Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 486

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 22 өдөр             Дугаар 181/ШШ2019/00486                   Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р баг, Партизан 4 гудамж, 76а тоот хаягт оршин суугаа, Дэмбэрэл овогт Чинбатын  /рд:ЕП86050907/,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 814-р байр, 28 тоот хаягт оршин суугаа, Халцан Бургад овогт Жигжидсүрэнгийн  /рд:ЦЖ85022471/ нарын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, Од плаза, 509 тоот хаягт оршин байгаа, /рд:2081016/-д холбогдох,

 

9,500,000 төгрөгийг гаргуулан Ч.д, 9,960,000 төгрөгийг гаргуулан Ж.д тус тус олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.гийн төлөөлөгч Л.Оюунцэцэг, нэхэмжлэгч Ж., хариуцагчийн төлөөлөгч Д.Жаргал, өмгөөлөгч С.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баянзүрх дүүргийн 4-р хороо, Сансар хотхон, 9-р байр, 1 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016523 дугаарт бүртгэлтэй 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өмчилдөг байсан.

Миний бие 2014 оны 03 сарын 10-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт 92 тоот гэрээ, 2014 оны 06 сарын 20-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт 92 тоот гэрээг тус тус байгуулан өөрийн өмчлөлийн дээрх эд хөрөнгөө хөрөнгө оруулалт болгон өгч, “Их өргөө” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 4-р хороо Сансар хотхоны оронд баригдах шинэ орон сууцнаас 10 дугаар давхрын 104 тоот 40.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 8 дугаар давхрын 81 тоот 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнуудыг тус тус авахаар тохиролцсон.

Орон сууцны метр квадратын зөрүүг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.2.2-т зааснаар 1 м.кв тутам 1,825,000 төгрөгөөр буюу 14 м.кв-ын 25,550,000 төгрөг байхаар тохирч, төсөл хэрэгжүүлэх хугацаа буюу “Их өргөө” ХХК-ийн мэдэгдлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сард 500,000 төгрөг, жилд 6,000,000 төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр авахаар болсон.

Уг төлбөрөөс 2014, 2015 онд 6,000,000 төгрөг тус тус авсан. Үүнээс хойш нөхөн олговор огт аваагүй, орон сууцны м.кв-ын зөрүүг өгөөгүй байсан.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 сарын 11-ний өдрийн А/424 дугаар захирамжаар нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээ биелүүлээгүй гэх үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

Иймд “Их өргөө” ХХК-иас 2016 оны 10 сараас 2018 оны 05 сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны нөхөн олговор 9,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баянзүрх дүүргийн 4-р хороо, Сансар хотхон, 7-р байр, 4 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009636 дугаарт бүртгэлтэй 66 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өмчилдөг байсан.

Миний бие 2014 оны 03 сарын 06-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт 53 тоот гэрээ, 2014 оны 10 сарын 20-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт 53 тоот гэрээг тус тус байгуулан өөрийн өмчлөлийн дээрх эд хөрөнгөө хөрөнгө оруулалт болгон өгч, “Их өргөө” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 4-р хороо Сансар хотхоны оронд баригдах шинэ орон сууцнаас 9 дүгээр давхрын 93 тоот 43.55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 2 дугаар давхрын 22 тоот 23.29 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцнуудыг тус тус авахаар тохиролцсон.

Орон сууцны метр квадратын зөрүүг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.2.2-т зааснаар 1 м.кв тутам 1,825,000 төгрөгөөр буюу 0.84 м.кв-ын 1,533,000 төгрөг байхаар тохирч, төсөл хэрэгжүүлэх хугацаа буюу “Их өргөө” ХХК-ийн мэдэгдлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сард 500,000 төгрөг, жилд 6,000,000 төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр авахаар болсон.

Уг төлбөрөөс 2014, 2015 онд 6,000,000 төгрөг тус тус авсан. 2014 онд м.кв-ын зөрүү 460,000 төгрөгийг “Их өргөө” ХХК-д бэлнээр өгсөн. Үүнээс хойш нөхөн олговор огт аваагүй.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 сарын 11-ний өдрийн А/424 дугаар захирамжаар нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээ биелүүлээгүй гэх үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

Иймд “Их өргөө” ХХК-иас 2016 оны 10 сараас 2018 оны 05 сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны нөхөн олговор 9,500,000 төгрөг, м.кв-ын зөрүүнд өгсөн 460,000 төгрөг, нийт 9,960,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

нь хот суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотоос зарласан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх Мамба Дацан хийдийн орчим ХЕТ 2013-6 багцын В хэсгийн талбайд ерөнхий төлөвлөгөөний төсөл хэрэгжүүлэхээр шалгаран, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 сарын 28-ны өдрийн дугаар А/337 тоот захирамжаар төсөл хэрэгжүүлэх батламж авсан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газраас болон иргэд гэсэн 3 талт гэрээг байгуулсан.

Тухайн үед Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нь гэр хорооллын дахин төлөвлөлтөнд ялсан барилга барих компаниудад хөнгөлөлттэй урт хугацааны зээл улсаас өгнө гэж олон удаа хөрөнгө оруулалт, зээлийн санал авч байсан боловч олгогдоогүй, арилжааны бүх банкууд гэр хорооллын дахин төлөвлөлтөнд барилгын зээл өгөөгүй манай компанийн ажил хүндэрч зогссон.

Төслийг өөрийн болон хамтын ажиллагааны хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжгүй болсон тул 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс дээрх төсөлтэй холбоотой орон сууцны барилга угсралтын ажил болон бүх асуудлыг төсөл хэрэгжүүлэгч Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газарт хүлээлгэн өгсөн ба 3-н талт гэрээг 2018 оны 03 сарын 29-ний өдөр цуцлагдсан гэсэн 03/266 тоот албан бичгийг 2018 оны 04 сарын 11-ний өдөр ирүүлсэн болно.

Иргэн Б.Алтанзул, М.Оюун-Эрдэнэ, С.Шийлэгдамба нарын нэхэмжилсэн нөхөн олговрыг гэрээний дагуу дан ганц манай компани хариуцахгүй, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газар хамтран хариуцах ёстой.

Нэхэмжлэгч Ч. нь “Их өргөө” ХХК-иас нөхөн олговорт 2014-2016 онуудад нийт 12,990,000 төгрөг авсан. Харин 2017 оны 01 сараас 2018 оны 03 сарын 29-ний өдөр хүртэлх 7,510,000 төгрөгийн нөхөн олговрыг манай компани Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газартай хамтран хариуцна. Илүү нэхэмжилсэн 1,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч Ж. нь “Их өргөө” ХХК-иас нөхөн олговорт 2014-2016 онуудад нийт 11,540,000 төгрөг авсан. Харин 2016 оны 10 сараас 2018 оны 03 сарын 29-ний өдөр хүртэлх 8,960,000 төгрөгийн нөхөн олговрыг манай компани Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газартай хамтран хариуцна. Илүү нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч. нь 9,500,000 төгрөг, нэхэмжлэгч Ж. нь 9,960,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Их өргөө” ХХК-д холбогдуулан гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ч.гийн шаардлагаас 7,510,000 төгрөгийг, нэхэмжлэгч Ж.ын шаардлагаас 8,960,000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч, үлдэх 1,990,000 төгрөг болон 1,000,000 төгрөгийг тус тус эс зөвшөөрч байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

          Нэхэмжлэгч Ч. нь 2014 оны 03 сарын 10-ны өдөр 92 тоот, нэхэмжлэгч Ж. нь 2014 оны 03 сарын 06-ны өдөр 53 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-г тус тус “Их өргөө” ХХК-тай байгуулж, нэхэмжлэгч Ч. нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Сансар хотхон, 9-р байрны 01 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016523 дугаарт бүртгэлтэй, 39 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Ж. нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Сансар хотхон, 7-р байрны 4 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009636 дугаарт бүртгэлтэй, 66 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлж, тус тус “Их өргөө” ХХК-д хүлээлгэн өгөх, хариуцагч нь 2015 оны 3-р улиралд багтаан 79,398,000 төгрөгийн үнэ бүхий 40.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон 98,802,000 төгрөгийн үнэ бүхий 49.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьж, Ч.гийн өмчлөлд, 86,229,000 төгрөгийн үнэ бүхий 43.55 м.кв талбайтай 2 өрөө  орон сууц болон 46,114,200 төгрөгийн үнэ бүхий 23.29 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьж, Ж.ын өмчлөлд тус тус шилжүүлэн өгөхөөр, мөн газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр Ч. болон Ж.д тус тус олгохоор талууд харилцан тохиролцсон байна.

          Түүнчлэн, дээр дурдсан 92 тоот болон 53 тоот гэрээгээр 14 м.кв-ын зөрүү болох 25,552,000 төгрөгийг Ч. нь, 0.84 м.кв-ын зөрүү болох 1,533,000 төгрөгийг Ж. нь “Их өргөө” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон байдаг.

          Үүнээс үзэхэд Ч. болон “Их өргөө” ХХК, Ж. болон нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээ болон 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан Арилжааны гэрээний аль альны шинжийг агуулсан Холимог гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэх үндэслэлтэй.

          Гэрээний талууд Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

          Нэхэмжлэгч Ч. болон нэхэмжлэгч Ж. нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2014 оны 10 сард өөрийн өмчлөлийн орон сууцыг тус тус чөлөөлж, “Их өргөө” ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар хариуцагч тал маргадаггүй.

          Харин Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 03 сарын 29-ний өдрийн 10 дугаар хуралдаанаар, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан боловч орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгээгүй, гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг болон батламж авсан төслийн явц хангалтгүй, тус газраас удаа дараа өгсөн үүрэг, шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр “Их өргөө” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байх тул хариуцагч нь цаашид гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

          Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нэхэмжлэгч Ч. болон нэхэмжлэгч Ж. нь өөрт учирсан хохирлоо тус тус арилгуулахаар “Их өргөө” ХХК-д холбогдуулан шаардлага гаргах эрхтэй байна.

          Хариуцагч нь нөхөн олговорт 7,510,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.д, 8,960,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.д тус тус олгохоор хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч Ч.гийн төлөөлөгч Л.Оюунцэцэг, нэхэмжлэгч Ж. нар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргасан.

          Ийнхүү хариуцагч талын зөвшөөрсөн дүнг нэхэмжлэгч талууд хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч Ч. нь нэхэмжлэлийн шаардлагаа 1,990,000 төгрөгөөр, нэхэмжлэгч Ж. нь нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөгөөр тус тус багасгасан гэж үзэх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн тухайд дүгнэлт хийх шаардлагагүй байна.

          Харин нь дээр дурдсан мөнгөн төлбөрийг нэхэмжлэгч нарт 6 сарын хугацааны дотор өгнө гэж тайлбарласныг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч, 6 сарын хугацаа өгөх боломжгүй гэж маргасан учир зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй хэмээн үзэж, шүүхийн шийдвэр гаргасныг тайлбарлах нь зүйтэй.

          Өөрөөр хэлбэл, зохигч талууд үнийн дүнгийн хувьд маргаангүй боловч мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөх, авах хугацааны талаар нэгдсэн тохиролцоонд хүрээгүй болно.

           Иймд хариуцагч “Их өргөө” ХХК-иас 7,510,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.д, 8,960,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.д тус тус олгон шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “Их өргөө” ХХК-иас 7,510,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.д, 8,960,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.д тус тус олгосугай.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.гаас урьдчилан төлсөн 166,950 төгрөг болон нэхэмжлэгч Ж.аас урьдчилөн төлсөн 174,310 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Их өргөө” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 135,110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч. /рд:ЕП86050907/-д, 158,310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж. /рд:ЦЖ85022471/-д тус тус буцаан олгосугай. 

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.