Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0140/З |
Дугаар | 128/ШШ2021/0701 |
Огноо | 2021-10-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2021/0701
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Б ХХК
Хариуцагч: Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Ц.М, Д.Б
Гомдлын шаардлага: Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Д.Б нарын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар тогтоосон нийт 747,896,614.60 төгрөгийн төлбөрөөс 710,987,711.81 төгрөгийг хасч тооцон, шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагч Ц.М, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Д.Б нар манай компанийн 2015 оны 01 сарын 01 өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын олгосон татварын хяналт шалгалт хийх ******* тоот томилолтын дагуу 2019 оны 3 дугаар сарын 22 өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн.
Манай компани 3000736 тоот шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцээд, 98 дугаар тогтоолоор актаар тогтоосон төлбөрөөс 16,901,858.03 төгрөгийг хасч, актад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Татварын улсын байцаагчийн хяналт шалгалт хийсэн ажиллагааны тэмдэглэлд 7 зүйл бүхий зөрчлийг дугаарлан хууль тогтоомж зөрчсөн гэж тогтоосон байх бөгөөд тухайн 7 зүйл бүрт хүлээн зөвшөөрөхгүй байгаа үнийн дүнгийн талаар дараах байдлаар шаардлагаа тодруулж байна.
1. 2017 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 80,014,564.00 төгрөгийн борлуулалтын орлого дутуу тайлагнасан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ...” гэж заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн 8,001,456.00 төгрөгийн нөхөн татвар, 2,400,436.90 төгрөгийн торгууль нийт 10,401,893.30 төгрөгийн татвар, торгууль оногдуулсныг хүлээн зөвшөөрч, 1,600,291.00 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2. Татварын улсын байцаагчийн актад 2015 онд 427,727,272.72 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний улсад төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэж үзэн 427,727,272.72 төгрөгийн зөрчилд 42,772,727.30 нөхөн татвар, 12,831,818.20 төгрөгийн торгууль, 8,554,545.00 төгрөгийн алданги, нийт 64,159,090.50 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Татварын улсын байцаагчийн актад “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасныг зөрчсөн...” дээр дурдсан торгууль, алдангийг оногдуулсан байна
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хурлаар батлагдсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Гэтэл татварын улсын байцаагч нь тухайн үед буюу 2015 онд хүчин төгөлдөр болоогүй байсан хуулийн заалтыг үндэслэн акт тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Маргаан таслах зөвлөлийн тогтоолд “... Б ХХК нь О ХХК- иас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 18682710 тоот падаанаар 427,727,272.72 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “дотоод зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тайлагнаж төсөвт төлөх албан татварыг 42,772,727,30 төгрөгөөр бууруулсан нь цахим тайлангийн систем дэх нэмэгдсэн өртгийн албан татварын 2015 оны 12 дугаар сарын тайлангаар нотлогдож байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татварыг төлснийг нотлохгүй, худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохоор байна ...” гэжээ.
Манай компани нь О ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 14/109 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулан 2014, 2015 онуудад нийт 559,825,616 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлж, төлбөрт тооцон 442,500,000 төгрөгийн орон сууц, зөрүүг нь бэлэн мөнгөөр авсан байна.
Дээрх гэрээний дагуу худалдсан бетон зуурмаг болон төлбөрт авсан орон сууцны үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнэ бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “...үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн ... " гэж заасны дагуу О ХХК-иас авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцон, тайланд тусгасан нь хуульд нийцсэн байна.
Гэтэл татварын байцаагч болон маргаан таслах зөвлөлийн гишүүд нь О ХХК-тай байгуулсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ, бетон зуурмаг нийлүүлсэн анхан шатны баримт тооцоо нийлсэн акт зэргийг 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлантай тулган шалгаж үзэлгүйгээр акт тогтоосон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.1 дэх заалтыг зөрчиж, үндэслэлгүйгээр алданги, торгууль оногдуулсан гэж үзэж байна.
Иймд татварын улсын байцаагч тогтоосон 42,772,727.30 нөхөн татвар, 12,831,818.20 төгрөгийн торгууль, 8,554,545.00 төгрөгийн алданги, нийт 64,159,090.50 төгрөгийг төлөх үндэслэлгүй.
3. 2015 оны 616,062,126 төгрөг, 2016 оны 1,006,581,305 төгрөг, 2017 оны 1,446,219,199 төгрөг, 2018 оны 874,221,517 төгрөгийн нийт 3,943,084,155.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 118,291,980 төгрөгийн торгууль, 62,693,800 төгрөгийн алданги нийт 180,985,780 төгрөгийн торгууль, алдангийг төлүүлэхээр акт тогтоосон.
Татварын улсын байцаагч нь төсөвт төлөөгүй 3,943,084,155.00 зөрчлийн дүнг тооцоолохдоо сар бүрийн эхний үлдэгдлийн дүнг давхардуулан тооцоолсон байна. 2015 оны төлөөгүй татварын дүнд 2014 оны татварын өр болох 97,453,154.00 төгрөгийн дүнг 2015-2018 оны хяналт шалгалтын хугацаанд хамруулан тооцжээ.
Б ХХК нь 2015 онд 28,741,625.00 төгрөгийн татварын өр, 2016 онд 73,689,947.57 төгрөгийн татварын өр, 2017 онд (60,869,513.15) төгрөгийн авлага, 2018 онд (33,538,944.21) төгрөгийн авлагатай байх бөгөөд 2018 оны эцсийн байдлаар 8,023,113,83 төгрөгийн татварт төлөх өртэй байна.
2019 онд хийгдсэн хяналт шалгалтын үед 2018 оны эцсийн байдлаар 8,023,113.83 төгрөгийн татварт төлөх татварын өртэй, улсын төсөвт 42,709,690.00 төгрөгийг татварт төлж, 2018 оны эцсийн байдлаар 35,186,576.17 төгрөгийг татварт илүү төлж, энэ нь 2014 оны татварын өрөөс барагдуулсан байна.
Иймд 2015-2018 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хугацаанд төлөөгүй гэх 118,354,166.30 төгрөгийн торгууль, 62,693,800 төгрөгийн алданги нийт 180,985,780 төгрөгийн торгууль, алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
4. 2015 онд 81,762,084.10 төгрөгийн, 2016 онд 162,127,690.80 төгрөгийн, 2017 онд 182,763,163,00 төгрөгийн, 2018 онд 118,354,166.30 төгрөгийн нийт 545,007,104.20 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 198,335,821.40 төгрөгийн торгууль, 105,048,724.00 төгрөгийн алданги, нийт 303,384,545.40 төгрөгийн торгууль, алдангийг төлүүлэхээр акт тогтоосон.
Татварын улсын байцаагч нь төсөвт төлөөгүй 545,007,104.20 зөрчлийн дүнг тооцоолохдоо жил бүрийн эхний үлдэгдлийн дүнг өссөн дүнгээр тооцоолсон байна. 2015 оны төлөөгүй татварын дүнд 2014 оны оны татварын өр болох 192,762,084.10 төгрөгийн дүнг 2015-2018 оны хяналт шалгалтын хугацаанд хамруулан тооцжээ.
2019 онд хийгдсэн хяналт шалгалтын үед 2018 оны эцсийн байдлаар 182,303,699.62 төгрөгийн татварт төлөх татварын өртэй, улсын төсөвт 234,525,610.00 төгрөгийг татварт төлж, 2018 оны эцсийн байдлаар 52,221,910.38 төгрөгийг татварт илүү төлж, энэ нь 2014 оны татварын өрөөс барагдуулсан байна.
Иймд 198,335,821.40 төгрөгийн торгууль, 105,048,724.00 төгрөгийн алданги, нийт 303,384,545.40 төгрөгийн торгууль, алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
5. 2015 онд 6,840,608 төгрөг, 2016 онд 99,440,456.30 төгрөг, 2017 онд 97,795,251.00 төгрөг, 2018 онд 96,065,364.00 төгрөгийн, нийт 300,141,679.00 төгрөгийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил гэж үзэн, 100,961,340.00 төгрөгийн торгууль, 54,299,869.00 төгрөгийн алданги нийт 155,261,209 00 төгрөгийн торгууль, алдангийг төлүүлэхээр акт тогтоосон.
Татварын улсын байцаагч нь төсөвт төлөөгүй 300,141,679.00 зөрчлийн дүнг тооцоолохдоо жил бүрийн эхний үлдэгдлийн дүнг өссөн дүнгээр тооцоолсон байна. 2015 оны төлөөгүй татварын дүнд 2014 оны татварын өр болох 6,841,758,00 төгрөгийн дүнг 2015-2018 оны хяналт шалгалтын хугацаанд хамруулан тооцжээ.
2019 онд хийгдсэн 2015-2018 оны хяналт шалгалтын хугацаанд 2015 онд 94,749,848.30 төгрөгийн төсөвт төлөх татварийн өр үүссэн байх бөгөөд 2016, 2017, 2018 онуудад татварт төлөх өргүй, үүнээс төсөвт төлсөн 6,393,150.00 төгрөгийг суутган 2018 оны эцсийн байдлаар 88,356,698.30 төгрөгийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй татварын дүн гэж үзэж байна.
Зөрчлийн тухай хуульд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон байх бөгөөд зөрчлийн тухай хуулийн 11.19-ийн 1 дэх хэсэгт " ...татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0,1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно ..." гэж заасны дагуу 2015 онд төлөх ёстой байсан татварын үнийн дүнгээс алданги, торгууль тооцох хуулийн зохицуулалт байхад 2015 оны төлөгдөөгүй татварын үнийн дүнг 2016-2018 онд зөрчилд тооцон нийт 300,141,679.00 дүнгээс алданги торгууль тооцон 155,261,209.00 төгрөгийн алданги торгууль оногдуулсан нь үндэслэлгүй байна.
2019 онд шалгалт орох үед 2018 оны эцсийн байдлаар төлөх ёстой татварын хэмжээ 88,356,698.30 төгрөгийн татварын үлдэгдэлтэй байх бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулсны дагуу Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “ ...нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна...”, Зөрчлийн тухай хуульд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “...татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0,1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно... ” гэж тус тус заасны дагуу төлөгдөөгүй татварын үнийн дүнгийн 30%-иар алданги торгууль оногдуулах ёстой бөгөөд төлөгдөөгүй татварын 88,356,698.30 төгрөгөөс 20% алданги 17,671,339.66 төгрөг, 10% торгууль 8,835,669.83 төгрөг нийт 26,507,009.49 төгрөгийн алданги, торгууль оногдуулахаар байна.
2015-2018 онд төлөгдөөгүй татварын ногдуулах алданги, торгууль нь 26,507,009.49 төгрөг байтал татварын улсын байцаагчийн актаар 155,261,209.00 төгрөгийн алданги, торгуулийг тогтоосон нь үндэслэлгүй байна. Татварын улсын байцаагчийн оногдуулсан алданги, торгуулиас 128,754,199.51 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
6. 2016-2018 онд нийт 1,605,190,261.00 төгрөгийн и-баримтыг эцсийн хэрэглэгчид олгоогүй, олгохоос татгалзсан тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.3, 17.3.2 гэсэн заалтуудыг зөрчсөн гэж 32,103,804.00 төгрөгийн торгууль ногдуулсан.
Манай компани нь бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулж бусад аж ахуйн нэгж, хувь хүмүүсд худалдан борлуулахдаа иргэний хууль тогтоомжид нийцүүлэн гэрээ байгуулан ажилладаг. Бетон зуурмаг худалдан авагч нар нь гэрээнд заасан тоо хэмжээгээр нэг дор авах захиалгын дагуу 3-6 сарын хугацаанд үргэлжлүүлэн авдаг. Тийм учраас гэрээнд заасан бетон зуурмагийн нийлүүлж дууссаны дараа тооцоо нийлж баталгаажсан үнийн дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг худалдан авагчид бичиж олгодог тул бетон зуурмаг нийлсэн тухайн өдөр бүр нэмэгдсэн өртгийн албан татварын баримт бичиж олгох боломжгүй юм.
Мөн барилгын салбарт үүссэн хямрал, бэлэн мөнгөний хомсдол үүссэнтэй холбоотойгоор бетон зуурмаг худалдан авагч нь төлбөрт тооцон баригдаж буй барилгаасаa өгөхөөр тохирдог. Манай компанийн зүгээс төлбөрт авч буй баригдаж дуусаагүй орон сууцыг бусдад худалдан борлуулах, арилжих замаар бэлэн мөнгө, түүхий эд материал болгодог. Энэ үйл явц нь цаг хугацааны хувьд удаан үргэлжилдэг бөгөөд төлбөрт авсан бетон зуурмагаа бусдад худалдсан тохиолдолд уг орон сууцыг ашиглалтанд орж үл хөдлөх эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр гарсны дараа нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтыг олгодог.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулж байгаа тохиолдолд эрхийн доголдолгүй эд хөрөнгийн худалдан авагчид шилжүүлж өгөхөөр хуульчилсан байдаг. Орон сууц барьж буй барилгын компаниуд нь барилгаа хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй, улсын комисст хүлээлгэж өгөөгүйн улмаас тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш нэлээд хугацааны дараа буюу орон сууцны гэрчилгээ гарсны дараа худалдан авагчийн нэр дээр нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтыг олгосон явдал нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.3.2 дахь хэсэгт заасан “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.
Гэтэл улсын байцаагч нь бетон зуурмаг худалдан борлуулах талаар дээр дурдсан олон үе шатыг дамжин эцсийн худалдан авагчид нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг олгосон үйл явцыг анхан шатны баримт материалтай тулган шалгаагүй, шалгалтын явцад компаниас албан ёсны тайлбар, санал гаргах боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд татварын улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсан хуулийг зөрчөөгүй байх тул 2 хувийн торгууль болох 32,103,804.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
7. Шалгалтад хамрагдсан 2015-2018 оны хооронд 2016 онд жилийн эцсийн тайлангаар гарсан 742,825,173.97 төгрөгийн алдагдлыг бууруулж, 235,183,833.97 төгрөг болгон 507,641,340.00 төгрөгийн борлуулсан бүтээгдэхүүний өртгийг илүү тооцсон гэж зөрчлийн дүнд хамааруулсан байна:
Татварын улсын байцаагчийн дүгнэлтэд “...2016 онд 507,641,340.00 борлуулсан бүтээгдэхүүний өртгийг илүү тооцсон нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасч, татвар ногдох орлогоо бууруулсан ...” гэжээ.
Манай компани нягтлан бодох бүртгэлээ анхан шатны баримт болон холбогдох баримт материал дээр тулгуурлан хөтөлдөг бөгөөд ямар нэгэн баримтгүй ямар ч гүйлгээг зардалд оруулан бүртгэж, татвар ногдох орлогыг бууруулсан үйлдэл байхгүй бөгөөд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын татварын тайлангийн маягтад “борлуулсан бүтээгдэхүүний өртөг”-ийг анхан шатны баримтад үндэслэн үнэн зөв тайлагнасан.
Татварын улсын байцаагчид нь манай компанийн 2016 оны тайлан тооцоог шалгахдаа анхан шатны баримт материалыг огт үзэлгүйгээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Компанийн зүгээс тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч /Х.Энхтуяа/ нь анхан шатны баримтад тулгуурлан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1, 12.1.1-д заасны дагуу татвар ногдох орлогоос зардлаа хасч тооцон 742,825,173.97 төгрөгийн алдагдалтай гаргасан тайлан тооцоог үндэслэлгүйгээр зөрчлийн дүн”-г нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Манай компани нь 2015-2018 онуудад төлөх ёстой татварын өрийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн.
Тус компани нь үйлдвэрийн нийт 25 ажилтантай бөгөөд 2020 оноос үүссэн Ковид-19 цар тахалтай холбоотойгоор компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, сул зогсолттой байгаа энэ цаг үед ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж, ажлын байрны тоог цомхтголгүйгээр сул зогсолтын 60%-иар цалинжуулан ажиллаж байна.
Дээр дурдсан тайлбар үндэслэлийн дагуу татварын улсын байцаагчийн 03000736 тоот шийтгэлийн хуудсаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль зөрчсөн гэж үзэж нийт 7,408,806,375.92 төгрөгийн зөрчилд 50,774,183.70 төгрөгийн нөхөн татвар, 464,925,200.50 төгрөгийн торгууль, 232,197,230.40 төгрөгийн алданги, нийт 747,896,614.60 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр гарсан шийдвэрээс 2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 80,014,564.00 төгрөгийн борлуулалтын орлого дутуу тайлагнасан зөрчилд /акт 1 дугаарт/ 8,001,456.00 төгрөгийн татвар, 2,400,43690 төгрөгийн торгууль, нийт 10,401,893.30 төгрөгийг, аж ахуй нэгжийн орлогын албан татварыг төсөвт төлөөгүй зөрчлийн дүнгийн 300,141,679.00 төгрөгт нийт 155,261,209.00 төгрөгийн торгууль, алдангиас /акт 5 дугаарт/ 26,507,009.49 торгууль, алданги нийт 36,908,902.79 төгрөгийг хүлээн зөвшөөрч, татварын улсын байцаагчийн актаас 710,987,711.81 төгрөгийн /42,772,72730 төгрөгийн нөхөн татвар, 444,853,423.94 төгрөгийн торгууль, 223,361,560.57 төгрөгийн алданги/ үнийн дүнг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийг бууруулж өгнө үү” гэв.
Хариуцагч Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчид Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын олгосон татварын хяналт шалгалт хийх ******* тоот томилолтын дагуу хяналт шалгалт хийж, Бат бэх ремикон ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх санхүүгийн тайлан тэнцэл, татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хөндлөнгийн мэдээлэл зэргийг үндэслэн шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан.
Тус компанийн нягтлан бодогч М.Нямдаваа нь нийт 14 хоног хамт нягтлан бодох бүртгэлийн журналын гүйлгээ, нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалт, худалдан авалтын мэдээллийг татварын систем дэх мэдээлэл болон татвар төлөгчийн тайлангаарх мэдээлэлтэй нэг бүрчлэн тулгаж, татвар төлөгчийн тайланд байгаа боловч татварын мэдээллийн системд байхгүйг нэмж шивэх, нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг мөнгөөр төлснийг төлөлт бүрээр тулгаж шивэх, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх орлого нэг бүртэй /журналаар/ тулгаж гаргасан.
Нэг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуультай холбоотой зөрчлийн тухайд:
2016 онд нийт 2,581,227,562 төгрөгийн борлуулалтын орлоготой, 47,948 төгрөгийн хүүгийн орлоготой, нийт 3,324,052,736 төгрөгийн хасагдах зардалтай, 743,385,220 төгрөгийн алдагдалтайгаар тайланг ирүүлсэн байна.
6101000 – ББӨ дансаарх тайланд тодорхой харагдана ба хувийн хэрэглээний болон баримтаар нотлогдохгүй анхан шатны баримтуудыг хавсаргасан байсан. Мөн нягтлан бодох бүртгэлд Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тооцохдоо Бараа материалын эхний үлдэгдэл дээр цэвэр худалдан авалтыг нэмж, бараа материалын эцсийн үлдэгдлийг хасч тооцож гаргадаг. Иймд дээрх тооцооллоор гарсан зөрчлөөр алдагдлыг бууруулсан. Шалгалтын хугацаанд бараа материалын дэлгэрэнгүй тайланг ирүүлээгүй, тухайн тайланд худалдан авалт хийсэн огноо, ямар төрлийн бараа, хэр хэмжээтэй вэ гэдэг нь харагдах боломжтой байдаг.
Гэтэл шалгалтын явцад бараа материалын товчоо тайлан ирүүлсэн нь дээрх мэдээллийг агуулсан тайлан биш тул бараа материалын төрлөөр салгаж өгөх боломжгүй байна. Мөн хасагдах зардалд ажилчдын хоолны зардлыг хасагдах зардал гэж тайлагнасан бол Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан СТ-30 тайлангаар залруулж өгөх ёстой байсан нь залруулагдаагүй тул ББӨ дансаар бүртгэж өртгөө өсгөж алдагдлыг нэмэгдүүлж байна.
Хоёр. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуультай холбоотой зөрчлийн тухайд:
2.1 2015 онд 427,727,272.72 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” хэсэгт тусган төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчлийн тухайд: Татварын улсын байцаагчид дээрх зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэлээ. Гэтэл энэхүү заалт нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл 2015 оны зөрчилд мөрдөгдөж эхлээгүй хуулийг зөрчсөн гэж хариуцлага ногдуулж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
О ХХК-иас 427,727,272.72 төгрөгийг худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар тайлангаас хасч тооцсон нь ******* ХХК-тай цементний бартераар солилцоо хийгдсэн боловч нийлүүлж чадаагүй гэсэн тайлбарыг нягтлан бодогч тухайн үед өгч байсан. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татвар тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаар хассан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд тодорхой тэмдэглэсэн байна. Энэ нь төлбөр төлөлт хийгдээгүй бартераар худалдан авалт хийсэн байсан нь дээрх заалтын төлсөн нь гэдгийг зөрчиж байна. Тухайн үед тооцоо нийлж байх үед нягтлан бодогч цемент авна л гэсэн би мэдэхгүй байна гэсэн хариултыг өгч байсан боловч байр авснаа ч мэдээгүй, бартераар хүлээн авсан байрыг бараа материалын тайландаа бүртгэж аваагүй нь нотлогдсон тул нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт мөн аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулсан бүтээгдэхүүний өртөг хэсэгт тус тус хасагдах боломжгүй юм.
2.2 2016-2018 онуудад нийт 1,605,190,261.00 төгрөгийн и-баримтыг эцсийн хэрэглэгчид олгохоос татгалзсан зөрчлийн тухайд:
Тус компани нь сар бүрийн сүүлийн өдөр бөөн дүнгээр эцсийн хэрэглэгчээр шивснийг татварын удирдлагын нэгдсэн систем болох татварын програмаас харагдах ба эцсийн хэрэглэгч тухай бүрт и-баримтыг шивж оруулах ёстой байсан. Энэ нь эцсийн хэрэглэгч хүн бүрт сугалаа болон нэмэгдсэн өртгийн урамшуулал авах боломжийг нь хаасан байна. Yүнийг тус компанийн нягтлан бодогч тооцоо нийлж байхдаа сарын бүрийн сүүлийн өдөр бөөн дүнгээр шивдэг гэдгийн хэлж байсан ба үүнийг хавсралт баримтаар нотлогдоно. Зуурмаг нийлүүлэх гэрээтэй компаниудаас гадна иргэд хувьдаа зуурмаг авдаг ба и-баримтыг олгож байгаагүй гэдгээ шалгалтын явцад хүлээн зөвшөөрсөн. Татварын удирдлагын нэгдсэн систем болох татварын програмд 2016 онд нийт 2,580,667.5 мянган төгрөгийн үр дүнтэй 49 ширхэг и-баримт шивж оруулснаас 1,691,372.7 мянган төгрөгийн 44 ширхэг и-баримт нь аж ахуйн нэгж байгууллагад, 889,294.7 мянган төгрөгийн 5 ширхэг и-баримтыг эцсийн хэрэглэгчээр, 2017 онд нийт 2,580,285.4 мянган төгрөгийн үнийн дүнтэй 64 ширхэг и-баримт шивж оруулснаас 2,484,225.7 мянган төгрөгийн 62 ширхэг и-баримт нь аж ахуй нэгж байгууллагад 96,059.7 мянган төгрөгийн 2 ширлэх и-баримтыг эцсийн хэрэглэгчээр, 2018 онд нийт 2,333,482.8 мянган төгрөгийн үнийн дүнтэй 92 ширхэг и-баримт шивж оруулснаас 2,333,482.8 мянган төгрөгийн 91 ширхэг и-баримт, аж ахуйн нэгж байгууллагад, 164,488.3 мянган төгрөгийн 1 ширхэг и-баримтыг эцсийн хэрэглэгчээр шивсэн нь харагдаж байна.
Гурав. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүйтэй холбоотой.
Монгол Улсын засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн "Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай” 38 тоот тогтоолоор алдангийн хэмжээг 0.052 хувь байхаар;
Монгол Улсын засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн "Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай" 25 тоот тогтоолоор алдангийн хэмжээг 0.0537 хувь байхаар;
Монгол Улсын засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн "Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай " 30 тоот тогтоолоор алдангийн хэмжээг 0.054 хувь байхаар;
Монгол Улсын засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай " 38 тоот тогтоолоор алдангийн хэмжээг 0.050 хувь байхаар;
Монгол Улсын засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн "Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай " 66 тоот тогтоолоор алдангийн хэмжээг 0.046 хувь байхаар тус тус тогтоосныг үндэслэн хуулийн хугацаандаа төлөөгүй татварт торгууль, алдангийг дараах байдлаар тооцсон байна.
Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүйд:
2015 оны 6,840,608.00 төгрөгийн зөрчилд 185 хоногоор;
2016 оны 99,440,456.00 төгрөгийн зөрчилд 291 хоногоор;
2017 онд 97,795,251.00 төгрөгийн зөрчилд 365 хоногоор;
2018 онд 96,065,364.00 төгрөгийн зөрчилд 365 хоногоор;
Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүйд:
2015 оны 7-12 сар хүртэлх хугацаанд 30 хоногоор;
2016 оны 1-12 сар хүртэлх хугацаанд 30 хоногоор;
2017 оны 1-12 сар хүртэлх хугацаанд 30 хоногоор;
2018 оны 1-12 сар хүртэлх хугацаанд 30 хоногоор;
Хувь хүний орлогын албан татварын хуулийн хугацаанд төлөөгүйд:
2015 оны 81,762,084.00 төгрөгийн зөрчилд 365 хоногоор;
2016 оны 162,127,690.80 төгрөгийн зөрчилд 365 хоногоор;
2017 онд 182,763,163.00 төгрөгийн зөрчилд 365 хоногоор;
2018 онд 118,354,166.30 төгрөгийн зөрчилд 365 хоногоор;
Тус тус тооцсон бөгөөд хувь хүний орлогын албан татвараас бусад 2 төрлөөр хуулийн хугацаандаа албан татварыг огт төлөөгүй байсан. Үүнийг татварын программаас гардаг тооцооллоор нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Б ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдлоо “Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Д.Б нарын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоосон нийт 747,896,614.60 төгрөгийн төлбөрийг 710,987,711.81 төгрөгөөр багасгаж, шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”-аар багасгасан.
Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалт хийх ******* дугаар[1] томилолтын дагуу хяналт шалгалт хийж 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Б ХХК-д 2015-2018 оны татвараа үнэн зөв тодорхойлж тайлагнах, төлөх үүргээ биелүүлээгүй 7,408,806,375.92 төгрөгийн зөрчилд 464,925,200.50 төгрөгийн торгууль, 50,774,183.70 төгрөгийн нөхөн татвар, 232,197,230.40 төгрөгийн алданги нийт 747,896,614.60 төгрөгийн шийтгэл оногдуулсан.
Гомдол гаргагчаас “Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоосон нийт 747,896,614.60 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн үнийн дүнгээс 710,987,711.81 төгрөгийг хасч тооцон, шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” гэж,
Хариуцагч нараас “Шалгалтын явцад бараа материалын товч тайлан ирүүлсэн нь дээрх мэдээллийг агуулсан тайлан биш тул бараа материалын төрлөөр салгаж өгөх боломжгүй байна. Мөн ажилчдын хоолны зардлыг хасагдах зардал гэж тайлагнасан бол Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан СТ-30 тайлангаар залруулж өгөх ёстой боловч залруулагдаагүй, ...бартераар хүлээн авсан байрыг санхүүгийн анхан шатны баримтдаа бүртгэж аваагүй тул нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт мөн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн хэсэгт тус тус хасагдах боломжгүй, ....” гэж маргаж байна.
Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нар Б ХХК-ийн 2015-2018 оны татвараа үнэн зөв тодорхойлж тайлагнах, төлөх үүргээ биелүүлсэн байдалд хяналт шалгалт хийсэн.
Гомдол гаргагчийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийн багасгахаар гаргасан маргааны үндэслэл бүрээр хянан үзэхэд,
1. 2017 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 80,014,564.00 төгрөгийн борлуулалтын орлого дутуу тайлагнасан зөрчилд 8,001,456.00 төгрөгийн нөхөн татвар, 2,400,436.90 төгрөгийн торгууль, нийт 10,401,893.30 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг хүлээн зөвшөөрч, 1,600,291.00 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэх маргааны тухайд:
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна: 7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж зааснаас үзэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар байна.
Маргаан бүхий шийтгэлийн хуудасны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэх хэсгийн 1-т: "Нэмэгдсэн өртгийн албан татварын 2017 оны тайланд 80,014,564.00 төгрөгийн борлуулалтын орлого дутуу тусгасан" гэж зөрчлийг тодорхойлсон.
Гомдол гаргагч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2017 оны жилийн эцсийн тайлангаар нийт 2,660,406,550.31 төгрөгийн борлуулалтын орлоготой, үүнээс 121,134.59 төгрөгийн тусгай хэмжээний орлоготой, 2,660,285.415.72 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлоготой, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нийт 2,580,285,416.00 төгрөгийн борлуулалтын орлоготой, үүнээс "хуулийн 13 дугаар зүйлд заасан чөлөөлөгдөх борлуулалтын орлого" хэсэгт 1,788,656,959.00 төгрөгийн дүнтэй тайлан, Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах" тайланд 83,547.09 төгрөгийн валютын ханшийн зөрүүгийн бодит бус орлого, 121,134.59 төгрөгийн тусгай хувь хэмжээний орлогыг тус тус татварын албанд ирүүлсэн.
Гомдол гаргагч нь Татварын ерөнхий газарт гаргасан гомдолдоо хүүгийн орлого гэдгийг нотлох баримт гаргаж өгсөн гэх боловч тус шүүхээс Татварын маргаан таслах зөвлөлийн магадлагчийн цахим хаягт хийсэн үзлэгээр дээрх нотлох баримтыг хяналт шалгалтын үед болон маргаан хянан шийдвэрлэхэд гаргаж байгаагүй нь нотлогдож байна.
Шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийн 2017 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нийт 871,544,909.63 төгрөгийн орлого тайлагнахаас 791,628,456.00 төгрөгийн орлогын тайлагнаж, 79,916,453.63 төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан гэж үзэн 80,014,564.00 төгрөгийн борлуулалтын орлого дутуу тайлагнасан зөрчилд 8,001,456.00 төгрөгийн нөхөн татвар, 2,400,436.90 төгрөгийн торгууль, 1,600,291.00 төгрөгийн алданги нийт 12,002,184.30 төгрөгийн төлбөр ногдуулсныг Нийслэлийн татварын газрын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаар тогтоолоор 98,110.37 төгрөгийн зөрчилд ногдох 9,811.04 төгрөгийн нөхөн татвар, 2,943.29 төгрөгийн торгууль 1,961.93 төгрөгийн алданги нийт 14,716.26 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 79,916,453.63 төгрөгийн зөрчилт ногдох 7,991,645.36 төгрөгийн нөхөн татвар, 2,397,493.61 төгрөгийн торгууль, 1,598,329.07 төгрөгийн алданги нийт 11,987,468.04 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Гомдол гаргагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 80,014,564.00 төгрөгийн борлуулалтын орлого дутуу тайлагнасан зөрчилд 8,001,456.00 төгрөгийн нөхөн татвар, 2,400,436.90 төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрч, 1,600,291.00 төгрөгийн алдангийг төлөх ёсгүй гэж маргасан болно.
2. О ХХК-тай байгуулсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ, анхан шатны баримт тооцоо нийлсэн акт зэргийг 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлантай тулган шалгаж үзэлгүйгээр тогтоосон 42,772,727.30 нөхөн татвар, 12,831,818.20 төгрөгийн торгууль, 8,554,545.00 төгрөгийн алданги, нийт 64,159,090.50 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэх маргааны тухайд:
Б ХХК нь О ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 18682710 тоот падаанаар 427,727,272.72 төгрөгийн худалдан авалт хийснээр "дотоодын зах зээлээс худалдан авсан бараа" хэсэгт хасаж тооцсон нь 2015 оны 12 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нотлогджээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татварыг төлснийг нотлохгүй, худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан болон бусад санхүүгийн баримтаар нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор заасан.
Шийтгэлийн хуудсанд хуулийн заалтыг 14.5 гэж буруу бичсэн нь зөрчилд ногдуулсан төлбөрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.
Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 427,727,272.72 төгрөгийн зөрчилд 42,772,727.30 төгрөгийн нөхөн татвар, 12,831,818.20 төгрөгийн торгууль, 8,554,545.00 төгрөгийн алданги, нийт 64,159,090.50 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.
3. 2015-2018 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хугацаанд төлөөгүй гэх 118,354,166.30 төгрөгийн торгууль, 62,693,800 төгрөгийн алданги нийт 180,985,780 төгрөгийн торгууль, алдангийг төлөх үндэслэлгүй гэх маргааны тухайд:
Маргааны бүхий шийтгэлийн хуудсаар 2015 оны 616,062,126 төгрөг, 2016 оны 1,006,581,305 төгрөг, 2017 оны 1,446,219,199 төгрөг, 2018 оны 874,221,517 төгрөгийн нийт 3,943,084,155.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 118,291,980 төгрөгийн торгууль, 62,693,800 төгрөгийн алданги, нийт 180,985,780 төгрөгийн торгууль, алдангийг төлүүлэхээр тогтоосон.
Үүнээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй 2015-2018 оны нийт 300,141,679.00 төгрөгийн зөрчилд 100,961,340.00 төгрөгийн торгууль, Хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй 2015-2018 оны нийт 545,007,104.20 төгрөгийн зөрчилд 54,299,869.00 төгрөгийн алданги, нийт 155,261,209.00 төгрөгийн төлбөрийг, Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй 2015-2018 оны нийт 3,943,084.155.00 төгрөгийн зөрчилд 118,291,980.00 төгрөгийн торгууль, 62,693,800.00 төгрөгийн алданги, нийт 180,985,780.00 төгрөгийн төлбөрийг ногдуулсан байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:, 16.1.1.тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө; гэж зааснаар 2015-2018 онд Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй 3,943,084.155.00 төгрөгийн зөрчилд 118,291,980.00 төгрөгийн торгууль, 62,693,800.00 төгрөгийн алданги, нийт 180,985,780.00 төгрөгийн төлбөрийг ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэв.
4. Хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчлийн дүнд 198,335,821.40 төгрөгийн торгууль, 105,048,724.00 төгрөгийн алданги, нийт 303,384,545.40 төгрөгийн торгууль, алдангийг төлөх үндэслэлгүй гэх маргааны тухайд:
Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 2015 онд 81,762,08410 төгрөгийн, 2016 онд 162,127,690.80 төгрөгийн, 2017 онд 182,763,163,00 төгрөгийн, 2018 онд 118,354,166.30 төгрөгийн нийт 545,007,104.20 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчлийн дүнд 198,335,821.40 төгрөгийн торгууль, 105,048,72400 төгрөгийн алданги, нийт 303,384,545.40 төгрөгийн торгууль, алдангийг төлүүлэхээр акт тогтоосон.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ”;, 28 дугаар зүйлийн 28.1-д “Суутгагч нь энэ хуулийн 8.1.7, 8.1.8, 11 дүгээр зүйл, 13.1.2-13.1.4, 14.1.1, 15 дугаар зүйлд заасны дагуу суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ” гэж зааснаас үзэхэд суутгагч нь хуульд заасны дагуу суутгасан албан татварыг дараа сарын 10-ны дотор төлөхөөр заасантай нийцсэн байна.
Нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 98 дугаар тогтоолоор 2015-2018 онд хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нийт 545,007,104.20 төгрөгийн зөрчилд ногдуулсан 198,335,821.41 төгрөгийн торгууль, 105,048,725.40 төгрөгийн алданги, нийт 303,384,546.80 төгрөгийн төлбөрөөс 11,119,643.44 төгрөгийн торгууль, 5,782,214.59 төгрөгийн алданги нийт 16,901,858.03 төгрөгийн төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан чөлөөлсөн нь үндэслэлтэй.
Иймд дээрх зөрчилд ногдуулсан 187,216,177.96 төгрөгийн торгууль, 99,266,510.81 төгрөгийн алданги нийт 286,482,688.77 төгрөгийн төлбөрийг төлүүлэх нь зүйтэй байна.
5. 2015-2018 онд төлөгдөөгүй татварын алданги, торгууль нь 26,507,009.49 төгрөг байтал татварын улсын байцаагчийн актаар 155,261,209.00 төгрөгийн алданги, торгуулийг тогтоосон нь үндэслэлгүй, оногдуулсан алданги, торгуулиас 128,754,199.51 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэх маргааны тухайд:
Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 2015 онд 6,840,608 төгрөг, 2016 онд 99,440,456.30 төгрөг, 2017 онд 97,795,251.00 төгрөг, 2018 онд 96,065,364.00 төгрөгийн, нийт 300,141,679.00 төгрөгийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил гэж үзэн, 100,961,340.00 төгрөгийн торгууль, 54,299,869.00 төгрөгийн алданги, нийт 155,261,209 00 төгрөгийн торгууль, алдангийг төлүүлэхээр акт тогтоосон.
Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д "тухайн сард борлуулсан бараа, ажил үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө” гэж заажээ.
Б ХХК нь 2015-2018 онд татвар төлөх хугацаа хэтрүүлсэн нь татварын тайлангаар нотлогдож байх тул хугацаа хэтрүүлсэн нийт 300,141,679.00 төгрөгийн зөрчилд 100,961,340.00 төгрөгийн торгууль, 54,299,869.00 төгрөгийн алданги, нийт 155,261,209 00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй байна
6. 2016-2018 онд нийт 1,605,190,261.00 төгрөгийн и-баримтыг эцсийн хэрэглэгчид олгоогүй, олгохоос татгалзсан тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.3, 17.3.2 гэсэн заалтуудыг зөрчсөн гэж 32,103,804.00 төгрөгийн торгууль ногдуулсан татварын улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсан хуулийг зөрчөөгүй тул 32,103,804.00 төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэх маргааны тухайд:
Тус компани нь сарын эцэст бүх худалдан авагчийг аж ахуйн нэгж, иргэн гэж салгалгүй "Эцсийн хэрэглэгч" гэсэн нэрээр борлуулалтын баримт бичиж өгдөг нь Оффис И-баримт системд хадгалагдсан байна.
Уг мэдээллээс үзэхэд борлуулалт хийсэн тухай бүрд төлбөрийн баримтыг олгохгүй, харин сард 1 удаа худалдан авагчид олгодог нь нотлогдож байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т "Албан татвар суутган төлөгч доор дурьдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 17.3.2 бараа, ажил үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэж зааснаас үзэхэд татвар төлөгч нь сар болгоны эцэст бус, борлуулалт хийсэн тухай бүр төлбөрийн баримт олгох үүрэгтэй байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12-т “Үйл ажиллагаа явуулж байгаа ... хуулийн этгээд нь бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд тасалбар олгоогүй ... тохиолдолд: 12.1.бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй тохиолдолд тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувь ... тай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу торгохоор заасан тул хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т "Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ", 28 дугаар зүйлийн 28.1-д “Суутгагч нь энэ хуулийн 8.1.7, 8.1.8, 11 дүгээр зүйл, 13.1.2-13.1.4, 14.1.1, 15 дугаар зүйлд заасны дагуу суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ” гэж зааснаас үзэхэд суутгагч нь хуульд заасны дагуу суутгасан албан татварыг дараа сарын 10-ны дотор төлөхөөр байна.
Иймд 1,605,190,261.00 төгрөгийн төлбөрийн баримтыг тухай бүр олгоогүй зөрчилд 32,103,804.00 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 10 дугаар зүйлийн 10.1-д “...2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасан хугацаанд Б ХХК-ийн шийтгэлийн хуудсаар шийтгэл хүлээсэн хугацаа хамаарахгүй тул Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2020 оны 98 дугаар тогтоолоор өршөөлд хамруулснаас бусад торгууль, алданги нь уг хуулийн үйлчлэлд хамаарах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Д.Б нарт холбогдуулан уг татварын улсын байцаагч нарын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг 710,987,711.81 төгрөгөөр багасгаж, шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий Б ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 43 дугаар зүйлийн 43.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 17 дугаар зүйлийн 17.3, 17.3.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12-т -т зааснаар Б ХХК-ийн Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Д.Б нарт холбогдуулан гаргасан “татварын улсын байцаагч нарын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг 710,987,711.81 төгрөгөөр багасгаж, шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
[1] 1 хавтаст хэрэг 123 дугаар хуудас,