Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1130

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 13 өдөр             Дугаар 181/ШШ2019/01130                   Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Тээвэрчдийн гудамж, 68-р байр, 38 тоот хаягт оршин суугаа, Шанжин овогт Рэнцэнгийн  /рд:ЧЖ49070146/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 59в байр, 30 тоот хаягт оршин суугаа, Гэрсэн овогт Рэнцэнгийн  /рд:ЧП78032721/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30,294,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч С.Мягмарсүрэн, гэрч Ж.Алтанбилэг, Ц.Ундрам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Р. миний бие иргэн Р.тэй 2015 оны 10 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 18,700,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэвч Р. нь мөнгө зээлсэн өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн.

Зээлийн гэрээний дагуу хүү нь 18,700,000 х 1% = 187,000 x 12 сар = 2,244,000 төгрөг, алданги нь 18,700,000 х 0.1% = 18,700 x 730 хоног = 13,651,000 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50% буюу 9,350,000 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Р.эс зээл, зээлийн хүү, алданги, нийт 30,294,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Р. миний бие Р.гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 2015 оны 10 сарын 20-ны өдөр Р.гээс 18,700,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар аваагүй болно.

Харин 2013 оны 08 сард Р.гээс 10,000,000 төгрөгийг 1%-ийн хүүтэй 1 жилийн хугацаатай амаар харилцан тохиролцож зээлж авсан. Сар бүр үндсэн мөнгө, хүүгийн хамт 500,000 төгрөгийг нийт 11,200,000 төгрөг төлөөд дуусгасан.

Р. нь 2015 оны 10 сард авсан мөнгөний үлдэгдэл тооцоо 18,700,000 төгрөг болсон, үүнд зээлийн гэрээ хийнэ гээд ажил дээр байнга ирж хэл ам хийж, утасдаад байхаар нь аргагүй эрхэнд, дарамт шахалтанд орж гарын үсэг зурсан. Тухайн үед тооцоо дууссан гэхэд Р. миний тооцоо гээд өөрийнхөөрөө бичсэн үнэн дүн билээ.

Харин 2013 оны 8 сард 10,000,000 төгрөгийг миний бие гадаадад явж байсан тул өөрөө биечлэн аваагүй, дүү Ундрамаар дамжуулж авсан.

Р. нь мөнгөө өгөхгүй байхаар ажил дээр ирээд “олж өг, хүлээж байгаад аваад явна” гээд аваад явдаг байсан. Үүнийг болон мөнгийг төлж дуусгасныг Ундрам, Билгээ эгч, манай ажлын хүмүүс мэднэ.

Иймээс Р.гийн нэхэмжилсэн 30,294,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р. миний бие 2015 оны 10 сарын 20-ны өдөр Р.гээс 18,700,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар аваагүй болно.

Гэтэл 2015 оны 10 сарын 20-ны өдөр Р. нь “2013 онд авсан мөнгөний үлдэгдэл тооцоо 18,700,000 төгрөг болсон, үүнд зээлийн гэрээ хийнэ гээд ажил дээр байнга ирж хэл ам хийж утасдаад байхаар нь аргагүй эрхэнд дарамт шахалтанд орж гарын үсэг зурсан. Тухайн үед тооцоо дууссан гэхэд Р. миний тооцоо гээд надад хүч өгөхгүй өөрийнхөөрөө бичсэн үнэн дүн болно. 

Миний бие Р.гээс 2013 оны 08 сард 10,000,000 төгрөгийг 1 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай амаар харилцан тохиролцож зээлдэн авч, сар бүр 500,000 төгрөгийг төлөөд дуусгасан.

Харин 2013 оны 08 сард 10,000,000 төгрөгийг миний бие гадаадад явж байсан тул өөрөө биечлэн аваагүй, дүү Ундрамаар дамжуулж авсан.

Нийт 11,200,000 төгрөг төлсөн. Р. нь мөнгөө өгөхгүй байхаар ажил дээр ирээд “олж өг, хүлээж байгаад аваад явна” гээд аваад явдаг хүн байсан. Үүнийг болон мөнгө төлж дуусгасныг Ундрам, Билгээ эгч, манай ажлын хүмүүс мэднэ.

Иймд 2015 оны 10 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Р. нь сөрөг нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р. нь хариуцагч Р.д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,700,000 төгрөг, зээлийн хүү 2,244,000 төгрөг, алданги 9,350,000 төгрөг, нийт 30,294,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Р. нь нэхэмжлэгч Р.д холбогдуулан, 2015 оны 10 сарын 20-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг зохигч талууд харилцан эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Нэхэмжлэгч Р. нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох зорилгоор 2015 оны 10 сарын 20-ны өдөр байгуулагдсан гэх “Зээлийн гэрээ”-г шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч нь 2015 оны 10 сарын 15-ны өдөр хариуцагч Р.д 18,700,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, энэ нь “Зээлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.4-т “Зээл олгосон хугацаа: 2015 оны 10 сарын 15-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн” гэж бичсэн бичвэрээр нотлогдоно хэмээн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарладаг.

Хариуцагч Р. нь дээр дурдсан “Зээлийн гэрээ”-ний дагуу мөнгө хүлээн аваагүй, дарамт шахалтанд орсны улмаас “Зээлийн гэрээ”-нд гарын үсэг зурсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, уг “Зээлийн гэрээ” нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж өөрийн татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлан маргадаг.

Гэрч Ж.Алтанбилэг нь шүүх хуралдаанд “Р. нь миний танил бөгөөд хүнд мөнгө зээлдүүлдэг. Би Р.г Р.тэй танилцуулсан. Р. нь миний охины найз юм. 2012 онд Р. нь Р.д 10,000,000 төгрөгийг 5%-ийн хүүтэй зээлдүүлсэн. Бичгээр баримт үйлдээд Р., Ц.Ундрам нар гарын үсэг зурсан. Р. өөрийн биеэр мөнгийг аваагүй. Гадаад улсад байсан болохоор дэлгүүрт нь суудаг Ц.Ундрамаар дамжуулж мөнгө авсан. Тухайн үед би Р.тэй хамт явж байсан. Р. нь сар бүр 500,000 төгрөгийг 2 жил төлсөн. 10,000,000 төгрөг төлчихсөн гэж ярьж байсан. Р. нь 2015 онд Р. мөнгөө өгөхгүй байна, гэрээнд гарын үсэг зуруулна гээд явж байсан. Р. нь Р.Номин-Эрдэнийн охины сургууль дээр очиж зээлээ шаардсан байсан” гэсэн агуулгатай мэдүүлгийг, гэрч Ц.Ундрам нь шүүх хуралдаанд “Миний бие Р.Номин-Эрдэнийн дэлгүүрт худалдагч хийдэг байсан. 2012 онд Р. Европ руу бараандаа явчихсан байсан. Р. нь эхний сарын хүү 500,000 төгрөгийг суутгаад 9,500,000 төгрөгийг надад өгсөн. Тэгэхэд Р., Ж.Алтанбилэг нар хамт байсан. Би 9,500,000 төгрөгийг Р. рүү шилжүүлсэн. Сар бүр 500,000 төгрөгийг 2 жил орчим төлсөн. Эхэн үедээ би Р.гийн Хаан банк дахь данс руу мөнгө шилжүүлдэг байсан. Р. нь охинтойгоо амьдардаг. Охин нь 19-р хороололд сургуульд сурдаг байсан. Р. нь хүүхдийнх нь сургуульд очиж дарамталдаг байсан. Тэгээд 2015 онд Р. арга буюу гэрээнд гарын үсэг зурсан.” гэсэн агуулгатай мэдүүлгийг тус тус шүүхэд өгсөн.

Дээр дурдсан гэрч нарын мэдүүлгээр “Р. миний бие иргэн Р.тэй 2015 оны 10 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 18,700,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлсэн” гэсэн нэхэмжлэгчийн тайлбар няцаагдаж байх ба 2015 оны 10 сарын 20-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу Р.гээс мөнгө хүлээн аваагүй, дарамт шахалтанд орсны улмаас “Зээлийн гэрээ”-нд гарын үсэг зурсан гэсэн хариуцагчийн тайлбар дэмжигдэж байна.

Зээлдүүлэгчийн зүгээс гэрээнд дурдсан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн үйл баримт нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу 2015 оны 10 сарын 20-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г байгуулагдсанд тооцохгүй, улмаар Р., Р. нарт зээлийн гэрээний эрх, үүрэг үүсээгүй.

Иймд хариуцагч Р.эс зээлийн гэрээний үүрэгт нийт 30,294,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, улмаар зээлийн гэрээний эрх, үүрэг үүсэхгүй боловч 2015 оны 10 сарын 20-ны өдрийн “Зээлийн гэрээ” гэх хэлцэл нь хэлбэрийн шаардлагыг хангасан хэлцэл буюу Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д шаардлагыг хангасан хэлцэл байна.

Иймд Р., Р. нарын хооронд бичгээр байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэв.

Хариуцагч талын тайлбар, гэрч Ж.Алтанбилэг, Ц.Ундрам нарын мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Р. нь хариуцагч Р.Номин-Эрдэнийн охины суралцдаг Ерөнхий боловсролын сургууль дээр очиж 2012 оны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхийг шаардсан үйл баримт тогтоогддог.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Р. нь бага насны хүүхдийг анги хамт олон, багшийнх нь өмнө эвгүй байдалд оруулах замаар Р.д дарамт үзүүлж, улмаар 2015 оны 10 сарын 20-ны өдрийн “Зээлийн гэрээ” гэх баримтанд гарын үсэг зуруулсан байх тул Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т заасны дагуу тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Р.д холбогдуулан гаргасан хариуцагч Р.Номин-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Гурав. Зохигч талуудын хооронд анх үүссэн зээлийн гэрээний харилцааны тухайд.

Хариуцагч талын тайлбар, гэрч Ж.Алтанбилэг, Ц.Ундрам нарын мэдүүлэг зэргээр Р. болон Р. нарын хооронд 2012 онд анх “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

Уг гэрээний нөхцөлийн талаархи хариуцагчийн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбар өөр хоорондоо зөрчилдөж байх тул гэрч нарын мэдүүлэгт дурдагдсан “10,000,000 төгрөг, 5%-ийн хүү, 2 жил” гэсэн нөхцөлийг тухайн зээлийн гэрээний нөхцөл байжээ гэж дүгнэв.

“500,000 төгрөгийг эхний сарын хүүнд суутгаад 9,500,000 төгрөг өгсөн” гэж гэрч Ц.Ундрам, “Бичгээр баримт үйлдээд Р., Ц.Ундрам нар гарын үсэг зурсан” гэж гэрч Ж.Алтанбилэг тус тус мэдүүлж байх тул зээлийн гэрээний дагуу хариуцагч Р.Номин-Эрдэнийн хүлээх үүрэг нь нийт 9,500,000 + (9,500,000 х 5% х 24 сар) = 20,900,000 төгрөг болж байна.

“2012 оны зээлийн гэрээний дагуу 11,200,000 төгрөгийг төлсөн” гэсэн хариуцагч талын тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар няцаагаагүй учир хариуцагч Р.Номин-Эрдэнийн биелүүлээгүй үүрэг 20,900,000 – 11,200,000 = 9,700,000 төгрөг болох тооцоолол гарч байна.

Гэвч нэхэмжлэгч тал нь 2012 оны зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардаагүй, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хариуцагч Р.эс 2012 оны зээлийн гэрээний үүрэгт 9,700,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

Дөрөв. Шүүх хуралдааны ирцийн тухайд.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Батбилэг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд ирүүлсэн байх боловч хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэндийн шалтгаантай байсан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу  нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4, 75 дугаар зүйлийн 75.2.1, 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т зааснаар Р.эс 30,294,000 төгрөгийг гаргуулах тухай Р.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Р. болон Р. нарын хооронд 2015 оны 10 сарын 20-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,420 төгрөг болон 251,450 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.гээс улсын тэмдэгтийн хураамжид 251,450 төгрөгийг гаргуулан хариуцагч Р.д буцаан олгосугай.  

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.