Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 924

 

 

 

 

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2019/00924

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Ч-д холбогдох,

 

133,040,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, Б, хариуцагч Ч, хариуцагчийн болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж өмгөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Чтай зээлийн гэрээ байгуулж, 100,000,000.00 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

 

            Талууд энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Чын өмчлөлийн *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах 76 м.кв талбайтай ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн өмчлөлийн *******,*******,, тоот хаягт байрлах 431 м.кв талбайтай тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн тус хаягт байрлах 324 м.кв талбайтай тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууцыг барьцаалсан юм.

 

            Хариуцагч тал 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,500,000.00 төгрөг төлснөөс хойш огт зээлийг төлөөгүй. Өнөөдрийн байдлаар буюу 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 100,000,000.00 төгрөг, зээлийн хүү 30,450,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,590,000.00 төгрөг, нийт 133,040,000.00 төгрөгийг нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж байна.

 

Бид, хариуцагчтай удаа дараа утсаар холбогдож, сар бүр тогтмол төлөх ёстой зээлийг төлөх талаар сануулж, шаардаж байсан боловч тэрээр үүргээ биелүүлээгүй, эдийн засгийн нөхцөл байдлаас болж эрхэлж буй бизнес нь асуудалтай байгаа гэж тайлбарладаг ч үүнийг баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, хариуцагчаас 133,040,000.00 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Бид, зээлийг хүлээн авсан болон 3,500,000.00 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргахгүй. Нэхэмжлэгч тал өнгөрсөн хугацаанд надад зээлийг төлөх талаар утсаар мэдэгдэж байсан.

 

Гэвч Иргэний хуулийн 224, 225, 226 дугаар зүйлд гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах талаар зохицуулсан байхад нэхэмжлэгч нь урьдчилан мэдэгдэхгүйгээр нэмэлт хугацаа тогтоож өгөхгүй шууд шүүхэд хандсан байна. Талууд зээлийн гэрээг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан ба одоо хугацаанаас нь өмнө цуцлах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Миний бие уг 100,000,000.00 төгрөгийг барилгын салбарт хөрөнгө оруулалт хийсэн хэдий ч эдийн засгийн нөхцөл байдлаас болж үйл ажиллагаа нь түр зогсон. Гэвч одоо удахгүй барилгын ажил эхлэх тул мөнгийг төлж барагдуулах боломжтой болно.

 

Бид, утсаар ярьсан гэдгийг нэмэлт хугацаа тогтоосон, гэрээ цуцлах саналыг бичгээр хүргүүлсэн гэж үзэхүй, хариуцагч нь өөрөө хуульч биш учраас гэрээний заалтыг сайн мэдэхгүй, ойлгоогүй байна.

 

Иймд, өмнөх тайлбараа дэмжиж байх тул зээлийн гэрээний харилцааг үргэлжлүүлж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Д ХХК-иас хариуцагч Чд  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 133,040,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба тус хэрэгт шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 9,940,022.00 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээл 100,000,000.00 төгрөг, зээлийн хүү 21,256,666.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 560,000.00 төгрөг, нийт 121,816.666.00 төгрөгийг зээлийн гэрээг цуцлах үндэслэлтэй гэж нэхэмжилсэн бол 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 11,223,334.00 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээл 100,000,000.00 төгрөг, хүү 30,450,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,590,000.00 төгрөг, нийт 133,040,000.00 төгрөгийг нэхэмжилсэн /х.х-ийн 37, 38, 44, 104, 105, 111 хуудас/.

 

Мөн талуудын хүсэлтээр тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2019/01618 тоот захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр А-г оролцуулсан ба тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхэд татгалзахгүй гэжээ /х.х-ийн 79-81, 85, 86, 117 хуудас/.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус компаниас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д ХХК болон хариуцагч Ч нар 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 100,000,000.00 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон байна /х.х-ийн 7, 8 хуудас/.

 

 Түүнчлэн талууд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч Чын өмчлөлийн *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 76 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А-ийн өмчлөлийн *******,*******,, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 431 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн тус хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв талбайтай хувийн орон сууцыг тус тус барьцаалсан байна /х.х-ийн 9-13, 19, 20, 21 хуудас/.

 

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д “банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг” хэлнэ гэж заажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д тус тус зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 62-64 хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8.-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ................” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2.-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч талд төрийн эрх бүхий байгууллагаас банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрчээ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д ХХК-иас хариуцагч Чд гэрээний зүйл болох 100,000,000.00 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн байна /х.х-ийн 65 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсан тооцно” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч тал 100,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгчээ.

 

            Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

 

Энэхүү гэрээний дагуу хариуцагч Ч 100,000,000.00 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ашиглаж, зээлийн хүүнд нийт 50,285,891.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Тодруулбал, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар хариуцагч тал 24 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр үндсэн зээл болон зээлийн хүүнд 6,262,305.00 төгрөгийг тогтмол төлсөөр 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийг бүрэн төлж дуусгахаар тохирчээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар зээлдэгч буюу хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ ямар нэгэн зөрчилгүйгээр гүйцэтгэсэн тохиолдолд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 14,465,539.00 төгрөг, зээлийн хүүнд 16,845,989.00 төгрөг, нийт 31,311,528.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн бол нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан өдөр болох 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 28,220,651.00 төгрөг, зээлийн хүүнд 28,140,094.00 төгрөг, нийт 56,360,745.00 төгрөгийг төлөх ёстой байжээ /х.х-ийн 8 хуудас/.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тайлбарлавал зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн талууд заавал үүргээ гүйцэтгэх ёстой ба хариуцагч нь зээлийг хуваарьт заасан хэмжээгээр хугацаандаа тогтмол төлөх үүргээ биелүүлэх ёстой.

 

Гэтэл хариуцагч Ч сар бүрийн 25-ны өдөр үндсэн зээл болон зээлийн хүүнд 6,262,305.00 төгрөгийг төлөх ёстой байтал 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,500,000.00 төгрөгийг л төлсөн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зээлийг авч ашигласан өдрөөс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж эхэлсэн талаар зохигчид маргаагүй ба хариуцагчийн төлсөн 3,500,000.00 төгрөгийг зээлийн хүүнд суутгажээ /х.х-ийг 66 хуудас/.

 

Нэхэмжлэгч Д ХХК-иас хариуцагч Чтай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 100,000,000.00 төгрөг, хүү 30,450,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,590,000.00 төгрөг, нийт 133,040,000.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д “....................... . Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж заасан.

 

Нэг талаас зээлдүүлэгч этгээд зээлдэгч буюу хариуцагчид хэрэгтэй байсан мөнгийг зээлдүүлсэн, нөгөө талаас зээлдэгч тал үүний хариуд үнийг нь буюу зээлийн хүүг зохих ёсоор төлж буй тохиолдолд энэ харилцаанаас зохигчид харилцан ашигтай байна гэж үзэх тул гэрээг хугацаанаас нь өмнөх цуцлах шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ч өөрийнхөө бизнест хэрэгтэй байсан 100,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Д ХХК-иас зээлснээр санхүүжилт шаардлагатай зүйлдээ зориулан захиран зарцуулж, үр шимийн хүртсэн бол зээлдүүлэгч ч мөн адил өгсөн зээлийнхээ хүүг авч байх нь гэрээний зорилгод нийцнэ.

 

Гэтэл нэхэмжлэгч тал 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 28,220,651.00 төгрөг, зээлийн хүүнд 28,140,094.00 төгрөгийг авах ёстой байтал зөвхөн 3,500,000.00 төгрөгийг авсан байх тул зээлдүүлэгчийн хувьд 100,000,000.00 төгрөгийг зээлдүүлсний хувьд өнөөдрийг хүртэлх хугацаанд авч чадаагүй байгаа үндсэн зээл болон түүнд ногдох зээлийн хүүгээр хохирч байгааг илэрхийлж байна. 

 

Зохигчдын байгуулсан гэрээний хугацаа, эргэн төлөлтийн хуваариас үзвэл ту гэрээ нь хиймэгц биелэх бус, харин урт хугацааны туршид үргэлжлэх гэрээнд хамаарах учраас Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.-д “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж буюу цуцлах”, мөн 221.3.-д “гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал 219.3, 225.2.-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцлаж болно” гэж заасныг харгалзах ёстой.

 

Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал тус хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3.-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлаж болох ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заасан.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Д ХХК-иас хариуцагч Чд өнгөрсөн хугацаанд зээлийг төлөхийг удаа дараа утсаар мэдэгдэж байсан хэдий ч тэрээр үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх үүргээ гүйцэтгэдэггүй, сар бүрийн 25-ны өдөр төлөх ёстой 6,262,305.00 төгрөгийг төлөх нэмэлт хугацааг ийнхүү 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд олгосоор ирсэн боловч ямар нэгэн төлөлт хийгээгүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахгүй байх зохицуулалттай. Гэвч үүргийг ялимгүй зөрчих гэдэг нь хоёр талын гэрээнд нөгөө талын эрх ашгийг илт хохироосон байж болохгүйгээс гадна зөрчигдсөн үүргийг хожим биелүүлж, цаашид зохих ёсоор хэвийн үргэлжлэх боломжтой байх учиртай. Өөрөөр хэлбэл, хэрэв хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой хэмжээнд зөрчсөн ч тэр нь нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй тохиолдолд гэрээг цуцлахгүй байж болно.

 

Гэтэл хариуцагч Ч нь ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлснээр нэхэмжлэгч Д ХХК-ийн хувьд олгосон зээлийнхээ үр шимийг хүртэхгүй өнөөдрийг хүрсэн ба зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн хэвээр байна.

 

Нөгөө талаар тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан. Тодруулбал, хариуцагч Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийг буцаан төлөхгүй байх шалтгааныг эдийн засгийн хямралтай холбоотой гэсэн. Гэвч түүний эрхэлж байгаа ямар төрлийн бизнес нь эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан зогсонги байдалд орсон болох нь тодорхойгүй, төлөөгүй буюу хуримтлагдсан зээлийг төлөөд хуваарийн дагуу цаашид хэвийн төлнө гэсэн боловч үүнийгээ баримтаар нотлохгүй байна.

   

Мөн хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “надад зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах мэдэгдлийг бичгээр өгөөгүй” гэсэн боловч түүнд зээлийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан үйл баримтыг үгүйсгээгүй ба ийнхүү мэдэгдсэн эсэхээс үл хамаарч тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биелүүлэх ёстой байсан. 

 

Иймд, зээлдүүлэгч нь зээлдэгчийг зээлийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, биелүүлэхийг мэдэгдсэн боловч тодорхой үр дүн гараагүй гэсэн үндэслэлээр цаашид гэрээний харилцааг үргэлжлүүлэхээс татгалзаж, цуцалж байгааг буруутгах үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-д “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заажээ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч тал 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,500,000.00 төгрөг төлсөн талаар маргаагүй ба хариуцагчийн төлбөл зохих зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тус тус тооцвол:

1/ Үндсэн хүү

 

  • Хариуцагчид олгосон 100,000,000.00 төгрөгөөс 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл буюу 3,500,000.00 төгрөг төлөх хүртэлх хугацааны хүү:

 

100,000,000x3.5%=3,500,000 /1 сарын хүү/, 3,500,000x12=42,000,000 /1 жилийн хүү/, 42,000,000:365=115,068.49 /1 өдрийн хүү/, 115,068.49x106хоног=12,197,259.94 төгрөг,

 

  • Хариуцагч тал 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,500,000.00 төгрөгийг төлсний дараагийн өдөр болох 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны хүү:

 

115,068.49x154=17,720,547.46 төгрөг, үүн дээр 12,197,259.94 төгрөгийн хүүг нэмэхэд нийт 29,917,807.04 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 3,500,000.00 төгрөгийг хасвал 26,417,807.04 төгрөг болж байна.

 

2/ Нэмэгдүүлсэн хүү

 

            Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.-т заасныг үзвэл талууд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг сарын сарын 0.7 хувь /3.2x20%=0.7/ гэж тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т заасантай нийцсэн байна.

 

            Тус зээлийн гэрээний хуваарьт зааснаар хариуцагч Ч нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 6,262,305.00 төгрөгийг төлөх ёстой байтал төлөөгүй, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл үндсэн зээлээс төлөлт хийгээгүй байх тул 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс нэмэгдүүлсэн хүүг тооцвол

 

100,000,000x0.7%=700,000 /1 сарын/, 700,000x12=8,400,000 /1 жилийн/, 8,400,000:365=23,013.69 төгрөг /1 өдрийн/, 23,013.69x231=5,316,162.39 төгрөг болж байна.

 

Гэвч нэхэмжлэгч Д ХХК-иас нэмэгдүүлсэн хүүнд 2,590,000.00 төгрөгийг нэхэмжилсэн байх тул хариуцагч Чаас үндсэн зээл 100,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 26,417,807.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,590,000.00 төгрөг, нийт 129,007,807.04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 4,032,192.96 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д ХХК-иас хариуцагч Чд холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1.-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан гэрээний барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Ч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна /х.х-ийн 19, 20, 21 хуудас/.  

 

Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” зааснаас гадна 166 дугаар зүйлийн 166.1.-д “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж тус тус заажээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул тухайн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй этгээд энэ талаар маргаагүй.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг тухай бүр шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй болно.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2.-т “Энэ хуулийн 41.1.-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг үндэслэн хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Чаас 129,007,807.04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,032,192.96 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах ******* тоот улсын бүртгэлийн дугаартай 76 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, *******,*******,, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 431 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн *******,*******,, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,172,964.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас3,189.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР