Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 1410

 

 

 

 

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2019/01410

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******-ийн гаргасан,

 

Хариуцагч: Н ХХК -нд холбогдох,

 

7,187,940.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, өмгөөлөгч О, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай байгууллага *******,*******,*******,*******,*******,*******,*******-иудын хамт өмчилдөг.

 

Тус барилгын өмчлөгч нар 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр болон 23-ны өдрүүдэд хуралдаж, барилгын гадна фасад, аврах шатны асуудлаар зөвлөлдөн тодорхой хөрөнгөөр засварын ажлыг гүйцэтгүүлэхээр тохирсон юм. Уг хурлуудын протоколд тусгагдсанаар засварын ажлыг манай компани зохион байгуулах үүрэг хүлээсэн ба хариуцагч болон бусад компанид өөрт ногдох талбайн хэмжээгээр төлбөрийг төлөхөөр болсон.

 

Гэтэл хариуцагч Н ХХК нь өөрийн өмчлөлийн талбайд ногдох 7,187,940.00 төгрөгийг төлөхгүй, үндэслэлгүйгээр татгалзаж байна. Бид, ажил гүйцэтгэх гэрээг С ХХК-тай байгуулж, улмаар тус компанид хариуцагчийн өмнөөс 7,187,940.00 төгрөгийг төлсөн.

 

Бид, уг 5 давхар байрны өмчлөгч нарыг эзэмшдэг талбайг нийт 2,700 м.кв гэж тооцож, гадна фасадыг засварлахад гарсан 59,898,671.00 төгрөгөөс хариуцагчийн өмчилдөг 324 м.кв талбайд ногдох хэмжээг 7,187,940.00 төгрөг гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл, 1 м.кв талбайн засварын зардал 22,185.00 төгрөг болсон ба барилгын засварын ажлыг манай компани хариуцаж, ажил гүйцэтгэгч “Солонгоженко” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу засварын ажлын зардал 59,898,671.00 төгрөгийг бусад компаниудын өмнөөс бүрэн төлсөн.

 

Хэдийгээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар *******ны өмчлөгч нарыг нэр бүхий 11 иргэн, хуулийн этгээд байгаа боловч аваарын шат болон гадна фасадыг засварлах хуралд оролцсон этгээдүүд тухайн зардлыг хариуцах учиртай юм.

 

Иймд, хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Бид, хамтран өмчилдөг барилгын засвар үйлчилгээг хийх ёстой гэж шийдвэрлэсэн үйл баримтын талаар маргахгүй. Гэхдээ барилгын өмчлөгч нар 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр болон 23-ны өдрүүдэд хуралдаж, барилгын гадна фасад, аврах шатны асуудлаар зөвлөлдөж, нэхэмжлэгчид нийт зардал хэд болох, өмчлөгч бүрт ногдох хэмжээг гаргаж танилцуулахыг үүрэг болгосон.

 

Гэтэл нэхэмжлэгч тал ямар ч үндэслэлгүйгээр 7,187,940.00 төгрөгийг нэхэмжилж байна. Тус компанийн нэхэмжлэлд дурдсанаар дээрх төлбөрийг С ХХК-нд төлсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт алга байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар уг байрыг 11 өмчлөгч эзэмшдэг. Гэтэл үүнээс хэдэн орон сууцны болон аж ахуйн зориулалтаар ашигладаг талаар тодорхойгүй ба орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа хүн дундын өмчийн ашиглалт, засвартай холбоотой зардлыг төлөхгүй гэх хуулийн зохицуулалт байхгүй.

 

Гэвч нэхэмжлэгч тал бүх өмчлөгч нарыг хуралд оролцуулаагүй байж эзгүйд нь шийдээд өөр байгууллагаас тэдгээрт ногдох хувийг нэхэмилж байна. Мөн өмчлөгч  нарын хамтарсан хурлын протокол гэсэн боловч Удирдлагын академи гэх байгууллагад энэ асуудал хамааралгүй. Ажил гүйцэтгэх гэрээнд 1,267 м.кв талбайтай гадна            фасадны бүрэн хэмжээний засвар хийх шаардлагатай гэсэн боловч яагаад 59,898,671.00 төгрөгийн өртөгтэй болсон бэ гэдгийг тайлбарласангүй.

 

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг 17,104,500 төгрөг гэсэн байтал өмчлөгч нарын өмнөөс 57,898,671.00 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байна. Хэрэв ийм хэмжээний зардал гарсан бол анхнаасаа энэ талаар өмчлөгч нарт тайлангаа тавьж, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан актаа танилцуулах ёстой байсан.

 

Нэхэмжлэлийн шаардлагад бүтэн гадна фасад зассан гэж байсан боловч 2,700 м.кв талбайг 13,500.00 төгрөгөөр үржүүлэхээр 17,104,500.00 төгрөг гарахгүй байна. Шүүх хуралдааны өмнө өгсөн бэлэн мөнгөний зарлагын баримтаар С ХХК-руу ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг шилжүүлэх ёстой байтал хувь хүн рүү мөнгө шилжүүлсэн, шилжүүлсэн төлбөр нь 59,898,671.00 төгрөгт хүрэхгүй байна.

 

Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад       

   ҮНДЭСЛЭХ нь


           Нэхэмжлэгч*******-иас хариуцагч Н ХХК-нд холбогдуулан  7,187,940.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба тус хэрэгт шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.

 

Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Н ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр С ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн*******,*******, *******ны 1,267 м.кв талбайтай гадна фасадыг 1 м.кв талбайг 13,500.00 төгрөг, нийт 17,104,500.00 төгрөгөөр засварлахаар тохирсон байна /х.х-ийн 10-12 хуудас/.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зохигчид дээр дурдсан *******ны гадна фасадыг засварласан үйл баримтын талаар маргаагүй боловч хариуцагч тал өөрт ногдох хэсгийг үндэслэлтэй тогтоогоогүй, засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ бүх өмчлөгч нараас зөвшөөрөл авч, зардлыг танилцуулаагүй, засварын зардлыг бодитоор гаргаагүй хэмээн маргасан /х.х-ийн 61-64 хуудас/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Удирдлагын академи, нэхэмжлэгч******* болон хариуцагч Н ХХК, түүнчлэн “Эвада” ХХК-ийн төлөөлөгчид 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тус *******ны гадна фасадыг засварлах болон болзошгүй ослын үед хэрэглэх галын шатыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр харилцан ярилцаж, төсвийг мэргэжлийн байгууллагаар гаргуулах ажлыг нэхэмжлэгчид даалгаж, холбогдох зардлыг өмчлөгчид ногдох хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэсэн байна /х.х-ийн 7, 8 хуудас/.

 

Ингээд эдгээр байгууллагууд 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *******,*******-тай хамт уг асуудлыг дахин хэлэлцэж, гадна фасадны зардал 59,898,671.00 төгрөг, аваарын шатны зардлыг 21,858,490.00 төгрөг, нийт 81,757,161.00 төгрөгөөр тогтоосон ба тус хуралдаанд хариуцагч Н ХХК-иас оролцоогүй гэж тайлбарласан /х.х-ийн 5, 6 хуудас/.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг *******ыг 5 давхар, 1 давхар нь 540 м.кв талбайтай гэж тооцвол нийт 2,700 м.кв талбайтай, гадна фасадыг засварлахад 59,898,671.00 төгрөгийн зардал гарсан учраас 1 м.кв талбайд 22,185.00 төгрөг ногдсон ба хариуцагчийн төлбөл зохих зардлыг хэмжээг 7,187,940.00 төгрөг гэсэн /59,898,671:2,700=22,185x324м.кв=7,187,940.00 төгрөг/.

 

 Тодруулбал, нэхэмжлэгч тал тухайн 59,898,671.00 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр болон 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралд оролцсон байгууллагад төлөх ёстой, манай компани үүнээс хариуцагчийн төлөх 7,187,940.00 төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн, хуралд оролцоогүй бусад өмчлөгч нараас нэхэмжлэх шаардлага байхгүй гэж тайлбарласан.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар *******,*******,*******, *******ны өмчлөгчөөр дараах этгээдүүд бүртгэлтэй байна. Үүнд:

 

  • М ТББ нь 21-24, 27, 37-44 тоот хаягт офиссын зориулалтаар 330 м.кв талбайг, мөн зоорийн давхарт үйлчилгээний зориулалтаар 324 м.кв талбайг,
  • Нэхэмжлэгч******* нь офиссын зориулалтаар 540 м.кв талбайг,
  • Иргэн А нь офисс, үйлчилгээний зориулалтаар 180 м.кв талбайг,
  • Иргэн Э нь орон сууцны зориулалтаар 68.29 м.кв талбайг,
  • Хариуцагч Н ХХК нь үйлчилгээний зориулалтаар 324 м.кв талбайг,
  • Иргэн Я нь автозогсоолын зориулалтаар 18 м.кв талбайг,
  • Э ХХК нь үйлчилгээний зориулалтаар 216 м.кв талбайг,
  • Иргэн Б нь орон сууцны зориулалтаар 79.35 м.кв талбайг,
  • Иргэн С нь орон сууцны зориулалтаар  52.86 м.кв талбайг,
  • Б ХХК нь офисс, үйлчилгээний зориулалтаар 360 м.кв талбайг, нийт 2,492.05 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг дээр дурдсан иргэн, хуулийн этгээдүүд хэсгээр өмчилдөг ажээ /х.х-ийн 78-108 хуудас/.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж, мөн 108.5.-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, зохигчид энэхүү 2,492.05 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хууль, эсхүл хэлцлийн үндсэн дээр ийнхүү хэсгээр өмчилдөг этгээдүүд мөн бөгөөд тухайн зүйлийг арчлан хамгаалахтай холбоотой гарсан зардлыг өөрт ногдох хэсгээр хариуцах учиртай юм.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Монгол Улсын тэргүүлэх төсөвчин О-ийн гаргасан тооцоогоор тус *******ны аваарын шатыг 21,858,490.00 төгрөгөөр, гадна фасадны зардлыг 59,898,671.00 төгрөгөөр тогтоосон байна /х.х-ийн 27-34 хуудас/.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн уг төсвийн хүрээнд хариуцагчийн төлбөл зохих засвар үйлчилгээний зардлыг тооцвол:

 

  • 59,898,671:2,492.05 м.кв=24,035.90 төгрөг, 324x24,035.90=7,787,631.06 төгрөг буюу 13 хувийг эзэлж байна /324:2,492.05=0.13/.

 

Гэтэл уг төсөвт *******ны гадна фасадны талбайн нийт хэмжээ тодорхой бус байгаагаас гадна өмчлөгч нарт энэ төсвийг танилцуулж, тэдгээрийн зөвшөөрлийг авсан эсэх нь тодорхойгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч******* болон ажил гүйцэтгэгч С ХХК-иудын байгуулсан гэрээнд гүйцэтгэх ажлын талбайн хэмжээг 1,267 м.кв гэж тооцож, төлбөрийг 17,104,500.00 төгрөг гэсэн байтал ямар үндэслэлээр ийнхүү 59,898,671 төгрөг болсон нь ойлгомжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, гадна фасадны зардлын төсөв буюу нэхэмжлэгчээс “Солонгоженко” ХХК-нд төлсөн гэх 59,898,671.00 төгрөгийг тус компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1 м.кв талбайн хөлс 13,500.00 төгрөгөөр тооцоход тайлбан хэмжээ нийт 4,436.93 м.кв бөгөөд үүнээс цонх, хаалга, тагт зэргийг хасаад бодитоор хэд болсон талаарх нотлох баримтыг хэрэгт өгөөгүй.   

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажил гүйцэтгэгч С ХХК-нд нийт 59,898,671 төгрөгийг төлсөн гээд нотлох баримтаар 4 хуудас бэлэн мөнгөний зарлагын баримт өгсөн. Гэвч тус зарлагын баримтаар 18,646,500.00 төгрөгийг л бусад этгээдэд өгсөн ба хүлээн авсан этгээд нь гүйцэтгэгч компани мөн эсэх нь эргэлзээтэй байна /х.х-ийн 111-114 хуудас/.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д “нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг” гэж, мөн 3.1.2.-т “давхар бичилт гэж ажил, гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт хийхийг” гэж, түүнчлэн 3.1.3.-д “анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ” гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч******* нь тус хуулийн дагуу нягтлан бүртгэлийн тайландаа 59,898,671 төгрөг буюу 7,187,940.00 төгрөгийг зардлаар гаргасан тохиолдолд энэ тухай болон эргээд авах харилцагчийн өглөг, авлагын тайландаа тусгаж, анхан шатны баримтыг зохих ёсоор бүрдүүлсэн байх ёстой бөгөөд хэрэгт 59,898,671 төгрөгийг ажил гүйцэтгэгч “Солонгоженко” ХХК-нд төлсөн тухай баримт байхгүй, 4 хуудас бэлэн мөнгөний зарлагын баримт нь үүнийг нотлохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал маргааны зүйл болсон 7,187,940.00 төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй.

 

Нөгөө талаар тус *******ыг нийт 11 этгээд хэсгээр өмчилдөг байтал зөвхөн хуралд оролцсон өмчлөгч нарт бодитоор гарсан эсэх нь тодорхойгүй 59,898,671.00 төгрөгийг хуваарилсан нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5.-д заасантай нийцэхгүй байна.     

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч*******-ийн гаргасан хариуцагч Н ХХК-нд холбогдох  7,187,940.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,000.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР