчингүй болсон бөгөөд үнийн дүн хэт бага гэсэн зүйл байхгүй гэв.

 

 Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.М, Б.М нар нь манай банктай 2016 оны 10 сарын 17-ны өдөр 175 000 000 төгрөгийг 19.8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас банкны зүгээс гэрээг цуцлах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасны дагуу шүүхээс 2018 оны 1 сарын 16-ны өдөр 138 тоот “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарсан. Нэхэмжлэгч нар нь нийт 208 418 851 төгрөгийг төлөх ёстой боловч уг төлбөрийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхээр хамтран ажиллаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Э.М нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрийгөө төлөөлөх этгээдээр Б.Мд олгож, хөндлөнгийн гэрчүүдийг оролцуулан барьцаа хөрөнгийг хураах ажиллагаа явуулсан. Түүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3, 177.1-т заасны дагуу эд хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагааг хийж, талуудаас үнийн саналыг авсан боловч нэхэмжлэгч нар үнийн санал өгөхөөс татгалзсан байдаг. Түүний дагуу хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгө эстимэйт ХХК-г томилсон байдаг. Анх Баянмодот ХХК-ийн гаргасан үнэлгээ болон Хөрөнгө эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээний үнийн дүн ижил байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.М, Б.М нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нар нь гомдлоо 2019 оны 10 сарын 03-ны өдөр буюу хуулийн хугацаанд гаргасан байна. 

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Э.М, Б.М нар нь 207 154 904 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК-д ...2018 оны 12 сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү дугаартай, Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, Х байрны Х тоотод байрлах  Х мкв талбайтай 7 өрөө орон сууцыг хуульд заасны дагуу дуудлага худалдаанд оруулж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Э.М, Б.М нар 208 418 828 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

 

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Э.Мгийн өмчлөлийн , Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, Х байрны Х тоотод байрлах  Х мкв талбайтай 7 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18290725 дугаар тогтоолоор битүүмжилж 2019 оны 3 сарын 12-ны өдрийн 18290725/01 дугаар тогтоолоор тус тус хурааж, шинжээчээр Баянмодот ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгосон байх ба уг үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахин эхэлсэн байх ба зохигч талууд эдгээр асуудлаар маргаагүй байна.

 

Ингээд төлбөр төлөгч Э.Мгийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, Х байрны Х тоотод байрлах Х мкв талбайтай 7 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18290725 дугаар тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгийг 2019 оны 9 сарын 07-ны өдрийн 18290725/138 дугаар тогтоолоор хурааж, уг ажиллагаанд төлбөр төлөгч нар оролцсон байх ба 2019 оны 9 сарын 09-ний өдрийн 4/ 19575 тоотоор төлбөр төлөгч нарт үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэл хүргүүлжээ.

Дээрх мэдэгдлийн дагуу төлбөр төлөгч Э.М, Б.М нар нь үнийн санал өгөхөөс татгалзсан /хх-106/ тул 2019 оны 9 сарын Х-ний өдрийн 279 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-ийн 108/

Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Хөрөнгө эстимейт ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны  өдрийн 01/109 тоот Хөрөнгө үнэлгээний тайлангаар дүгнэлт гаргаж, тус барьцаа хөрөнгийг үнэлэхдээ орлогын хандлагын, зах зээлийн хандлагын, өртөгийн хандлагын аргаар нийт 433 123 300 төгрөгөөр үнэлжээ./хх-ийн Х0-123/

 

Нэхэмжлэгч нь “...Шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээг хийлгэхээр Хөрөнгө-эстимэйт ХХК-ийг томилсон боловч шинжээчид эрх үүрэг тайлбарлахдаа шинжээч Э.Эрдэнэбатад танилцуулсан нь хууль зөрчсөн бөгөөд уг байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Бат-Энх гэдэг хүн байдаг. Мөн үнэлгээний тайланд 3 хүн гарын үсэг зурсныг шүүх анхаарч үзнэ үү. Өмнө шүүхийн шийдвэрээр уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Баянмодот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосон бөгөөд өмнөх үнэлгээ болон энэ үнэлгээ үнийн дүнгийн хувьд яг адилхан тул мөн үндэслэлгүй байна. Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн” гэж маргаж байгаа хэдий ч энэ талаараа нотолж чадаагүй байна.

Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “үнэлгээчин” гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг ба хэрэгт үнэлгээ гаргасан Хөрөнгө эстимэйт ХХК болон үнэлгээчин Э.Эрдэнэбат нарын тусгай зөвшөөрөл ирсэн байна.

Тодруулбал, хариуцагч байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилж, уг байгууллагын үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин эрх, үүрэгтэйгээ танилцаж, дүгнэлт гаргасан байгаа нь төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул “...шинжээч орон сууцыг зах зээлийн ханшнаас бага үнэлсэн...” гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Б.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүлэнд шүүх зохих журмын дагуу мэдэгдсэн байх ба нэхэмжлэгч Э.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар болон хариуцагчийн төлөөлөгч нар нь түүний эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан ба  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, Х5 дугаар зүйлийн Х5.1, Х5.2.3, Х6, Х8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, Х байрны Х тоотод байрлах Х мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.М, Б.М нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Э.М, Б.М нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Х9 дүгээр зүйлийн Х9.2, Х9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.МӨНХЖАРГАЛ