Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00935

 

Х.Энхболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02998 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2377 дугаар магадлалтай,

 Х.Энхболдын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч Х.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Энхболд, Д.Хүдэр нар нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2084 тоот магадлалын дагуу иргэн Г.Ариунжаргалд 31,200,000 төгрөг төлөхөөр болсон. Д.Хүдэр, Х.Энхболд нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007919 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байр, 119 тот 30 м.кв 2 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 80,002,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн. Харин төлбөр төлөгчийн зүгээс Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээг хэд хэдэн шалтгааны улмаас зөвшөөрөхгүй байгаа болно. 2009 оноос өмнө хуучны орон сууцны талбайг хэмжихэд тагт, харанхуй өрөө, хонгилын талбай ордоггүй ба шинэ MNS 6058:2009 дугаартай стандартын дагуу ариун цэврийн өрөө, тагт, зэргийг сууцны ашиглалтын талбайд оруулж тооцох 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ нь доод талдаа 60 м.кв болно. Хөрөнгийг үнэлэхдээ шинжлэх ухааны үндэслэл бүхий арга хэрэглээгүй, зах зээлийн судалгааг бүрэн гүйцэд хийгээгүй, Хөрөнгийн үнэлгээний тайланг харахад шинжлэх ухааны үндэслэл бүхий арга аргачлал хэрэглэсэн юм шиг маш олон өгүүлбэр бичжээ. Харин бодит байдал дээрээ үнэгүй цэг мн гэсэн сайтаас гурван зар оруулаад дундаж үнээр нь тооцож хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, үнэгүйдүүлсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2084 дүгээр магадлалаар Д.Хүдэр, Ш.Булганмаа, Х.Энхболд нараас 31.200.000 төгрөгийг гаргуулж Г.Ариунжаргалд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Хүдэр, Ш.Булганмаа, Х.Энхболд нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү- 2201007919 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 119 тоотод байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг төлбөр төлөгч Д.Хүдэр, Ш.Булганмаа, Х.Энхболд нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож үнийн санал өгөх тухай 2020оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 4-130/27849 тоот мэдэгдлийг гардуулан өгөхөд үнийн санал өгөөгүй, төлбөр авагч хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг тус тус үндэслэн Хөрөнгө Эстимейнт" ХХК-ийг хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгоход 80.002.000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Д.Хүдэр, Ш.Булганмаа, Х.Энхболд нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар үнэлэгдсэн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 4-130/29667 тоот албан бичгээр мэдэгдэж гарын үсэг зуруулан тэмдэглэлээр баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ үндэслэл бүхий тул нэхэмжлэгч Х.Энхболдын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02998 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020 оны 08-р сарын 19-ний өдрийн 01/56 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай Х.Энхболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2377 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02998 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2367 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хөрөнгө Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан нь бодит байдал дээр үнэгүй цэг мн гэсэн сайтаас гурван орон сууцны зар оруулаад дундаж үнээр нь тооцож хөрөнгийг үнэгүйдүүлсэн болох нь тусгай мэдлэг шаардагдахгүй, энгийн хүн хараад шууд ойлгогдохоор байдаг.Өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа ямар ямар аргуудыг хосуулан ашиглаж мөн хэрхэн үнийн тохируулга хийсний үр дүнд 80 002 000 төгрөг болсон гэдэг нь ойлгомжгүй. Хөрөнгө Эстимэйт ХХК нь үнэлгээ хийдэг болохоос талбайн хэмжилт хийх эрх бүхий этгээд биш мөртлөө Х.Энхболд нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 2201007919 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байр 119 тоот, 2 өрөө орон сууцны талбайн хэмжээг өөрсдөө дур мэдэн хэмжиж 56м2 гэж тооцож гаргасан. Энэ талаар нэхэмжлэгч талын зүгээс анхан шатны нгүүх хуралдаан дээр гэрч гэх Б.Батзаяагаас үл хөдлөх хөрөнгийн хувьд талбайн хэмжээ нь зах зээлийн үнийг тогтооход чухал ач холбогдолтой юу гэж асуухад ач холбогдолтой, танайх хэмжилт хийдэггүй юм уу гэж асуухад нь манай компани үнэлгээ хийдэг болохоос талбайн хэмжилт хийх эрх бүхий этгээд биш ГЭДГЭЭ ХЭЛСЭН. Тиймээс 2 өрөө орон сууцны зах зээлийн үнийг үнэн зөв, бодитой тогтоохын тулд эрх бүхий этгээдээр талбайн хэмжилт хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа болно.

Дээрх бүгдийг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож., шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Х.Энхболдын нэхэмжлэлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эс зөвшөөрч, маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.24-ний өдрийн 2716 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.13-ны өдрийн 2084 дүгээр магадлалаар хариуцагч Д.Хүдэр, Ш.Булганмаа, Х.Энхболд нараас 31,200,000 төгрөг гаргуулж Г.Ариунжаргалд олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байр, 119 тоотын 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч нар төлбөрөө сайн дураар биелүүлээгүй гэж үзэн шийдвэрт заасан барьцааны хөрөнгө болох орон сууцыг битүүмжилж, хураасан байна.

Түүнчлэн үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул хариуцагч шинжээч томилсон, Хөрөнгө эстимэйт ХХК нь орон сууцыг 80,002,000 төгрөгөөр үнэлсэн, энэ тухай 2020.08.20-ны өдөр төлбөр төлөгч нарт мэдэгджээ /хэргийн 45-102 дугаар тал/.

 

Энэхүү ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Шинжээч нь дүгнэлт гаргахдаа үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлогын, өртгийн, зах зээлийн хандлагын аргуудыг хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон, энэ тухай үнэлгээний тайланд тодорхой тусгасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т нийцжээ.

 

Нэхэмжлэгч үнэлгээ тогтоосон мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргасан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т нийцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01ий өдрийн 184/ШШ2020/02998 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18ы өдрийн 2377 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

 

  Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД