Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 26

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ОНӨХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ОАТХ-ийн ТУБ М.Ц, Х.Б, Д.Б, БАТХ-ийн ТУБ Т.Н нарт холбогдох,

 “ОАТХ-ийн ТУБ-дын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 тоот нөхөн ногдуулалтын актаас 199,887,707.28 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2021/0017/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.       

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Б.Б, Д.М, Л.Б, хариуцагч Т.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, Х.Э, гэрч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ОНӨХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ““Э” ОНӨХК-ийн 2017, 2018, 2019 онуудын тайланд Татварын ерөнхий газрын даргын тушаалын дагуу ээлжит татварын хяналт шалгалт хийж, 202,373,984.82 төгрөгийн төлбөр төлөхөөр акт тогтоосон. Үүнээс ОАТХ-ээс тооцсон 2,486,277.54 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч төлсөн. БАТХ-ийн ТУБ Т.Н, Х.Б нарын орлого болоогүй усны төлбөрт тооцсон нөхөн татвар 134,848,821.91 төгрөг, торгууль 40,454,646.85 төгрөг, алданги 24,584,238.79 төгрөг, нийт 199,887,707.28 төгрөгийн нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах үндэслэлээр тус актын 199,887,707.28 төгрөгийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжпэлийг гаргаж байна. Үүнд:

1. “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйл /Ус, рашааны нөөц ашигласны төлбөр ногдох зүйл/-ийн 6.1.1 /Хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус/-д заасанчлан ашигласан борлуулсан усанд татвар ногдуулах атал “Э” ТӨҮГ-тай хийх усны тооцоотой холбоотой үүсэж буй ашиглаж борлуулаагүй орлого болоогүй ус /усны алдагдал/-нд ус ашигласны төлбөр төлөхөөр татвар ногдуулсан нь үндэслэлгүй байна.

2. Мөн “Э” ТӨҮГ-аас худалдан авч хүн амын ундны хэрэгцээнд ашиглагдсан ус нь “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйл /Усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх/, 20.1.1 /Хүн амын унд, ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал амьтан, өрхийн хүнсний ногооны талбайг услах/-д заасны дагуу татвараас чөлөөлөгддөг.

3. “Э” ТӨҮГ нь 1994 оноос эхлэн тоолуураар усны үнийг нэхэмжилж эхэлснээр орлого болоогүй ус /усны алдагдал/-ны төлбөр тооцооны зөрүү үүсэж, 1999 оны 04 сард Орхон аймгийн “Ус сувгийн ашиглалтын газар” татан буугдаж, “Э” ОНӨХК-д нэгдсэнээр орлого болоогүй усны төлбөр тооцоог манай байгууллагаас нэхэмжлэх болсон. Энэ асуудлаар 2009 онд Аймгийн Засаг даргын Тамгын газар, “Э” ХХК-ийн төлөөлөгчид хуралдаж усны объёмын алдагдлыг тухайн компани балансдаа тусгаж байхаар шийдвэрлэсэн.Төлбөр тооцооны зөрүүний асуудал Аймгийн хэмжээнд хэлэлцэгдэж 1994-2021 оны 03 сарын 31-ны байдлаар орлого болоогүй ус /усны алдагдал/-ны үнийн тооцоо нийт 43,824,533,396.0 төгрөг байна. Үүнээс:

1.2006 онд 4,167,964,494.0 төгрөгийн төлбөрт Аймгийн ЗДТГ болон “Э” ТӨҮГ-ын удирдлагуудын шийдвэрээр Баян-Өндөр сумын барилгын “Э” ТӨҮГ-т өгч байсан.

2.1999, 2015 онуудад 5,831,457,629.0 төгрөгийн орлого болоогүй усны үнийг “Э” ТӨҮГ-ын тухайн үеийн зөвлөлийн хурлын шийдвэрээр тэглэсэн.

3.2000-2020 оны хооронд 23,779,568,666.0 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Э” ТӨҮГ-ын хооронд байгуулсан “Газрын төлбөрийн гэрээ”-ний дагуу газрын төлбөрөөс тус тус хааж тооцсон бөгөөд нийт 33,778,990,789 төгрөг байна. Дээрх орлого болоогүй ус /усны алдагдал/-ны төлбөр нь манай байгууллагад ямар нэгэн байдлаар орлого болж ороогүй бөгөөд балансад авлага өглөгөөр бүртгэж байна. Мөн орлого болоогүй ус /усны алдагдал/-тай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүсэлт тавьсан.

Иймд ОАТХ-ийн татварын хяналт шалгалтын тасгийн ТУБ-ийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 тоот нөхөн ногдуулалтын актын 199,887,707.28 төгрөг төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч ОАТХ-ийн ТУБ- М.Ц, Х.Б, Д.Б, БАТХ-ийн ТУБ- Т.Н нар шүүхэд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу ногдуулсан актын үндэслэлийн тухайд:

 “Э” ТӨҮГ-аас  орчин үеийн олон улсын стандартад нийцсэн тоолуураар “Э” ОНӨХК-д ус нийлүүлдэг бөгөөд нийлүүлсэн усны тооцоог тоолуурын заалтаар тооцох талаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг.

“Э” ОНӨХК нь тоолуурын заалтаар Э-ээс 2017 онд 4,560,018.00 м3, 2018 онд 4,355,802.05 м3, 2019 онд 4,407,184.53 м3 ус хүлээн авсан байдаг.

 “Э” ОНӨХК нь дээрх тоолуурын заалтаар хүлээж авсан уснаас 2017 онд 2,048,139.48 м3, 2018 онд 1,992,956.67 м3, 2019 онд 1,967,117.48 м3 ус борлуулсан. Үүнээс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан чөлөөлөгдөх заалтын дагуу 2017 онд 1,113,475.20 м3, 2018 онд 1,147,931.59 м3, 2019 онд 1,184,746.39 м3 усыг чөлөөлж, үлдэх 2017 онд 934,664.28 м3, 2018 онд 845,025.08 м3, 2019 онд 782,371.09 м3 усанд ус ашигласны төлбөр ногдуулж, төлж тайлагнасан. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс ч ямар нэгэн зөрчил гэж үзээгүй. Гагцхүү “Э” ТӨҮГ-аас тоолуурын заалтаар хүлээн авсан нийт уснаас төлж, тайлагнасан тооцооноос үлдсэн 2017 онд 2,511,878.52 м3, 2018 онд 2,362,845.38 м3, 2019 онд 2,440,067.05 м3 усыг алдагдал буюу орлого болоогүй ус гэж төлбөр төлөөгүй усыг зөрчил гэж үзсэн. Үүнд:

Огноо

 

Тоолуураар хүлээж авсан усны хэмжээ

 

 

Борлуулсан усны хэмжээ

 

Үүнээс

Алдагдал болсон төлбөр ногдуулаагүй эсны хэмжээ

Ногдуулах төлбөр

Чөлөөлсөн усны хэмжээ

Төлбөр ногдуулсан усны хэмжээ

1

2017

4,560,018.00

2,048,139.48

1,113,475.20

934,664.28

1,371,874.01

49,703,297.56

2

2018

4,355,802.05

1,992,956.67

1,147,931.59

845,025.08

1,273,894.87

42,886,435.05

3

2019

4,407,184.53

1,967,117.48

1,184,746.39

782,371.09

1,338,270.92

42,259,089.30

Нийт дүн

13,323,004.53

6,008,213.63

3,446,153.18

2,562,060.45

3,984,039.81

134,848,821.91

 

Нэхэмжлэгч нь актыг хүчингүй болгох шаардлагын үндэслэлээ “...дээрх усыг ашиглаагүй, борлуулж орлого олоогүй бөгөөд алдагдал усанд ус ашигласны  төлбөр төлүүлэхээр акт тавьсан нь үндэслэлгүй...” гэж маргаж  байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэхүү маргааны үйл баримтын хувьд “Э” ТӨҮГ-аас тоолуурын заалтаар “Э” ОНӨХК-д нийлүүлсэн нийт ус[1], “Э” ОНӨХК нь хүлээн авсан усаа цааш  хэрэглэгч /айл өрх, аж ахуйн нэгж/-д нийлүүлж, тэдгээр хэрэглэгчээс авсан төлбөр тооцоогоор усны хэмжээ болон ус ашигласны төлбөр тооцоог төлж, тайлагнасан асуудлыг ялгамжтай авч үзэх ёстой.

Өөрөөр хэлбэл “Э” ТӨҮГ-аас авсан усыг хэрэглэгчдэд алдагдалтай /усны тоолуурын асуудалтай айл өрх, аж ахуйн нэгжийн/-аар нийлүүлсэн “Э” ОНӨХК-ийн буруутай үйл ажиллагаа нь “Э” ТӨҮГ-аас тоолуурын заалтаар нийлүүлэгдсэн байгалийн нөөц буюу усыг ашиглаагүй гэж үзэх, тоолуурын заалтаар нийлүүлсэн усны төлбөрийг чөлөөлөх, төлбөрийг төлөхгүй /зөвхөн хэрэглэгчдийн тоолуур (зөвхөн тоолуур хэрэглэгч)-ын заалтаар тайлан, тооцоог хийж бусдыг нь алдагдлаар данс бүртгэлд бүртгэж тусгаж байгаа нь/ байх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагчийн зүгээс алдагдал гэх усанд төлбөр төлөх ёстой гэж үзсэн бөгөөд эрдэмтдийн тооцоо судалгаагаар усны алдагдал нь 25 хувиас хэтрэх боломжгүй гэж үздэг. Гэтэл “Э” ОНӨХК нь усны алдагдлыг 50 хувиар гаргаж байгаа нь үндэслэлгүй. “Э” ТӨҮГ-аас тоолуурын заалтаар нийлүүлсэн уснаас хүлээн зөвшөөрөгдөх 25 хувиар алдагдал тооцож, үлдсэн /алдагдал/ усыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан чөлөөлөлт эдлүүлж, “Усны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2011 оны 302  дугаар тогтоолоор “Сэлэнгэ голын сав газарт тогтоосон газрын доорх усны экологи-эдийн засгийн суурь үнэлгээ”, “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 1 м3 усны нөөц ашигласны төлбарийн хэмжээг  79,404 төгрөгөөр ус ашигласны төлбөрийг тооцон гаргасан болно.

Нэхэмжлэлийн 2006, 1999, 2015, 2000-2020 онуудад усны алдагдалыг хаасан шийдвэр гарсан учир татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарын тухайд:

Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсэгт заасан татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийн хүрээнд Байгалийн нөөц болох усыг нийлүүлэгчээс нийт хэдий хэмжээгээр нийлүүлсэн, тэрхүү усыг хэдий хэмжээгээр яаж зарцуулсан, төлж тайлагнасан байдлыг /баланслах/ хянах гол эх сурвалж нь “Э” ТӨҮГ-аас  нийлүүлсэн тоолуурын заалтаар илэрхийлэгдэж буй усны хэмжээ бөгөөд түүнийг үгүйсгэх боломжгүй.

“Э” ТӨҮГ-ын ашигладаг тоолуур, “Э” ОНӨХК /айл өрх, аж ахуйн нэгж/-ны ашигладаг тоолуур хоорондын зөрүүтэй байдал нь татварын зорилгоор тооцох үзүүлэлтэд хамаарахгүй бөгөөд тусдаа асуудал юм.

Нөгөөтэйгүүр хяналт шалгалтын явцад нэхэмжлэлд дурдсан нотлох баримтыг гаргаж өгөөгүй, ямар үндэслэлээр усны алдагдлыг хаасан, үүнтэй холбоотой шийдвэрүүд гарсан нь тодорхойгүй. “Э” ТӨҮГ-аас нийлүүлсэн усны хэмжээ алдагдалгүй. Гагцхүү “Э” ОНӨХК нь хэрэглэгчдэд нийлүүлэлтийн үед /тоолуурын хүчин чадал, тоолуургүй ашиглаж байгаа зэрэг/ алдагдал гарч байгаа, түүнийг нь харилцан тохиролцож бууруулах, тэглэх, өр төлбөрт шилжүүлэн хааж байгаа нь Байгалийн нөөц буюу усыг  ашиглаагүй гэж үзэх, төлбөр төлөөгүй байх үндэслэл болохгүй.

Иймд “Э” ОНӨХК-ийн ТУБ-ид холбогдуулан гаргасан “2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 дугаартай нөхөн ногдуулалтын актын 134,848,821.91 төгрөгийн нөхөн төлбөр, 40,454,646.58 төгрөгийн торгууль, 24,584,238.78 төгрөгийн алданги нийт 199,887,707.28 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОАТХ-ийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны №НА/2021000001 тоот “Нөхөн ногдуулалтын акт” нь ямар үндэслэлүүдээр хууль зөрчсөн талаар тайлбарлая. 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтад хамрагдуулахаар  хуваарьт оруулсан боловч 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-иар эрсдэлтэйд тооцохгүй болсон татвар төлөгчийг хяналт шалгалтанд хамааруулахгүй” гэж заасан.  Нэг ёсондоо 2019 оны 3 дугаар сарын 22-ны хууль батлагдахаас өмнөх 2017, 2018, 2019 онд эрсдэлтэйд тооцогдоогүй л бол тэр байгууллагыг шалгах эрх хуулиар хориглосон байсан. Хоёрдугаарт: ТУБ-ийн нөхөн ногдуулах актын үндэслэл хэсэгт татвар төлөгчийн хүсэлтээр хувь хүн, хуулийн этгээдээс амаар болон бичгээр ирүүлсэн мэдээлэл, хүсэлт, өргөдөл, гомдлоор иж бүрэн шалгалт хийсэн тухайгаа дурдсан байсан. Өмнөх шүүх хурал дээр яг энэ баримтыг гаргаж өгөхийг хүссэн. Нэг томилолт, ерөнхий удирдамж хоёрыг өгсөн байна. Яг ямар байгууллагын хүсэлтээр шалгалтыг хийсэн, хувь хүн хуулийн этгээдээс ямар өргөдөл, гомдол ирсэн талаар шүүхэд баримт өгөөгүй. Тэгэхээр энэ заалтыг зөрчсөн байна. Ингэж гаргаж өгөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан “татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”,  41.2-т хэсэгт “татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн эсвэл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ”, 41.4–т “татварын алба эрсдэлд, эсвэл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гэсэн заалтуудыг зөрчсөн. Мөн хуулийн 41.11.1 дэх хэсэгт “энэ хуулийн 41.4 зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт  хийхийг татварын алба, ТУБ- нарт хориглосон”,  41.4-т хоёр үндэслэл байгаа нь татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэх эсвэл эрсдэлтэй тохиолдолд хийнэ. Тэгэхээр өнөөдөр “Э” ОНӨХК-ийг  эрсдэлтэй гэдгийг тогтоож чадаагүй. Татварын ерөнхий хуулийн 35.4 дэх хэсэгт эрсдэлийг тогтоох үе шатуудыг хуульчилж өгсөн байна.

 Эрсдэлтэй гэдгийг тооцоогүй байж ТЕХ-ийн 41.4, 41.11.1-ийг ТУБ- нар ноцтойгоор зөрчсөн. Тэгэхээр “Э” ОНӨХК нь эрсдэлтэйд тооцогдох татвар төлөгч биш юм. Мөн татвар төлөгчийн хүсэлт байхгүй нь татварын байцаагч нарын хийсэн шалгалт үндэслэлгүй болсон гэж үзэхээр байгаа. Мөн Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.36-т: “төлбөр” гэж төрийн өмчийн газар гэж газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа “мөнгөн хөрөнгийг” хэлнэ. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5 дах хэсэгт “усны нөөц ашигласны төлбөр”, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “татвар ногдох зүйлд хөрөнгө орлого, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар түүний хэвлий байгалийн баялаг ашигласны, ашигт малтмалын нөөц, агаарын хөрсний усны бохирдол зэрэг зүйл хамаарна” гэжээ. Гэтэл өнөөдөр алдагдал буюу орлого болоогүй усыг “Э” ОНӨХК ашиглаагүй, бохирдуулаагүй тул татвар төлөх, түүнчлэн алданги болон торгууль төлөх үндэслэл байхгүй. Ашиглаагүй, бохирдуулаагүй учраас. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “хуульд үндэслэх”, 4.2.5 дахь хэсэгт заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд таарсан, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн тусгай зарчмуудыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт “захиргааны актыг гаргах бодит нөхцөл  байдал, хууль үндэслэлийг заах” зэргийг зөрчсөн байна. Учир нь Нөхөн ногдуулалтын актын тайлбар хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, 11.19.4 дэх заалтаар торгуулийн арга хэмжээ авсан гэж бичсэн. Гэтэл Зөрчлийн тухай хуулинд 11.19.1.2, 11.19.1.1 гэсэн зүйл, заалт байхгүй бөгөөд “Э” ОНӨХК нь Зөрчлийн тухай хуулийн хэд дэх заалтыг зөрчсөн,  ямар ямар зөрчил үйлдсэн, тэр зөрчилд нь хэдэн төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй. Зөрчлийн хуулийг төсөөтэй хэрэглэдэггүй. Яг тухайн зөрчлийг гаргасан байхыг шаарддаг.  Хоёр хуулийн аль нэг нь таарна гэсэн байдлаар зөрчлийг оногдуулдаггүй. Хэрэв тус хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа бол “Э” ОНӨХК нь татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан эсвэл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн гэх зөрчлийг татварын байцаагч нар нотлох ёстой,  ийм зөрчлийг гаргаагүй.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх заалт нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй эсхүл ногдуулсан албан татварыг төлөөгүй бол гэсэн зөрчил байх ба алдагдал ус буюу орлого болоогүй усанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах боломжгүй юм. Тэгэхээр ногдуулаад байгаа энэ торгууль нь Татварын ерөнхий хууль болон Зөрчлийн тухай хуулийн яг ямар зүйл заалт, ямар зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа, бодит төлөгдөөгүй татвар нь хэд болох, жил тус бүр дээр торгуулийг тогтоох зэрэг бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмын алдагдуулсан байна. Мөн нөхөн ногдуулах актын тогтоох хэсэгт “Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг үндэслээд гэж бичсэн байсан. 2015 оны Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт ТУБ-д хүлээлгэх хариуцлагын талаар хуульчилсан. Энэ нь тус актад ямар ч холбогдолгүй зүйл заалт оруулсан байгаа юм. Харин одоо хэрэгжиж буй Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд алданги тооцох талаар хуульчилсан бол өмнөх хуулийн 74 дүгээр зүйлд “Монголын татварын алба”-ны талаарх зохицуулалтууд байгаа.  Тэгэхээр энэ хоёр хуулийн яг аль 73 болон 74 дүгээр заалт гэдэг нь тодорхой бус байна. Шинэ, хуучин хоёр өөр хуулийг нэг дор хэрэглэсэн нь Захиргааны ерөнхий хууль болон Татварын ерөнхий хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Нэгэнт 2015 оны Татварын ерөнхий хуулийг буцаан хэрэглэж байгаа бол тэр хуульд заасан татвар болон алдангийг хэрхэн хуульчилсан түүнийг л дагах ёстой. Актын тайлбар хэсэгт 2015 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан “хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь тооцоогүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэсэн заалтуудыг буцаан хэрэглэв гэж бичсэн. Гэтэл 74.1 дүгээр зүйлд “дараах үйлдэл эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, ТУБ татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж заасан.

Татварын байцаагч нар ямар хууль хэрэглээд байгаа нь ойлгомжгүй байгаа юм. 74.1 дэх хэсэг нь 10 дэд хэсэгтэй ба эдгээр зөрчлийн алийг нь сонгож тус компанийг торгож байгаа нь тодорхойгүй байна. Мөн Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. Хэрэв зөрчил илэрсэн бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, прокуророос хэргийн дугаар авч, хяналтанд оруулж шийдвэрлэх ёстой байсан. Хэрэв прокурорын хяналт дор явагдсан бол хууль бус акт дээр торгууль ногдуулахгүй байсан. Тэгэхээр Татварын ерөнхий хуулийн 44.1 дэх хэсгийг зөрчиж зөрчлийн хэрэг бүртгэлт явуулаагүй нь процессийн алдаа. Мөн Татварын ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-т: “зөрчил шалган шийдвэрлэх гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчлийг шүүхээр шийдвэрлэх ажиллагааг хэлнэ” гэж заасан. ТУБ- нар энэ хуулийн дагуу прокуророос хэргийн дугаар аваад прокурорын хяналтын дагуу хэрэг бүртгэлтийг явуулж байх ёстой. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт “ТУБ- Зөрчлийн тухай хуулийн ... 11.19... заасан зөрчил”-ийг шалгахаар харьяалал тогтоосон байхад энэ үүргээ биелүүлэхгүй зөрчил шалгахгүйгээр шууд нөхөн ногдуулалтын актыг бичсэн нь үндэслэлгүй. Хэрэв ТУБ нар энэ хуулийг баримтлан  прокурорын  хяналтан дор шалгасан бол өнөөдөр орлого болоогүй алдагдал усанд татвар, торгууль ногдуулж манай компаний эрх ашигт сөргөөр халдах үндэслэл гаргахгүй байх байсан.

Мөн актын тогтоох хэсэгт  “... барагдуулахыг ...-д  даалгасугай гэсэн нь хэнд энэ үүргийг даалгаад байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэснийг зөрчсөн байна. Захиргааны актын агуулга ойлгомжтой тодорхой байх ёстой. Ямар зөрчлийн улмаас хэнийг юунд үндэслэн торгож байгаа нь тодорхойгүй. Мөн Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль тогтоомжийн холбогдох /тэмдэглэх хэсэгт бичигдсэн/ заалтыг тус тус зөрчиж гэж үндэслэлээ гаргаж ирсэн бөгөөд тус хуулийн 28 дугаар зүйл нь дотроо 10 дэд хэсэгтэй, 29 дүгээр зүйл нь 8  дэд хэсэгтэй байхад энэ зүйлийн яг хэд дэх хэсгийг татвар төлөгч зөрчөөд байгааг тухайлан заагаагүй байгаа нь захиргааны  актын агуулга ойлгомжтой, тодорхой байх зарчмыг зөрчсөн байна.

Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 5-д: Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “хүн амын ундны, ахуйн болон үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласан ус”-нд төлбөр ногдуулахаар заасан ба энэ нь үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар буюу тухайлбал халуун усны газар, машин угаалга, зочид буудал, цайны газар зэрэг аж ахуйн нэгжүүдэд  хамааралтай заалтыг хангагч байгууллагад хамааруулан төлбөр ногдуулахаар шийдвэрлэсэн нь бодит нөхцөлд тохироогүй, шийдвэр нь үндэслэлгүй. “Э” ОНӨХК нь үйлдвэрлэл үйлчилгээний байгууллага биш юм. Гэтэл үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагад ногдуулдаг төлбөр буюу хэрэглэгч байгууллагад ногдуулдаг төлбөрийг хангагч байгууллагад оногдуулсан. Тэгэхээр Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6.1.1 дүгээр зүйлийг барих нь үндэслэлгүй. “Э” ОНӨХК болон “Э” ТӨҮГ  хоёрын хооронд үүссэн тоолуурын зөрүүг зохицуулахаар аймгийн Засаг дарга, түүний ажлын алба газрын төлбөрийг гэрээний дагуу жил бүр суутган тооцоо хийж өрийг дарж байсан талаарх баримт хэрэгт авагдсан. Засаг дарга Усны тухай хууль, бусад хууль тогтоомжид зааснаар үүнийг зохицуулах эрхтэй. Засаг дарга энэ талаар эрхээ эдэлж “Э” ТӨҮГ-ын газрын төлбөрт төлөх төлбөрөөс өрийг төлж суутгаж байсан. Гэтэл газрын төлбөрт суутгагдсан буюу газрын өр, төлбөрийн маргаан үүсээгүй байхад татварын алба татвар ногдуулж, ногдуулсан татвар дээрээ торгууль ногдуулж зөрчил гэж үзэн алданги тооцсон нь үндэслэлгүй.

Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “татвар зайлшгүй байх”, “тодорхой байх”,  5.1.3 дах хэсэгт “шударга байх” гэсэн татварын зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5–д “албан татвар” гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаагаар ногдуулсан, хувь хэмжээгээр тогтоосон хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ” гэж заасан. Орлого болоогүй усанд татвар ногдуулах эрх зүйн үндэслэлгүй гэдгийг тодорхойлж байна. Нэг ёсондоо ямарваа нэгэн байгууллага орлого олсон, эсвэл зарсан бол татвар ногдуулдаг болохоос ямар нэгэн орлого олоогүй зүйл дээр татвар ногдуулах нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн орлого болоогүй усанд татвар ногдуулахдаа үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласан гэдгийг ТУБ нар нотлоогүй, харгалзаж үзээгүй. Байгалийн нөөц ашигласны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “хүн амын унд, ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал амьтны ундны, өрхийн хүнсний ногооны талбайг услах зориулалттай ус ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө” гэж заасан. ОАТХ-ийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01 тогтоол дээр татварын байцаагч Н хариу тайлбартаа дээрх хуулийн заалтаар усны төлбөрөөс чөлөөлөгдсөн талаар мэдэгдсэн байдаг. Тэгэхээр хуулийн хүрээнд чөлөөлөгдөх төлбөрт татвар ногдуулж алданги, торгууль ногдуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Ер нь усны алдагдал нь Монгол Улс даяар болон дэлхийн хэмжээнд байдаг асуудал. Энэ нь ихэвчлэн ус дамжуулах шугам цооролт, нэвчилт тоолуурын зөрүү зэргээс үүсдэг. Энэ талаар манай инженер тайлбарлана. Хүчин чадал, барилгын подвал, орц, босоо шугамын эвдрэл гэмтэл, усан сангийн алдагдал, Онцгой байдлын албаны усны хэрэглээ зэрэг олон хүчин зүйлээс усны алдагдал үүсдэг. Усны алдагдалд  нөхөн ногдуулалт хийх нь үндэслэлгүй. Энэ байдлыг аймгийн удирдлага мэдээд “Э” ОНӨХК-ийн усны алдагдлыг гэрээний дагуу суутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 хэсэгт “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан. Захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, захиргааны хэм хэмжээний актуудыг мөрдөх үүрэгтэй байдаг. Татварын байцаагч хуулийг яг таг мөрдөх үүрэгтэй, тэр үүргээ зөрчиж захиргааны акт гаргавал тэр нь хууль зөрчсөн захиргааны акт болно. Ийм учраас ОАТХ-ийн ТУБ нарын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Н/А2021000001 тоот нөхөн ногдуулалтын актын 5 дахь хэсэгт заасан торгууль, алданги нөхөн төлбөр зэрэг нийт 199,887,707.28 төгрөгийг “Э” ОНӨХК-аар төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” “ТХ-ээс манайд ногдуулсан төлбөрийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг үндэслэл болгон торгууль ногдуулсан гэж үзэж байгаа. Манайх яагаад энэ төлбөрийг төлөх ёсгүй вэ гэдэг дээр тайлбар хийе. Манай компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн  гэрчилгээ байгаа. Үүнд: Дулаан түгээх, халуун хүйтэн усаар хангах, барилга угсралтын ажил хийх, цахилгаан угсралт, цахилгаан түгээх, лифт эскалатор, зорчигчийн ган татлагат болон чирэх замын угсралт, Бохир ус цуглуулах, цэвэршүүлэх, ариутгах үйл ажиллагаа, халуун хүйтэн усны тоолуурын засварын үйлчилгээ, усны тоолуурыг шалгах, суурилуулах гэх зэрэг 11 тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү маргаад байгаа асуудал нь халуун, хүйтэн усаар хангах асуудал. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн манайд төлбөр ногдуулсан. Гэхдээ Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглах усны төлбөрийн төлбөрөөс чөлөөлнө” гэсэн байгаа. Мөн дээрээс нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай  хуулийн 3.1.14  дэх хэсэгт “хангагч” гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглэгчээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь эсвэл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ” гэж заасан. Манай байгууллага нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай  хуулийн 3.1-д зааснаар хангагч байгууллага.  Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд хангагч байгууллагаас ус олборлосны төлбөр авна гэсэн ямар ч заалт байхгүй. Хангагч гэсэн үг үсэг орсон заалт нь Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2-т зааснаар “ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын ашигласан усны төлбөрийг усаар хангагч байгууллага нь бусад аж ахуйн нэгжээс хураан татварын байгууллагад төлнө” гэсэн заалт байгаа. Түүнээс өөр хангагч байгууллага нь ус ашигласаны төлбөр төлнө гэсэн ямар ч үг, үсэг байхгүй. Дээрээс нь ашиглана гэдэг үг нь үйл үг бөгөөд ямар нэгэн байдлаар ашигласан байх ёстой” гэв.

Хариуцагч Т.Ншүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ОНӨХК-ийн анхан шатны шүүхэд нэхэмжилсэн 199,887,707.28  хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр №20201204091 тоот томилолтын дагуу 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал татварын ногдол төлөх байдалд хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Тухайн үед татварын байцаагч М.Ц, Х.Б, Д.Б, БАТХ-ээс Т.Н миний бие хүрч ирсэн. Тухайн шалгалтаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, хөрөнгийн орлогын албан татвар, усны төлбөрийн зөрчлүүд илэрсэн. Үүнээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, үйлдвэрлэл хөрөнгийн орлогын албан татвар буюу нийт 1.169.384.358,63 төгрөгийн зөрчил илэрснээс 202.371.984,82 төгрөгийн нөхөн татвар алданги торгууль ногдуулснаас 2.489.577,54 төгрөгийн нөхөн татвар, алдангийг тухайн нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн.  Харин алдагдал усны 134.848.821,91 төгрөгийг нөхөн татвар, 40.464.636,58 төгрөгийн торгууль, 24,584,238 төгрөг, нийт 199.887.707,28 төгрөгийн нөхөн төлбөр, торгуулийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн нөхөн ногдуулалтын акт нь ямар нэгэн хууль зөрчөөгүй. 2017 оны 5 дугаар сараас Зөрчлийн тухай хууль гарсантай холбогдуулаад тухайн үедээ шийтгэлийн хуудсаар ногдуулдаг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТУБ-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. Э” ТӨҮГ-аас “Э” ОНӨХК нь гэрээгээр усаа авч ашигладаг байсан. Усаа ашиглахдаа 45 хувийг борлуулж, 55 хувийг нь алдагдал ус гэж дүгнэсэн. Үүний дагуу бид нар усны төлбөр ногдуулсан байгаа. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль дээр үндэслэн ногдуулсан. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “орлого болоогүй усыг төлбөрөөс чөлөөлнө” гэсэн ямар нэгэн зүйл заалт байхгүй тул улсын байцаагч акт тавьсан” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий акт нь 2021 онд гарсан байгаа. 2020 онд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль тогтоомж шинээр мөрдөгдсөн байгаа. Нэхэмжлэгч үндэслэлдээ дурдсан хяналт шалгалтын хоёр үндэслэлээр хийдэг, гэтэл манай аж ахуйн нэгж эрсдэлгүй байхад хяналт шалгалт хийлээ гэсэн тайлбарыг ярьсан. Орчин үед татварын алба бүрэн цахимжсан аж ахуйн нэгж байгууллагуудтай холбоотой худалдаа үйлчилгээ хийж байгаа бүх систем дээр хийгдэж байгаа үйлдлүүд дээр анализ хийгээд тайлагнаж байгаа, хүний оролцоогүйгээр ажилладаг байгаа. Үүний үндсэн дээр Эрсдэлийн удирдлагын газраас 2020 онд 17, 18 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг эрсдэл өндөртэй байх тул хяналт шалгалтаар оруул гэсэн жагсаалтыг гаргаад илгээсэн. “Э” ОНӨХК-ний эрсдэл нь 79-тэй байсан, эрсдэл өндөртэй учраас Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар шалгах хоёр эрсдэлийн нэгэнд нь хамаарсан учраас томилолт удирдамжийг батлаад хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтыг 2017-2019 оныг дуустлах хугацаанд хийсэн. Хяналт шалгалтаар ямар асуудал илэрсэн бэ гэхээр үндсэндээ усны төлбөрийн зөрүүн дээр зөрчил илэрсэн. “Э” ОНӨХК болон “Э” ТӨҮГ хоёрын хооронд ус ханган нийлүүлэх гэрээтэй. 2016 оны 01 дугаартай гэрээ байгаа. Энэ гэрээгээр талууд юу гэж тохиролцсон бэ гэхээр,  хангагч байгууллага нь “Э” ТӨҮГ,  хүлээн авагч нь “Э” ОНӨХК байгаа.

Гэрээний 5 дугаар зүйл дээр төлбөр тооцооны асуудлыг маш тодорхой заасан байгаа. Усны хэмжээг яаж тооцох вэ гэдгийг талууд харилцан тохиролцсон, энэ хэмжээг яаж тохиролцох вэ гэхээр хотын төвийн хэсэгт панаметрикс гэдэг Эийн шугаман дээр тавигдсан модел 6468 гэсэн тоолуурын заалтаар тооцохоор заасан. Говил багт нийлүүлж байгаа усанд мөн ялгаагүй панаметрикс гэдэг өндөр, мэдрэг тоолуурын заалтаар усны хэмжээг тооцохоор заасан. Ингээд гэрээгээр усны хэмжээг яаж тооцохыг талууд харилцан тохиролцсон. Усыг нийлүүлж байгаа хэмжээг хүлээн зөвшөөрчихсөн. Усны тоолуурын заалтыг яадаг вэ гэхээр сар болгон аль, аль талаасаа хүмүүс очоод өмнөх болон одоогийн заалтуудаа бичээд зөрүүгээ гаргаад усны төлбөр тооцооны асуудал шийдэгддэг. 2017 онд нийт нийлүүлсэн усны хэмжээ нь 4.560.18 метр3 . Ингээд 2017 онд бүхэл дүнгээр нийт 4 сая метр3 усыг “Э” ОНӨХК тоолуурын заалтаараа хүлээн авсан. Ингээд төлбөр хураамжийн тайлангаараа хүлээж авсан уснаасаа 2 сая метр3 усыг Төлбөрийн хураамжийн тухай хуулиараа татварын албанд тайлагнасан. Ингэхдээ Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасан хасагдах зардлуудаа хасаад тайлагнасан. Энэ тайлагнасан дүн нь 4 саяас 2 саяар нь тайлагнасан. Үлдэгдэл 2 сая метр3 –ын зөрүү үүссэн. Энэ зөрүүг алдагдал гэж байгаа юм. Ингээд 2018, 2019 онуудад 50%-иас дээр хувьтайгаар алдагдал гаргаад үндсэндээ 50% -иар буюу 2 сая метр3 усанд татварын албанд тайлангаа гаргадаг. Түүнийхээ дагуу тайлагнасан дүнгээрээ татвараа төлдөг байгаа. ТУБ яагаад зөрчил гэж үзсэн бэ гэхээр Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд ”байгалийн ус ашигласан, хэрэглэсэн байгууллага усны төлбөр төлөгч байна” гэдгийг заасан байгаа. Ингээд Э-ээс авч байгаа уснаас талыг нь тайлагнаад, үлдсэн талыг нь яагаад төлж тайлагнахгүй байгаа вэ гэх асуудал үүссэн. Үүнийгээ алдагдал гэж тайлбарладаг. Гэтэл энэ ус нь шугам хоолойгоор алдагдаад тогтмол ус болчихоогүй, хаана яаж алдагдаад байгаа вэ гэх асуудал яригдана. Энэ 2 сая метр3 ус нь цаашаагаа хүрч байгаа хэрэглэгчиддээ тоолуурын зөрүү, тоолуургүй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага хулгайгаар хэрэглэдэг аж ахуйн нэгж байгууллагуудад очдог. Энэ бүгд дээр үндсэндээ алдагдал үүсч байгаа.

Үүнд алдагдал гаргахгүй байх, нийлүүлсэн усныхаа төлбөрийг бүрэн авах үүрэг нь “Э” ОНӨХК-д байгаа. Энэ үүргээ биелүүлээгүйгээс алдагдал гаргачихаад Э-ээс авсан усандаа тал хувь дээр нь төлж тайлагнахгүй байгаа асуудал нь маргааны гол зүйл. Тэгэхээр ТУБ юу гэж үзсэн бэ гэхээр судалгаагаар нийт усны алдагдал 25%-аас дээш байх ёсгүй. Гэтэл 1 литр ус авчихаад 500 гр усан дээр нь төлж тайлагнаад үлдэгдэл усаа алдагдал гэдэг. Тоолуурын заалтын зөрүү болон Э-ээс нийлүүлсэн усны хэмжээн дээр ямар нэгэн маргаан байхгүй. Өөр дээрээ авсан усаа цааш нь хэрэглэгчдэд нийлүүлэх дээрээ алдагдалтай нийлүүлдэг, төлбөрөө бүрэн авч чадахгүй нөхцөл байдлаа алдагдал гэж тайлбарлаж байгаа нь төлбөр төлөхгүй байх үндэслэл болохгүй. Мөн сая төлөөлөгч хэлж байсан хангагч байгууллага бол усны төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үгүйсгэж байна гэж үзэж байна. Яагаад гэхээр танайх төлөх ёсгүй хангагч байгууллага мөн бол яагаад 2018, 2019 онуудад 2 сая метр3–ыг нь тайлагнаад төлөөд яваад байгаа юм? энэ нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг үгүйсгэж байна гэж ойлгогдож байна. Хангагч байгууллага нь ус ашиглалтын төлбөр төлөх ёсгүй гэж үзэж байх шиг байна. Нийт хүлээж авсан 4 сая метр3 усаа тэр дүнгээр нь татварын албанд тайлагнаж төлөх ёстой. Гэтэл 5 хүнд нийлүүлсэн усныхаа 2-ыг нь төлж тайлагнаад 3-аас нь авч чадахгүй гэсэн тайлбар хийж байгаатай агаар нэг. Авч чадахгүй байгаа үлдэгдэл усаа алдагдал гэж тайлбарлаж байгаа нь байгалийн нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Танайхыг заавал орлого олсон байхыг шаардахгүй. 4 сая метр3 ус хүлээн авсан түүнийхээ төлбөрийг төлөх үүрэгтэй. Хэрэглэгчдээсээ аваад, энэ үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байгаа нь төлбөрөө бүрэн төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Орлого болоогүй устай холбоотой хариу тайлбарыг хийлээ. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нилээд дэлгэрэнгүй гаргаж өгсөн байна. Энэ дээр хууль зүйн тайлбар, няцаалтыг хийе.

Нэхэмжлэгч байгууллага нь 79 хувийн маш өндөр эрсдэлтэй  байгууллага байсан учраас эрсдэлийн удирдлагын  газраас систем дээр жагсаалтыг үүсгээд томилолтыг шууд татварын албанд хүргүүлдэг. “Э” ОНӨХК нь ОАТХ-тэй харьцдаг учраас ОАТХ-т хүргүүлсэн. Жагсаалтад дурдсан 17 аж ахуйн нэгжээс “Э” ОНӨХК нь 79 хувийн эрсдэлтэй байсан. Тиймээс хяналт шалгалтыг хийсэн байдаг. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу эрсдэлгүй аж ахуйн нэгжид хяналт шалгалтыг хийсэн нь хориглосон заалтыг зөрчиж хяналт шалгалт хийсэн гэсэн тайлбарыг хийж байгаа. Энэ нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл танайх эрсдэлтэй, эрсдэлгүй гэдгийг шийдэхгүй, ТУБ ч шийдэх боломжгүй. Систем дээр эрсдэлийн үнэлгээг гаргаж ирдэг. Хэдэн хувийн үнэлгээтэй вэ? гэсэн тоон дүнг хүний оролцоогүй гаргаж ирдэг. Хэдэн хувь байвал үндэслэлгүй вэ? гэдгийг 2019 оны Сангийн сайдын 305 дугаар журмаар зохицуулсан байгаа. 1-50% хүртэл байвал  эрсдэлгүй, 50 хувиас дээш буюу 75 хувь байвал дундаж гэсэн үнэлгээг журмаар зохицуулсан учраас хяналт шалгалтыг хийсэн байдаг. Хоёрдугаарт: ашиглаагүй ус, орлого олоогүй усны талаар тайлбар хийсэн. Татварын алба татварын хууль тогтоомжид хяналт тавина,  Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ус ашигласны төлбөрийн талаар нарийн зохицуулсан зохицуулалт байгаа юм. Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно гэсэн байгаа. Энэ зохицуулалтын дагуу ТУБ- хяналт шалгалтыг хийх эрхтэй байгаа. Нийт тоолуурын хэмжээнд авсан усны төлбөрийг төлөх үүрэг нь танайд байгаа. Хэрэглэгчдээс нийлүүлсэн усны төлбөрийг хураан авч, төвлөрүүлэн татварын албанд төлж тайлагнах үүрэг нь байгаа. Танайхаас ус хүлээж авч байгаа бүх байгууллага тоолууртай болоогүй, тоолуурын заалтыг бичиж авдаг тоолуурын байцаагч чинь үнэн, зөв бичиж авдаг уу? гэх нөхцөл байдлаас шалтгаалж алдагдал болоод байна. Энэ үйлдлээ алдагдал болсон гэж тайлбарлаад төлбөр хураамж төлөхгүй байгаа чинь татвараас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Дөрөвдүгээрт: нөхөн ногдуулалтын актыг тавихад Зөрчлийн тухай хуулийг барьсан, Татварын ерөнхий хуульд зааснаар шийтгэлийн хуудсыг бичих ёстой байсан гэж байна. Мөн Зөрчлийн тухай хуульд байхгүй зүйл заалтыг хэрэглэж хариуцлага оногдуулсан гэж байна. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд татварын хууль тогтоомж зөрчих гэсэн нэг бүлэг заалт байгаа. Цэг, таслалыг хэрэглээгүй бичсэн нь хуульд байхгүй зүйл заалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ нь акт хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль бий. Энэ хяналт шалгалтын хугацаа 2017-2019 оны хоорондох хугацааг хамарсан байгаа.

 Шинэ Татварын ерөнхий хууль нь 2020 оны 01 сараас эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Хяналт шалгалтын хугацаа 2020 оны 12  сараас эхлэж шалгасан байдаг. 2017-2019 оны зөрчлүүдийг 2020 онд мөрдөгдөж эхэлсэн хууль тогтоомжоор шийдвэрлэх боломжгүй учраас хуулийг буцаан хэрэглэж байгаа асуудал юм. Буцаан хэрэглэх гэдэг нь тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн заалтыг хэрэглэнэ гэсэн үг юм. Хуучин хууль нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан руу орсон байгаа юм. Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд тодорхой заасан байгаа. ТУБ шинэ, хуучин хуулийг хэрэглэсэн байгаа. Энэ нь актын хавсралт дээр тодорхой байгаа. Актын хавсралтад шинэ хуулийг хэрэглэвэл татвар төлөгчийн эрх зүйн байдал дордохоор байна, өөрөөр хэлбэл шинэ хуулийг хэрэглэвэл хууль, тогтоомжийнхоо хүрээнд 234 сая төгрөгийн нөхөн татвар тавигдах байсан. Хуучин хуулийг хэрэглэхээр торгууль, алданги бага гарч байсан. Татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн ба Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг баримтлаад 199 сая төгрөгийн торгууль, алдангийг тогтоосон байгаа. Хуучин хуулиа буцаан хэрэглэсэн 74 дүгээр зүйлийн 74.1 нь торгууль оногдуулах заалт байхад 74.1-ийг бариад 20 хувийн алданги тооцож байгаа нь үндэслэлгүй, алдангийн заалтаар торгууль тавьсан гэж тавдугаарт бичсэн байна. Хуулийн шинэчлэлт, нэмэлт өөрчлөлтийг нэхэмжлэгч тал анзаараагүй байна гэж үзэж байна. Хуучин Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д 30 хүртэл хувиар торгууль оногдуулна гэсэн заалт байсан. 2008 оны энэ хуульд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэмэлт өөрчлөлт ороод ...алданги тооцох бөгөөд алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын хэмжээний 20 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт орсон учраас 20 хувиар тооцсон юм. Хяналт шалгалтын явцад  Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээгээд шалгаж тогтоох ёстой байсан гэсэн байна. Үүнд: Хяналт шалгалт 2020 онд эхэлсэн. Татварын тухай хуулиар хяналт шалгалтыг хийж байхад ямар нэгэн зөрчил илрээгүй. Одоо мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлүүд илэрсэн тохиолдолд хяналт, шалгалтаас тусдаа зөрчлийн хэрэг нээгээд зөрчлийн хэрэг үүсгэж шалгаж тогтоох асуудал яригдана. Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар хуулийг буцаан хэрэглэх зохицуулалтын дагуу хяналт шалгалтыг хийсэн.  Энэ хяналт шалгалтын явцад одоо мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдэгдсэн гэж үзэж болохгүй. Долоодугаарт: актаар тогтоосон төлбөрийг төлж барагдуулах этгээд нь тодорхойгүй буюу Захиргааны ерөнхий хуульд заасан тодорхой байх зарчмыг зөрчсөн гэсэн тайлбар гаргасан. Энэ хяналт шалгалт нь “Э” ОНӨХК-тай холбоотой хяналт шалгалт. Энэ хяналт шалгалтад хэд хэдэн аж ахуйн нэгж хамрагдаад явж байсан бол хэн нь төлөх нь тодорхойгүй нөхцөл байдал байх байсан. Нэг этгээдэд чиглэсэн буюу “Э” ОНӨХК-ийн үйл ажиллагааг шалгаад баримт материалаа авч ирээд өгч байгаа тохиолдолд нэр дурдаагүй гэж төлбөрөөс зайлсхийх үндэслэл болохгүй. “Э” ОНӨХК-д 202 сая төгрөгийн акт тавигдсан, төлөх үүрэг нь энэ шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжид  автоматаар үүснэ. Тиймээс акт эрх зүйн үндэслэлийг хангаагүй гэж үзэхгүй.

 Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар “унд, ахуйн хэрэглээний усны төлбөрийг төлбөрөөс чөлөөлөх” заалтад орсон гэж байна. Үүнд тухайн актын хавсралтыг хараагүй юм уу гэж хэлмээр байна. Байцаагч танай алдагдлыг 54 хувиар тооцсон байгаа. 2 сая м3 уснаас  дахин 25 хувийн алдагдал тооцчихсон. Алдагдал тооцож хассан дүнгээсээ Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар унд ахуйн хэрэглээний буюу 2017 оны аж ахуйн нэгжийн төлж тайлагнасан дүнг хасч, үүнээс чөлөөлөгдсөн дүнг хасаж тооцсон байгаа. Чөлөөлөгдөхөөр заасан төлбөрт акт тавигдсан асуудал байхгүй. Усныхаа алдагдлыг газрын төлбөрт бартер хийсэн, тиймээс төлбөр төлөхгүй гэж хэлж байна. Санхүү татварын тайлан буюу данс бүртгэл дээр танайд  4 сая метр3 ус нийлүүлсэн. Энэ усны төлбөрийг төлж тайлагнах үүрэг нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон Татварын ерөнхий хуульд заасан байна. Тухайн алдагдлаа “Э” ТӨҮГ юмуу Орхон аймгийн ЗДТГ, Газрын албатай ямар харилцаанд орж тооцоо нийлж байсан асуудал нь татвар ногдуулж байгаа энэ асуудалд хамааралгүй. Хамгийн сүүлд акт өөрөө эрх зүйн зөрчилтэй учраас хүчингүй болгох ёстой гэсэн байна. Захиргааны хэргийн шүүх нь хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд актын хууль зүйн үндэслэлийг харж дүгнэлт өгөхөөр байгаа. Нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл, тайлбар нь үндэслэлгүй болох нь гаргасан тайлбар, нотлох баримтаар нотлогдож няцаагдаж байгаа учраас акт хууль зүйн үндэслэлтэй. Актыг хүчингүй болгох үндэслэл материаллаг хуулийг зөрчсөн байхыг шаардаж байна. Материаллаг хуулийн ямар заалтыг зөрчсөн бэ? гэдэг үндэслэлээ нэхэмжлэгч талаас гаргаж тавиагүй. Өөрөөр хэлбэл энэ хуулийн дагуу төлбөр тавих үндэслэлгүй байсан гэдэг тайлбараа тавих ёстой байсан. Гэтэл Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасны дагуу та төлбөр төлөгч байна гэсэн зохицуулалтын дагуу байцаагч акт тавьсан. Актыг тавихдаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн. Тооцооны талаар ямар нэгэн нарийвчилсан маргаан байхгүй байгаа. Алданги, торгуулийн хувьд хууль зүйн талаас тайлбарласан. Акт хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч талаас актыг хүчингүй гэсэн 12 үндэслэлийг хэлж байгаа боловч энэ үндэслэлүүд нь хууль зүйн талаас няцаагдаж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, актыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

Гэрч Ц.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Шугамын алдагдал гэдэг нь их том асуудал юм. Манай байгууллага зөвхөн шугам ашиглагч байгууллага. Бид нар усыг барьж чаддаггүй, зөвхөн шугам хоолойгоор дамжуулаад хэрэглэгч нарт түгээдэг. Тэрнээс усыг өнгөтэй, өнгөгүй, шингэн юм уу хатуу юм уу гэдгийг үздэггүй. Тиймээс бид шугам сүлжээ хариуцдаг байгууллага юм гэдгээ илэрхийлж байна. Жишээ нь шүүх гэхэд манай байгууллагаас шугамаар холбогдож усаа авдаг. Харин усны алдагдал нь манай байгууллагад оногддог юм. Ямар ч аж ахуйн нэгж байсан байшин барихдаа ямар нэг шугамаас татаад  авдаг. Энэ шугамны алдагдал нь манай байгууллага дээр ирдэг. Яагаад гэвэл манай байгууллага ус шахагч байгууллага, хичнээн тонн ус явж байна гэдгийг хэмжих нэгж нь дотроо байдаг. Хүн хэрэглэгч учраас крантнаас ус гоожуулж нүүр гараа угаагаад байгалийн нөөц ашигласны төлбөрөө төлдөг. Харин энэ хэрэглэгчийн шугамын усны алдагдлыг хангагч байгууллага манайх төлнө. Усны үнийг зохицуулж батлахдаа энэ алдагдлыг нь оруулдаггүй, зөвхөн байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулж гаргадаг. Орлого болоогүй, алдагдал ус  нь “Э” ТӨҮГ, манай байгууллага хоёрын хоорондох тооцоо юм. Алдаж байгаа усны алдагдлыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гаргадаг. Энэ тал дээр татвар тооцсон жишээ Монгол улсад байхгүй. Хамгийн дээд тал нь 72 хувийн усны алдагдалтай аймаг ч байдаг” гэв. 

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ОНӨХК нь ОАТХ-ийн ТУБ М.Ц, Х.Б, Д.Б, БАТХ-ийн ТУБ Т.Н нарт холбогдуулан  “ОАТХ-ийн ТУБ-дын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-20210000001 тоот актаас 134,848,821.91 төгрөгийн нөхөн төлбөр, 40,454,646.58 төгрөгийн торгууль, 24,584,238.78 төгрөгийн алданги, нийт 199,887,707.28 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсч,  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

Шүүхээс, нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хуульд заасан хугацаанд биелүүлсэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул дараах үндэслэлүүдийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

1. Нэхэмжлэгч талаас “...2000-2020 оны хооронд 23,779,568,666.0 төгрөгийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Э” ТӨҮГ-ын хооронд байгуулсан “Газрын төлбөрийн гэрээ”-ний дагуу газрын төлбөрөөс тус тус хааж /тэглэсэн/ тооцсон, ... орлого болоогүй ус /усны алдагдал/-ны төлбөр нь манай байгууллагад ямар нэгэн байдлаар орлого болж орж ирээгүй, балансад авлага, өглөгөөр бүртгэдэг. Иймд ТУБ-дын маргаан бүхий актаас  усны төлбөрт ногдуулсан 134,848,821.91 төгрөгийн нөхөн төлбөр, 40,454,646.58 төгрөгийн торгууль, 24,584,238.78 төгрөгийн алданги, нийт 199,887,707.28 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэж,

2. Хариуцагч талаас: “... Э ТӨҮГ-аас авсан усыг хэрэглэгчдэд алдагдалтай /усны тоолуурын асуудалтай айл өрх, аж ахуйн нэгжийн/-аар нийлүүлсэн “Э” ОНӨХК-ийн буруутай үйл ажиллагаа нь “Э” ТӨҮГ-аас тоолуурын заалтаар нийлүүлсэн байгалийн нөөц буюу усыг ашиглаагүй гэж үзэх, тоолуурын заалтаар нийлүүлсэн усны төлбөрийг чөлөөлөх, төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй. Иймд хариуцагчийн зүгээс алдагдал гэх усанд төлбөр төлөх ёстой ...” гэж тус тус маргасан.

3. Хариуцагч болох ТУБ-д нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-20210000001 тоот нөхөн ногдуулалтын актаар[2] “Э” ОНӨХК-ийн 2017.01.01-ээс 2019.12.31-ний өдрийг дуустлах хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, №20201204091 тоот томилолтоор иж бүрэн шалгалтыг /хувь хүн, хуулийн этгээдээс амаар болон бичгээр ирүүлсэн мэдээлэл, хүсэлт, өргөдөл, гомдлын дагуу/ 2021.12.21-ний өдрөөс 2021.03.23-ны өдрийг хүртэл хийж, ус ашигласны  төлбөрөө 2017 онд 49,703,297.56, 2018 онд 42,886,435.05, 2019 онд 42,259,089.30 төгрөгийг тус тус дутуу төлсөн гэж үзэж, 134,848,821.91 төгрөгийн нөхөн татвар, 40,454,646.58 төгрөгийн торгууль, 24,584,238.78 төгрөгийн алданги, нийт 199,887,707.28 төгрөгийн төлбөр ногдуулсан ба татварын хяналт шалгалтын хугацаан дахь /2017-2019 он/ усны алдагдлын тооцоолол дээр хэргийн оролцогчдын хэн аль нь маргаагүй.

4. Хариуцагч Т.Н шүүх хуралдаанд “... “Э” ОНӨХК-ийн 2017-2019 оны санхүүгийн баримтад татварын хяналт шалгалт хийхдээ тухайн үед мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн  74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар татварыг нөхөн төлүүлж, торгууль ногдуулсан. Ингэхдээ нэхэмжлэгч компаний эрх зүйн байдлыг  дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн. Энэ нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасантай нийцсэн...гэж тайлбарласан.

5. Усны алдагдлыг  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №18 тоот “Ус ашиглуулах дүгнэлт”[3], Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Тодруулга хүргүүлэх тухай” №01/517 тоот албан бичигт “... Орхон аймгийн орлого болоогүй усны судалгаа 53-53,35 хувьтай” гарч байсан судалгаа[4] хавтаст хэрэгт авагдсан.

6. Маргаан бүхий татварын хяналт шалгалтыг хийхдээ 2017-2019 онд “Э” ТӨҮГ-аас “Э” ОНӨХК-д хүлээлгэн өгсөн уснаас /хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээ/ 25 хувь усыг алдагдалд тооцон хасч, үлдэх усны төлбөрт 134,848,821.91 төгрөг,  түүнд ногдох 40,454,646.58 төгрөгийн торгууль, 24,584,238.78 төгрөгийн алданги, нийт 199,887,707.28  төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр  ногдуулсан байна.

7. “Э” ТӨҮГ-ын Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал мөн Ерөнхий нягтлан бодогч, Орхон аймгийн Засаг даргын орлогч,  аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын 2017 оны 01 дүгээр сарын 09, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн уулзалтын  “Протокол”[5]-ууд болон “Э” ТӨҮГ, Орхон аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 25,  2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашигласны төлбөрийн гэрээ”[6]-нд  “Э” ТӨҮГ-аас 2017 онд  газрын төлбөрт төлөх 9,978,305,000.0 төгрөгөөс Эрдэнэт хотын оршин суугчдын ундны усны үнийн зөрүүгээс “Э” ОНӨХК-нд үүссэн усны алдагдалд 2,012,762,917.0 /Хоёр тэрбум арван хоёр сая долоон зуун жаран хоёр мянга ёсөн зуун арван долоон төг/ төгрөг, 2018 онд төлөх 9,978,305,000.0 төгрөгөөс 1,000,000,000.0 /нэг тэрбум төг/ төгрөгийг тус тус суутгахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ талаарх шийдвэрүүд хүчинтэй байна.

 8. Хариуцагчаас шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хяналт шалгалтын явцад нэхэмжлэлд дурдсан нотлох баримтыг гаргаж өгөөгүй, ямар үндэслэлээр усны алдагдлыг хаасан, үүнтэй холбоотой шийдвэрүүд гарсан нь тодорхойгүй”[7] гэсэн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Татварын алба татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай магадлагаа, баримтын хуулбар, мэдээ, судалгаа, дансны хуулга, холбогдох бусад баримт бичиг, мэдээллийг татвар төлөгч, түүнтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авна гэснийг хэрэгжүүлээгүй, татварын хяналт шалгалтад шаардлагатай, түүнд холбогдолтой баримтуудыг холбогдох газраас гарган авах үүргээ биелүүлээгүй нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “тодорхой байх” зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

9. Мөн хариуцагч талаас: “...эрсдэлийн үнэлгээ 79 хувьтай, эрсдэлд суурилсан  үндэслэлээр татварын хяналт шалгалтыг хийсэн” гэх боловч хэрэгт авагдсан ТХ-ээс олгосон 202012040911 тоот томилолт[8], ОАТА-ны 2020 оны 12 сарын татварын хяналт шалгалтын хуваарь зэргээс үзэхэд “хувь хүн, хуулийн этгээдээс амаар болон бичгээр ирүүлсэн мэдээлэл, хүсэлт, өргөдөл, гомдлоор” шалгасан /татварын хяналт шалгалтын төрөл нь/ байх тул энэ нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.11-т “Татварын алба, ТУБ хяналт шалгалт хийхдээ дараах ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглоно”, 41.11.1-т: “энэ хуулийн 41.4 /Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана/-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийх” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

10. Тодруулбал, татварын алба нь зөвхөн эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгахаар  хуульчилсан.

11. Хариуцагч Т.Н нь шүүх хуралдаанд “...Миний бие 2005 оноос эхлээд БАТХ-т өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тухайн татвар төлөгч маань ус, рашаан ашиглах талаар манай аймагт бүртгэлтэй, энэ талаар 2017-2019 оны татварын ногдуулалт, төлөвлөлтийн байдлыг үнэн зөв тодорхойлсон байна уу? гэдгийг шалгасан. ОАТХ-ээс хяналт шалгалт хийх бүрэлдэхүүнд намайг томилсон байдаг. Хяналт шалгалтын хугацаанд ирж шалгалтын бүрэлдэхүүнд ажилласан. Томилолт, удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийсэн...” гэж тайлбарласан.

12. Түүнчлэн, ОАТХ-ээс БАТХ-ийн ТУБ Т.Н-т татварын хяналт шалгалт хийх томилолт[9] олгож байгаа үйлдэл нь татварын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий газрын даргын 2019 оны  А/264 тоот тушаалаар баталсан хавсралт /Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам/-ын Гуравын 3.6-д “татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх бөгөөд энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалт хийх томилолтыг тухайн албаны хяналт шалгалтын чиг үүрэг бүхий нэгжийн дарга олгоно” гэснийг зөрчсөн, өөрөөр хэлбэл БАТХ-ийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргаас томилолт олгоогүй нь ТУБ Т.Н-ийг томилолтгүйгээр  татварын хяналт шалгалтыг хийсэн гэж үзэхээр байна.

13. Энэ нь Татварын ерөнхий хуулийн /2020 он/-ийн 41 дүгээр зүйлийн 41.2-т: “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

14. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д “албан татвар” гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг”6.1.36"төлбөр" гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг”,  Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т: “Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түүнийг төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 6 дугаар зүйлийн 6.1-т: “Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна”, 6.1.1-т: “хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус”,  10 дугаар зүйлийн 10.1-т “Усны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлно”, 10.1.1-т: “усан цахилгаан станц, усан замын тээвэр, усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх, аялал зугаалга, биеийн тамир зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус, усан орчин ашигласан тохиолдолд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс” гэж тус тус заажээ.

15. Дээрх хуулийн заалтуудаас дүгнэхэд “Э” ТӨҮГ-аас “Э” ОНӨХК-ийн 2017-2019 онд хүлээн авсан ус нь 100 хувь ашиг олоогүй, хариуцагч нараас “...2017 онд 49,703,297.56, 2018 онд 42,886,435.05, 2019 онд 42,259,089.30 төгрөгийн алдагдал ус гаргасан, үүндээ төлбөр төлөх ёстой...” гэж тооцсон боловч дээрх алдагдал ус нь “Э” ОНӨХК-ийн борлуулалтын орлогод ороогүй тул нөхөн төлбөр ногдуулж, акт тогтоож байгаа нь үндэслэлгүй юм.

16. Хариуцагч /захиргааны байгууллага/ нь маргаан бүхий захиргааны акт /үйл ажиллагаандаа/-ыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “хуульд үндэслэх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” дахь хэсэгт заасан  үндсэн зарчмыг баримтлах үүрэгтэй.

17. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ОАТХ-ийн татварын хяналт шалгалтын тасгийн ТУБ-дын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 тоот “Нөхөн ногдуулалтын акт”-аас усны алдагдалд тооцсон 134,848,821.91 төгрөгийн нөхөн төлбөр, 40,454,646.58 төгрөгийн торгууль, 24,584,238.78 төгрөгийн алданги, нийт 199,887,707.28 төгрөгийн төлбөрийг “Э” ОНӨХК-д ногдуулсан хэсгийг  хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

18.Маргаан бүхий акт нь ОАТХ-[10]-ээс гарсан, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг ОАТХ-ийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс биелүүлсэн тул шүүхийн харьяалал зөрчөөгүй гэж үзсэн болохыг дурьдвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 106.4 дэх хэсэгт  заасныг  тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 6 дугаар зүйлийн 6.1.5, 6.1.36, 41 дүгээр зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.11.1, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  “Э” ОНӨХК-ийн ОАТХ-ийн ТУБ М.Ц, Х.Б, Д.Б, БАТХ-ийн ТУБ Т.Н нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ОАТХ-ийн ТУБ-дын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА-20210000001 тоот актаас усны алдагдалд тооцсон 134,848,821.91 төгрөгийн нөхөн төлбөр, 40,454,646.58 төгрөгийн торгууль, 24,584,238.78 төгрөгийн алданги, нийт 199,887,707.28 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАТХ-ийн санхүүгээс 70200 төгрөг, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1,087,188.50 төгрөгийг /Нэг сая наян долоон мянга нэг зуун наян найман төгрөг тавин мөнгө/-ийг орон нутгийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

   

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.САРАНГЭРЭЛ

                                                                                                                           

 

[1] Энэхүү “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийлүүлсэн усны хэмжээн дээр маргаагүй. Гагцхүү Эрдэнэт үйлдвэрээс авсан ус буюу байгалийн нөөцийг цааш хэрэглэгчдэд алдагдалтайгаар нийлүүлснийг алдагдал, ашиглаагүй ус гэж байгаа нь төлбөр төлөхгүй байх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд алдагдалтайгаар нийлүүлсэн нь усыг ашиглаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

[2] 1 дэх ХХ-ийн 7-12 дугаар тал

[3] 1 дэх ХХ-ийн 88-93 дугаар тал

[4] 1 дэх ХХ-ийн 201 хуудас, мөн ар тал

[5] 1 дэх ХХ-ийн 179, 185 дугаар тал

[6]  1 дэх ХХ-ийн 181, 182, 187-189 дугаар тал

[7] 1 дэх ХХ-ийн 39 дүгээр тал

[8] 2 дахь ХХ-ийн 28, 78-80 дугаар тал

[9] 2 дахь ХХ-ийн 28-31 тал

[10] 1 дэх ХХ-ийн 7-12 дугаар тал