Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/00673

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ЦК ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Н-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 135.808.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Г.Эийн өмчлөлийн Ү-2206039648 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 12 тоотын 92.98 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЦКББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ценкредит ББСБ 2015 оны 3 сарын 31-ний өдөр иргэн О.Нтой 15/003 тоот зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол 0,5 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулснаас хойш О.Н нэг ч удаагийн төлөлт хийгээгүй. Ценкредит ББСБ 2016 оны 6 сарын 13-ны өдөр Г.Эийн нэхэмжлэлтэй О.Нид холбогдож хэрэгт хууль ёсны ашиг, сонирхол хамгаалж бие даасан шаардлага гаргаж оролцож байсан. 2016 оны 11 сарын 21-ний өдөр Ценкредит ББСБ О.Нид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д зааснаар зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож авах эрхтэй. Ценкредит ББСБ 2013 оны 4 сарын 04-ний өдрөөс 2016 оны 6 сарын 13-ны өдөр хүртэл хугацааны үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 46,506,667 төгрөг нэмэгдүүлсэн хүү 9,301,333 нийт 135,808,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хууль болон холбогдох хуульд заасан шаардлага хангасан гэрээ учраас хариуцагчаас 135,808,000 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. 2017 оны 1 сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч О.Н зээлийн гэрээний үүрэг хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. 2015 оны 3 сарын 31-ний өдөр талуудын байгуулсан 15/003 тоот баталгаат ипотекийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туулын гудамж, 98 дугаар байрны 12 тоот байрыг үүргийн гүйцэтгэл хангах барьцаа болгож барьцаалсан. Талуудыг барьцааны гэрээ байгуулах үед уг үл хөдлөх хөрөнгө О.Нийн өмчлөлд бүртгэлтэй, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас лавлагаагаар үл хөдлөх хөрөнгө О.Нийн нэр дээр бүртгэлтэй, үүрэг бүртгэл байхгүй гэсэн 2015 оны 3 сарын 31-ний өдрийн 498960 дугаартай лавлагаагаар нотлогдоно. Үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Зээлдэгч зээлийн төлбөр төлөөгүйгээс Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 170 дугаар зүйлийн 170.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэл барьцаа хөрөнгөөр хангуулах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч О.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  ЦКББСБ ХХК-иас 80.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тухайн объектийг би захиалан бариулж, миний эзэмшилд байх хугацаанд дээрхи зээлийн гэрээг байгуулан барьцааны хөрөнгө болгосон. Харин одоогийн байдлаар уг орон сууц нь Г.Э гэдэг хүний нэр дээр захиалгатай, 55.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд уг асуудлаар хэрэг үүсгэгдэн иргэний хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд явж байгаа. Нэхэмжлэгч талын гаргасан үндсэн зээлийн төлбөр болох 80.000.000 төгрөг түүний хүү алданги зэргийг нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Гэрээ байгуулан гэрээний үүргээ биелүүлээгүй нь үнэн. Г.Э нь одоо тухайн орон сууцанд амьдарч байгаа. Мөн энэ асуудлаар тус дүүргийн иргэний хэргийн шүүхэд маргаантай явж байгаа. Энэхүү маргаанд ЦКББСБ ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байгаад шүүгчийн захирамж гарснаар хэргийн оролцогчоос хасагдаж, тусдаа нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай асуудал дээр Г.Э гэдэг хүний эрх ашиг хэрхэн зөрчигдөхөөс хамаарах байх гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Эийн эрх ашгийг хамгаалж, шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Гуравдагч этгээдийн тухайд нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн байр суурьтай, хариуцагчийн тайлбарыг дэмжиж шүүх хуралд оролцож байна. 2017 оны 8 сарын 04-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2184 дугаартай шийдвэртэй хэрэгт нэхэмжлэгчээр Г.Э хариуцагчаар О.Н, гуравдагч этгээдээр Ценкредит ББСБ нар оролцсон. 2013 оны 10 сарын 01-ний өдөр Г.Э иргэн О.Нтой орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Талууд орон сууц захиалгын гэрээг 2015 оны 5 сарын 20-ны өдөр дуусгавар болгож, төлбөр хэсэгчлэн төлөхөөр тохирсон. Төлбөр төлөгдөж, талууд байгуулсан гэрээг дүгнэж, өмчлөх эрхийг О.Нид шилжүүлэх байсан ч гэрээний хугацаа дуусахаас 2-3 сарын өмнө үл хөдлөхийг Ценкредит ББСБ-д барьцаалсан гэсэн. Захиалгын гэрээгээр төлбөр төлсөн ч өмчлөх эрхийн гэрчилгээ өгөхгүй байснаас Г.Э хууль бус эзэмшлээс үл хөдлөх гаргуулахаар шүүхэд хандаж, шүүхээс үл хөдлөхийн хууль ёсны өмчлөгч Г.Э болохыг тогтоосон. Дээрх маргааныг эцэслэсэн Улсын дээд шүүхийн шийдвэр 2018 оны 12 сарын 05-ны өдөр гарсан. Ценкредит ББСБ нь О.Н, Г.Э нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар үр үзүүлсэн хэлцэл байх тул хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж өгөөч гэсэн шаардлага гаргасан. Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг дүр үзүүлсэн хэлцэл биш гэж үзээд Ценкредит ББСБ-ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Г.Эийн 3 дахь шаардлага О.Н, Ценкредит ББСБ нарын хооронд байгуулагдсан баталгаат ипотекийн гэрээний барьцаалсан хэсгийг хүчингүй болгуулах юм. 3 шатны шүүх үл хөдлөх хөрөнгө барьцаалахад О.Нийн нэр дээр байсан учраас барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж шийдсэн. 2018 оны 6 сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32-д зааснаар барьцаалуулагч барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан, хууль бус эзэмшлээс хууль ёсны өмчлөгч шүүхийн журмаар өмчлөх эрх гаргуулж, шүүхийн шийдвэр хүчин болсон бол тухайн эд хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болохоор заасан. Мөн хуулийн 32.2-д зааснаар барьцаалуулагчаас үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй гэсэн. Өмнө хэргийг шийдвэрлэхэд дээрх хуулийн заалт байхгүй байсан. Хууль ёсны өмчлөх шүүхийн шийдвэрээр хууль бус өмчлөлөөс үл хөдлөх чөлөөлүүлсэн хуулийн заалт байгаагүй. Хууль бус өмчлөгч үл хөдлөхийг ББСБ-ын барьцаанд тавьж, энэ нь хууль ёсны барьцаа болж, хууль ёсны өмчлөгчийн эрх ашиг хөндөгдсөн учраас хууль тогтоогч дээрх заалтыг нэмэлтээр оруулсан. Г.Этэй адил хохирсон хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын тулд хуулийн дээрх заалт орсон. О.Н, Ценкредит ББСБ-ын хооронд байгуулсан баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалагдсан хөрөнгө гуравдагч этгээдийн шаардлагагүй, гуравдагч этгээдээс зөвшөөрөл авах шаардлагагүй зэрэг баталгаа гаргасан. Ценкредит ББСБ-ын тухайд авсан зээл хариуцаж төл гэсэн тохиролцоогоор гэрээ байгуулагдсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Г.Э болох нь тогтоогдож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Гэтэл Г.Эийг оролцуулахгүйгээр барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангах шүүхийн шийдвэр гаргасан. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн талаар хүчин төгөлдөр 2 шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэл аль шийдвэр гүйцэтгэхийг мэдэхээ больсон. Иймд шинээр илэрсэн нөхцөл байдлаар шийдвэрийг дахин хянуулснаар энэ хэрэгт Г.Э гуравдагч этгээдээр оролцох боломжтой болсон. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д зааснаар Г.Э хууль ёсны дагуу олж авсан үл хөдлөх хөрөнгийг өмчлөх, захиран зарцуулах тус тус эрхтэй. Г.Эийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хуулиар хязгаарлагдахгүй. Г.Э Ценкредит ББСБ-тай зээлийн харьцаанд ороогүй, төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Иргэний хуулийн барьцаа, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд тус тус зааснаар шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх өөрчлөгдвөл барьцаалагч талд мэдэгдэх үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хуульд өөрөөр заасан нөхцөл үүссэн учраас нэхэмжлэгч шаардах эрхгүй. Мөн Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар барьцааны эрх дуусгавар болоогүй гэх үндэслэл хамаарахгүй. Яагаад гэвэл мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.6-д хуульд заасан бусад үндэслэл байвал барьцааны эрх дуусгавар болгохоор заасан. Хууль ёсны өмчлөгчийн эрх хангасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай. Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн эрхэд зээлдэгч болон зээлдүүлэгч нар үүргийн гүйцэтгэл хангуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЦКББСБ ХХК нь хариуцагч О.Нид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 135.808.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Г.Эийн өмчлөлийн Ү-2206039648 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 12 тоотын 92.98 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, хангуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч О.Н нь зээлийн төлбөрийн талаар маргаагүй бөгөөд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын тухайд барьцааны хөрөнгийн өмчлөгчийн маргаантай байгаа гэж тайлбарласан байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Зээлийн гэрээний үүрэгт 135.808.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч ЦКББСБ ХХК нь хариуцагч О.Нтой 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан №15/003 тоот зээлийн гэрээгээр 80.0000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 80.000.000 төгрөг, зээлийн хүү 46.506.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.301.333 төгрөг, нийт 135.808.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр хийсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Зээлдүүлэгч ЦКББСБ ХХК нь зээлдэгчид гэрээгээр тохирсон 80.000.000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 66.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 14.000.000 төгрөгөөр хувааж, О.Нид бэлнээр өгсөн нь кассын зарлагын баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож, зээлдэгч нь үндсэн зээлийг хүүтэй нь хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

            Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний талаар маргаагүй, зээлийн гэрээний 3.1.4-т хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг авахаар тохиролцож, энэ дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

            Иймд хариуцагч О.Ноос үндсэн зээлийн үлдэгдэлд 80.000.000 төгрөг, зээлийн хүүнд 46.506.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9.301.333 төгрөг, нийт 135.808.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЦКББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

            Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч ЦКББСБ ХХК нь хариуцагч О.Нтой 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан №15/003 тоот баталгаат ипотетикийн гэрээгээр Ү-2206039648 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 12 тоотын 92.98 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 135.808.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байна.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар барьцаалуулагч барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан, хууль бус эзэмшлээс хууль ёсны өмчлөгч шүүхийн журмаар өмчлөх эрх гаргуулж, шүүхийн шийдвэр хүчин болсон бол тухайн эд хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болохоор заасан гэж тайлбарлаж байна.

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 00201 дугаар тогтоолоор ЦКББСБ ХХК-ийн хариуцагч О.Нтой 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан №15/003 тоот баталгаат ипотетикийн гэрээний 2.1 заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай Г.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, дээрх барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг, мөн маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Г.Эийг тогтоож шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай.

Иймд хариуцагч О.Н нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар нэхэмжлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан №15/003 тоот баталгаат ипотетикийн гэрээний дагуу Ү-2206039648 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 12 тоотын 92.98 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

Гэвч барьцааны гэрээ байгуулснаас хойш шүүхийн шийдвэр гарч, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Эт өмчлөх эрх үүссэн гэж дүгнэн барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр Г.Эийг тогтоосон байх ба Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй байхад нэхэмжлэгч нь өмчлөгчийн эсрэг шаардлага гаргаагүй байх тул шүүхээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ноос улсын тэмдэгтийн хураамжид 836.990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч О.Ноос 135.808.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЦКББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Г.Эийн өмчлөлийн Ү-2206039648 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 12 тоотын 92.98 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ноос улсын тэмдэгтийн хураамжид 836.990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.МӨНХЦЭЦЭГ