Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00937

 

  Ч.Цэцэгээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн  шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03506 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2292 дугаар магадлалтай,

 Ч.Цэцэгээгийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Цэцэгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнд хийсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өмчлөгч Ч.Цэцэгээгээс үнийн санал авалгүйгээр 2020.06.18-ны өдрийн 6/315 тоот тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын энэхүү үйлдэл нь холбогдох хуулиудаар тогтоосон үнэлгээний журам болон өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл болж байна. Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020.06.29-ний өдрийн үнэлгээний тайланд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн тухай хуулийн 9.3 дугаар зүйлд заасан бүх мэдээллүүд бүрэн дүүрэн бодитой тусгагдаж чадаагүй. Нэхэмжлэгчийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19А байр, 10 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь 158.6 м.кв том талбайтай, нэг давхарт байрлалтай тул үйлчилгээний зориулалтаар ашиглах бүрэн боломжтой. Хотын А зэрэглэлийн төв бүсэд байрлалтай зэрэг давуу байдлаараа зах зээлийн бодит үнэ ханш нь багадаа л 700 зуун сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээнд байна. Гэтэл шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК нь нэхэмжлэгч Ч.Цэцэгээгийн өмчлөлийн тус үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээл дэх бодит үнэ ханшнаас хамаагүй багаар буюу 492,263,800 төгрөгөөр үнэлсэн байна. Түүний улмаас нэхэмжлэгч Ч.Цэцэгээгийн өмчлөлийн тус үл хөдлөх хөрөнгө үнэгүйдэж, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж, ихээхэн хохирол амсах байдалд шууд хүрч байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.08.05-ны өдрийн 101/Ш32020/14963 дугаартай захирамжаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.11.18-ны өдрийн 5233 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, улмаар 2020.08.07-ны өдөр Ч.Цэцэгээгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020599 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Бага тойруу гудамжны 19а дугаар байрны 1 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Ч.Цэцэгээ миний бие нь шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, улмаар миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2020.08.07-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан болохыг 2020.08.26-ны өдөр өмгөөлөгчөөрөө дамжуулан олж мэдлээ. Дээр дурдсан үндэслэлүүдээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээг болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020.08.07-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаар шийдвэрээр Л.Энхтүвшингээс 232,928,000 төгрөгийг гаргуулж Ориент инвест ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Л.Энхтүвшинд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 19а байрны 1 тоот 158.6 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ий өдрийн 164/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 15260200/01 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нараас үнийн санал өгөхийг мэдэгдэхэд хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйнт ХХК-иар үнэлүүлэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийг төгрөгөөр үнэлсэн тул 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4-162/24419 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 344.584.660 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй болно.

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2020/14963 дугаар захирамжийг манай алба 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан. Уг захирамж гарсан болохыг манай байгууллага мэдээгүй байсан тул 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулсан. Анхны албадан дуудлага худалдаа явуулахад манай байгууллагын буруу байхгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ч.Цэцэгээгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ориент инвест ББСБ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаар шийдвэрээр Л.Энхтүвшингээс 232,928,000 төгрөгийг гаргуулж Ориент инвест ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нараас үнийн санал өгөхийг мэдэгдэхэд хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйнт ХХК-иар үнэлүүлэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийг төгрөгөөр үнэлүүлсэн. Шинжээч Хөрөнгө-Эстимэйнт ХХК-иас 492,263,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч мэдсэн атлаа шүүхэд нэхэмжлэлээ 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн төлбөр төлөгч нь хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэх атлаа түүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй. Анхны албадан дуудлага худалдаан хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагчаас гаргасан тайлбартай санал нэг байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03506 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байрны 1 тоотод байрлах 158.6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээг болон 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн Ч.Цэцэгээгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2292 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03506 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр явуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Цэцэгээгийн нэхэмжлэлийн шаардлагаас Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 19а байрны 1 тоотод байрлах 158.6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын хэвээр үлдээсүгэй гэснaийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Цэцэгээд олгосугай гэж нэмж өөрчлөн шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиaaaaйн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Цэцэгээ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.04-ний өдрийн 2292 дугаартай магадлалын зарим хэсгийг эс хүлээн зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хууль-ийн 177.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой Хөрөнгийн үнэлгээний тухай хууль-ийн 9.2.1 дүгээр зүйл, 9.2.3 дугаар зүйл, 9.3.8 дугаар зүйлүүдийг тус тус хэрэглээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, давж заалдах гомдолдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хууль-ийн 9.2.1, 9.2.3, 9.3.8 дугаар зүйлүүд зөрчигдөж байгаа талаар тодорхой дурдсаар байхад анхан болон давж заалдах шатны шүүх нь энэ талаар шийдвэр, магадлалдаа ямар нэгэн дүгнэлт хийж, тусгаагүй байна. Тухайлбал Ч.Цэцэгээгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн онцлог шинж байдал, зах зээлийн үнэлгээ тогтооход ашигтай давуу талуудыг огт судлаагүй, үндэслээгүй, тэр талаар үнэлгээний тайланд ч тусгаагүй байсан.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.04-ний өдрийн 2292 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.11.18-ны өдрийн 5233 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ч.Цэцэгээгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020599 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Бага тойруу гудамжны 19а дугаар байрны 1 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020.06.29-ний өдрийн үнэлгээг хүчингүйд тооцон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Ч.Цэцэгээ нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр төлбөр авагч  Ориент инвест ББСБ ХХК хүсэлт гарган оролцож, тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Хэргийн баримтаас үзвэл, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 5233 дугаар шийдвэрээр Л.Энхтүвшингээс 232,928,000 төгрөг гаргуулж Ориент инвест ББСБ ХХК-д олгох, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19А байр, 01 тоотод байрлах  үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Төлбөр төлөгч төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэрт заасны дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан, мөн талууд тохиролцоогүй тул шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 492,263,800 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч 2020.07.01-ний өдөр мэдсэн боловч тэрээр үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо 2020.07.21-ний өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т нийцээгүй байна.

 

Түүнчлэн шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээний журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч албадан дуудлага худалдааг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, шинжээчийн нэрийг шийдвэрт буруу бичсэн алдаа гаргажээ.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.

 

Шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8/07 тоот тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2020/14963 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ /хэргийн 34, 95 тал/.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн ...анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Ч.Цэцэгээгийн гомдлын агуулга нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс доогуур тогтоосон гэсэн агуулгатай байх ба үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болсон байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04ий өдрийн 2292 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

 

  Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД