Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2021/0190/З |
Дугаар | 128/ШШ2021/0728 |
Огноо | 2021-11-04 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2021/0728
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П овгийн П.А //,
Нэхэмжлэгч: Х овгийн Д Д //,
Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид,
Хариуцагч: Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1.10 дахь заалтаар батлагдсан Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартай давхцуулан автозамын трасс төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лх, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч нар нь Банязүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 3 хэсэг гудамжны 1286, 1287, 1287а хаягтай 3325м.кв талбайтай газрыг 1993 оноос өнөөг хүртэл хашаалж, 2007 оны 01 дүгээр сараас өмчилсөн бөгөөд эдгээр өмчлөлийн газар дээрээ өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар үйлчилгээтэй орон сууцны барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж төлөвлүүлэхээр Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт хүсэлт гаргахад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо сургуулийн 3 хэсэг гудамжны 1286, 1287, 1287а хаягтай 18652310325532, 18652310337570, 18652310320555 дугаартай нэгж талбар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний авто замын трасс төлөвлөгдсөн байгаа тул барилга барих боломжгүй гэсэн хариуг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 07/4023 албан тоотоор ирүүлсэн тул энэхүү автозамын трассын талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас тодруулахад Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын гаргасан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу авто замын трасс татсан гэсэн хариуг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2/139 албан тоотоор ирүүлжээ.
Хот байгуулалтын тухай хууль болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын хавсралт журамд зааснаар ерөнхий төлөвлөгөөг хийхдээ иргэд, газар өмчлөгчөөс санал авна гэсэн байтал биднээс санал огт аваагүй, зөвшилцөөгүй болно. Иргэд бидний өмчлөлийн газар дээгүүр авто замыг өргөтгөж татахаар төлөвлөж, ажлын зураг гаргасан байхаас гадна ажлын зураг гаргасан байхаас гадна ажлын зураггүй салаа авто зам татахаар тус тус төлөвлөжээ. Гэтэл манай газраас 100м зайд Гачууртын зам гэх 2 урсгалтай салаа авто зам байдаг.
Өмчлөгчийн зөвшөөрөлгүй, санал авалгүйгээр өмчлөлийн газар дээгүүр төлөвлөсөн Гачууртын авто замаас шар хадны эцсийн зогсоол хүртэлх 4,27 км авто зам болон салаа авто замын трассуудын бидний өмчлөлийн газар дээгүүр татсан замын трассын хэсгүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүс, үйлдвэр 4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний өмчлөлийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ.
Уг өмчлөлийн газар дээгүүр авто замыг өргөтгөхөөр ажлын зураг гарсан байхаас гадна, ажлын зураггүй хөндлөн авто зам мөн төлөвлөгдсөн байна. Гэтэл уг авто замаас 100 метрийн зайд Гачуурт гэх 2 урсгалтай 20 алхам зайтай төв зам байсаар байтал иргэдийн өмчилж авсан газрыг давхцуулж, ямар ч үнэ төлбөргүйгээр авто зам төлөвлөснийг цуцалж өгнө үү. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 17 дугаар зүйлийн 17.1.1-д мөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг иргэдийн санаачлагыг тусган төлөвлөсөн байна гэж заасан байхад иргэдээс огт саналыг аваагүй. Иргэдийн өмчлөлийн газрыг ямар ч ашиглах аргагүй, ашиглагдах боломжгүй болгосон.
Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүврийн аргаар санал авсан гэж тайлбарлаж байна. Тухайн түүврийн аргаар авсан саналын хавтаст хэрэгт авагдсан баримтыг харахад тухайн санал авсан хуудас нь 10 асуулттай боловч хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх буюу тухайн зам, трасстай холбоотой нэг ч асуулт байхгүй. Тухайн асуудалтай холбоотой байж магадгүй зөвхөн 9 дүгээр асуулт байгаа юм. Тус 9 дүгээр асуултад Хэрэв таны газар дээр гэр хорооллыг дахин төлөвлөхөөр бол та ямар нөхцөлийг сонгох вэ? гэсэн асуултад түүврийн аргаар хариулсан иргэдийн ихэнх хувь нь Өөрийн газраа үнэлж худалдана гэсэн хариултыг сонгосон байна. Өөрийн газраа үнэлж худалдана гэдэг чинь энэ бол миний өмчлөлийн газар юм. Би өөрийн өмчлөлийн газрыг худалдах, зарах, ашиглах эсэх нь миний эрхийн асуудал юм гэсэн утгатай юм. Гэтэл хүний өмчлөлийн газарт хүн зөвшөөрөл авч ордог байтал төр нь иргэдийнхээ газрыг дээрэмдэж байгаа юм шиг саналыг нь түүврийн аргаар авсан нь хууль бус байна. Тухайн түүврийн аргаар авсан саналын хуудаст огноо огт байхгүй. Тухайн хуудсыг нөхөж хийсэн эсэхийг мэдэхгүй.
Хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тухайн асуудлаарх мэдээллийг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын сайтад тавигдсан гэж тайлбарлаж байна. Гэтэл тухайн сайт руу энгийн иргэн битгий хэл, барилгын салбарын ажилтан ч өдөр бүр ордоггүй сайтад байршуулан, танилцуулсан мэтээр тайлбарлаж байгаа нь хууль бус юм. Миний ойлгосноор тухайн маргаан бүхий тогтоолыг, ерөнхий төлөвлөгөөний зурагтай нь хамт тухайн сайтад байршуулсан байлаа гэж бодоход жирийн иргэн хүн тухайн мэдээллийг хараад манай газар дээгүүр зам тавьсан гэж ойлгохгүй.
Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Улиастайн авто замыг өргөсгөх нь тодорхой, харин туслах зам буюу ажлын зураггүй замын трассыг гаргасан болохоос биш дараа нь тухайн зам нь баригдахгүй байх магадлалтай гэж тайлбарлаж байна. Дараа нь тухайн зам баригдахгүй ч байж магадгүй гэж бид сэтгэл тайвшрах ямар ч боломжгүй юм. Тухайн замын трассыг баталсан учир хэзээ нэгэн цагт бид нарыг хохирооно гэсэн үг юм. Тухайн орчмын айлууд тухайн зам тавих асуудлыг огт мэдээгүй. Нэхэмжлэгч талаас барилга барих тухай хүсэлт гаргаснаар л мэдсэн болохоос тухайн орчмын айлууд өмчлөлийн газраа замын трассд орсныг мэдээгүй байгаа. Нэхэмжлэгч тал 63 дугаар тогтоолыг үгүйсгээгүй, гэхдээ шийдвэр гаргахаасаа өмнө энэ талаар бидэнд мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой, бид нарт нөхөн төлбөр олгох ёстой байсан. Тухайн замыг өргөсгөж болохгүй үргэлж нарийн зам байх ёстой гэж байгаа юм биш. Эхлээд иргэдээс, газар өмчлөгчөөс саналыг нь авч, ул суурьтай хандах ёстой байсан гэж үзэж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдийг төлөөлж буй байж иргэдтэйгээ харилцан зөвшөөрлийг авахгүй тухайн асуудалд яагаад ийм хайнга хандаж байгаа юм бэ? гэв.
Хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 3 дугаар хэсэг гудамжны 1286, 1287, 1287а хаягтай 3325 м.кв газар дээр барилга барих хүсэлтийг П.Амарболд, Д.Даваацэрэн нар гаргасан. Уг газар дээгүүр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 63 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-ний авто замын трасстай давхцсан тул барих боломжгүй талаар хариу хүргүүлсэн.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Хот байгуулалтын тухай хууль болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05/14 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны дүрэм-д аар иргэдээс санал авах ёстой байтал аваагүй... гэжээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05/14 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны дүрэм-ийн 4 дүгээр зүйлд барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгах талаар зохицуулсан. Дээрх дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2-т дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн хуулийн этгээдийн саналыг авч болно. 4.2.1 орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барихад, 4.2.2-т гэр хорооллын газар дахь нэгж талбарт барилга барих гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл буюу санал аваагүй гэх нь уг журмаар зохицуулагдаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас иргэдийн саналыг аваагүй гэсэн үндэслэлийг тайлбарладаг. Тухайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад иргэн бүрээс санал авах боломжгүй учраас иргэдээс түүврийн аргаар санал авсан нь хавтаст хэрэгт авагдсан. Тухайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан компани нь түүврийн аргаар тухайн байршил орчмын 460 орчим иргэдээс санал авсан байдаг. Тийм учраас иргэдээс санал аваагүй гэж хэлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч талаас тухайн санал авахтай холбоотой асуудлыг Хот байгуулалтын тухай хуулийг дурдаж байна. Тухайн хуульд санал авах тухай тусгасан боловч иргэн болгоноос санал авах тухай ойлголт биш юм. Тухайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах нь цаашдаа тухайн газраар нийтийн эрх ашгийн төлөө авто замын асуудлыг ингэж шийдэх ёстой гэсэн баримт бичиг юм. Тухайн газарт очиж үзэхэд Улиастайн замыг өргөтгөх асуудал бол зайлшгүй байх ёстой асуудал юм. Харин ертөнцийн зүгээр баруун талаасаа зүүн тийш дайрсан замын асуудалд холбоотой ажлын зураг хийгдээгүй байгаа. Үүнд ажлын зураг хийгдэж байж тухайн зам баригдах эсэх асуудал шийдэгдэх болохоос биш энэ нь ерөнхий төлөвлөгөөнд л тусгагдсан замын трасс юм. Трасс гэдгийг төлөвлөлт гэж ойлгох ёстой. Тэрнээс биш яг тухайн газраар авто зам тавих шийдвэр биш юм. Тухайн авто зам баригдаж эхлэх үед Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас ч юм уу судалгаа хийнэ.
Тухайн газарт очиж шүүхийн үзлэг хийхэд маргаан бүхий газрын эсрэг талд 2 давхар халуун усны газар баригдсан байна. Энэ 2 давхар барилгын голоор тухай авто замын трасс явахаар төлөвлөгдсөн байна. Яг бодит байдалд тухайн зам тавигдах боломжгүй юм байна, трасс гарахааргүй юм байна гэж үзвэл магадгүй авто замын мастер төлөвлөгөөнд дахин өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Миний ойлгосноор нэхэмжлэгч талд гол асуудал үүсгэж байгаа авто зам нь баруунаас зүүн тийш явсан жижиг зам буюу туслах замтай холбоотой асуудал юм байна гэж ойлгосон. Тухайн асуудлыг дээрх дурдсан аргаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Харин Улиастайн замыг 4 эгнээтэй болгох асуудал нь зайлшгүй байх ёстой асуудал гэж хариуцагчийн зүгээс харж байна. Тэгэхээр нэхэмжлэгч тал нь Улиастайн 4 эгнээтэй зам тавих асуудлыг хүчингүй болгох гээд байна уу? Эсвэл дайрч өнгөрч байгаа буюу хөндлөн огтолсон туслах замыг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна уу гэдгийн тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Тухайн тохиолдолд гол замыг өргөтгөх трассд 1286, 1287 тоот газар нь өртөхөөр, 1287а тоот нь туслах замын чиглэлд өртөхөөр байна.
Үйлдвэр 4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Түмэд групп ХХК гардан зураг төслийн ажлыг нь хийсэн юм. Иргэдээс санал авахдаа түүврийн аргаар санал авсан гэж тайлбарладаг. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь зөвхөн замыг төлөвлөж байгаа асуудал биш, үйлдвэр 4 нэгж хороолол буюу Улиастай орчмыг тэр чигт төлөвлөсөн урьдчилсан ерөнхий төлөвлөгөө юм. Тухайн үйлдвэр 4 нэгж хорооллын буюу Улиастайн орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь дотроо орон сууцны хороолол, үйлчилгээний бүс зэрэг олон янзын бүстэй, тухайн бүсүүдээс шалтгаалан тухайн авто замыг ачаалал ямар ёстой байх талаар төлөвлөгдсөн зүйл юм. Зөвхөн гэр хороолол дундуур тухайн замын трассыг төлөвлөсөн асуудал биш юм. Тухайн хорооллыг нийтэд нь төлөвлөсөн буюу давхар дэд бүтцийн асуудлаа хүртэл төлөвлөсөн юм.
Авто замыг өргөсгөж байгаа тохиолдолд тухайн төлөвлөгөөнд өртөхөөр айлуудын газар нь ер нь л өмчлөгдсөн газрууд байгаа юм. Тухайн айлуудаас маргаан үүсгэсэн, гомдол гаргасан, нөхөн төлбөр шаардсан зүйл одоогоор байхгүй. Тухайн авто замын ажил хийгдэхээр болох юм бол төрөөс тухайн иргэдтэй нөхөн төлбөрийн асуудлаар яригдаж, газар чөлөөлөх үйл ажиллагаа явагдах байх.
Магадгүй тухайн ерөнхий төлөвлөгөө батлагдсан газарт өмчлөлийн газартай айлууд байж болно. Тухайн ерөнхий төлөвлөгөө батлагдсан ач холбогдол нь ирээдүйд тодорхой хугацаанд орон сууцжуулах, ийм төсөл хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байгаа юм. Нэхэмжлэгч талаас авто замын трасс дайрсан байна гэж хүсэлт гаргаж байна. Магадгүй нэхэмжлэгчийн талын газрыг дайраагүй байсан бол үйлдвэр 4 нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөөнд танай газрын хөрс дээр 7 давхар барилга барьж болох юм байна гэдэг байдлаар дараа дараагийн асуудлаа нийцүүлж явдаг. Магадгүй иргэн П.Амарболдоос санал аваагүй байх, тухайн ерөнхий төлөвлөгөөг тэр чигт нь төлөвлөж байгаа учраас түүврийн аргаар л санал авсан.
Хот байгуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Дор дурдсан этгээд хот байгуулалтын баримт бичгийн захиалагч байна гээд 11.5.2-т аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын захиалагч нь тухайн шатны Засаг дарга, хот, тосгоны захирагч гэж заасан. Мөн тус хуулийн 11.2-т Хот байгуулалтын баримт бичгийг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, сонгон шалгаруулалтаар шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага боловсруулна гэж заасан. Тэгэхээр тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хүн болгоноос санал авах нь боломжгүй асуудал юм. Жишээ нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын нийт иргэдээс санал авах боломжгүй гэдэгтэй адил юм. Улиастай орчмын айл болгоноос саналыг нь авах боломжгүй учраас түүврийн аргаар санал аван, төсөл боловсруулаад явж байгаа юм. Тухайн төлөвлөгөө нь үе шаттайгаар хэрэгжинэ. Магадгүй иргэн П.Амарболд ч юм уу, эсвэл өөр иргэнээс өөрийн газартаа барилга тухай хүсэлт гаргах юм бол танай газарт хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу ийм төсөл байна, тэгээд хэдэн давхар барилга баригдах ёстойг нь зааж өгөх, эсвэл орон сууц барих боломжгүй бол үйлчилгээний зориулалттай барилга барихыг нь зааж өгөх зэрэг тодорхой зохицуулалт явагдаж байгаа юм. Тэгэхээр тухайн саналыг авах үүрэгтэй этгээд нь тухайн төслийг боловсруулж байгаа компани юм.
Түмэд групп ХХК-д тухайн зураг төслийн хийхдээ Газар зохион байгуулалтын албаны кадастрын мэдээллийн санд нэвтрэх боломжтой байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Захиалагч нь Нийслэлийн Засаг дарга учраас магадгүй энэ талаарх мэдээллээр хангах ёстой байгууллага юм.
Нийслэлийн Автозамын газраас өөрсдөө Газар зохион байгуулалтын албаны кадастрын мэдээллийн санд шууд нэвтэрч харж чадахгүй. Заавал Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаар дамжуулан харах боломжтой. Хот байгуулалтын мэдээллийн сан нь зөвхөн манай байгууллага буюу Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт байдаг. Тухайн мэдээллийг хоёр байгууллага заавал албан бичгээр дамжуулж авдаг. Ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой асуудал нь Нийслэлийн ерөнхий архитектурын ажлын албаар дамждаг. Захиалагчийн хяналтыг нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас хянаж байгаа. Авто замтай холбоотой асуудалд Нийслэлийн Автозамын газраас оролцох тохиолдол гарна.
Төлөвлөгөөний зураг төслийн захиалгад ерөнхий даалгавар, техникийн баримт бичиг, чиглэлээ тендерийн баримт бичигт дурдах ёстой. Тухайн үйлдвэр 4 нэгж хороолол нь бүхэлдээ 600 гаран га газар юм. Тухайн 600 гаран га газарт хэдэн хүн амьдрах хороолол байгуулах, тухайн хороололд орон сууцны хороолол үйлчилгээний зориулалттай бүс байгуулах зэрэг ачааллыг харж байж тухайн замыг өргөсгөх, түүнийг даган дэд бүтцийн асуудлууд дахин боловсруулагддаг. Авто замыг тавих шийдлийг манай байгууллагаас хяналтаа тавиад явж байгаа.
Түмэд групп ХХК-иас тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд багтсан газрын 465 иргэнээс түүврийн аргаар санал авсан, судалгаа хийчихээд анхан шатны баримт бичиг боловсруулаад танилцуулах ёстой. Тухайн саналтай холбоотой байгаа бүх баримт нь манай байгууллагад ирсэн. Үүнийг бүгдийг хуулбарлан шүүхэд хүргүүлэх боломжгүй учраас хэсэгчлээд хоёр саналыг нь өгсөн.
Нэхэмжлэгч нараас санал аваагүй гэдэгт няцаах тайлбар байхгүй. Нэхэмжлэгч нар нь санал өгсөн эсэхийг мэдэхгүй. Яагаад гэвэл тухайн саналын хуудаст нэр байхгүй.
Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ... тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын зүгээс 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/4179 дугаартай албан бичгээр Нийслэлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай асуудлыг Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж холбогдох шийдвэр гаргуулахыг хүссэн.
Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний саналыг Нийслэлийн Засаг даргаар уламжлуулан Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн тул Тэргүүлэгчид 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хуралдсан. Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудлыг олонх нь дэмжсэн тул Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 8.1.1 дэх заалтаар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэхь хэсгийг баримтлан Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 63 дугаартай тогтоолыг батлан гаргасан. Тэргүүлэгчдийн Хурлаас батлан гаргасан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотыг Монгол Улсын Хот байгуулалтын бодлого, Их Хурлаас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага-ын хүрээнд хөгжүүлэх зураг төслийг баталж, цаашид Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн эрх зүйн акт юм.
Маргаан бүхий акт нь 2017 оны 03 дүгээр сарын 18-ны өдөр батлагдан гарсан бөгөөд тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын сайт дээр тавигдаж байсан. Өөрөөр хэлбэл тус акт нь Захиргааны ерөнхий хуулийн 43.6, 43.7-д заасан шаардлагыг хангасан байна. Мөн нэхэмжлэгч нар нь маргаан бүхий акттай холбоотой асуудлаар одоогоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандан ямар нэгэн гомдол гаргаагүй байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-д заасан нөхцөл бий болсон байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн маргаан бүхий акт нь 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр батлагдан гарсан бөгөөд тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны сайтад тавигдаж иргэдэд хүрсэн. Өөрөөр хэлбэл тус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 33.6, 33.7-д заасан шаардлагыг хангасан буюу нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдалтай байгаа. Мөн тухайн захиргааны актыг батлан гаргахад аливаа иргэдийн эзэмшлийн болон өмчлөлийн нэгж талбар бүхий газарт авто зам барихаар төлөвлөсөн эсэх талаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан танилцуулгад дурдаагүй учраас тухайн газар нь иргэдийн газартай давхацсан эсэхийг мэдэх боломжгүй байсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Тухайн төлөвлөгөөг батлагдсаны дараа Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын сайтад байршуулсан. Төлөвлөгөөний зургийг байршуулсан эсэхийг мэдэхгүй. Тухайн төлөвлөгөөг батлахаасаа өмнө ямар нэгэн байдлаар өртөх этгээдүүд байвал гомдол, саналаа өгөх тухай сайтаар зарлаагүй. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн П.Амарболд нийслэлийн Засаг даргын 2007 оны 3 дугаар захирамжаар газар өмчлөх эрх авч эрхийн улсын бүртгэлд Г-2204027628 дугаарт бүртгүүлснээр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хэсэг, Сургуулийн гудамжны 1287 тоот хаягт нэгж талбарын 18652310337570 дугаартай 700 м.кв газрын өмчлөгч, мөн нийслэлийн Засаг даргын 2007 оны 105 дугаар захирамжаар П.Намнансүрэнгийн өмчилсөн эрхийн улсын бүртгэлийн Г-2204018282 дугаарт бүртгэгдсэн мөн гудамжны 1286 тоот хаягтай нэгж талбарын 18652310325532 дугаартай 442 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авснаар өмчлөгч, иргэн Д.Даваацэрэн нийслэлийн Засаг даргын 2007 оны 3 дугаар захирамжаар газар өмчлөх эрх авч эрхийн улсын бүртгэлд Г-2204010595 дугаарт бүртгүүлснээр 1287А тоот хаягт нэгж талбарын 18652310320555 дугаартай 700 м.кв газрын өмчлөгч болжээ. Дээрх өмчлөлийн газрууд нь залгаа байршилтай.
Нэхэмжлэгч П.Амарболд, Д.Даваацэрэн нар нь өмчлөгчөөс зөвшөөрөл, санал аваагүй үндэслэлээр өмчлөлийн газар дээгүүр нь авто зам төлөвлөсөн шийдвэрийг буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1.10 дахь заалтаар батлагдсан Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартай давхцуулан автозамын трасс төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэж хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг ойлгох бөгөөд хот төлөвлөлт буюу хотын ирээдүйн хөгжил, эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгохын тулд газар ашиглалт, хотын барилгажилт болон хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн үе шат бүхий төлөвлөлтийн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллага нь хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн хот байгуулалтын үндсэн баримт бичиг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлахдаа газар нутаг, хүн ам, эдийн засаг, нийгэм, соёл, зам тээвэр, байгаль орчин, газар ашиглалтын талаар хот төлөвлөлтийн суурь судалгаа хийсэн байхыг шаарддаг.
Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д ... нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, 11 дүгээр зүйлийн 11.1-д Хот байгуулалтын баримт бичиг нь хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа... зэргээс бүрдэхээр, 11.2-т Хот байгуулалтын баримт бичгийг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, сонгон шалгаруулалтаар шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага боловсруулахаар, 11.5.2-т аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын захиалагч нь тухайн шатны Засаг дарга, хот, тосгоны захирагч байхаар, 12.5-д Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байхаар, 17 дугаар зүйлийн 17.1-д Хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой төлөвлөлтийн зарчмыг тусгаж ажиллахаар заажээ.
Нийслэлийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/4179 дугаартай албан бичгээр ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг боловсруулан асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлснээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн 18 талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө баталсан, үүний 10 дахь заалтаар Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан, Нийслэлийн автозамын хөгжлийн газраас нэхэмжлэгчид хариу өгсөн 2021 оны 2 дугаар сарын 03-ны 2/139 тоотод хавсаргасан дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний авто замын трассын батлагдсан зурагт нэхэмжлэгч нарын өмчлөлийн нэгж талбарын 18652310337570, 18652310325532, 18652310320555 дугаартай газруудыг давхцуулсан зургаас үзвэл Гачууртын автозамаас хойшоо Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км одоо байгаа замыг өргөсгөх, шинээр хажуугийн туслах зам тавих, уг замаас зүүн тийш Гачууртын автозам руу холбох туслах замын уулзвар хэсгийн трасс нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн нэгж талбарын 18652310337570, 18652310325532, 18652310320555 дугаартай газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхцаж буюу дээгүүр нь төлөвлөгджээ.
Улаанбаатар хотын төлөвлөлтийн 18 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл бүхий гүйцэтгэгч байгууллагаар зураг төслийн боловсруулалт хийлгэсэн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 299 дүгээр захирамж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 он 9 дүгээр сарын 07-ны ерөнхий төлөвлөгөө боловсруулах ЕТ-2015/46 дугаартай ажлын гэрээний дагуу Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-г Түмэд групп ХХК боловсруулсан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зургаас үзвэл нэхэмжлэгч нарын өмчлөлийн газар бүхий хэсэг нь 38, 37 дугаар бүсийн зааг дээр сайжруулсан гэр сууцны хороолол байхаар /шар өнгөөр/ тусгагдсан, төлөвлөгөөний танилцуулгаас үзэхэд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хамаарах тус дүүргийн 9, 10, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 646.7 га талбайд 4068 өрхийн 15865 хүн суурьшиж буйг, өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон 409 га газрыг хамарсан болохыг дурдаж, цаашид хийгдэх дэд бүтэц, үйлдвэржилт, олон нийтийн барилга байгууламж, авто замыг төлөвлөсөн байх хэдий ч тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлсэн хэдий хэмжээний газар өртсөн эсэхийг, өмчлөгдсөн газарт нөхөн олговрын асуудлыг хэрхэх талаар танилцуулгад тусгаагүй байна.
Харин тухайн бүсэд оршин суух иргэдийн саналыг түүврийн аргаар авсан гэх бөгөөд санал асуулгын хуудсаас үзэхэд иргэдийг нас, хүйсээр тодорхойлон тэдгээрээс сууцны нөхцөл, оршин суух газраас нь цэцэрлэг, сургууль, худалдаа үйлчилгээний газрын алслал, гэр хорооллыг дахин төлөвлөхөөр бол хийх сонголт зэргийг л асуусан, хаяг тодорхойгүйгээс гадна овог нэр, утасны дугаар бичигдээгүй, Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангуулсан судалгаа болохоос биш, төлөвлөлтөнд өртөх газар өмчлөгчөөс авсан санал, газар өмчлөгчтэй хийсэн газрыг солих, нөхөн олговортойгоор эргүүлэн авах талаарх тохиролцоо биш байна.
Шүүх хариуцагч болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг захиалан хийлгэж, боловсруулж, өргөн мэдүүлсэн, баталсан байгууллагуудаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлсэн газрыг замын трасст оруулж автозам төлөвлөхдөө уг шийдвэрт өртөх газар өмчлөгчдөөс санал авсан эсэх, нөхөн олговор олгохоор тохиролцсон эсэхийг тодруулахад нийслэлийн Засаг даргын газрын асуудал эрхэлсэн хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2012-2021 оны нөхөн олговор олгох захирамжаар нөхөн олговор олгоогүйг тодорхойлсон байна.
Хариуцагч нар ийнхүү төлөвлөлтөд өртөх газрын өмчлөл, нөхөн олговрын талаар судлаагүй, газар өмчлөгчдөөс санал аваагүй болохоо маргаагүй, харин төлөвлөлтийн дагуух зам тавигдахаар шийдвэрлэгдээгүй тул одоогоор эрх ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, зам тавихаар шийдвэрлэхдээ газар өмчлөгч нарт сонсох, санал авах ажиллагаа хийнэ гэж тайлбарлаж буй ньүндэслэлгүй.
Учир нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, батлах захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2-т зааснаар төлөвлөлт бөгөөд төлөвлөгөөг боловсруулж буй байгууллага төлөвлөлтөд оролцох, санал өгөх үүрэгтэй байгууллага болон төлөвлөлтөд өртөх этгээдэд сонсох ажиллагаа явуулах, хэлэлцүүлэг хийх, төлөвлөгөөг батлах зохицуулалтыг хуульд тусгайлан заасан.
Нөгөөтэйгүүр хуулиар тогтоосон журмын дагуу эрх бүхий этгээдийн шийдвэрээр өмчилж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн газар өмчлөх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 3 дахь хэсгээр баталгаажсан Монгол Улсын иргэний үндсэн эрх бөгөөд мөн зүйлд хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө гэж заажээ. Иргэнд өмчлүүлсэн газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар энэ талаар Засгийн газар шийдвэр гаргах бөгөөд ийнхүү иргэний өмчийн газрыг солих буюу эргүүлэн авах улсын тусгай хэрэгцээний үндэслэлийг ... улсын чанартай зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих гэж тусгайлан заасан, Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар Засгийн газрын нэрийн өмнөөс газрыг солих, эргүүлэн авах шийдвэр гаргахаас нэгээс доошгүй жилийн өмнө тухайн газар өмчлөгчтэй урьдчилан тохиролцох ажлыг гүйцэтгэнэ, газар өмчлөгч нь 27 дугаар зүйлийн 27.1.8-д зааснаар өмчийнх нь газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлэн авсан тохиолдолд нөхөн олговор авах эрхтэй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Засаг дарга хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг буюу хот байгуулалтын баримт бичиг захиалан боловсруулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар шийдвар гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож, газар зохион байгуулалт хариуцсан албанаас ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг буюу төлөвлөлтөнд өртөх өмчлөлийн газар байгаа эсэхийг олж тогтоох, газар өмчлөгчтэй газрыг солих, нөхөн олговортойгоор эргүүлэн авах талаар тохиролцох үүрэгтэй байсан, энэ ажиллагаа төлөвлөгөөг батлахаас өмнө хийгдэхээр тодорхой хуульчлагджээ.
Дээрхээс үзвэл хотын төлөвлөлт хийхдээ төлөвлөлтөд өртөх газар өмчлөгч байгаа эсэхийг тодорхойлоогүй, газрыг солих, нөхөн олговортойгоор эргүүлэн авах талаар газар өмчлөгчтэй тохиролцоогүйгээр төлөвлөлтийг боловсруулсан, өргөн мэдүүлсэн, баталсан захиргааны үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хууль үндэслэх, 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8 хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн, газар өмчлөх эрхэд хууль бусаар халдсан шийдвэр болжээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрх зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1.10 дахь заалтаар батлагдсан Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний 37, 38 дугаар бүсэд нэхэмжлэгч нарын өмчлөлийн газартай давхцуулан автозамын трасс төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нар хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагаа төлөвлөлтийг баталсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тодорхойлсон ч, Хот байгуулалтын тухай хуулиар хүлээсэн чиг үүргийнх нь дагуу уг төлөвлөлтийг боловсруулж, хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар болон Нийслэлийн Засаг даргыг энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамтран хариуцагчаар тодорхойлсноор шүүх тэдгээрийг хамтран хариуцагчаар татаж оролцуулсан болно.
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг өргөн мэдүүлсэн, хот байгуулалтын асуудал эрхэлсэн агентлагаа газар өмчлөлийн мэдээллээр хангаагүй тул газар өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан энэ шийдвэрийн үр дагаврыг хариуцуулж, шүүхийн зардал буюу улсын тэмдэгтийн хураамжийг хамтран хариуцагч нийслэлийн Засаг даргаар төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1, 73 дугаар зүйлийн 73.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 78 дугаар зүйлийн 78.1, Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.5.2, 12 дугаар зүйлийн 12.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, 32 дугаар зүйлийн 32.2, 32.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Амарболд, Д.Даваацэрэн нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-ний 37, 38 дугаар бүсэд нэхэмжлэгч нарын өмчлөлийн нэгж талбарын 18652310337570, 18652310325532, 18652310320555 дугаартай газарт давхцуулан Гачууртын автозамаас хойшоо Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км одоо байгаа замыг өргөсгөх, шинээр хажуугийн туслах зам тавих, уг замаас зүүн тийш Гачууртын автозам руу холбох туслах замын уулзвар бүхий автозам төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА