Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0699

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, С.Ганбат, Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.Я

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: К ХХК дахь банкны эрх хүлээн авагч

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол *** дугаар байр, ** дүгээр орцны ** давхрын **тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Р.Яыг бүртгэхгүй байгаа Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, Р.Яыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол *** дугаар байр, ** дүгээр орцны ** давхрын **тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулахыг даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Р.Я “Ш” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тус компани гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул Захиалагч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ш” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг биелүүлэх, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд Тус дүүргийн шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ***дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, Буянт Ухаа хороолол*** тоот хаягт байрлах, *** давхарын **тоот 49.15 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Р.Я тогтоосон болно.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн албанд Р.Яын орон сууцыг бүртгэхийг даалгасан боловч бүртгэхээс татгалзсан бөгөөд татгалзсан үндэслэлээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас урьдчилан тэмдэглэл хийсэн гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан болно.

Түүний дараа, өмчлөгч өөрөө шүүхийн шийдвэрийг үндэслэн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар хууль тогтоомжид заасны дагуу хураамжаа төлж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасан боловч тус хэлтсээс “Ш” ХХК-д болон “К”ны хооронд 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр, үүрэг дуусгавар болоогүй байна, мөн нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тусгай тэмдэглэл хийгдсэн байна гэж үндэслэлгүйгээр өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөс татгалзсан.

Иймд, нэхэмжлэгчийн зүгээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Захиргааны Ерөнхий хуульд тус тус заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад гомдол гаргаж гомдлын хариуг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гардан авч, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дээд шатны байгууллага болох Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ***дугаар шийдвэрээр гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн болно.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно гэж хуульчилсан ба Тодруулбал, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаар шийдвэрээр иргэн Р.Яыг өмчлөгч болохыг тогтоосон нь хууль хяналтын байгууллагаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тусгай тэмдэглэлийг зөвхөн Р.Яын хувьд Эрх бүхий этгээд болох шүүх ***дугаар шийдвэр гаргаснаар өмчлөгчөөр бүртгэх үндэслэл бий болсон болно.

Хоёр. Өмчлөгчөөр тогтоосон орон сууцны барилгыг 80 хувийн гүйцэтгэлтэй Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байхад нь “К”ны барьцааны бүртгэл хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл 100 гүйцэтгэлтэй Үл хөдлөх эд хөрөнгө бий болоогүй байсан тул Р.Яыг захиалсан түүний өмчлөлийн орон сууц барьцаанд бүргэсэн гэж үзэх нь нэг талыг барьсан өрөөсгөл шийдвэр гэж үзэж байна.

Түүнчлэн, “К”ийг барьцаалагч гэж үзсэн ч Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрлийг авна гэсэн хуулийн зохицуулалт Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 1 дугаар тогтоолоор хүчингүй болгосон ( өөрөөр хэлбэл барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр өмчлөгч хөрөнгөө шилжүүлэх, эд хөрөнгийн өмчлөх эрхэд Шүүхийн шийдвэр дагуу өөрчлөлт оруулах боломжтой ) тул Р.Яын хувьд эд хөрөнгийн өмчлөх эрхийн нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл хийхэд барьцаалагчийн зөвшөөрөл шаардлагагүй, барьцаалагчийн эрх ашгийг хөндөхгүй болно.

Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдөж байгаа талаар: Иргэн Р.Яыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, Буянт Ухаа хороолол*** тоот хаягт байрлах, *** давхарын **тоот 49.15 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Шүүх тогтоосон, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал Улсын бүртгэлийн байгууллага өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэл нь нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, өмчлөгч болохоо баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авах боломжгүй болгон хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.

Нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Р.Яын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс Улсын Дээд Шүүхийн тогтоолд заасны дагуу энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэгдүгээрт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, Буянт Ухаа хороолол*** тоот хаягт байрлах , *** давхарын **тоот 1975 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Р.Яыг бүртгэхгүй байгаа Хан уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох

Хоёрдугаарт, Иргэн Р.Яыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, Буянт Ухаа хороолол*** тоот хаягт байрлах, *** давхарын **тоот 49.15 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулахыг даалгах байсан бөгөөд нэхэмжлэгч нь тус хөрөнгөд бүртгэлтэй “К”ны барьцааны (одоогоор Монгол банкны эрх хүлээн авагчийн) бүртгэлтэй маргаагүй, барьцааг хүчин төгөлдөр бус болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно. Үүнийгээ ч шүүх хуралдааны шатанд манай өмгөөлөгч тодорхой тайлбарлаж хэлсэн байна, Шүүх ч мөн тодруулж асууж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагджээ.

Нэхэмжлэгч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах гэж буй хөрөнгийн барьцааны бүртгэлтэй маргаагүй тул тухайн хөрөнгө барьцаатай хэвээр иргэн Р.Яын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжтой гэж үзэж бөгөөд барьцааны зүйл нь Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд, хэрэв зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагч барьцааны зүйлээр шаардлагаа хангуулах эсэх нь барьцаалагчийн эрх гэж үзэж байна. гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Р.Яын нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ******* хороолол /17122 /, ******* тоот хаягт байрлах үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2013 оны 08 сарын 28-ны өдөр 80 хувийн гүйцэтгэлтэйгээр "“Ш”" ХХК-ний өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн *****дугаарт бүртгэгдсэн байна.

Тус үл хөдлөх эд хөрөнгө нь "“Ш”" ХХК, “К”тай 2015 оны 03 сарын 16 -ны өдөр байгуулсан 17 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаатай, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3/22970, 2019 оны 4/14523, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны оны 3/3612, 2019 оны 3/13310 дугаар албан бичгээр тус тус уг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай тусгай тэмдэглэл хийгдсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно" гэж, мөн зүйлийн 20.1.10 дахь заалтад улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх" гэж, мөн зүйлийн 20.1.14 дэх заалтад хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх гэж тус тус заасан байдаг тул Хан-уул дүүрэг дахь Бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүй нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтад барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно гэж 30 дугаар зүйлийн 30.5 дах заалтад тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно гэж заасан байдаг.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3/22970, 2019 оны 4/14523, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны 3/3612, 2019 оны 3/13310 дугаар албан бичгээр тус тус уг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн “Ш” ХХК-ний өмчлөлийн улсын бүртгэлийн *****дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ******* хороолол /17122/, ******* тоот хаягт байрлах үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 27 тоот 2 өрөө орон сууцыг “К”ны эрх хүлээн авагч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба зэрэг газруудаас барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх тухай шийдвэр ирээгүй тохиолдолд иргэн Р.Яын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийг гэрчилгээг гаргах боломжгүй юм.

Нэр бүхий байгууллагуудаас шилжилт хөдөлгөөн хийхийг зөвшөөрч, хэсэгчлэн хүчингүй болгох тухай шийдвэр ирүүлбэл тусгай тэмдэглэлийн хэсэгчлэн хүчингүй болгож захиран зарцуулах эрх сэргээсэн тохиолдолд орон сууцны нэрсийн жагсаалтанд хавсаргаснаар эрхийн улсын бүртгэлд бүртгэж Р.Яд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах боломжтой юм.

Шүүхийн шийдвэртэй эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлж, тусгай тэмдэглэл хийгдсэн орон сууцанд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Иргэн Р.Яын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбар гаргаж байна.

Иргэн Р.Яын нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол ***** тоот хаягт байршилтай 80 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээ, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө нь бүхэлдээ "“Ш”" ХХК /****/ -ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан "“К”" ХХК -тай 2015 оны 3 дугаар сарын 16 -ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ бүртгэлтэй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны **** дугаартай албан бичиг, Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны ******** дугаартай захирамжийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 412 дугаартай гүйцэтгэх хуудас Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албан 2019 оны **** дугаартай албан бичиг, тус тус үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4 -д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тохиолдолд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 -д , 2011 оны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.7 -д заасан нотлох баримтуудыг тус тус үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно" гэж, 20.1.10 дахь хэсэгт" улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт , хөдөлгөөн хийх ", 20.1.14 дахь хэсэгт хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт "Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрх дуусгавар болгоно", мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт" Энэ хуулийн 30.1.4 - т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно гэж тус тус заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэх үндэслэлгүй байна. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 10.7 дахь заалтад " Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана." гэж заасны дагуу иргэний гаргасан өргөдөл, барьцаа хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлсөн тухай "“К”" ХХК-ийн албан бичиг, мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг холбогдох бусад нотлох баримтыг бүрдүүлж бүртгэдэг. Иймд эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлж, тусгай тэмдэглэл хийгдсэн орон сууцанд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд ирүүлсэн хариу тайлбартаа: ... “Ш” ХХК-нь “К”тай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 17 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10.8 тэрбум төгрөгийг барилгын санхүүжилт зориулалттайгаар зээлсэн.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай барьцааны гэрээг байгуулж тодорхой үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөр, хүүний төлөлт огт хийгээгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд хандаж, шүүхээс гарсан шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болно.

Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйд заасны дагуу бүртгэлийн байгууллага хуулиар хориглосон үйлдлийг зөрчиж, бүртгэх ажиллагаа хийх боломжгүй тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох талаар хуульчилсан.

Барьцааны гэрээний үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээ бус барьцааны зүйлээ дагадаг тул “Ш” ХХК-иас КХХК-д зээлийн үндсэн төлбөр, түүний хүүг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд хөрөнгийн битүүмж чөлөөлөх боломжтой. Р.Я нь “Ш” ХХК-иас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 88,470,000.0 төгрөгт тооцон худалдан авсан нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Дээрх орон сууцны үнийг “Ш” ХХК-иас зээлийн өр төлбөрөө төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг хэсэгчлэн битүүмжээс чөлөөлөхөд татгалзах зүйлгүй. гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол *** дугаар байр, ** дүгээр орцны ** давхрын **тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Р.Я бүртгэхгүй байгаа Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, Р.Яыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол *** дугаар байр, ** дүгээр орцны ** давхрын **тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулахыг даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

К ХХК болон Ш ХХК-ийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 10,800,000,000.0 /арван тэрбум найман зуун сая төгрөг/-ийн үнийн дүнтэй №17 тоот Зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Дээрх зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулахаар КХХК болон “Ш” ХХК-ийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №17 тоот Барьцааны гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний барьцааны зүйл нь ... Хан-Уул дүүргийн 10-р хороо, ******* хороолол, /17122/, ******* тоот хаягт байрлалтай 3875,05 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ****** дугаар захирамжийн 1 дэх заалтаар ... КХХК-ийн нэхэмжилсэн 15,827,519,903.4 төгрөгийг хариуцагч “Ш” ХХК-нь төлөхийг хүлээн зөвшөөрч ... графикийн хугацаандаа төлөөгүй, графикт хугацаа 1 сараар хэтэрсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, ******* хаягт байрлалтай, 3875,05 м.кв талбайтай, 000268097 гэрчилгээний дугаартай, *****улсын бүртгэлийн дугаартай, 80 хувийн гүйцэтгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилга ... үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2017/0******* дугаар захирамжаар ... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/0******* дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ***** тоот албан бичгээр ... Төлбөр төлөгч “Ш” ХХК /*******/-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, наадамчдын гудамж, **** тоот үл хөдлөх хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эсэхийг тодруулж, захиран зарцаалах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлнэ үү гэсэн байна.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандсан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн **** тоот албан бичгээр ... Төлбөр төлөгч “Ш” ХХК /*******/ үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн *****дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, ******* хаягт байрлалтай, орон сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн лавлагааг гарган өгч, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг мэдэгдсэн байна.

Харин “Ш” ХХК, Р.Я нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр маргаан бүхий орон сууцыг бариулах Барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаар шийдвэрээр нотлогдож байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн хороолол, ***** айлын орон сууцны хороолол, *** дугаар байр, ** дүгээр орцны ** давхрын **тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч Р.Я болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

Дээрх үйл баримтууд буюу хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Р.Я болон “Ш” ХХК -ийн хооронд Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулагдахаас цаг хугацааны хувьд өмнө буюу түрүүлж маргаан бүхий барилга буюу КХХК-д Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, ******* тоот хаягт байрлалтай, 3875,05 м.кв талбайтай, **** гэрчилгээний дугаартай, *****улсын бүртгэлийн дугаартай, 80 хувийн гүйцэтгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилгыг “К”ны 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн болон Барьцааны гэрээний барьцаанд бариулсан, улмаар уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь нотлогдож байна.

Мөн дээрх үйл баримтуудаас үзэхэд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Р.Я тогтоосон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны **** дугаар шийдвэрээс цаг хугацааны хувьд өмнө Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны ***** дугаар захирамж гарч ... КХХК-ийн нэхэмжилсэн ... төгрөгийг хариуцагч “Ш” ХХК-нь төлөхийг хүлээн зөвшөөрч хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох албан бичгүүдээр маргаан бүхий барилгын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх талаар бүртгэлийн байгууллагад мэдэгдсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:, 20.1.10-д улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх; гэж заасан байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно., 30 дугаар зүйлийн 30.1-д Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ:, 30.1.4-д шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан;, 30 дугаар зүйлийн 30.5-д Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно. гэж тус тус хуульчилсан байна.

Энэхүү хуулийн зохицуулалтуудаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, арбитр, прокурор зэрэг байгууллагуудаас түдгэлзүүлсэн буюу тусгай тэмдэглэл хийсэн тохиолдолд улсын бүртгэлд ямар нэгэн өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг бүртгэлийн байгууллагад хориглосон, энэхүү улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн тусгай тэмдэглэлийг зөвхөн уг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр хүчингүй болгохоор зохицуулсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтууд болон үйл баримтуудаас үзэхэд КХХК-ийн барьцааны эрх цаг хугацааны хувьд түрүүлж үүссэн, шүүхийн шийдвэр, түүний үндсэн дээр гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгүүдээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 30 дугаар зүйлийн 30.5-д заасны дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг бүртгэх боломжгүй, маргаан бүхий орон сууцыг “К”ны эрх хүлээн авагчийн болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэсэгчлэн чөлөөлөх тухай шийдвэр ирээгүй тохиолдолд Р.Яыг өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэх боломжгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд бүртгэлийн байгууллагыг буруутгах боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 30 дугаар зүйлийн 30.1.4, 30.5-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол *** дугаар байр, ** дүгээр орцны ** давхрын **тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Р.Я бүртгэхгүй байгаа Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, Р.Яыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол *** дугаар байр, ** дүгээр орцны ** давхрын **тоот 49.15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулахыг даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч Р.Яын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Яын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

ШҮҮГЧ С.ГАНБАТ

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН