Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00968

 

Д.Батжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/02194 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1845 дугаар магадлалтай, 

Д.Батжаргалын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Бадамдорж оролцов. 

Нэхэмжлэгч Д.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-10-10-ны өдрийн 101/ШШ2018/03321 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 23,172,342 төгрөгийг хариуцагч Д.Батжаргалаас гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 хороолол 88а байрны 129 тоот 36.2 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075931 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг Мөнх-Оргил трейд ХХК хөрөнгийг 62,500,000 төгрөгөөр үнэлсэн байх ба миний худалдан авсан үнэ, зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 хороолол 88а байрны 129 тоот 36.2 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075931 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг 62,500,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-10-30-ны өдрийн 101/ШШ2018/03321 дүгээр шүүхийн шийдвэрээр Д.Батжаргал, Н.Бямбаа нараас 25,470,897 төгрөгийг гаргуулж Жи Эс Би капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Батжаргал, Н.Бямбаа нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075931 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 хороолол 88а байрны 129 тоот 36.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилоход 62,500,000 төгрөгөөр үнэлэгдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/02194 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 хороолол 88а байрны 129 тоот 36.2 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075931 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах Д.Батжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1845 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/02194 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 сарын 28-ны өдрийн 1845 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Эд хөрөнгийг үнэлүүлэхдээ "Мөнх-Оргил трейд" ХХК-ийг томилсон байхад үнэлгээг хуулийн этгээд биш иргэн Б.Эрдэнэбаатар гэгч үнэлсэн байдаг. Б.Эрдэнэбаатар гэх үнэлгээчин яагаад үнэлэх болсонтой холбоотойгоор шүүхийн журмаар баримтыг хариуцагч болон "Мөнх-Оргил трейд" ХХК-с гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсгийг зөрчсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-д эрх үүрэг танилцуулаагүй, урьдчилан сануулж, зөвшөөрөл аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсгийг баримтлаагүй байдаг. Хөрөнгийг үнэлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дах хэсгийг зөрчсөн байгаа тул Д.Батжаргал, Н.Бямбаа нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол, 88а байрны 129 тоот 36,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээ үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны ,үндэслэл бүхий гараагүй тул хүчингүй болгоно уу гэжээ. 

ХЯНАВАЛ 

Д.Батжаргал нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо маргааныг зохицуулсан хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.  

Хэргийн баримтаас үзвэл, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03321 дүгээр шийдвэрээр Д.Батжаргал, Н.Бямбаа нараас 25,187,012 төгрөгийг гаргуулж Жи Эс Би капитал ББСБ ХХК-д олгох, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх бөгөөд сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ. 

Төлбөр төлөгч нар төлбөрийг сайн дураараа төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 88а байрны 129 тоотын 36.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан байна.  

Төлбөр төлөгч үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч шинжээч томилох хүсэлт гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна. 

Шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 3/159 дүгээр Шинжээч томилох тухай тогтоол гаргасан байх ба уг тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Мөнх оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг танилцуулсан, тогтоолд шинжээч Б.Эрдэнэбаатар гарын үсэг зурж албажуулсан, тэрээр тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байнаэргийн 50-78 тал/.  

Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлогын, зардлын, зах зээлийн харьцуулалтын аргуудыг хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 62,500,000 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасантай нийцжээ. 

Шүүх, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.  

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шинжээчид эрх үүрэг танилцуулаагүй, урьдчилан сануулж зөвшөөрөл аваагүй гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/02194 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1845 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ  

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

Г.ЦАГААНЦООЖ 

  Д.ЦОЛМОН