Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 1216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, нарны гудамж 4-14 тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой Хүрэлтөмөрийн Батсайхан /РД:ЕН83042315/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71 дүгээр байр, 85 тоотод оршин суух, Монхуут ургийн овогтой Осорын Мөнхзул /РД:ТК73053078/-д холбогдох,

 

2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Тоёота креста маркийн 82-63 ДГО улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг О.Мөнхзулын эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 4,338,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, хариуцагч О.Мөнхзул, гэрч н.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.Батсайхан 2016 оны 7 сард өөрийн эзэмшлийн 8263 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдахаар төлөвлөж байсан. Тухайн үед түүний найз О.Мөнхзул нь Х.Батсайханд хандаж машинаа хямд үнээр зарж яах гэсэн юм бэ, найз нь машиныг нь Улаанбаатар хот оруулж өндөр үнээр зарж өгье гэснийг нэхэмжлэгч Х.Батсайхан зөвшөөрсөн. Талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар даалгаврын гэрээ амаар байгуулагдсан. Х.Батсайхан нь О.Мөнхзулд тээврийн хэрэгсэл хэдэн төгрөгөөр зарах, машин зарсаны хөлсөнд хэдэн төгрөг өгөх талаар тохиролцоогүй. Талууд машиныг 3,000,000 төгрөгөөс илүү үнээр зарна гэдэгт санал нэгдсэн. Тухайн үед Х.Батсайхан хот орохгүй гээд О.Мөнхзулын нэр дээр тээврийн хэрэгсэл шилжүүлсэн. О.Мөнхзулын өмчлөлд машин шилжүүлэх хүсэл зориг агуулаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар дүр үзүүлж хэлцэл байгуулсан тул уг гэрээ хүчин төгөлдөр бус байна. Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус үндэслэлээр авто машиныг өөрийн эзэмшилд авах шаардлага гаргасан. Иймд талуудын байгуулсан авто машин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Х.Батсайханыг авто машины өмчлөгчөөр тогтоож, хариуцагчийн хууль бус өмчлөлөөс авто машиныг нэхэмжлэгчид гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Мөнхзул шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Би 10,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, Замын-Үүдийн боомтоос машин авахаар очсон. Тухайн үед Х.Батсайхан 1,500,000 төгрөгөөр машинаа зарна гэсэн. Би түүнийг машинаа хямд үнээр зарж яах гэсэн юм бэ. Засвар хийж зарвал арай өндөр үнэ хүрэх юм биш үү гэхэд Х.Батсайхан тийм юм уу гээд зөвшөөрсөн. Би хотод эвдэрхий машин авчирсан гэж хэлэхгүй. Машины мотор асаж байсан. Би машинд хийгдсэн засварын төлбөрийн баримт, падаан бүрийг авч чадаагүй. Засвар хийлгэсэн зарим нэг баримтыг авсан. Машиныг бүтэн будганд 1,000,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгөөр оруулж, мотор задалж зассан. Засварын явц харуулсан гэрэл зургийг би тухайн үед Х.Батсайхан руу явуулж байсан. Хавтаст хэрэгт Х.Батсайхан руу явуулсан гэрэл зургуудийг нотлох баримтаар өгсөн. Засварын үеэр машины хаалга, хойд суудал, шил арчигч зэргээс их хэмжээний элс гарсан. Креста-150 маркын севча авч, сольсон. Машины салоныг ченж угаалганд оруулсан. Өмнө Х.Батсайхан надаас 3,000,000 төгрөг шаардсаныг шүүх машин зарагдаагүй учраас мөнгө нэхэмжлэхгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо Х.Батсайхан надаас машинаа шаардаж байна. Би машиныг Х.Батсайханы өмчлөлд шилжүүлж өгөхийг зөвшөөрнө гэв.

 

Хариуцагч О.Мөнхзул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Замын-Үүдээс машинд 5 шинэ дугуй, радиотор, аккумулятор авч тавьсан. Замын-Үүдээс Улаанбаатар ороход машины мотор байнга халж байсан учраас мотор задалж, засуулсан. Машинд засвар хийхгүй бол хэн ч авахгүй. Би сэтгэл гаргаж машиныг оношилгоонд оруулж, бүх эвдрэлийг нь засуулж, сэлбэг материал авч тавьсан. Машины засварын ажлыг Х.Батсайханд харуулж, хэлж байсан. Х.Батсайхан надад машин янзлаадах гэж хэлээгүй гэлээ. Хэрэв надад машин зас гэж хэлээгүй гэж тайлбарлаж байгаа бол намайг машинд засвар хийлгэж байна гэхэд яагаад болиулаагүй юм бэ. Машинд засвар хийсний дараа Х.Батсайхан хотод ирсэн. Бид хоёр машинаар Багануур орж, Чингисийн хөшөө орсон. Тухайн үед Х.Батсайхан машиныг сайхан болсон гэж хэлж байсан. Би Х.Батсайханы машиныг анхнаасаа өөрийн болгоно гэсэн санаагаар засварын ажлын зураг дарж, баримт, падаан цуглуулаагүй. Х.Батсайхан намайг эдгээр зураг, баримтыг гаргаж өгөх аргагүйд хүргэсэн. Би машинд оруулсан зардлыг жагсаахад 4,338,000 төгрөг болж байсан тул уг мөнгийг сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжлэгчээс шаардсан. Гэхдээ хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа 1,761,309 төгрөгийг нэхэмжилж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2,576,691 төгрөгөөр багасгаж байна гэв.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл талуудын хооронд даалгаврын гэрээ байгуулагдсан. Даалгавар өгөгчийн зөвшөөрөлтэй даалгавар гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Х.Батсайхан О.Мөнхзулд машинд засвар хийх зөвшөөрөл өгөөгүй байхад өөрийн санаачлагаар засвар хийж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. О.Мөнхзул Х.Батсайханы зөвшөөрлөөр даалгавар гүйцэтгэж машинд засвар хийсэн гэдгээ нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч анхнаасаа би О.Мөнхзулд машин засуулах даалгавар өгөөгүй, 1,500,000 төгрөгийн үнэтэй машиныг 1,700,000 төгрөгөөр зассанаар нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байна. Х.Батсайхан О.Мөнхзулд даалгавар гүйцэтгэх зөвшөөрөл өгөөгүй байхад засвар хийлгэснийг зайлшгүй гарах зардал гэж үзэхгүй байна. Та 7 сард машинд засвар хийж, 9 сард Х.Батсайханы эхнэрийн facebook хаягаар засварын ажлын зураг явуулсан. Даалгавар өгөгч зөвшөөрөл өгөөгүй байхад хариуцагч засвар хийсэн тул засварын төлбөрийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Батсайхан нь хариуцагч О.Мөнхзулд холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Тоёота креста маркийн 82-63 ДГО улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг О.Мөнхзулын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч О.Мөнхзул нь нэхэмжлэгч Х.Батсайханд холбогдуулан 4,338,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч нь шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2,576,691 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэгчээс авто машинд хийсэн засвар үйлчилгээний зардалд 1,761,309 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч Х.Батсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ... хариуцагч О.Мөнхзул нь миний өмчлөлийн Тоёота креста маркийн 82-63 ДГО улсын дугаартай автомашиныг илүү өндөр үнээр зарж өгнө гэснийг би зөвшөөрч, түүний нэр дээр автомашины гэрчилгээг шилжүүлэн өгч явуулсан боловч тэрээр уг автомашиныг зарж борлуулаагүй, өдийг хүртэл өөрийн хэрэгцээндээ унаж хэрэглэж байх тул уг автомашины нэрийг шилжүүлэх зорилгоор хийсэн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус юм... гэж тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн автомашиныг буцаан авахыг шаарджээ.

 

Хариуцагч нь ... нэхэмжлэгчийн автомашиныг худалдан борлуулахаар авч явахдаа уг автомашинд засвар хийгээд зарвал үнэд хүрэх юм бишүү гэхэд нэхэмжлэгч нь зөвшөөрсөн тул миний бие уг автомашиныг Улаанбаатарт авч ирээд засвар хийж, худалдаад мөнгийг 2 хувааж авахаар тохиролцсон. Одоо уг автомашиныг нэхэмжлэгчид буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. Харин засварын зардалд 1,761,309 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

Талуудын дээрх тайлбараас үзэхэд хариуцагч О.Мөнхзул нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Тоёота креста маркийн 82-63 ДГО улсын дугаартай автомашиныг илүү өндөр үнээр худалдан борлуулах талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Зохигчид талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагч О.Мөнхзул нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Тоёота креста маркийн 82-63 ДГО улсын дугаартай автомашиныг бусдад худалдан борлуулах үүрэг хүлээсэн байна.

 

Энэхүү даалгаврын гэрээний үүргийг даалгавар гүйцэтгэгч нь биелүүлж автомашиныг бусдад худалдсан тохиолдолд нэр шилжүүлэн өгөх явцыг хөнгөвчлөх зорилгоор талууд 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээг байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн 82-63 ДГО улсын дугаартай Тоёота креста маркийн автомашин хариуцагч О.Мөнхзулын нэр дээр шилжиж, 36-97 УНТ улсын дугаар авсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд тээврийн хэрэгслийг худалдан, худалдан авах хүсэл зориг байгаагүй бөгөөд тэдний хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашиныг өндөр үнээр зарах хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан даалгаврын гэрээг халхавчилж хийсэн гэрээ гэж үзэх үндэслэлтэй байх тул талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэжээ.

 

Иймд хариуцагч О.Мөнхзул нь хүчин төгөлдөр бус худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан автомашиныг нэхэмжлэгч Х.Батсайханд шилжүүлэн өгөх үүрэгтэй.

 

Дээрх үндэслэлээр талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Тоёота креста маркийн 36-97 УНТ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Х.Батсайханы нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Хариуцагч О.Мөнхзул нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... нэхэмжлэгч Х.Батсайхантай нь өөрийнх нь өмчлөлийн автомашинд засвар үйлчилгээ хийж, үнийг нэмэгдүүлэн худалдан борлуулахаар харилцан тохиролцсоны дагуу уг автомашинд засвар үйлчилгээ хийсэн гэж ... тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1 даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 402 дугаар зүйлийн 402.1 дэх хэсэгт Даалгаврыг бүрэн гүйцэтгээгүй байхад даалгавар өгөгч нь даалгавраа өөрчилсөн, эсхүл даалгавраа цуцалсан тохиолдолд даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зардал, учирсан хохирлыг даалгавар гүйцэтгэгчид төлөх бөгөөд хөлс төлөхөөр тохиролцсон бол гүйцэтгэсэн даалгаврын хэмжээгээр түүнийг төлөх үүрэгтэй.

 

 

Хариуцагч нь хэдийгээр уг автомашинд засвар үйлчилгээ хийн үнийг өсгөж худалдан борлуулахаар харилцан тохиролцсон, өөрөөр хэлбэл даалгавар өгөгч Х.Батсайхан нь уг автомашинд засвар үйлчилгээ хийх даалгавар өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна уг автомашинд засвар үйлчилгээн хийсэнтэй холбогдон гарсан зардлыг даалгавар өгөгчийн даалгаврыг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зардал, эсхүл даалгавраа цуцалсантай холбогдон учирсан хохирол гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор нэхэмжлэгчийн эхнэр н.ДэлгэрмаагийнFacebook messenger хаяг руу засвар хийж байсан зурагнуудыг явуулсан гэж тайлбарлан түүнд шүүхийн журмаар үзлэг хийлгэсэн боловч түүнийг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчид автомашинд засвар хийх даалгавар өгсөн гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч О.Мөнхзулын нэхэмжлэгч Х.Батсайханд холбогдуулан гаргасан 1,761,309 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Тоёота креста маркийн 36-97 УНТ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Х.Батсайханы өмчлөлд шилжүүлэн өгөхийг хариуцагч О.Мөнхзулд даалгасугай

 

2.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 402 дугаар зүйлийн 402.1-д заасны дагуу нэхэмжлэгч Х.Батсайханаас 1,761,309 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч О.Мөнхзулын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Х.Батсайханаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,800 төгрөгийг, хариуцагч О.Мөнхзулаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,358 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Мөнхзулаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг, улсын төсвөөс 8,400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Батсайханд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА