Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 19 өдөр            Дугаар 153/ШШ2019/00086               Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 10-07 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, Тайж овогт Цогтбаатарын Гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төрийн банкны Ховд салбарт холбогдох Төрийн банкны Ховд салбарын теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгуулагад даалгах, Төрийн банкны Ховд салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Долгор, хариуцагчийн төлөөлөгч А.Батмөнх, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 онд жирэмсний амралтаа авах гэтэл намайг өргөдөл бичиж өгдөг юм гэж манай тооцооны төвийн эрхлэгч надад хэлэхээр нь би “ямар өргөдөл юм бэ. Би бичиж өгөхгүй” гэж хэлсэн. Хэрвээ бичиж өгөхгүй бол жирэмсний амралтын мөнгө чинь олгогддоггүй юм гэж надад хэлэхээр нь би өргөдөл бичиж өгч байсан. Тэгээд намайг тэр өргөдлийг үндэслээд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Энэ талаар би шүүхэд гомдлоо гаргаж, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хурал болсон. Шүүх хуралдаан дээр би хариуцагчтай эвлэрээд А.Батмөнх захирал намайг ажилд эгүүлэн томилохоор, би цалин нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан. Гэтэл намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилоогүй. Тэгээд А.Батмөнх захирал 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр намайг ажил дээр дуудаад намайг доромжилж, “Чи надтай зарлагддаг хэн юм бэ? Чиний тушаалыг одоо Ховд аймгийн Булган сум руу шилжүүлж гаргалаа. Чамайг Булган суманд очиж ажиллахгүй гэдгийг чинь би мэдэж байна” гэж надад хэлж байсан. Тэгээд би 1 дэх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төрийн банкны Ховд салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/77 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалтай танилцаж гарын үсэг зурахдаа “би нялх хүүхэдтэй, Булган суманд таньж мэдэх хүн байхгүй” гэж хэлсэн. Дараа нь би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч чамайг Булган сум руу томилсон тушаал гаргасан байна гээд хүлээж авахгүй байна гэж надад хэлсэн.

Одоо би Ховд аймгийн Жаргалант сумын Төрийн банкны тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Би 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр жирэмсний амралттай байх хугацаанд ажлаас халагдсан. Миний хүүхэд тэр үед 2 сартай байсан. Би 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш дахиж Төрийн банкны Ховд салбарт ажилд ороогүй. Тэр үед А.Батмөнх захирал намайг хуурч, надтай дүр эсгэж эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээнд зааснаар намайг ажилд эгүүлэн томилоогүй учраас би эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд би 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааныхаа цалин гаргуулах хүсэлтэй байна. Учир нь би 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш жирэмсний амралттай байсан бөгөөд амралтын хугацаа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусаж, 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орох байсан.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандахад манай байгууллагын зүгээс авах ёстой арга хэмжээгээ авсан. Одоо та зохих байгууллагад нь хандаж эрхээ хамгаалуулах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би шүүхэд хандсан гэв.

Хариуцагчийн төлөөлөгч А.Батмөнх шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.гийг хууль бусаар ажлаас халаагүй. Өөрийнх нь хүсэлтийг үндэслээд ажлаас нь чөлөөлсөн. Дараа нь намайг хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх үеэр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Ц.г эцсийн тооцоогоо хийгээд өөрөө ажлаасаа чөлөөлөгдөнө гээд явсан. Би шүүхэд эвлэрлийн гэрээг байгуулахдаа Ховд аймагт үйл ажиллага явуулдаг аль нэг салбартаа ажилтнаар авч ажиллуулана гэж эвлэрсэн болохоос өмнө нь ажиллаж байсан ажилд нь эгүүлэн томилно гэж хэлээгүй. Ц.Нийг ажлаас чөлөөлсний дараа Ховд аймгийн Жаргалант тооцооны төв дээр өөр хүн ажилд томилсон байсан. Иймд би Ц.Ганичимэгийг орон тоо байсан Ховд аймгийн Булган сумын тооцооны төвд теллерийн ажлыг санал болгосон. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/77 дугаартай тушаалаар Ц.Гийг Ховд аймгийн Булган тооцооны төвд теллерээр томилж, тэр өдрөө Ц.Гт тушаалыг танилцуулаад гарын үсэг зуруулсан. Гэхдээ Ц.Г өөрөө тэр тушаалыг аваагүй. Ц.Гийн өмгөөлөгчид нь бас танилцуулсан. Хэрвээ тухайн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол 1 сарын дотор шүүхэд гомдлоо гаргаж, шүүхэд хандах ёстой байсан гэж ойлгож байна. Мөн шүүх өмнө шийдсэн асуудлаа дахин шийдэх ёсгүй, шүүх хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Төрийн банкны Ховд салбарт холбогдуулан Төрийн банкны Ховд салбарын теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгуулагад даалгах, Төрийн банкны Ховд салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ц.Г нь 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хадгаламж банкны Ховд салбарын Жаргалант тооцооны төвд теллерээр ажилд томилогдон ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж, улмаар “Хадгаламж банк” нь “Төрийн банк” нэртэй болж өөрчлөгдөхөд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны Ховд салбарын Жаргалант тооцооны төвийн теллерээр томилогдсон болох нь хэрэгт авагдсан Ц.Гийн 0373830 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, Хадгаламж банкны Ховд салбарын 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/63 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-37/, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-38-41/, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1020 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-48/, 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-49-51/, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Улмаар нэхэмжлэгч Ц.Г нь Төрийн банкны Ховд салбарын захирлын тушаалаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, энэ талаар шүүхэд гомдол гаргаж, тус маргааныг анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Тэрээр анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч А.Батмөнхтэй эвлэрч, эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч Ц.Г ийг Төрийн банкны Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа салбарт теллерийн ажилд томилж, нэхэмжлэгч Ц.Г нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагаасаа татгалзсан байна. Энэхүү эвлэрлийн гэрээг үндэслэн шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2016/00512 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн хуулбар /хх-29-32/, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Эвлэрлийн гэрээ /хх-33/, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ц.Гийн хариуцагч Төрийн банкны Ховд салбарт холбогдуулан гаргасан Төрийн банкны Ховд салбарын теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгуулагад даалгах тухай  маргаан нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн маргаан байх бөгөөд энэ нь түүний шүүх хуралдаанд гаргасан “...Би 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр жирэмсний амралттай байх хугацаанд ажлаасаа халагдсан. Миний хүүхэд тэр үед 2 сартай байсан. Би 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш дахиж Төрийн банканд  ажилд ороогүй. Энэ талаар би шүүхэд гомдлоо гаргаж, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хурал болсон. Шүүх хуралдаан дээр би хариуцагчтай эвлэрээд А.Батмөнх захирал намайг ажилд эгүүлэн томилохоор, би цалин нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан. Гэтэл намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилоогүй. Харин 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төрийн банкны Ховд салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/77 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар намайг Булган сум руу томилсон байсан. Эвлэрлийн гэрээнд зааснаар намайг ажилд эгүүлэн томилоогүй учраас би эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул одоо би Ховд аймгийн Жаргалант сумын Төрийн банкны тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан” гэх  тайлбараар мөн нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байдаг. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэнээр шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэдэг.

Иймд нэхэмжлэгч Ц.Гийн шүүхэд гаргасан Төрийн банкны Ховд салбарт холбогдох Төрийн банкны Ховд салбарын теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгуулагад даалгах тухай маргааныг шүүх хянан шийдвэрлэж, шүүхээс Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2016/00512 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан байх бөгөөд энэхүү шүүгчийн захирамж нь хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч Ц.Гийн нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох Төрийн банкны Ховд салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2016/00512 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг үндэслэн хариуцагч Төрийн банк нь нэхэмжлэгч Ц.Гийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Булган тооцооны төвийн теллерийн ажилд томилж, тус ажилд томилсон тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилтан Ц.Гт танилцуулж, гарын үсэг зуруулсан болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны Ховд салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/77 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /хх-34/, энэхүү тушаалын ард бичигдсэн “тушаалтай танилцаж эх хувийг хүлээн авсан Ц.Г” гэх бичвэр, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Ц.Гийн “...би 1 дэх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төрийн банкны Ховд салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/77 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалтай танилцаж гарын үсэг зурахдаа “би нялх хүүхэдтэй, Булган суманд таньж мэдэх хүн байхгүй” гэж хэлсэн...” гэх тайлбар, хариуцагчийн төлөөлөгч А.Батмөнхийн “...2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/77 дугаартай тушаалаар Ц.Гийг Ховд аймгийн Булган тооцооны төвд теллерээр томилж, тэр өдрөө Ц.Гт тушаалыг танилцуулаад гарын үсэг зуруулсан. Гэхдээ Ц.Г өөрөө тэр тушаалыг аваагүй. Ц.Гийн өмгөөлөгчид нь бас танилцуулсан...” гэх тайлбараар нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргадаг. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу өөрөөс үл хамаарах шалтгаанаар энэхүү хугацааг хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоох бөгөөд энэ талаарх баримт болон хүсэлт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Төрийн банкны Ховд салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаартай тушаалыг нэхэмжлэгч Ц.г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар гурав хүртэлх насны хүүхэдтэй учир ажлаас халахыг хориглосон байдаг” гэж тайлбарлах боловч тэрээр гурав хүртэлх насны хүүхэдтэй байх үедээ шүүхээр хөдөлмөрийн маргаантай асуудлаа шийдвэрлүүлэх явцдаа хариуцагчийн төлөөлөгчтэй эвлэрч, энэ талаар шүүгчийн захирамж гарсан байна. Харин Төрийн банкны Ховд салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаартай тушаалтай холбоотой гаргасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Ц.Гийн шүүхэд гаргасан  Төрийн банкны Ховд салбарын теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгуулагад даалгах, Төрийн банкны Ховд салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Төрийн банкны Ховд салбарт холбогдох Төрийн банкны Ховд салбарын теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгуулагад даалгах, Төрийн банкны Ховд салбарын захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч У.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА