Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2019/01311

 

 

 

 

 

 

 

 

 

Р.З нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01130 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Р.Згийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Нд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30 294 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Р.Нтэй 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 18 700 000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Р.Н нь мөнгө зээлсэн өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн.Зээлийн гэрээний дагуу хүү 2 244 000 төгрөг, алданги 13 651 000 төгрөг болж байгаа боловч боловч 50 хувиар хязгаарлаж 9 350 000 төгрөг болсон. Иймд Р.Нэс зээл, хүү, алдангид нийт 30 294 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2015 оны 10 сарын 20-ны өдөр Р.Згээс 18 700 000 төгрөг бэлэн болон бэлэн бусаар аваагүй. Харин 2013 оны 08 дугаар сард 10 000 000 төгрөгийг 1 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай амаар харилцан тохиролцож зээлсэн. Сар бүр үндсэн мөнгө, хүүгийн хамт 500 000 төгрөг, нийт 11 200 000 төгрөг төлөөд дуусгасан. Р.З нь 2015 оны 10 дугаар сард авсан мөнгөний үлдэгдэл тооцоо 18 700 000 төгрөг болсон, үүнд зээлийн гэрээ хийнэ гээд ажил дээр байнга ирж хэл ам хийж, утасдаад байхаар нь аргагүй эрхэнд, гарын үсэг зурсан. Тухайн үед тооцоо дууссан гэхэд Р.З миний тооцоо гээд өөрөө бичсэн. 2013 оны 8 дугаар сард 10 000 000 төгрөгийг гадаадад явж байсан учраас дүү н.Ундрамаар дамжуулж авсан.Р.З нь мөнгөө өгөхгүй байхаар ажил дээр ирээд олж өг, хүлээж байгаад аваад явна гээд аваад явдаг байсан. Иймээс Р.Згийн нэхэмжилсэн 30 294 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4, 75 дугаар зүйлийн 75.2.1, 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т зааснаар Р.Нэс 30,294,000 төгрөгийг гаргуулах тухай Р.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Р.З болон Р.Н нарын хооронд 2015 оны 10 сарын 20-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,420 төгрөг болон 251,450 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.Згээс улсын тэмдэгтийн хураамжид 251,450 төгрөгийг гаргуулан хариуцагч Р.Нд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын мэтгэлцэх зөрчмыг зөрчсөн. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие гэнэт муудаж эмнэлгийн магадлагааг авчран өгөх боломжгүй байсан, энэ талаарх цаг хугацааг анхаарах ёстой байсан. Шүүх хариуагч талын гаргасан хүслэтээр гэрчийн мэдүүлэгтэй холбоотой шинээр нотлох баримт гаргаж өгөх эрхийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч сар бүр 500 000 төгрөг, нийт 11 200 000 төгрөгийг төлөөд дууссан гэж хэлсэн. Энэ талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй, ямар цаг хугацаанд төлсөн гэдгийг нотлох зүйлгүй зөвхөн гэрчийн мэдүүлэгийг үнэлсэн нь буруу. Шүүх шийдвэртээ нэхэмжлэгч нь бага насны хүүхдийг хамт олны өмнө багшийн өмнө эвгүй байдалд оруулах замаар хариуцагчид дарамт үзүүлж, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримтад гарын үсэг зуруулсан байх тул Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэсэн байдаг. Энэ хэлцэл нь хүч хэрэглэж заналхийж хийсэн хэлцэл биш, хүсэл зоригоо илэрхийлээд гэрээнд гарын үсэг зурсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Нэхэмжлэгч Р.З нь хариуцагч Р.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 294 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх-1, 17, 21/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “2015 оны 10 дугаар сарын 20-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 18 700 000 төгрөгийг ,сарын 1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээндээ хугацаа хэтрүүлбэл анз тооцохоор тохиролцсон гэсэн бол /хх-4/ хариуцагч үүргээ гүйцэтгэж дууссан. 2015 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн зээлийн гэрээ гэх баримтаар нэг ч төгрөг өмчлөлдөө шилжүүлэн аваагүй гэжээ.

 

Нэхэмжлэгч татгалзлаа нотлохоор Ц.Ундрам, Ж.Алтанбилэг гэх хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүхээс хангажээ./ хх-35/

 

Гэрчүүд анхан шатны шүүхэд мэдүүлэг өгсөн боловч дээрх мэдүүлгийн агуулгыг хариуцагч талд танилцуулаагүй, няцаалт хийх, нэмэлт нотлох баримт, хүсэлт гаргах эрхийг хязгаарлажээ.

 

Талууд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд 18 700 000 төгрөг бодитойгоор шилжүүлсэн эсэхэд өмнө нь талуудын хооронд 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа байсан эсэх, уг үүрэг дуусгавар болсон эсэхэд маргажээ. Нотлох үүргийн хуваарилалтаар авч үзвэл нэхэмжлэгч 18 700 000 төгрөгийг бодитойгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэдгээ, хариуцагч өмнөх зээл 10 000 000 төгрөгийг сар бүр 500 000 төгрөг, нийт 11 200 000 төгрөг төлж дууссан гэдгээ нотлох үүрэгтэй юм.

 

Сүүлчийн гэрээн дээр нэхэмжлэгч хүчээр загнаад зуруулсан гэх үйл баримтыг хариуцагч гэрчийн мэдүүлгээр нотлохоор гэрчүүд асуулгажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.

 

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэж, шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох юм.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох хариуцагчийн эрхийг анхан шатны шүүхээс хангаагүй байна.

 

Эсрэг талын гаргасан нотлох баримттай танилцаж няцаах боломжийг хариуцагчид олгоогүй, давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309 420 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                        Ш.ОЮУНХАНД