Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 821

 

 

 

 

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2019/00821

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө-ийн гаргасан,

 

Хариуцагч: Б-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 51,640,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К, иргэдийн төлөөлөгч Л, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

                                   

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч Өийн бие тавгүй байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаанд тэрээр оролцохгүй. Мөн хариуцагч Б нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.

 

Бид, хариуцагч Бас гэм хорын хохиролд нийт 51,640,000 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч Ө нь 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Б-ын хүсэлтийн дагуу өөрийнхөө өмчлөлийн 1 өрөө орон сууцыг барьцаалуулан Н ХХК-иас 32,000,000.00 төгрөгийн зээлж, түүнд өгсөн ба зохигчид энэ талаар маргадаггүй.

 

Гэвч хариуцагч тал 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойш Н ХХК-нд зээлийг огт төлөөгүй. Ингээд тус компаниас нэхэмжлэгч Өт холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг шүүх хуралдаанд хариуцагч Б нь нэхэмжлэгч Өийг төлөөлөн оролцож эвлэрлийн гэрээг байгуулсан байдаг.

 

Гэтэл бодит байдал дээр зээлийн гэрээний үүргийг биелүүлэх этгээд бол хариуцагч ******* бөгөөд захирамжид заасан төлбөр төлөгдөөгүй тул Н ХХК-иас гүйцэтгэх хуудас бичүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг битүүмжилж, дуудлага худалдаанд оруулсан тул хариуцагч Бас орон сууцны үнийг нэхэмжилж байна.

 

Хариуцагч тал авсан зээлээ эргүүлэн төлөх үүргээ санаатай биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй. Хан-Уул дүүгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжид дурдсанаар 32,000,000.00 төгрөгийг Ө төлөх ёстой ч зохигчид хамтран зээлдэгчид боловч хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүхийн шийдвэрээр Бас биш Өээс үүргийг гүйцэтгэлийг шаардаж байна.

 

Иймд, Б-ын зээлийн төлбөрөө төлөөгүй санаатай үйлдлийг шүүх бүрэлдэхүүн анхаарч, хариуцагчаас 51,640,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Өээс хариуцагч Бд холбогдуулан гэм хорын хохиролд 51,640,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба тус хэрэгт шүүхээс 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, мөн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа “гэм хорын хохиролд 51,640,000.00 төгрөг гаргуулах” гэж тодруулсныг хариуцагчид гардуулсан /х.х-ийн 67, 75, 77, 78 хуудас/.

 

Шүүхээс уг хэргийг хянан шийдвэрлэхээр 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр товлосон шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтээр 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдийн 11:30 цаг хүртэл хойшлуулж, энэ талаар хариуцагчид мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4.-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Н ХХК-ийн гаргасан энэ хэргийн нэхэмжлэгч Өт холбогдох 48,915,941.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00748 тоот захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна /х.х-ийн 5 хуудас/.

 

Тодруулбал, дээр дурдсан хэргийн нэхэмжлэгч тал Н ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа 8,915,941.00 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ө нь 40,000,000.00 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байр, 30 тоот хаягт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон ба уг хэргийн шүүх хуралдаанд Өийг Б төлөөлөн оролцсон байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Н ХХК болон Ө, Б нар 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 32,000,000.00 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон ба талууд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Өийн өмчлөлийн ............. тоот улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцыг барьцаалжээ /х.х-ийн 11-15 хуудас/.

 

Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас зээлдүүлэгч Н ХХК-иас зээлдэгч Өт холбогдуулан 48,915,941.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн 242.3.-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч Өээс зээлийн гэрээний үүргийг шаарджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

 

Энэ нь, нэхэмжлэгч Ө, хариуцагч Б болон Н ХХК нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа бий болсон, зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд үүссэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байсан шүүхээс тэдгээрийн хүсэлтээр эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэсэн агуулгатай.

 

Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан “Б, Ө нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-т “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж заажээ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1.-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж, мөн 174 дүгээр зүйлийн 174.1.-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд энэ хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар ипотекийн зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу, аль эсхүл Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д зааснаар шүүхээс гадуур худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах журамтай.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2017/07367 тоот захирамжаар нэхэмжлэгч Н ХХК-ийн гаргасан хариуцагч Өт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 183/ШШ2017/00748 тоот захирамжид заасан буюу хариуцагч тал 40,000,000.00 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй учраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 00677 тоот гүйцэтгэх хуудас олгожээ /х.х-ийн 83, 83 хуудас/.

 

 Ингээд тус гүйцэтгэх хуудсын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үйл ажиллагааг эхлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж заасны дагуу барьцааны зүйл болох дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг Б ХХК-иас 51,640,000.00 төгрөг гэж үнэлсэн байна /х.х-ийн 88-115 хуудас/.

 

Эдгээр үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу гагцхүү Н ХХК, Ө, Б нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр бий болсон үүргийн гүйцэтгэлийг хангуулах хуульд заасан ажиллагаа бөгөөд энэ хэргийн нэхэмжлэгч Ө-ийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2017/00748 тоот захирамжид заасан үүргээ биелүүлээгүй үйлдлээс улбаатай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Тайлбарлавал, тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5.-д заасан гэм хор учирч, иргэний эрх зүйн харилцаа үүсэхэд хохирол учруулагч этгээдийн хүсэл зоригоос хамаарсан түүнд захирагдсан үйлдэл, эс үйлдэхүй байх, тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь зөвшөөрөгдөөгүй буюу буруу байх, гэм буруутай байх болон хохирогч этгээдийн хуульд заасан эрх зөрчигдөх, гэм буруу - үйлдлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.

 Гэтэл хариуцагчийн ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчид гэм хор учирсан гэх үйл баримт тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Н ХХК, Ө, Б нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, улмаар шүүхээс тэдгээрийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн захирамжийг албадан биелүүлэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний байгууллагын үнэлгээгээр барьцаалуулагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар болсон нь зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч Бас гадна нэхэмжлэгч Ө-ийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой ба зөрчлийн улмаас үүсэх үүрэг биш юм.

 

Хэдийгээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар маргааны зүйл болох ............ тоот хаягт байрлах нэхэмжлэгчийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг хоёрдахь удаагийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлуулаагүйгээс улбаалан хуульд зааснаар төлбөр авагчид санал болгох тухай зохицуулалттай ч тус үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан худалдан борлуулах ажиллагаа нь хариуцагч Б-ын гэм хор учруулсан гэх ямар үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр 40,000,000.00 төгрөгийг төлнө гэж тайлбарласан боловч үүнийг нэхэмжлэгчид бус, харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд буюу төлбөр авагч Н ХХК-ийн төлбөрийг барагдуулах хүсэл зоригтой байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй /х.х-ийн 9 хуудас/.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Өээс уг нэхэмжлэлийг гаргахдаа түүний хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2019/05812 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4.-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж 416,150.00 төгрөгийг төлөхийг хойшлуулсан ба шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учраас нэхэмжлэгч энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй болохыг үүгээр дурдаж байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                

 

 ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Өийн гаргасан хариуцагч Бд холбогдох гэм хорын хохиролд 51,640,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 416,150.00 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.МАНДАЛБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                            Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Л.ЭНХЖАРГАЛ