| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/02485/и |
| Дугаар | 102/ШШ2019/01463 |
| Огноо | 2019-05-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2019/01463
2019 оны 5 сарын 17 өдөр Дугаар102/ШШ2019/01463 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, Номгон буудай ХХК-ийн байр хаягт оршин байрлах, рд:3737314,Номгон буудай ХХК,
нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 хороо, Гацуурт ХХК-ийн байр хаягт оршин байрлах, рд:2641607, Сэлэнгийн тариалан ХХК,
нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 хороо, Гацуурт ХХК өөрийн байр хаят оршин байрлах, рд:2054701, Гацуурт ХХК нарын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, 4 хороо, 2 хороолол, Дунд голын гудамж, өөрийн байр хаягт оршин байрлах, рд:2581213, Хангай миллс ХХК-д холбогдох
худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 2.614.553.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гэрээний дагуу өөрт учирсан хохирол 1.122.930.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Номгон буудай ХХК, Сэлэнгийн тариалан ХХК, Гацуурт ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоо, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Өлзийцэрэн, Ц.Баасандорж, хариуцагчийн төлөөлөгч Л.Ганбат, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Булган хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоо шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгийн тариалан ХХК нь Хангай миллс ХХК-тай 2014 оны 09 сарын 02-ны өдөр УХШ14/0923 тоот улаан буудай худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 3300 тонныг 1 тонн 500,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон. Үүнээс 1300 тонныг нийлүүлсэн. 1300 тонн улаан буудайн төлбөр болох 650,000,000 төгрөгийг Хангай миллс ХХК одоо болтол төлөөгүй. Үндсэн төлбөр 650,000,000 төгрөгийг алданги 325,000,000 төгрөг, нийт 975,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нийлүүлсэн гэдэг нь дараах нотлох баримтаар тогтоогдоно. 2014 оны 09 сарын 02-ны өдрийн худалдах худалан авах гэрээ, 2-р хавтаст хэргийн 240 дүгээр хуудас гуравдагч этгээд Баян дулаан уул ХХК-ийн тайлбар байдаг. Энэ тайлбар дээр Баян дулаан уул ХХК нь Хангай миллс ХХК-тай гэрээ байгуулаагүй. Сэлэнгийн тариалан ХХК-ийн улаан буудайг нийлүүлсэн. Төлбөр авсан ямар ч зүйл байхгүй. Мөн 5-р хавтаст хэргийн 134-р хуудас Баян дулаан уул ХХК-ийн тайлбараа тодруулсан тодруулга дээр 2014 оны 09 сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Сэлэнгийн тариалан ХХК-ийн өмнөөс улаан буудайг Сайхан толгой ХХК салбараар дамжуулан Хангай миллс ХХК-д нийлүүлсэн. Хангай миллс ХХК-аас ямар нэгэн төлбөр авсан асуудал байхгүй гэсэн тайлбар байгаа. 5-р хавтаст хэргийн 104-р хуудас Тариалан эрхлэх сангийн албан бичиг байдаг. Энэ албан бичигт Сэлэнгийн тариалан ХХК нь 2014 онд Хангай миллс ХХК-д 3300 тонн улаан буудай нийлүлэх гэрээ байгуулж урамшуулалд хамрагдсанаас гүйцэтгэлээрээ Хангай миллс ХХК-д 1300 тонн улаан буудай нийлүүлсэн гэсэн бичиг байдаг. 5-р хавтаст хэргийн 141-р хуудас Тооцоо нийлсэн акт байдаг. 2014 оны 11 сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн актаар Баян дулаан уул ХХК, Сэлэнгийн тариалан ХХК нар тооцоо нийлээд гэрээний дагуу Хангай миллс ХХК-д 1300 тонн улаан буудай нийлүүлсэн талаар баталгаажуулсан тооцоо нийлсэн акт байдаг. Эдгээр баримтаар Сэлэнгийн тариалан ХХК нь Хангай миллс ХХК-д 1300 тонн улаан буудай нийлүүлсэн гэдгийг нотлож байгаа. Тиймээс Хангай миллс ХХК-аас үндсэн төлбөр 650,000,000 төгрөг, алданги 325,000,000 төгрөг, нийт 975,000,000 төгрөгийг Хангай миллс ХХК-иас гаргуулж өгнө үү.
Номгон буудай ХХК нь 2014 оны 09 сарын 02-ны өдөр УХШ14/0922 тоот улаан буудай худалдах, худалдан авах гэрээний дагуу Хангай миллс ХХК-д 4050 тонн улаан буудай нийлүүлэх гэрээ байгуулсан. Анх нэхэмжлэл гаргахдаа үндсэн төлбөр 2,227,500,000 төгрөг, алданги 1,113,750,000 төгрөг, нийт 3,341,250,000 төгрөгөөс Хангай миллс ХХК-ийн 190,000,000 төгрөгийг хасаад 3,151,250,000 төгрөгийг гаргуулхаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх 2 жилийн хугацаанд нотлох баримт цуглуулаад үзэхэд Номгон буудай ХХК нь Хангай миллс ХХК-д гэрээний дагуу 1634,64 тонн улаан буудай нийлүүлсэн нь тогтоогддог. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. 2014 оны 09 сарын 02-ны өдрийн гэрээ, 5-р хавтас хэргийн 105-р хуудас тариалан эрхлэлтийг дэмжих сангийн албан бичиг байдаг. Энэ албан бичиг дээр Номгон буудай ХХК нь Хангай миллс ХХК-д 4050 тонн улаан буудай нийлүүлхээр урамшуулалд хамрагдсанаас гүйцэтгэлээрээ 1635 тонн улаан буудай нийлүүлсэн гэж дурдсан байдаг. Мөн 5-р хавтас хэргийн 139-р хуудас 2014 оны 11 сарын 10-ны өдрийн тооцоо нийлсэн акт байгаа. Энэ актаар Баян дулаан уул ХХК, Номгон буудай ХХК нарын хооронд тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн байдаг бөгөөд гэрээний дагуу 27,56 тонн улаан буудайг Хангай миллс ХХК-д нийлүүлсэн болохыг баталгаажуулж, тооцоо нийлсэн байдаг. 5-р хавтаст хэргийн 140-р хуудсанд авагдсан 2014 оны 11 сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн акт байгаа. Энэ тооцоо нийлсэн актаар Хандгайт уул ХХК, Номгон буудай ХХК нар нь гэрээний дагуу 200,22 тонн улаан буудайг Хангай миллс ХХК-д нийлүүлсэн болохыг баталгаажуулсан байдаг. 2014 оны 11 сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн актаар Гацуурт агро ХХК, Номгон буудай ХХК нарын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн акт байгаа. Энэ актаар 1406,86 тонн улаан буудайг Хангай миллс ХХК-д Номгон буудай ХХК-ийн өмнөөс нийлүүлсэн болохыг баталгаажуулсан байгаа. 4-р хавтаст хэргийн 150-р хуудсанд авагдсан гэрчийн мэдүүлэг мөн байгаа. Гацуурт агро ХХК-ийн захиралын өгсөн гэрчийн мэдүүлэгт Хангай миллс ХХК-тай Гацуурт агро ХХК-нь гэрээ байгуулж байгаагүй. Төлбөр авсан асуудал байхгүй. Номгон буудай ХХК-ийн буудайг ачуулж байсан гэсэн гэрчийн мэдүүлэг байгаа. 4-р хавтаст хэргийн 152 дугаар хуудсанд авагдсан Хандгайт Уул ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаатарын гэрчийн мэдүүлэг байгаа. Гэрчийн мэдүүлэгт Хангай миллс ХХК-д буудай нийлүүлж төлбөр авч байсан тохиолдол байхгүй. Төлбөрийн асуудал нь Гацуурт ХХК, Номгон буудай ХХК нарын асуудал гэсэн мэдүүлэг байгаа. 2-р хавтас хэргийн 240, 5-р хавтас хэргийн 134-р хуудсанд авагдсан Баян дулаан уул ХХК-н тайлбар болон нэмэлт тодруулгууд байгаа. Тодруулга дээр гэрээгээр дамжуулан Номгон буудай ХХК-ийн өмнөөс Сайхан толгой салбараар дамжуулан 27,6 тонн улаан буудайг нийлүүлсэн гэж хэлдэг. Эдгээрээр Номгон буудай ХХК нь Баян дулаан уул ХХК, Гацуурт агро ХХК, Хандгайт уул ХХК нараар дамжуулаад 1634,64 тонн улаан буудай нийлүүлсэн гэдэг нь тогтоогддог. Иймээс үндсэн төлбөрт 899,052,000 төгрөг, алданги 499,526,000 төгрөг, нийт 1,348,478,000 төгрөг бож байгаа. Үүнээс Хангай миллс ХХК-ийн төлсөн 190,000,000 төгрөгийг хасаад 1,158,578,000 төгрөгийг хариуцагч Хангай миллс ХХК-иас гаргуулж өгнө үү.
Гацуурт ХХК нь 2014 оны 09 сарын 02-ны өдөр УХШ14/0925 тоот худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу Хангай миллс ХХК-иас 3,415,500,000 төгрөгийг гаргуулхаар нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэл гаргасанаас хойш нотлох баримтуудыг судлаж үзхэд Хангай миллс ХХК нь Гацуурт ХХК-иас нийтдээ 6210 тонн улаан буудайг хүлээж авсан байдаг. Нийлүүлсэн гэдэг нь 5-р хавтаст хэргийн 137-р хуудсанд байгаа 2014 оны 11 сарын 15-ны өдрийн Хандгайт уул ХХК, Гацуурт ХХК нарын хооронд хийсэн гэрээний дагуу 36 тонн улаан буудайг Гацуурт ХХК-ийн өмнөөс Хангай миллс ХХК-д нийлүүлсэн болхыг баталсан тооцоо нийлсэн акт байгаа. 5-р хавтаст хэргийн 136-р хуудас 2014 оны 11 сарын 14-ний өдрийн Гацуурт агро ХХК болон Гацуурт ХХК нарын хооронд хийсэн Гацуурт агро ХХК нь Гацуурт ХХК-ийн өмнөөс Хангай миллс ХХК-д гэрээний дагуу 30 тонн улаан буудайг нийлүүлсэн болохыг баталсан тооцоо нийлсэн акт байгаа. 5-р хавтаст хэргийн 135-р хуудсанд 2014 оны 11 сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар Баян дулаан уул ХХК нь Гацуурт ХХК-ийн өмнөөс 4299,76 тонн улаан буудайг Хангай миллс ХХК-д нийлүүлсэн болохыг баталгаажуулсан акт байдаг. Энэ тооцоо нийлүүлсэн актуудаар нийтдээ 6210 тонн улаан буудайг Хангай миллс ХХК-д нийлүүлсэн нь тогтоогддог. Мөн хариуцагч Хангай миллс ХХК-ийн өөрсдийнх нь гаргасан нэхэмжлэл дээр Гацуурт ХХК-ийн нийлүүлсэн 6210 тонн улаан буудай нь цавуулгийн хувьд чанарын шаардлага хангахгүй байсаны зэрэгцээ хогт хольцын хэмжээ өндөр байсан ч бид нэг ч хувийн хольцын хорогдолгүй тооцож авсан байгааг харж болно гэж нэхэмжлэл дээрээ дурдсан байдаг. Мөн 1-р хавтаст хэргийн 27-р хуудас, 3-р хавтаст хэргийн 30-р хуудсанд авагдсан байдаг улаан буудайн тооцоо нийлсэн жингийн актууд байдаг. Үүн дээр нийлүүлсэн компаниудаараа акт үйлдсэн байдаг. Үүн дээр Гацуурт агро ХХК, Хандгайт уул ХХК, Баян дулаан уул ХХК, Шаамар зэрэг салбаруудаараа акт үйлдсэн байдаг. Үүгээр Гацуурт ХХК-ийн нийлүүлсэн буудай нь харагддаг. Мөн 2-р хавтаст хэргийн 244-р хуудас Баян дулаан уул ХХК-ийн тайлбар, 5-р хавтаст хэргийн 134-р хуудас Баян дулаан уул ХХК-ийн тайлбарын тодруулга дээр 2014 оны 09 сарын 02-ны өдрийн гэрээний дагуу Гацуурт ХХК-ийн өмнөөс Хангай миллс ХХК-д өөрийн компаний Жаргалант салбараар дамжуулан 1221,2 тонн улаан буудай, Сайхан толгой салбараар дамжуулан 3078,56 тонн улаан буудайг нийлүүлсэн гэсэн тодруулга байгаа. Мөн 5-р хавтаст хэргийн 121-р хуудас Сэлэнгэ алтан говь ХХК-ийн тодорхойлолт байгаа. Энэ тодорхойлолт дээр 2014 онд манай компани болон Хангай миллс ХХК нарын хооронд улаан буудай худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Өөрийн нэрээр ямарч улаан буудай нийлүүлээгүй тул тус компаниас ямар ч төлбөр аваагүй. Гацуурт ХХК-ийн өмнөөс Хангай миллс ХХК-д 1844,23 тонн улаан буудайг манай компаний Шаамар салбараар дамжуулан нийлүүлсэн нь үнэн болно гэсэн тайлбар байгаа. Эдгээр нотлох баримтуудаар Хангай миллс ХХК нь Гацуурт ХХК-иас 6210 тонн улаан буудай авсан нь нотлогдож байгаа. 6210 тонн улаа буудайг манайх нийлүүлчихсэн байдаг. Хариуцагч тал төлбөрийн хувьд анхнаасаа нийлүүлээгүй учраас ямарч төлбөрийн асуудал байхгүй. Баян дулаан Уул ХХК нийлүүлээд мөнгийг нь өгсөн гэж хэлдэг. Гэтэл ажиллагааны явцад Хангай миллс ХХК-ийн нэхэмжлэлэй, Гацуурт ХХК-д холбогдох хэргийг Улсын дээд шүүх дээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Үүн дээр Хангай миллс ХХК-аас төлбөрийн баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Энэ төлбөрийн баримтуудыг манайх тус хэргээс татуулсан байгаа. 5-р хавтаст хэргийн 248-250-р хуудас, 6-р хавтаст хэргийн 1-41-р хуудсанд авагдсан санхүүгийн баримтууд байгаа. Тэр баримтуудыг Хангай миллс ХХК юу гэж гаргаж өгсөн гэхээр Гацуурт ХХК-тай 2014 оны 09 сарын 02-ны өдөр УХШ14/0925 тоот улаан буудай худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Үүний дагуу төлбөрийг төлсөн гээд баримтуудыг гаргаж өгдөг. Буудайны мөнгийг төлсөн гэж гаргаж өгдөг. Гэтэл яг тэр төлбөрийн баримтуудыг энэ хэрэгт Хангай миллс ХХК гаргаж өгсөн байдаг. Гаргаж өгөхдөө 2 дугаартай 2014 оны 09-11 саруудад хүлээн авсан 9144,63 тонн улаан буудайн төлбөрийн баримт бүхий нотлох баримтууд нэртэй хавтас өгсөн байдаг. Энэ хавтасны 77-124-р хуудсанд авагдсан нотлох баримтууд нь манай татуулсан баримттай яг адилхан байгаа. Гэхдээ Баян дулаан уул ХХК, Гацуурт агро ХХК, Хандгайт уул ХХК, Сэлэнгэ алтан говь ХХК нарт төлсөн төлбөрийн баримт гэж тайлбарладаг. Тэгсэн хирнээ шийдэгдсэн хэрэг дээр Гацуурт ХХК-д гэрээний дагуу төлбөрийг төлсөн гэж гаргаж өгсөн байдаг. Үүнээс үзхэд Хандгайт уул ХХК, Баян дулаан уул ХХК, Сэлэнгэ алтан говь ХХК, Гацуурт агро ХХК нараас будаа авсан гэж хэлээд байгаа ч гэсэн төлбөр төлсөн баримт байхгүй юм байна. Харин Гацуурт ХХК-тай байгуулсан гэрээний дагуу авсан 6210 тонн улаан буудайны төлбөрөөс 5627 тонн улаан буудайны төлбөрийг төлсөн юм байна гэж харагдаад байгаа. Тиймээс манайх 6210 тонн буудай нийлүүлсэнээс 5627 тонн улаан буудайны мөнгийг төлсөн юм байна гэж хараад манайх нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад үлдэгдэл 583 тонн улаан буудайны төлбөр болох 320,650,000 төгрөг, алданги 160,325,000 төгрөг, нийт 480,975,000 төгрөгийг Хангай миллс ХХК-иас гаргуулхаар нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг маш тодорхой. Богино хугацаанд шийдэгдчих хэрэг гэдгийг хэлж байсан. Яагаад ингэж удаж байсан гэхээр энэ хэрэг зохиомол хэрэг. Нотлох баримтгүй байсан. Нотлох баримт цуглуулах гэж хэд хэдэн удаа шүүх хуралдааныг хойшлуулж байсан. 9144 тонн улаан буудайг 2014 оны намар авсан. Ингэхдээ Хандгайт уул ХХК-иас 236,2 тонн, Гацуурт агро ХХК-иас 1436,9 тонн, Сэлэнгэ алтан говь ХХК-иас 1844,2 тонн, Баян дулаан уул ХХК-иас 5627,9 тонн нийт 9144 тонн улаан буудайг авсан. 9144 тонн буудайг 2014 оны намар авсан. Энэ буудайг нийлүүлэхдээ баримттай авсан. Аж ахуй эрхлэж байгаа компани Монгол улсын татвар болон санхүү, бүртгэл тооцооны нарийн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, татвар тайлан тооцоо явуулдаг. Үүнийг биелүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг журамтай. Энэ улаан буудайг нийлүүлэхдээ анхан шатны баримтуудыг дагалдуулж өгдөг. 329 ширхэг баримт байгаа. Өөрсдийнх нь бичиг өгсөн баримтууд байгаа. Үүн дээр хэнээс буудай авсан гэдгийг тодорхой бичсэн байгаа. Энийг бид бичээгүй. Буудай нийлүүлсэн хүмүүс өөрсдөө бичиг өгсөн. Хандгайт уул ХХК 236,2 тонн улаан буудай нийлүүлэхдээ 8 ширхэг баримт, Гацуурт агро ХХК 1436,9 тонн удаан буудайг нийлүүлэхдээ 49 ширхэг баримт, Сэлэнгэ алтан говь ХХК 1844,2 тонн улаан буудай нийлүүлэхдээ 66 ширхэг баримт, Баян дулаан уул ХХК 206 ширхэг баримт дагалдуулж өгсөн. Тухайн баримт дээр ямар хэмжээний ямар буудайг нийлүүлсэн талаар нийлүүлсэн, ачсан жолооч, хүлээж авсан гарын үсэг өгсөн гарын үсэг зурагдсан байгаа. Энэ баримтаа үндэслээд 2014 оны 11 сард байгууллагууд хоорондоо тооцоо нийлсэн акт үйлдсэн. Мөн 4 байгууллагууд өөрсдийн нийлүүлсэн буудайг хавсаргасан байгаа. Энэ акт хавтаст хэргийн 53-р хуудаснаас хойш 64 дүгээр хуудсанд байгаа. Үүн дээр 2 байгууллагын эрх бүхий нягтлан нар нь гарын үсгээ зураад тамгаа дарсан байгаа. Ард нь үүнийгээ баталгаажуулаад 4 компаний пүүний журналаа хуулаад машины номерийг жолоочийн нэртэй тус тусад нь ачсан он, сар, өдөр, цагаар нь бичсэн байдаг. Энэ будаа вагоноор ачигдаж ирсэн. Үүнийг бид төмөр замаас хүлээж авсан. Төмөр замын байгууллагатай тооцоо нийлж тамга дарсан баримтууд бас байгаа. 9144 тонн буудайн дээр маргахгүй. Сэлэнгийн тариалан ХХК нь 4300 тонн буудай нийлүүлнэ гэснээс 1300 тонн буудай нийлүүлсэн гэдэг. Анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг өгөөгүй байсан. Явцын дунд 1300 тонн буудайны баримт гээд анхан шатны баримтуудыг канондож хүргүүлсэн байдаг. Тэр баримтууд нь Баян дулаан уул ХХК-ийн баримтуудыг түүвэрлээд тодорхой тооны 45 ширхэг баримтыг давхардуулан гаргаж өгсөн байдаг. Гаргаж өгөхдөө бүгдийг нь завсарласан байдаг. Засварласаныг нь бид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд Сэлэнгийн тариалан ХХК-ийн гаргаж өгсөн буудай нийлүүлсэн 45 ширхэг баримт нь хуурамч болохыг нотолсон баримтууд гээд хавтаслаад гаргаж өгсөн байгаа. Үүн дээр товчоолоод юу юун дээр зөрүүтэй гэдгийг заасан байгаа. Эх баримт нь биш. Өөрсдөө гараараа хуулаад өгчихсөн баримт байдаг. Тэр баримт дээр манай талын хүний гарын үсэг байдаггүй. Дээр нь Сэлэнгийн тариалан ХХК-ийн тамга дарсан байдаг. Бид өмнө нь холбогдох байгууллагуудад нь хүсэлт гаргаж шинжлүүлэх хүсэлт өгч байсан боловч шүүгч нотлох баримт шинжлэн судлах үед судлаад явж болно гэсэн. 45 ширхэг баримт нь хуурамч гэдэг нь батлагдана. Үндсэн 2014 онд гаргаж өгч байсан баримтууд дээр тийм тамга байхгүй. Гуравдагч этгээдийн тайлбар, тодруулга дээр манайх дээр хамааралгүй, өмнөөс нь өгсөн гэдэг тайлбарууд хүчингүй. Сүүлд нь ийм зүйл гаргаж өгч байгаадаа санаа зовох ёстой. Энэ хэрэг санхүүгийн баримтад тулгуурлаад хууль, санхүүгийн 4 том байгууллага шалгасан байдаг. Нэгдүгээрт эрүүгийн цагдаагийн газар шалгаад Хан-Уул дүүргийн прокурорт өгсөн байдаг. Манай санхүүгийн баримтад тулгуурлаад татварын ерөнхий газарт өгсөн байдаг. Үүний дагуу Хан-Уул дүүргийн татварын хэлтэс манай компанийг шалгасан байдаг. Шалгасан материалыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. 2-р хавтаст хэргийн 37-р хуудаснаас эхлээд байж байгаа. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн Энхчулуун танаа гээд Эрүүгийн цагдаагийн албанаас ирсэн баримт байгаа. 2014 онд Сэлэнгэ аймгийн Номгон буудай ХХК-иас 4050 тонн улаан буудай худалдан авхаар 2014 оны 09 сарын 02-нд УХШ14/092-2 тоо гэрээ байгуулсан боловч уг гэрээний дагуу уг буудайг Номгон буудай ХХК-аас Хангай миллс ХХК-д нийлүүлсэн талаар анхан шатны зарлагын баримтууд Хангай миллс ХХК-ийн байгууллагуудаас худалдан авсан нийт зарлагын баримтны бүртгэлд байхгүй байгаа бөгөөд нөгөө талаас энэ хэмжээний буудайг Номгон буудай ХХК-иас хүлээн авсан тухай орлогын баримт Хангай миллс ХХК-ийн орлогын баримтын бүртгэлд байхгүй байна гэсэн байгаа. Мөн Сэлэнгийн тариалан ХХК-иас Эрүүгийн цагдаагийн алба асуусан байдаг. Хангай миллс ХХК-д нийлүүлсэн 105 тонн буудай нь талуудын 2014 оны 09 сарын 02-нд байгуулсан буудай худалдах худалдан авах гэрээ байгуулхаас өмнө 2014 оны 05 сард нийлүүлэгдсэн учраас энэ гэрээгээр нийлүүлэгдсэн гэж үзэх боломжгүй болох нь Сэлэнгийн тариалан ХХК-аас буудай нийлүүлэхдээ өгсөн зарлагын баримтууд болон Хангай миллс ХХК буудай хүлээн авахдаа үйлдсэн орлогын баримтанд тэмдэглэгдсэн он сар өдрөөр батлагдаж байна. Сэлэнгийн тариалан ХХК нь Хангай миллс ХХК-тай 2014 оны 09 сарын 02-нд улаан буудай худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч уг буудайг нийлүүлээгүй болох нь баримтуудаас харагдаж байна гэсэн баримт байгаа. Мөн шалгалтын материалууд дотор Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас ирүүлсэн 100 тоот шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гэж байгаа. Энэ дотор Цагдаагийн байгууллага Номгон буудай ХХК, Сэлэнгийн тариалан ХХК 2014 оны намар буудай өгсөнийг шалгалтын явцад тогтоогоорой гэсэн хүсэлтийг өгсөн байсан. Тэрийг шалгаад буудай нийлүүлээгүй гэдгийг бичээд тайлбарласан байгаа. Шинжээчийн дүгнэлтийг Гацуурт ХХК-ийн хуулийн хэлтэс зөвшөөрөөгүй учраа дахин ажлын хэлтэс гаргасан байдаг. Дахин ажлын хэсэг гаргаад бүрэлдэхүүнтэй шинжээч нар дахин шалгасан байдаг. Дахин шалгаад буудай өгөөгүй гэдэг нь нотлогддог. Харин нэр бүхий 4 компаниас авсан гэдэг нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн байдаг. Тийм учраас Номгон буудай ХХК, Сэлэнгийн тариалан ХХК нараас улаан буудай аваагүй гэдэг нь нотлогдож байгаа. Номгон буудай ХХК дээр нэмж хэлхэд Номгон буудай ХХК анх шүүхэд нэхэмжлэл гаргаад Мөнхтөр шүүгч дээр хэрэг байхад Мөнхтөр шүүгч танайх энэ их тонн улаан буудайг өгсөн гэдэг баримтыг яагаад өгөхгүй байгаа юм бэ гэхэд манай баримтууд Анхтамир гэдэг компанид байгаа гэж хэлж байсан. Шүүгч Анхтамир гэдэг компанийг дуудаад ирэхгүй байсан. Гэтэл одоо өөрсдөө баримт үйлдээд авч ирж байгаад нь харамсаж байна. 2014 онд татварын байгууллагад гаргаад өгсөн анхан шатны баримтуудаа одоо өөрчлөөд өөр өөр компани болгоод өгч байна. Улсын татварын ерөнхий газарт оччихсон. Улсын архивт орчихсон баримтуудыг яагаад үгүйсгээд байгаа гайхаж байна. Энэ компани улсаас их хэмжээний мөнгө луйвардсан гээд эрүүгийн цагдаа шалгаад, баримт нотолгоог нь гаргаад явж байгаа. Цагдаагийн байгууллага шалгахдаа энэ баримтуудыг үндэслэж шалгасан. Яагаад 2014 онд гаргаж баримтуудаа 2018 онд өөрчлөөд өөрсдөө бичиж ирээд байгааг гайхаж байна. Татварын баримт хугацаатай байдаг. Номгон буудай ХХК болон Сэлэнгийн тариалан ХХК нарын хооронд буудай өгч авалцаагүй учраас төлбөр төлөөгүй. Харин нэр бүхий 4 компаниас буудай авсан. Гэхдээ төлбөрийг төлөхдөө Гацуурт ХХК-д төлж байсан. Төлбөрийн асуудал дээр манайх маш их хариуцлагатай хандаж байсан. Мөнгийг хийхдээ асууж байгаарай гэж хэлдэг байсан. Манай нягтлан Гацуурт ХХК-ийн нягтланруу утасдаж байж мөнгийг хийдэг байсан. Төлбөрийг байнгын нэг дансанд авдаггүй байсан. Өөр өөр дансанд хийлгэж байсан. Ихэнхи төлбөр Гацуурт ХХК-ийн дансанд мөнгө орж байсан. Бид 9144 тонн буудай авсан 4 компанидаа төлбөрөө төлсөн. Одоогийн байдлаар 20,000,000 гаран төгрөгийн авлагатай харагдаж байгаа. Номгон буудай ХХК, Сэлэнгийн тариалан ХХК-иас огт буудай аваагүй. Аваагүй гэдэг нь миний хэлсэн баримтууд болон өөрсдийнх нь гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож байгаа. Энэ баримтууд хууль ёсны шалгаад тогтоосон баримтууд байгаа. Гацуурт ХХК-ийн хувьд Баян дулаан уул ХХК-аас 5627 тонн буудайг авах явцад 5627 тонн буудайнаас 3300 тонн буудай нь маш чанаргүй буудай ирсэн. 2 байгууллагын хооронд энэ буудайнаас болж маргаан үүссэн. Эхлээд 3300 тонн буудайны төлбөр 6 сарын хугацаанд хийгдээгүй байсан. Бид чанаргүй буудайны талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн ард техник, үг үсгийн алдаанаас болоод 6210 гэсэн тоо орсон байсан. Уг нэхэмжлэлийн үндсэн шаардлага дээр нь Гацуурт ХХК-ийн гэрээгээр тохиролцон нийлүүлэх ёстой байсан 6210 тонн буудайнаас өөрийн охин компани болох Чинбат захиралтай Баян дулаан уул ХХК-ийн нэрээр 5627 тонн улаан буудайг нийлүүлсэн болно гээд бичсэн байгаа. Баян дулаан уул ХХК-ийн нэрээр Сэлэнгэ аймгийн шүүхрүү 2 удаа мэдэгдэх хуудас явуулсан. Гэтэл энэ компанийг төлөөлөх байгууллага нь хотод байдаг гээд Гацуурт ХХК хүлээж авсан. Тэгээд бид Баян дулаан уул ХХК-ийн нийлүүлсэн чанаргүй буудайны асуудал Гацуурт ХХК хариуцах юм байна гэж үзээд бид Гацуурт ХХК-д холбогдуулж гаргасан. 6210 тонн бол биш. Баримтууд байхад худлаа юм яриад байгааг гайхаж байна. Цаана нь хөндлөнгийн ашиг сонирхол байна гэж үзэж байна гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 онд Хангай миллс ХХК-тай ямарч улаан буудай худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Мөн өөрийн байгууллагын нэрийн өмнөөс Хангай миллс ХХК-д улаан буудайг нийлүүлсэн асуудал байхгүй. Мөн төлбөр авсан асуудал байхгүй. Хангай миллс ХХК нь хэрэгт тооцоо нийлсэн акт гаргаж өгөөд манай компаниас 5627 тонн улаан буудай авч төлбөр тооцоог төлж барагдуулсан гэдэг. Манай компани нь Гацуурт ХХК, Номгон буудай ХХК, Сэлэнгийн тариалан ХХК нартай нэг үүсгэн байгуулагчтай. Хамаарал бүхий аж ахуй нэгж байгаа. 2014 оны 09 сарын 02-ны өдрийн УХШ14/092-3 тоот гэрээний дагуу Сэлэнгийн тариалан ХХК-ийн нэрийн өмнөөс Хангай миллс ХХК-д өөрийн Сайхан толгой салбараар дамжуулан 1300 тонн улаан буудай, 2014 оны 09 сарын 02-ны өдрийн УХШ14/092-5 тоот гэрээний дагуу Гацуурт ХХК-ийн нэрийн өмнөөс Хангай миллс ХХК-д Жаргалант салбараараа 1221,2 тонн, Сайхан толгой салбараар дамжуулан 3078,58 тонн, 2014 оны 09 сарын 02-ны өдрийн УХШ14/092-2 тоот улаан буудай нийлүүлэх гэрээний дагуу Номгон буудай ХХК-ийн нэрийн өмнөөс Хангай миллс ХХК-д Сайхан толгой салбараараа дамжуулан 27,50 тонн улаан буудайг нийлүүлсэн. Гэхдээ манай компани Хангай миллс ХХК-тай гэрээ байгуулаагүй. Зөвхөн өөрийн үтрэмээрээ дамжуулан буудай нийлүүлсэн. Хариуцагч компаниас төлбөр тооцоо авсан асуудал байхгүй байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд 8 компани манайд буудай нийлүүлнэ гэж гэрээ байгуулсан байгаа. Үүн дотор Номгон буудай ХХК, Сэлэнгийн тариалан ХХК, Гацуурт ХХК, Ггацуурт агро ХХК зэрэг нийтдээ 8 компани нийлүүлхээр болсон. Ингэхдээ бид Номгон буудай ХХК, Сэлэнгийн тариалан ХХК-иас нэг ч буудай аваагүй. Гацуурт ХХК хэдий буудай өгөөгүй ч гэсэн Баян дулаан уул ХХК-ийн нийлүүлсэн 5627 тонн буудайг Гацуурт ХХК хариуцна гэж үзээд бид Гацуурт ХХК-д сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Сэлэнгийн тариалан ХХК 2014 оны 09 сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу буудай нийлүүлээгүй. Энэ нь манай компаний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Учир нь бид намар нэг удаа буудайгаа худалдаж авдаг. Банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Гэрээний заалтаа зөрчиж буудай нийлүүлээгүй. 3300 тонн буудайг 1 тонныг 500,000 төгрөгөөр тооцно гэсэн. Үүний 10 хувь болох 165,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Номгон буудай ХХК 4050 тонн буудай нийлүүлнэ гэж гэрээ байгуулсан. Гэвч гэрээний дагуу нэг ч буудай нийлүүлээгүй. Тиймээс гэрээний 5.1, 5.2, 5.3-т заасны дагуу өөрт учирсан хохирол 222,750,000 төгрөгийг Номгон буудай ХХК-иас шаардаж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Гэрээ байгуулж гэрээний дагуу үүргээ биелүүлсэн. Өөрсдөө төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байж хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй. 71-125 дугаар хуудсанд байгаа баримтууд нь 9144 хүрэхгүй. 5627 тонн буудайны төлбөр болж байгаа. Бид маш олон удаа нэмж үзсэн. Үүнээс дээшээ гарсан зүйл байхгүй. 2012, 2013 оны юм яриад байна. Энэ асуудал энэ хэрэгт хамааралгүй. Зөвхөн 2014 оны зүйлийг ярьж байгаа. Шинжээчийн дүгнэлт дээр төлбөр төлсөн нь нотлогдсон гэж яриад байна. Шинжээчийн дүгнэлтээр юу нотлогддог гэхээр 2014 онд 9144,64 тонн улаан буудайг Хангай миллс ХХК нь авсан нь нотлогддог. 2012, 2013, 2014 оны хамарсан олон асуудал байгаа. Гэхдээ энэ маргаантай хамааралтай нь 2014 онд Хангай миллс ХХК нь 9144,64 тонн улаан буудайг авсан гэдэг нь 144 тоот шинжээчийн дүгнэлт, 203 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Үүн дээр тоо хэмжээг тодорхой заасан байгаа. 9144,64 тонн буудайны төлбөрийг төлсөн баримт нь байхгүй байгаа. Баян дулаан ХХК-ийн тухайд буудай нийлүүлчихээд нийлүүлээгүй гэж хэлэх шаардлага байхгүй. Баян дулаан уул ХХК өөрөө тайлбар хэлэхдээ бид гэрээ хийгээгүй. Манайх компаниасаа буудай гаргаагүй. Үтрэмээрээ дамжуулж Гацуурт ХХК, Номгон буудай ХХК, Сэлэнгийн тариалан ХХК буудайгаа нийлүүлсэн гэдгээ хэлдэг. Хариуцагч нар Гацуурт ХХК-д Баян дулаан уул ХХК-ийн төлбөрийг төлсөн гэж яриад байгаа. Бодит байдал дээр Гацуурт ХХК-иас буудай авсанаа мэдээд Гацуурт ХХК-д төлбөрийг төлсөн асуудал байгаа. Сэлэнгийн тариалангийн хувьд мөн адилхан. 3300 тонн улаан буудай нийлүүлэх гэрээ хийгээд 1300 тонн улаан буудайг нийлүүлчихсэн. 5 жилийн турш төлбөрөө аваагүй. Гэтэл өөрөө 1300 тонн улаан буудайны мөнгийг төлөхгүй байж буудай нийлүүлээгүй гэж мөнгө нэхээд байгаа нь буруу. Гэрээний төлөлтийн графикийг байгуулсан. Эхний график төлөгдөөгүй. 2 дахь график төлөгдөөгүй. Ингээд гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн учраас үлдсэн буудайгаа нийлээгүй. Тийм учраас Сэлэнгийн тариалан ХХК-г 3300 тонн улаан буудайг нийлүүлээгүй гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Номгон буудай ХХК мөн адил. Графикын дагуу төлөлт хийх үүргээ биелүүлээгүй учраас үлдэгдэл буудайг нийлүүлээгүй. Үндсэндээ 5 жилийн турш нийлүүлсэн буудайныхаа мөнгийг төлөөгүй байсан. Төгрөгийн ханш унаж, долларын ханш чангарсан. Авсан буудайныхаа төлбөрийг төлөөгүй байж хохирол нэхэмжилж байгаа нь байж болохгүй гэж үзэж байна. Тооцоо нийлсэн актыг хуурамчаар хийсэн гээд байна. Энэ талаар цагдаагийн байгууллагад шалгуулаад явж болох байсан. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар шалгуулаагүй. Тооцоо нийлсэн актууд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа. Эх хувиараа тамга дарсан. Эрх бүхий албан тушаалтан нь баталгаажуулсан байгаа. Гацуурт ХХК-ийн өмнөөс буудай нийлүүлсэн компаниуд Гацуурт ХХК-тай тооцоо нийлсэн акт, Сэлэнгийн тариалан ХХК-ийн буудайг үтрэмээрээ дамжуулан нийлүүлсэн компаниуд Сэлэнгийн тариалан ХХК-тай тооцоо нийлсэн акт, Номгон буудай ХХК-ийн буудайг үтрэмээрээ дамжуулан нийлүүлсэн компаниудтай тооцоо нийлсэн актууд байгаа. 9144 тонн буудай авсан нь тодорхой. Үүнээс 5627 тонн буудайны төлбөрийг төлсөн баримт байгаа. Үлдсэнийг нь төлөөгүй. Шүүхэд худлаа яриад байна. Эдний гаргаж өгсөн баримт, манай гаргаж өгсөн баримтууд хоорондоо мөргөж байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Номгон буудай ХХК, Сэлэнгийн тариалан ХХК, Гацуурт ХХК нь хариуцагч Хангай миллс ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 7.541.750.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний дагуу өөрт учирсан хохирол1.122.930.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
1/ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн нийт шаардлагын хэмжээг багасгасан бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхтэй тул шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага нийт 2.614.553.000 төгрөгөөр тооцов.
Үүнийг нэхэмжлэл тус бүрээр тодруулбал:
1.Нэхэмжлэгч Номгон буудай ХХК-ний нэхэмжлэлтэй, Хангай миллс ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг 3.151.250.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол 627.930.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайд.
Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 3.151.250.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. /1 дүгээр хавтас хэргийн 1 дүгээр тал/
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу 2019 оны 03 сарын 22, 04 сарын 26-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1634,64 тн улаан буудайн үндсэн төлбөр 899.052.000 төгрөг, алданги 449.526.000 төгрөг нийт 1.348.578.000 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 190.000.000 төгрөгийг хасаад нийт 1.158.578.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. /5 дугаар хавтас хэргийн 160-165 дугаар тал, 6 дугаар хавтас хэргийн 90-95 дугаар тал/
2.Нэхэмжлэгч Сэлэнгийн тариалан ХХК-ний нэхэмжлэлтэй, Хангай миллс ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг 975.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол 495.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайд.
Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 975.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. / дугаар хавтас хэргийн 1 дүгээр тал/
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу 2019 оны 03 сарын 22, 04 сарын 26-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан 1300тн улаанбуудайн үндсэн төлбөр 650.000.000 төгрөг, алданги 325.000.000 төгрөг нийт 975.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. /5 дугаар хавтас хэргийн 166-168 дугаар тал, 6 дугаар хавтас хэргийн 96-100 дугаар тал/
3.Нэхэмжлэгч Гацуурт ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Хангай миллс ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг 3.415.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайд.
Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 3.415.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. /3 дугаар хавтас хэргийн 1-2 дугаар тал/
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу 2019 оны 03 сарын 22, 04 сарын 26-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодруулан, 583 тн улаан буудайн үндсэн төлбөр 320.650.000 төгрөг, алданги 160.325.000 төгрөг нийт 480.975.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна. /5 дугаар хавтас хэргийн 152-158 дугаар тал, 6 дугаар хавтас хэргийн 78-85 дугаар тал/
Нэхэмжлэгч нийт 3517.64тн улаанбуудайн үнэ нийт 2.614.553.000 төгрөг нэхэмжилжээ.
2/ Зохигч талуудын хооронд бичгээр байгуулагдсан хэлцлийн тухайд
1.2014 оны 09 сарын 02-ны өдрийн №ӨХШ14/092-2 дугаартай улаан буудай худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгч буюу худалдагч Номгон буудай ХХК, хариуцагч буюу худалдан авагч Хангай миллс ХХК нар байгуулж, худалдагч 3300 тн улаан буудайг 1тн тутмыг нь 500.000 төгрөг нийт 2.227.500.000 төгрөгөөр худалдахаар, улаан буудайг Сэлэнгэ Цагааннуур сум Сайхантолгой, Зэлтэр салбараас нийлүүлэх, төлбөр төлөх хугацааг 2014 оны 12 сарын 01-ны өдрөөс 2015 оны 04 сарын 01-ны өдөр хүртэл сар бүрийн 1-ний өдөр тус бүр 445.500.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 5-8 дугаар тал/
2.2014 оны 09 сарын 02-ны өдрийн №ӨХШ14/92-3 дугаартай улаан буудай худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгч буюу худалдагч Сэлэнгийн тариалан ХХК, хариуцагч буюу худалдан авагч Хангай миллс ХХК нар байгуулж, худалдагч 4050 тн улаан буудайг 1тн тутмыг нь 500.000 төгрөг нийт 1.650.000.000 төгрөгөөр худалдахаар, улаан буудайг Сэлэнгэ, Зэлтэр салбараас нийлүүлэх, төлбөр төлөх хугацааг 2014 оны 11 сарын 01-ны өдрөөс 2015 оны 01 сарын 01-ны өдөр хүртэл сар бүрийн 1-ний өдөр тус бүр 550.000.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ баримтаар тогтоогдож байна. /2 дугаар хавтас хэргийн 7-10 дугаар тал/
3. 2014 оны 09 сарын 02-ны өдрийн №ӨХШ14/92-5 дугаартай улаан буудай худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгч буюу худалдагч Гацуурт ХХК, хариуцагч буюу худалдан авагч Хангай миллс ХХК нар байгуулж, худалдагч 3600 тн улаан буудайг 1тн тутмыг нь 550.000 төгрөг нийт 1.980.000.000 төгрөгөөр худалдахаар, улаан буудайг Сэлэнгэ, Шаамар салбараас нийлүүлэх, төлбөр төлөх хугацааг 2015 оны 1 сарын 01-ны өдрөөс 2015 оны 03 сарын 01-ны өдөр хүртэл сар бүрийн 1-ний өдөр тус бүр 660.000.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ баримтаар тогтоогдож байна. /3 дугаар хавтас хэргийн 4-7 дугаар тал/
4. 2014 оны 09 сарын 02-ны өдрийн №ӨХШ14/92-9 дугаартай улаан буудай худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгч буюу худалдагч Гацуурт ХХК, хариуцагч буюу худалдан авагч Хангай миллс ХХК нар байгуулж, худалдагч 2610 тн улаан буудайг 1тн тутмыг нь 550.000 төгрөг нийт 1.435.500.000 төгрөгөөр худалдахаар, улаан буудайг Сэлэнгэ, Цагааннуур салбараас нийлүүлэх, төлбөр төлөх хугацааг 2015 оны 4 сарын 01-ны өдрөөс 2015 оны 06 сарын 01-ны өдөр хүртэл сар бүрийн 1-ний өдөр тус бүр 478.500.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ баримтаар тогтоогдож байна. /3 дугаар хавтас хэргийн 8-11 дүгээр тал/
Дээрхи 4 гэрээний дагуу нэхэмжлэгч нар нийт 13560 тн улаанбуудайг нийт 7.293.000.000 төгрөгөөр хариуцагч Хангай миллс ХХК-д худалдахаар тохиролцсон байна.
Эдгээр нь зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
Дээрхи гэрээнүүд нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Номгон буудай ХХК, Сэлэнгийн Тариалн ХХК, Гацуурт ХХК, хариуцагч Хангай миллс ХХК нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
3/Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлийн тухайд
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй улаанбуудайг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлж хүлээн авах үүрэгтэй.
Нэхэмжлэгч Номгон буудай ХХК гэрээнд заасан үүргийн дагуу нийт 1634,64 тн улаанбуудайг нийлүүлснээс, Гацуурт-Агро ХХК-ны үтрэмээс 1406,86тн, Хандгайт уул ХХК-ны үтрэмээс 200.22тн, Баяндулаан уул ХХК-ний үтрэмээс 27.56тн улаан буудайг тус тус хариуцагч Хангай миллс ХХК-д нийлүүлсэн,
Нэхэмжлэгч Сэлэнгийн тариалан ХХК гэрээнд заасан үүргийн дагуу нийт 1300 тн улаанбуудай нийлүүлснээс, Баяндулаан уул ХХК салбараараа дамжуулан 1300 тн улаан буудайг хариуцагч талд нийлүүлсэн нь,
Нэхэмжлэгч Гацуурт ХХК нь гэрээнд заасан үүргийн дагуу 6210тн улаан буудай нийлүүлснээс Баяндулаан Уул ХХК-ны Жаргалант салбараас 1221.2 тн, Цагаантолгой салбараас 3078.56 тн, Гацуурт Агро ХХК-ны салбараас 30 тн, Сэлэнгэ алтан говь салбараас 1844.24 тн, Хандгайт уул ХХ- салбараас 36 тн нийт 6210 тн улаанбуудай харицагч талд нийлүүлсэн,
нийт нэхэмжлэгч нар хариуцагчид гэрээний дагуу 9144.64 тн улаан буудай нийлүүлсэн болох нь
-2014 оны ачуулсан улаанбуудайн цэвэр жин Гацуурт Агро ХХК-1436.86 тн, Хандгайт Уул ХХК-236.22 тн, Жаргалан -1221.2 тн, Баяндулаан уул ХХК-4406.12тн, Шаамар-1844.24 нийт хэмжээ 9144.64тн болсныг Гацуурт ХХК, Хангай миллс ХХК-ний харилцан баталж тооцоо нийлж баталгаажуулсан акт, /1 дүгээр хавтас хэргийн 27 дугаар тал/
-гэрч Гацуурт-Агро ХХК-ний гүйцэтгэх захирал Х.Бямбажавын шүүхэд өгсөн ...Гацуурт ХХК-ний 30тн, Номгон буудай ХХК-ний 1406 гаран тн улаан буудайг Хангай миллс ХХК-д ачуулж байсан, Гацуурт ХХК, Номгон буудай ХХК-тай манай компани нэг үүсгэн байгуулагчтай тул хамааралтай, Гацуурт ХХК нь гэрээ хийгээд хамаарал бүхий компануудаас шинжлэн судалгаа хийж, дээж үзэж байгаад манай компаниас авсан, манай салбараас ачуулж байсан учраас компанийхаа нэр дээр хэдий хэмжээний будаа ачуулж байгаа талаар дурьдаж аль компаний гэрээний дагуу ачуулж байгаа талаар бичдэг. Гэрээний дагуу ачуулсан учраас Гацуурт Агро гэж бичигдсэн байгаа, нийлүүлсэн газрынхаа нэрээр актаа бөглөдөг... гэх мэдүүлэг, /4 дүгээр хавтас хэргийн 150-152 дугаар тал/
-гэрч Хандгайт уул ХХК-ний захирал Б.Эрдэнэбаатарын шүүхэд өгсөн ...Гацуурт ХХК-ний өмнөөс 30 тн, Номгон буудай ХХК-ний нэрийн өмнөөс 200 тн буудайг Хангай миллс ХХК-д 2014 онд нийлүүлсэн, ...Хангай миллс ХХК нь нийт газруудаар очиж шинжилгээ судалгаа хийж дээж аваад хаанаас авахаа сонгож авдаг бөгөөд түүний дагуу манайхаас авч байсан, манай компанийн үтрэм дээрээс будааг ачуулсан тул тооцоог Хангай миллс ХХК манайхтай нийлдэг байсан... гэх мэдүүлэг, /4 дүгээр хавтас хэргийн 152-155 дугаар тал/
-2018 оны 08 сарын 24-ны өдрийн 144 дугаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн ... Хүснэгт №1, 2014 онд Хангай миллс ХХК нь Баяндулаан уул ХХк-аас 5471.22 тн, Гацуурт Агро ХХК-аас 1436.85 тн, Гацуурт ХХК-аас 106.26 тн, Сэлэнгэ алтан говь ХХК-аас 1894.08 тн, Хандгайт уул ХХК-аас 236.22 тн нийт 9144.63 тн улаанбуудай хүлээн авсан байна... гэх дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 202-207-223 дугаар тал/
-2018 оны 11 сарын 23-ны өдрийн 203 дугаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй Шинжээчийн дүгнэлт, /5 дугаар хавтас хэргийн 83-88-101 дүгээр тал/
-2018 оны 04 сарын 10-ны өдрийн 01/235 тоот Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хариу хүргүүлэх тухай баримт, /5 дугаар хавтас хэргийн 102-107 дугаар тал/
-2015 оны 04 сарын 07-ны өдрийн 31 тоот Хангай миллс ХХК-ний Гацуурт ХХК-д гаргасан буудайн үнийн тухай ...энэ 2014 оны намрын байдлаар манай компани танайхаас 9137 тн улаанбуудай хүлээн авснаас... гэх баримт /2 дугаар хавтаст хэргийн 38-40 дүгээр тал/
-2014 оны Баяндулаан уул ХХК-ны пүүний баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 41-65, 201-225 дугаар тал/
-бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баяндулаан уул ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...манай компанийн байрладаг салбараас Гацуурт ХХК, Сэлэнгийн тариалан ХХК, Номгон буудай ХХК гэсэн гурван компаний Хангай миллс ХХК-тай 2014 онд байгуулсан гэрээний дагуу улаан буудай ачуулсан, уг буудай нь дээрхи компаниуудын улаан буудайг Хангай миллс ХХК руу ачуулсан, манай компани ямар нэг буудай нийлүүлсэн асуудал байхгүй..., ...манай байгууллага нь нэхэмжлэл гаргасан компануудтай нэг үүсгэн байгуулагчтай, хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллага бөгөөд холбоо хамаарал бүхий аж ахуйн нэгжийн хувьд 2014 оны 09 сарын 02-ны өдөр байгуулагдсан ӨХШ 14/092-3 тоот улаан буудай худалдах худалдан авах гэрээний дагуу худалдагч Сэлэнгийн тариалан ХХК-ний өмнөөс Хангай миллс ХХК-д Сайхан толгой салбараараа дамжуулан 1300 тн улаан буудай, 2014 оны 09 сарын 02-ны өдрийн ӨХШ14/092-5 тоот улаан буудай худалдах худалдан авах гэрээний дагуу Гацуурт ХХК-ний өмнөөс Хангай миллс ХХК-д өөрийн компаний Жаргалант салбараараа дамжуулан 1221.2 тн улаан буудай, Сайхантолгой салбараараа дамжуулан 3078.56 тн улаан буудай , 2014 оны 09 сарын 02-ны өдрийн ӨХШ 14/092-5 тоот улаан буудай нийлүүлэх гэрээгээр дамжуулан Номгон буудай ХХК-ний өмнөөс Сайхантолгой салбараараа дамжуулан 27.56 тн улаан буудайг тус тус нийлүүлсэн... гэх тайлбар, /2 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр тал, 5 дугаар хавтас хэргийн 134 дүгээр тал/
-2014 оны 10, 11 саруудад УБТЗ-ын Улаанбаатар өртөөгөөр Хангай миллс ХХК-д 9144.63 тн улаанбуудай тээвэрлэсэн тооцоо нийлсэн акт,
-Хангай миллс ХХК-ний нэхэмжлэлтэй, Гацуурт ХХК-д холбогдох 2014 оны 09 сарын 02-ны өдрийн ӨХШ14/092-5 дугаартай худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 701.780.980 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт гэрээний дагуу нийлүүлэх байсан 6210 тн улаан буудайнаас 5627 тн улаан буудайг нэхэмжлэгч хүлээн авсан талаар зохигчид маргаагүй тухай шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт /5 хавтас хэргийн 114, 212-229 дүгээр тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Ийнхүү дээр авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нар гэрээний дагуу 2014 онд өөрийн салбар компануудаараа дамжуулан хариуцагч Хангай миллс ХХК-д нийт 9144.64 тн улаанбуудай нийлүүлэн худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч 9144.64тн улаан буудайн хүлээн авч, 5627 тн улаан буудайн үнийг шилжүүлсэн тул худалдагч үлдэх 3517.63 тн улаанбуудайн үнэ нийт 2.614.553.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээнүүдийн 3.1, 4.2-т заасан үндэслэлтэй.
Хариуцагч ...гэрэний дагуу нэхэмжлэгч нараас улаанбуудай хүлээн аваагүй, талуудын хооронд тооцоо нийлсэн акт үйлдэгдээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Шүүх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд дээр дурьдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж үзлээ.
Мөн зохигч талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 09 сарын 02-ны өдрийн улаанбуудай худалдах худалдан авах гэрээнүүдийн 1.3-т буудайг нийлүүлэх газар: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум Сайхантолгой, Зэлтэр салбараас, Сэлэнгэ, Зэлтэр салбараас, Сэлэнгэ Шаамар, Сэлэнгэ Цагааннуур салбаруудаас нийлүүлнэ, мөн тус гэрээнүүдийн 3.2-т худалдан авагч тал буудайг акт үйлдэн хүлээн авсан баримт үйлдэнэ гэж тус тус заасан байна.
Худалдан авагч буюу хариуцагч Хангай миллс ХХК нь буудайг акт үйлдэн хүлээн авсан тухай баримт үйлдэнэ гэсэн гэрээнд заасан үүргийн дагуу Гацуурт ХХК, Хангай миллс ХХК ны 2014 оны ачуулсан улаанбуудайн цэвэр жин Гацуурт Агро ХХК-1436.86 тн, Хандгайт Уул ХХК-236.22 тн, Жаргалан -1221.2 тн, Баяндулаан уул ХХК-4406.12тн, Шаамар-1844.24 нийт хэмжээ 9144.64тн болсныг харилцан баталж тооцоо нийлж баталгаажуулсан акт баримт 1 дүгээр хавтас хэргийн 27 дугаар талд авагдсан байна.
Энэ нь Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1, 248 дугаар зүйлд заасны дагуу үүрэг гүйцэтгэх газар, эд хөрөнгө хүлээн авах нөхцөл зэргийг талууд гэрээгээр тохиролцон тодорхойлсон, худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн буюу нэхэмжлэгчийн хамаарал бүхий салбар компануудаар дамжуулан 9144.64 тн улаан буудай хүлээн авсан гэж тооцох үндэслэл болно.
Хариуцагч хүлээн авсан буудайн үнийг төлөх худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.3-т зааснаар гэрээний хариуцлага, алданги шаардах эрх үүссэн байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хангай миллс ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 2.614.553.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Номгон буудай ХХК-д 1.158.578.000 төгрөг, Сэлэнгийн тариалан ХХК-д 975.000.000 төгрөг, Гацуурт ХХК-д 480.975.000 төгрөг тус тус олгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
4/ Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
1.2017 оны 09 сарын 05-ны өдөр хариуцагч Хангай миллс ХХК нь нэхэмжлэгч Номгон буудай ХХК-д холбогдуулан 2014 оны 09 сарын 02-ны өдрийн ӨХШ14/092-2 дугаартай худалдах худалдан авах гэрээний үүргээ нэхэмжлэгч Номгон буудай ХХК биелүүлээгүй буюу 4050 тн улаан буудай нийлүүлээгүйн улмаас олох байсан орлого, ашиг 405.180.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн хариуцлага 222.750.000 төгрөг нийт 627.930.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл, /1 дүгээр хавтас хэргийн 32 дугаар тал/
2. 2017 оны 08 сарын 02-ны өдөр хариуцагч Хангай миллс ХХК нь нэхэмжлэгч Номгон буудай ХХК-д холбогдуулан 2014 оны 09 сарын 02-ны өдрийн ӨХШ14/092-3 дугаартай худалдах худалдан авах гэрээний үүргээ нэхэмжлэгч Сэлэнгийн тариалан ХХК биелүүлээгүй буюу 3300 тн улаан буудай нийлүүлээгүйн улмаас олох байсан орлого, ашиг 330.000.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн хариуцлага 165.000.000 төгрөг нийт 495.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл /2 дугаар хавтас хэргийн 190 дугаар тал/ тус тус гаргажээ.
Шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч тал нэхэмжлэгчийг гэрээнд заасан 4050, 1300 тн улаан буудай нийлүүлээгүй гэх боловч гэрээний 1.3-т талууд нэхэмжлэгчийн үүрэг гүйцэтгэх газар буюу улаан буудай нийлүүлэх газрыг нэхэмжлэгчийн салбар компануудаас нийлүүлэхээр тохиролцсон, гэрээний дагуу хариуцагч нийт 9144.64 тн улаан буудай хүлээн авсан болох нь дээр авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа болно.
Иймд хариуцагч Хангай миллс ХХК-ний нэхэмжлэгч Номгон буудай, Сэлэнгийн тариалан ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас олох байсан орлого ашигийн хохирол, хариуцлага нийт 1.122.930.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрснийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.182.600 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилөн төлсөн 5.930.550 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13.230.715 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
5/ Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан Шүүгчийн захирамжийн талаар
-2016 оны 11 сарын 22-ны өдрийн 27028 дугаар тус шүүхийн Шүүгчийн захирамжаар Сэлэнгийн тариалан ХХК-ны нэхэмжлэлтэй, Хангай миллс ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд /975.000.000 төгрөг/ зогсоох арга хэмжээ авч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авчээ.
2018 оны 04 сарын 09-ны өдрийн 05085 дугаар тус шүүхийн Шүүгчийн захирамжаар дээрхи захиармжаар авсан арга хэмжээг хариуцагч Хангай миллс ХХК-ний эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр /975.000.000 төгрөг/ битүүмжлэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг сольсон байна. /2 дугаар хавтас хэргийн 22, 1 дүгээр хавтас хэргийн 146 дугаар тал/
2019 оны 03 сарын 05-ны өдрийн 2928 дугаар тус шүүхийн Шүүгчийн захирамжаар Номгон буудай ХХК-ний нэхэмжлэлтэй, Хангай миллс ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд /3.151.250.000 төгрөг/ битүүмжлэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан байна. /5 хавтас хэргийн 127 дугаар тал/
2018 оны 04 сарын 09-ны өдрийн 05085 дугаар тус шүүхийн Шүүгчийн захирамж нь, 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 2928 дугаар тус шүүхийн Шүүгчийн захирамжийн 5 дахь заалт нь тус тус шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдах нь зүйтэй.
-2018 оны 11 сарын 01-ны өдрийн 14675 дугаар тус шүүхийн Шүүгчийн захирамжаар Хангай миллс ХХК-ний Сэлэнгийн тариалан, Номгон буудай ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Сэлэнгийн тариалан ХХК-ны эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр /495.000.000 төгрөг/, Номгон буудай ХХК-ний эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр /627.930.000 төгрөг/ тус тус битүүмжлэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан байна. /5 дугаар хавтас хэргийн 22 дугаар тал/
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан дээрхи захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хангай миллс ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 2.614.553.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Номгон буудай ХХК-д 1.158.578.000 төгрөг, Сэлэнгийн тариалан ХХК-д 975.000.000 төгрөг, Гацуурт ХХК-д 480.975.000 төгрөг тус тус олгосугай.
2. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Номгон буудай ХХК, Сэлэнгийн тариалан ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргээ биелүүлгүйгээс учирсан хохирол нийт 1.122.930.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Хангай миллс ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.182.600 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилөн төлсөн 5.930.550 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13.230.715 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. 2018 оны 04 сарын 09-ны өдрийн 05085 дугаар тус шүүхийн Шүүгчийн захирамж нь, 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 2928 дугаар тус шүүхийн Шүүгчийн захирамжийн 5 дахь заалт нь тус тус шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл хуулийн хүчин төгөлдөр болохыг, 2018 оны 11 сарын 01-ны өдрийн 14675 дугаар тус шүүхийн Шүүгчийн захирамж нь энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг тус тус дурьсдугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ