Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 102/2018/03854/И |
Дугаар | 102/ШШ2019/01148 |
Огноо | 2019-04-23 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2019/01148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Г-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 74.353.550 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, иргэдийн төлөөлөгч Х.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ошүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Д.Онайз Л.Г, н.Жавзанпагма, н.Энхнаран нарын хамт Улаанбаатар хотоос Д.Оын эзэмшлийн 35-36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Сэлэнгэ аймгийн нутагт байдаг ээж модонд мөргөхөөр явсан. Зорчигчид замд машинаа ээлжилж барьсан. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрийн Уу хөтөл гэх газар хариуцагч Л.Гтээврийн хэрэгсэл жолоодож явсан. Л.Гтээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийхдээ эсрэг урсгалын машин мөргөхөөс сэргийлж замын хажуу руу машин онхолдуулж зам тээврийн осол гарсан. Л.Год холбогдох эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн хууль хяналтын байгууллагууд шалгаж, шийдсэн. Эрүүгийн хэрэгт Д.Оиргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоогдсон. 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын шүүхийн 100 дугаартай тогтоол, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол зэрэг шийдвэрүүд хавтаст хэрэгт авагдсан. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт Л.Гыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт зөрчсөн учраас эрүүгийн журмаар Л.Год ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд түүнд хуулийн дагуу ял шийтгэл оногдуулсан. Анхан болон давж заалдах шатны шүүх Л.Гоос хохирогчид учирсан 148.707.100 төгрөгийг гаргуулахаар шийдсэн. Улсын дээд шүүх хохирогчид учирсан хохирол төлбөрийг яллагдагч, тээврийн хэрэгслийн эзэмшигч нараас тэнцүү хэмжээгээр гаргах нь зүйтэй гэж үзээд Д.Оаас 74.353.550 төгрөг гаргахаар шийдсэн. Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа даргалагч тээврийн хэрэгсэл Д.Оын өмчлөлийнх учраас хохирогчид учирсан төлбөрийг тэнцүү хэмжээгээр гаргахаар шийдсэн. Д.Оуг хохирлыг иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэдгийг тайлбарласан. Машиныг дахин ашиглах боломжгүй болсон учраас 4.980.000 төгрөгийн хохирол гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Л.Гмашины мөнгийг төлж барагдуулна, уг мөнгийг нэхэмжлэхгүй байгаач гэснээр Д.О, Л.Гнар тохиролцож машины мөнгийг Д.ОЛ.Гоос аваагүй. Д.Ошүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлбөр төлж байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар 3 шатны шүүх Л.Гыг зам хөдөлгөөний дүрэм болон түүнтэй нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулж, зам тээврийн осол гарсан болохыг тогтоож, шийтгэсэн. Иймд Д.Огэм буруутай этгээд Л.Гоос 74.353.550 төгрөгийн төлбөр нэхэмжилж шүүхэд хандсан. Шударга ёсны зарчим байх ёстой. Д.Оавтомашин, мөнгөн төлбөрийн хохирол төлөхөөр давхар хохирч байна. Д.О1986 онд төрсөн, сургуулиа төгсөж хөдөлмөрлөж байгаа залуу хүн. Л.Гын гэм буруу 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул гэм буруутай этгээдээс 74.353.550 төгрөгийг гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 35-36 УНУ улсын дугаартай Тоёота Приус маркийн Д.Оын эзэмшлийн автомашиныг жолоодон Сэлэнгэ аймаг руу яву байгаад зам тээврийн осол гаргаснаа би хүлээн зөвшөөрдөг. Сэлнэг аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 82 дугаар Магадлалын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөөгүй тул Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд хохирогч Г.Эгийн эрүүл мэндэд учирсан хохирол болох 148.707.100 төгрөгийг бүхэлд нь шүүгдэгч Л.Гоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Л.Гоос бүхэлд нь гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн төлбөрийг зам тээврийн осол гаргасан жолооч болон тээврийн хэрэгслээ жолоодож явахыг зөвшөөрч шилжүүлсэн тээврийн хэрэгслийн эзэмшигч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна гээд хяналтын шатны шүүхийн 117 дугаар тогтоол гарсан. Иймээс Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 117 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Онь хариуцагч Л.Год холбогдуулан шүүхийн шийдвэрийн дагуу төлөхөөр болсон 74.353.550 төгрөгийг гэм хорын хохиролд тооцон гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь хохирлыг зам тээврийн осол гаргасан жолооч болон тээврийн хэрэгслийг жолоодож явахыг зөвшөөрч шилжүүлсэн тээврийн хэрэгслийн эзэмшигч нараас хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 117 дугаар тогтоол хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Л.Гнь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 100 дугаар Шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 82 дугаар Магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 117 дугаар Тогтоолоор 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд нэхэмжлэгч Д.Оын эзэмшлийн Тоёота приус маркийн 35-36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг орохоор замын хөдөлгөөнд оролцож явахдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Уу хөтөл гэх газрын орчимд зам тээврийн осол гаргаж, иргэн Г.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцогджээ.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 117 дугаар Тогтоолоор хохирогч Г.Эгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын 148.707.100 төгрөгийг шүүгдэгч Л.Г, иргэний хариуцагч Д.Онараас 74.353.550 төгрөгөөр тус тус хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр хохирогч Г.Эд төлөх ёстой 74.353.550 төгрөгийг шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой тул өөрт учирсан хохирол гэж үзэн гэм буруутай этгээдээс шаардаж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлав.
Хариуцагчийн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Гэвч Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байхад шүүхийн шийдвэрээр бусад төлөхөөр гарсан төлбөрийг нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй байна.
Иймд хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой 74.353.550 төгрөгийг гэм хорын хохиролд тооцон гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529.770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Гоос хохиролд 74.353.550 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529.770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Н.ХАНГАЛ