Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0447/З |
Дугаар | 128/ШШ2021/0550 |
Огноо | 2021-08-26 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2021/0550
2021 08 26 128/ШШ2021/0550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Т.Мөнх-эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 5 танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Г б о ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалын Г б оХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, иргэдийн төлөөлөгч О.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г б о ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Г б оХХК нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын д******* нэртэй газарт ашигт малтмал ашиглах эрх бүхий *******А дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 30 жилийн хугацаатай эзэмшихээр авсан. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар Г б оХХК-ийн *******А дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байсан талаар хүсэлт гаргаснаар Ашигт малтмал, газрын тосны газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн а/49 дүгээр тушаалаар тус компанийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн.
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн дээрх а/49 дүгээр тушаалаа 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалаар хүчингүй болгосон байна. Энэ шийдвэрийн улмаас Г б оХХК-ийн MV- ******* тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглах эрх зөрчигдөж тус компани өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас тус газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалыг тусгай зөвшөөрөл эзэмшигч Г б оХХК-ийн албан ёсны хаягаар хүргүүлээгүй, энэ тушаалын талаар мэдэгдээгүй байсан бөгөөд нэхэмжлэгч тухайн шийдвэрийн талаар Г б о ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн. Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 7/8039 дугаартай албан бичгээс олж мэдсэн байна. Нэхэмжлэгч компани уг албан бичигтэй танилцсаны дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дэх хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга маргаан бүхий а/63 дугаар тушаалынхаа хууль зүйн үндэслэлийг "...Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалыг тус тус үндэслэн..." гэж тодорхойлжээ. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон дээрх хуулийн зохицуулалт, сайдын шийдвэр тус бүрээр шинжлэн судалбал дараах байдлаар хуульд нийцээгүй болох нь тогтоогдож байна:
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг үндэслэл болгосон асуудлын талаар: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийн зохицуулалт нь Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 1-рт “эрх хэмжээний хүрээнд", 2-рт “хууль тогтоомжид нийцүүлэн" шийдвэр гаргах агуулгыг илэрхийлж байгаа. Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэрээ хүчингүй болгох тухайн маргаан бүхий захиргааны акт нь хуулийн дээрх зохицуулалтын шаардлагад нийцээгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн а/49 дүгээр тушаалаар тус компанийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг үндэслэл болгосон болох нь тогтоогдож байгаа. Гэтэл хариуцагч дээрх дүгнэлтийг үгүйсгэсэн ямар нэгэн баримт байхгүй байхад тусгай зөвшөөрөл сэргэсэн шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх, түүнийг хүчингүй болгох ямар нэгэн хуулийн үндэслэл заалгүйгээр хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар Г б оХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны а/49 дүгээр тушаал нь нь хууль зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй.
Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалыг үндэслэл болгосон асуудлын талаар: Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргасан нэг үндэслэлээ Уул уурхай , хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалыг гэж заасан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах шийдвэртэй холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахаар хууль тогтоогч тогтоосон. Ашигт малтмалын тухай хууль тогтоомжоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах шийдвэр гаргах эрхийг ашигт малтмалын асуудал эрхэлсэн сайд энэ тохиолдолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгогдоогүй. Иймээс маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалыг үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалд нэхэмжлэгч Г б оХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болго гэсэн заалт байхгүй. Харин уг тушаалын 1 дэх заалтад “ ...Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр болон сонгон шалгаруулалтын журмаар олгосон байдал, тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтөд хийсэн хяналт шалгалтын мөрөөр дараах арга хэмжээ авч ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасугай." гээд уг заалтын 1-д “...Ажлын хэсгийн хяналт шалгалт хийсэн тухай дүгнэлтэд дурдсан тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох холбогдох албан хаагчдад хариуцлага тооцох..." гэж заасан байдаг. Хариуцагч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны ******* дүгээр тушаалын заалтыг хэрэгжүүлээгүй атлаа нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль бус болсон. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа тухайн этгээдэд урьдчилан мэдэгдэж, ашигт малтмал ашиглах эрхийг хүчингүй болгохтой холбоотой асуудлаар тайлбар, санал гаргах, оролцох эрхийг хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.“ гэв.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Өвөрхангай аймгийн Н******* сумын нутагт байрлах Д******* нэртэй 489.47 га талбайд ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Г******* трейд ХХК-д 30 жилийн хугацаагаар олгосон. Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 459 тоот шийдвэрээр иргэн Г******* трейд ХХК-иас Г б оХХК-д бүхэлд нь шилжүүлснийг бүртгэсэн. Г б оХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухай тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө ... гэж заасны дагуу 9 дэх жилийн төлбөрийг 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө төлөөгүй байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэгжүүлж Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална..., 56 дугаар зүйлийн 56.1.2-т ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй... бол цуцлахаар хуульчилсныг үндэслэн ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр цуцалсан байна.
Г б оХХК-ийн эзэмшиж байсан Өвөрхангай аймгийн Н******* сумын нутагт байрлах Д******* нэртэй 489.47 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор нийтэд зарласан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайтай бүхэлдээ давхцалтай байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр цуцалсан ашигт малтмалын ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн а/49 дүгээр тушаалаар уг тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгасан байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д ...Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан..., Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т ...Энэ хуулийн 35.1.1, 56.1.3-56.1.5-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага доор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно... гэх заалтуудыг илтэд зөрчсөн байсан.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг манай байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийж улмаар холбогдох хуулийг зөрчиж гаргасан тушаал шийдвэрийн зөрчлийг арилгаж хуульд нийцүүлж ажиллахыг мэдэгдэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ******* тоот тушаалын хамт ирүүлсэн.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалын биелэлтийг хангаж манай байгууллагын удирдлага Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* тоот тушаалыг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн а/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.
Өмнө нь Нийслэл дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Г б оХХК энэхүү нэхэмжлэлийг гаргаж шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т заасныг баримтлан Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаах тухай 128/Ш32019/3128 дугаартай захирамж гаргаж, мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасны дагуу шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн байдаг. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.“ гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “... Дүгнэлт байхгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г б оХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалын Г б оХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа асуудлаар дүгнэж, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг: Хэргийн үйл баримт:
1. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр[1] Г******* трейд ХХК-д Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Д******* нэртэй газар орших 541 гектар талбайд *******А тоот тусгай зөвшөөрлийг олгон бүртгэжээ.
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 459 дугаар[2] шийдвэрээр Г******* трейд ХХК-ийн өргөдлийн дагуу MV-0******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компаниас Г б оХХК-д шилжүүлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт ... Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх ба хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална... гэж заасны дагуу Г б оХХК-иас өөрийн эзэмшиж буй MV-0******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 276 дугаар[3] шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр Г б оХХК-ийн MV-0******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын газрын даргад[4] тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлтийг гаргасан боловч Ашигт малтмалын газрын[5] 2016 оны 4 үгээр сарын 28-ны өдрийн 6/2727 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрөл цуцлагдсан нь хууль зүйн үндэслэлтэй, хүсэлтэд дурдсан шалтгаан нь Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул сэргээн шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн байна.
Үүний дараа Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар уг тусгай зөвшөөрлийг сэргээсэн боловч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 28-ны өдрийн 28 дугаар[6] тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр болон сонгон шалгаруулалтын журмаар олгосон байдал, тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтөд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн хяналт шалгалт хийсэн тайланг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалаар ...дүгнэлтэд дурдсан тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох... асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгажээ.
Уг тушаалыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар[7] нэхэмжлэгч Г б о ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын *******А тоот тусгай зөвшөөрлийг сэргээсэн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.
Хоёр: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл :
1.Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалын Г******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 276 дугаар[8] шийдвэрээр цуцлагдсан Г б оХХК-ийн MV-0******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар сэргээсэн байдаг.
Ийнхүү сэргээсэнтэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 28-ны өдрийн 28 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаанд шалгалт хийж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр болон сонгон шалгаруулалтын журмаар олгосон байдал, тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтөд хяналт шалгалт хийсэн тайланд[9] Г б оХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн асуудлыг шалган хуульд нийцүүлэх талаар дурдсан.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ******* дүгээр[10] тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр болон сонгон шалгаруулалтын журмаар олгосон байдал, тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтөд хийсэн хяналт шалгалтын мөрөөр арга хэмжээ авахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар[11] тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т ...Энэ хуулийн 35.1.1, 56.1.3-56.1.5-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага доор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно... гэх заалтуудыг илтэд зөрчсөн Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон байна.
Ийнхүү Г б оХХК-ийн ашиглалтын МҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг сэргээсэн Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ., 48 дугаар зүйлийн 48.2.1. хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан; 48.3. Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно. гэж заасантай нийцжээ.
Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн а/49 дугаар тушаалаар[12] Г б оХХК-ийн ашиглалтын МҮ-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэхдээ Ашигт малтмалын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг үндэслэсэн гэсэн боловч тус хэлтсийн хяналт шинжилгээ хийсэн тайланд[13] Г б оХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээх асуудал тусгагдаагүй, тус шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын архивт хийсэн үзлэгээр[14] Г б оХХК-ийн талаар хийсэн дүгнэлт тайлан гараагүй[15], мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлгээр Г б оХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээх асуудлыг судлан тогтоосон, дүгнэлт гаргасан талаар хэн аль нь мэдэхгүй гэсэн тайлбар өгсөн.
Хариуцагчаас Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4. Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана. гэж заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалыг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн а/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн сонсох ажиллагаа хийгээгүй гэх тайлбарын талаар:
Захиргааны ерөнхий хуулийн 26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдэд урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, баримтжуулах үүрэгтэй.
Ашигт малтмал газрын тосны газрын 2017 оны 1 дүгээр сарын 04-ны өдрийн 7/55 дугаар[16] албан бичгээр маргаан бүхий актыг мэдэгдсэн гэх боловч уг шийдвэрийг гаргахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сонсох ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага байгаагүй гэх тайлбар үндэслэл бүхий байна.
Учир нь нэхэмжлэгч Г б оХХК-ийн эзэмшиж байсан Өвөрхангай аймгийн Н******* сумын нутагт байрлах Д******* нэртэй 489.47 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор нийтэд зарласан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайтай бүхэлдээ давхцалтай болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэлийн тойм зураг[17], тус шүүхээс Кадастрын хэлтсийн уул уурхайн мэдээллийн системийн зураг зүйн бүртгэл болон архивт хийсэн үзлэг[18] зэргээр тус тус нотлогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүх бүрэлдэхүүн Г б о ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалын Г б оХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3, Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.3-д заасныг тус тус баримтлан Г б о ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалын Г б оХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] 1 дүгээр хавтасны 48 дахь тал
[2] 1 дүгээр хавтасны 39 дэх тал
[3] 1 дүгээр хавтасны 84 дүгээр тал
[4] 1 дүгээр хавтасны 150 дахь тал
[5] 1 дүгээр хавтасны 123 дахь тал
[6] 1 дүгээр хавтасны 204 дэх тал
[7] 1 дүгээр хавтастны 50 дахь тал
[8] 1 дүгээр хавтасны 84 дүгээр тал
[9] 1 дүгээр хавтасны 217 дахь тал
[10] 1 дүгээр хавтасны 215 дахь тал
[11] 1 дүгээр хавтасны 50 дахь тал
[12] 1 дүгээр хавтасны 183 дахь тал
[13] 1 дүгээр хавтасны 78-81 дэх тал
[14] 2 дугаар хавтасны 142 дахь тал
[15] 3 дугаар хавтасны 9 дэх тал
[16] 1 дүгээр хавтасны 124 дэх тал
[17] 2 дугаар хавтасны 213 дахь тал
[18] 1 дүгээр хавтасны 117 дахь тал