Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/00367

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/00367

 

 

Х.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/03549 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Бы нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Мд холбогдох

 

2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Тоёота креста маркийн 82-63 ДГО улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг О.Мын эзэмшлээс чөлөөлүүлэх, Х.Баас 4 338 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н:Ууганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ууганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Б нь 2016 оны 7 сарын эхээр өөрийн эзэмшлийн 82-63 ДГО улсын дугаартай Тоёота креста маркийн тээврийн хэрэгслийг 3 сая төгрөгөөр зарахаар төлөвлөж байх үед түүнтэй найз нөхрийн холбоотой Осорын Мөнхзул нь Х.Бд хандаж миний найз машинаа ийм хямдхан зарж яах юм бэ, найз нь Улаанбаатар хотод аваачаад үнэд хүргээд зараад өгье гэж хэлсэн. Энэхүү саналыг Х.Б хүлээн зөвшөөрсөн. Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан бөгөөд тухайн үед Х.Б, О.М нар нь тухайн тээврийн хэрэгслийг яг хэдэн төгрөгөөр худалдах, болон худалдан борлуулсны хөлсөнд О.Мд хэдэн төгрөг өгөх талаар тохиролцоогүй боловч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тус машиныг 3 000 000 төгрөгнөөс илүү үнэтэйгээр зарна гэдэг нөхцөл дээр тохирч байсан. Энэхүү тохиролцоо хийгдэх үеэр Х.Б нь автомашиныг бусдад худалдаж, өмчлөлийг шилжүүлэхийн тулд Улаанбаатар хот орох шаардлагатай гэж бодсон тул энэ нөхцөл байдлаас зайлсхийх зорилгоор өөрийн автомашинаа О.Мын нэр дээр шилжүүлсэн бөгөөд талууд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан автомашины өмчлөх эрхийг О.Мд шилжүүлэн өгсөн. Энэхүү гэрээ нь автомашиныг О.Маар бусдад худалдах ажлыг хөнгөвчлөх, X.Батсайхан өөрөө Улаанбаатар хот орохгүй гэсэн зорилготой байсан бөгөөд түүнээс биш О.Мд машины худалдаж буй гэрээ огт биш. Үүнийг О.М ч мэдэж байсан. Ийнхүү О.М нь 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр автомашиныг унаж Улаанбаатар хот руу явсан ба тус автомашинд 36-97 УНТ улсын дугаар авч өөртөө ашигласаар ирсэн. Үүнээс хойш одоог хүртэл автомашиныг зарж, мөнгийг Х.Бд шилжүүлж өгөөгүй, автомашиныг хувьдаа ашигласаар байх тул Х.Б нь О.Мд өгсөн даалгавраа цуцалж, автомашинаа буцаан шаардсан боловч О.М нь энэхүү шаардлагыг биелүүлэхээс эрс татгалзаж, би чиний машинд засвар үйлчилгээ хийсэн, чи миний засварын мөнгийг өгөөд машинаа ав гэх мэтээр нэхэмжлэгч Х.Бы хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Мөн уг автомашиныг 2016 онд зарах байсан боловч 2 жил гаруйн хугацаа өнгөрч, машины үнэ цэнэ буурч О.Мын үйлдлээс болж Х.Бд хохиролтой нөхцөл байдал үүсээд байна. Иймд уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна. Иймд нэхэмжлэгч Х.Бы хариуцагч О.Мтай байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг О.Мын эзэмшлээс албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ууганцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Х.Б нь хариуцагч О.Мтай харилцан тохиролцож автомашинаа Улаанбаатар хотод заруулахаар даалгаврын гэрээ байгуулагдах үед тухайн автомашинд ямар нэгэн засвар үйлчилгээ, эд анги солих талаар тохиролцоо хийгээгүй болно. Гэтэл О.М нь анх ийм тохиролцоо байсан мэтээр бодит байдлыг үндэслэлгүйгээр өөртөө ашигтайгаар тайлбарлаж, бусдын өмч хөрөнгийг ямар нэгэн хариу төлбөргүйгээр 2 жил гаруй хугацаанд эдэлж хэрэглэчхээд энэ хэмжээний засварын төлбөр шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн автомашиныг худалдсан үнийг хувааж авна гэх тохиролцоо ч байгаагүй юм. Монгол улсын Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт зааснаар даалгавар өгөгч нь даалгаврыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай зардлыг төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл Х.Бы автомашиныг худалдахад дээрх засварыг зайлшгүй хийх шаардлага байгаагүй. Ийнхүү засвар хийх талаар Х.Б нь О.Мд даалгавар өгсөн зүйл огт байдаггүй. Иймд О.М даалгавар өгөгчийн зөвшөөрөлгүйгээр, шаардлагагүй засвар үйлчилгээг хийсэн байж болзошгүй байна. Учир нь засварыг хийсэн талаарх нотлох баримт хэргийн материалд авагдаагүй. Мөн түүнчлэн засвар хийсэн байлаа гэж бодоход 2 жил гаруйн хугацаа өнгөрсөн байх тул одоо тус засварууд анхны хийгдсэн чанар, үзүүлэлтээрээ байх боломжгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч О.М шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч зарим нэг зүйлийг зөрүүтэй ярьж байна. Х.Б хотод ирээд бид 2, 3 хоног машин худалдаж авахаар хайж явсан. Сүүлдээ намайг чи машинаа зарчих гээд миний 13 000 000 төгрөгөөр худалдаж авсан машиныг 9 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Үүний өмнө одоогийн байгаа Креста маркын машиныг авсан байсан. Миний машиныг авсны дараа жил гаруй болоход машин нь хөдөлгөөнгүй хашаан дотор нь шороо тоосонд дарагдаад байж байсан. Манай эхнэр 7 000 000 төгрөгийн зээл авч, би 3 000 000 төгрөг гаргаад 10 000 000 төгрөгтэй Замын-Үүдэд очсон. Би 2, 3 хоног машин авах гээд приус маркын автомашин үзэж явсан. Гэтэл Х.Б машинаа засаж янзлаад худалдмаар байна. Чиний машиныг авснаас хойш би унахаа байгаад хашаандаа тавьсан гэж хэлсэн. Машин нь асахын хувьд асч байсан. Тэрийг би үгүйсгэхгүй. Мотор нь асахаараа халдаг, аржатар нь бөглөрөөд явахад хэцүү байсан. Тухайн үед Х.Б тохиролцоод 1 000 000 төгрөгөөр энэ машиныг өгчихье гэж ярьж байхаар нь би чи машинаа энд хямд, зарж байхаар би хотод аваачаад янзлаад заръя гэж хэлсэн. Гэхдээ би ийм машиныг хотод яагаад ч авахгүй. Заавал засвар үйлчилгээ хийж байж хүн авна, би ажилтай юм чинь бололцоотой үедээ заръя гэж хэлж байсан. Би хөдөө орон нутагт ажилладаг. Надад зарах гээд явах боломж ч байхгүй. Тухайн үед засвар үйлчилгээ хийж, машиныг нь сайхан болгоод, 2, 3 хоног зав чөлөөгөөрөө зах дээр авч гарсан. Тэгэхэд тухайн үеийн машины зах зээлийн ханш 1 500 000 төгрөг байсан. Энэ талаар Х.Бд хэлж байсан. Би энэ машины зах зээлийн ханш 1 500 000 төгрөг байна, яах юм бэ гэхэд Х.Б тийм байна уу гэж хэлж байсан. Түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн. Х.Б өөрөө машинаа авъя гэж хэлсэн. Би тэгэхээр нь зээлээ дартал түр азнаач гэж хэлэхэд Х.Б үгүй би машинаа авна гэж хэлсэн. Энэ үед бидний дундуур хөндлөнгийн хүн орж ирсэн. Х.Б тэр найзаасаа 69 машин худалдаж аваад, ажлаасаа гарч Эрээн энэ хоёрын хооронд халтуур хийгээд явж байсан юм байна лээ. Тэр найздаа машиныхаа урьдчилгаа мөнгөнд Ө.Мөнхзулаас миний машиныг очоод авчих гээд явуулсан болохоор нөгөө хүн нь ирээд надаас машиныг нь нэхсэн. Би яахлаараа чи машиныг нь авдаг юм. Х.Б өөрөө ирээд авна биз гэхэд Х.Б надаас 69 машин авсан, наад машиныг чинь 3 000 000 төгрөгөөр үнэлээд урьдчилгаанд авах ёстой гэж хэлэхээр нь өгөөгүй. Сүүлд шүүхээс надад мэдэгдэл ирсэн. Тухайн үед машиныг нь зарах гэтэл зах зээлийн үнэ ханш нь 1 500 000 төгрөг байсан. Х.Б машинаа 3 000 000 төгрөгөөр заръя гэж бодож байсан юм шиг байна. Гэхдээ машинаа надад өгөхдөө тэдээр зарна гэж үнэ тохирч өгөөгүй. Дугүй авч хийсэн. Замын-Үүдэд аржаатарыг нь хүртэл шинээр авч сольж байсан. Акумлятор авч тавьж байсан. Жоохон явж байгаад халаад ус нэмж явсаар байгаад 1 хоног гаран явж хотод ирсэн. Тийм л машин авчирч байсан. Би машиныг нь сэтгэлээрээ янзалсан. Үнэ өртөг нь нэлээд гарсан. Би 4 000 000 гаруй төгрөгөөр машиныг засна гэж бодоогүй. Би Х.Баас бүх гарсан зардлыг бүгдийг нь өгчих гэж нэхээгүй. Х.Бы машиныг хэрэглэсэн нь үнэн. Надад хүний машиныг залилаад авъя гэх сэтгэл байсан бол аль хэдийн зах зээлийн ханшаар нь машиныг зарах бүрэн эрх надад байсан. Нэгэнт энэ машин Х.Бы машин юм чинь би зараад яах юм. Би 1 500 000 төгрөгөөр машиныг нь зарсан тохиолдолд Х.Б шүүхэд хандаад надаас 3 000 000 төгрөг нэхвэл би яах юм. Хэрвээ тэгсэн бол би бас л 3 000 000 төгрөгийг өрөнд орох байсан. Тиймдээ ч би тухайн бүрт цаг минутаар нь чиний машинд ийм засвар орсон гэж хэлж, зургийг нь явуулж байсан. Одоо худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Тоёота креста маркийн 82-63 ДГО улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашин чөлөөлүүлэх шаардлагыг зөшөөрч байна. Би машиныг нь худалдаж аваагүй, буцааж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч О.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Засвар хийхэд 4 300 000 гаруй төгрөгийн зардал гарсан. Моторын тос, бензин нацос 30 000 төгрөг, бензин тунгаагуур 20 000 төгрөг, хаалганы дотор талын 4 хавтас 70 000 төгрөг, шил буулгадаг товчлуур 20 000 төгрөг, шил өргөгчийг 35 000 төгрөг, Бензин тунгаагуур, урд гупер 100 000 төгрөг, Ви Ви Ти Ай засварын хөлс 30 000 төгрөг, урд жанаамын ирмээн 24 000 төгрөг, ажлын хөлс 10 000 төгрөг, усны радятор 120 000 төгрөг, кришигний жийрэг 65 000 төгрөг, Силикон 5 500 төгрөг, карбератор цэвэрлэгч 5 000 төгрөг, Моторын тос, мобайль 43 500 төгрөг, тосол 29 000 төгрөг, Хаан суудлын бүрээс 200 000 төгрөг, кузов засварыг 900 000 төгрөг, 1 400 000 төгрөг, дугуй 175 000 төгрөг, рульний ялтас 30 000 төгрөг, сэвчээний ком, утас 52 500 төгрөг, ажлын хөлс 45 000 төгрөг, сэвчээ 108 000 төгрөг, кропны тос 72 000 төгрөг, форсунк цэвэрлэгч 48 000 төгрөг, масло 23 500 төгрөг, борооны хаалт ком 35 000 төгрөг, копудны салхи зүсэгч 30 000 төгрөг, рулийн бүрээс 20 000 төгрөг, доод өндгөн тулгуур 100 000 төгрөг, явах эд ангийн согтуу тульк 40 000 төгрөг, тиаг 35 000 төгрөг, шарнер 35 000 төгрөг, багажийн шалавч 60 000 төгрөг, моторын задаргааны ажлын хөлс 180 000 төгрөг, бензин насос, бензин тунгаагуурыг солиулах ажлын хөлс 35 000 төгрөг, хропны тос, форсунк цэвэрлэгч, тогтоогч /нэмэлт масло/ солиулах ажлын хөлс 135 000 төгрөг, хропны их биений сальк солиулсан 135 000 төгрөг, сальк 15 000 төгрөг, цахилгааны монтаж 40 000 төгрөг, амаржины 4 пүрш 95 000 төгрөг, хойд талын амаржины тульк 50 000 төгрөг, оношлогоо 10 000 төгрөг, ченж угаалга 120 000 төгрөг нийт 4 338 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайх хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.Бы нэхэмжилсэн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Тоёота креста маркийн 82-63 ДГО улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг О.Мын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.М нь зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 402 дугаар зүйлийн 402.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.Баас 917 500 төгрөг гаргуулан хариуцагч О.Мд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 420 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Х.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148 800 төгрөгөөс 62 950 төгрөгийг, хариуцагч О.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 358 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 85 850 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 62 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 42 158 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Х.Бы нэхэмжлэлтэй О.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/03549 дүгээр шийдвэрийн 2 дахь зүйлд заасан ... Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 402 дугаар зүйлийн 402.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.Баас 917 500 төгрөг гаргуулан хариуцагч О.Мд олгож... гэснийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна. Шүүхээс хариуцагч О.Мын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 402 дугаар зүйлийн 402.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн. Хуулийн дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь даалгавар гүйцэтгэгч нь даалгаврыг даалгавар өгөгчөөс өгсөн даалгаврын хүрээнд гүйцэтгэж байсан, мөн даалгаврыг гүйцэтгэхэд зайлшгүй гарсан зардал болох нь тогтоогдсон байх ёстой байтал шүүх тус нөхцөлүүдэд үнэлэлт, дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулагдсан даалгаврын гэрээ буюу маргааны үйл баримтын тухайд нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч О.Мд автомашинд нь засвар үйлчилгээ хийлгэх даалгавар өгөөгүй бөгөөд гагцхүү Улаанбаатар хотод аваачиж худалдах даалгавар өгч, энэхүү даалгаврыг биелүүлэх хүртэл автомашиныг нь эзэмшиж, ашиглаж байхыг зөвшөөрснөөр тодорхойлогдоно. Харин хариуцагч О.М нь анх гэрээ байгуулахад автомашинд засвар, үйлчилгээ хийнэ гэж нэхэмжлэгчтэй тохиролцсон гэж мэтгэлцэх боловч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн түүнчлэн автомашинд хийсэн гэж маргах засвар, үйлчилгээ нь тус автомашинд бодитойгоор хийгдсэн эсэх, даалгаврыг гүйцэтгэхэд зайлшгүй хийх шаардлагатай байсан болох нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь автомашины дугаар, төлбөр төлсөн болон хүлээн авсан хүний гарын үсэгтэй баримтууд байдаг. Нөгөөтэйгүүр хариуцагч даалгаврыг гүйцэтгэх хангалттай үйлдэл хийгээгүй, нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг бус өөрийн эрх ашигт нийцүүлэн автомашиныг 2 жил гаруй хугацаанд өөрийн хэрэгцээндээ ашиглаж ирсэн байх бөгөөд хариуцагч шүүх хуралдаан дээр ...би заавал машиныг нь зараад мөнгийг нь өгөх ёстой гэсэн боломж надад байхгүй, Би хөдөө орон нутагт ажилладаг, надад зарах гээд явах боломж байхгүй, Тухайн үед машиныг нь засвар үйлчилгээ хийж сайхан болгоод 2, 3 хоног зав чөлөөгөөрөө зах дээр авч гарсан ... гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд хариуцагчийн хийсэн гэх засвар, үйлчилгээ нь даалгаврыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай бус зөвхөн өөрийн хэрэгцээнд унаж ашиглах зорилгоор хийсэнтэй холбоотой гэж үзэж байна. Мөн хариуцагч шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, ... автомашинд хийсэн бензин, тос, маслоны үнийг нэхэмжлэхгүй... гэж мэдүүлсээр байтал шүүх автомашины тос, тосолгоо, түүнийг солих ажлын хөлс зэргийг хангаж шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн диспозитив зарчмыг зөрчжээ. Дээрх үндэслэлүүд нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 402 дугаар зүйлийн 402.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчин, улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч О.Мд холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Тоёота креста маркийн 82-63 ДГО улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг О.Мын эзэмшлээс чөлөөлүүлэх, харин хариуцагч тухайн автомашиныг засварласантай холбоотой зардлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргаж, маргасан байна./хэргийн 1-2, 28-29 дүгээр тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтууд байгаа 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03402 дугаарын шийдвэртэй иргэний хэргийг татуулах хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрлээгүй байна. Автомашиныг засварласантай холбоотой хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримтуудын хуулбарт шүүхийн тэмдэг дарагдсан байгаа нь бичгийн нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн шаардлагыг зөрчсөн байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчжээ. Хариуцагчийн гаргаж өгсөн тухайн баримтууд нь шүүхийн өөрийн үйлдсэн баримт бичиг биш тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасанд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулах зохицуулалт нь тухайн байгуулгын өөрийн баримттай холбоотой юм.

 

Хэрэг авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/03549 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч шүүгч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулаагүй, шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг бүрэн тусгаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчжээ. /хэргийн 83-87 дугаар тал/

Түүнчлэн, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ууганцэцэг шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлтийг гаргасан байх боловч шүүх уг хүсэлтийг мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлээгүй байна./хэргийн 94 дүгээр тал/

 

Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/03549 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 000 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

С.ЭНХТӨР