Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 03

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                                    

Хэргийн индекс 132/2016/00153/И

 

        Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

          Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 566 дугаартай шийдвэртэй,

 Б.Г-ийн нэхэмжлэлтэй, П.Э, Д.Б нарт холбогдох гэм хорын хохирол 5810000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Г   

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

Хариуцагч Д.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр

Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 02 дугаар сарын 17-ны оройн 21 цаг 3 минутанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт .... улсын дугаартай өөрийн эзэмшлийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад нэг урсгал тэр чигээр нь хаагаад зогссон байсан “Хено FP-2” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Ингээд энэ хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн тасгийн замын цагдаагийн  дэслэгч, шинжээч Х.Мянганбаяр дүгнэлт гаргаж 4 дүгээр асуулт болох ослын шалтгааныг тогтоож өгнө үү гэсэн асуултын хариу 2 дугаар асуултаар хариулагдана гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ 4 дүгээр асуултын хариу болох 2 нь жолооч Б-ийн буруугаас болж зам тээврийн осол гарсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Б нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй, 15-30 метрийн зайд ослын гурвалжин тэмдэгээ тавиагүй байсан. Нэг урсгалыг тэр чигт нь хааж зогсоод нөгөө урсгалын цагаан шугаманд бараг хүрсэн байсан. Тэр зогссон газар нь өндөрлөг газар байсан ба маш өндөр банз ачсан байсан тул цаад урсгалаас ирж байгаа машин харагдах боломжгүй байсан. Мөн машиндаа ямар нэгэн гэрэлтүүлэг аваарын дохио цацруулагч наалт нааж аюулгүй байдлаа хангасан байсан бол би тэр бүгдийг нь харах боломжтой байсан. Хариуцагч Д.Б нь П-ийн Э гэх хүний тээврийн хэрэгсэлийг барьж явсан. Б.Г миний бие ам бүл 5, өрх толгойлсон эмэгтэй. Оросын холбооны улсаас жимс оруулж ирэн зарж гэр бүлээ тэжээдэг. Би машинаа аваад жил ч болоогүй, банкны өрөө төлж дуусаагүй байгаа. Мөн 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ямар ч ажил хөдөлмөр эрхэлсэнгүй. Жимс хүнсний борлуулалт баяр ёслолоор их байдаг. Осол болсноос хойш 2-3 баяр болж өнгөрсөн. Энэ үеэр орлогынхоо 60-80 хувийг олдог. Энэ хүний буруутай үйлдлээс болж орлогоо алдаж, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон. Машины зах зээлийн үнэлгээ 8500000-10000000 төгрөгийн хооронд байна. Гэтэл одоо машиныг маань засах боломжгүй задаргаанд 1000000 төгрөгөөр авна гэж байна. Иймд хариуцагч Д.Б, П.Э-аас Дархан-Уул аймгийн Бан-хас ХХК-ийн хөрөнгө даатгалын үнэлгээ 509900 төгрөг, үнэлгээний төлбөр 235000 төгрөг, машин ачуулсан хөлс 250000 төгрөг, толгойн зураг авахуулсан төлбөр 30000 төгрөг, ослын зураг угаалгасан хөлс 7000 төгрөг, Хөтөл рүү байцаалт өгөхөөр явсан замын зардал 177000 төгрөг, бичиг баримт нотариатаар батлуулсан 4000 төгрөг, эрүүгийн хэргийн төв архиваас бичиг баримт хуулбарлан авсан 7100 төгрөг, нийт 5810000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоноос “Хино” маркийн ... улсын дугаартай авто машинд банз ачин Улаанбаатар хот орохоор явсан юм. Гэтэл Сэлэнгэ амйгийн Хөтөлд ирэх үед машин маань эвдрээд тэндээ хэд хоног машинаа засаж янзлаад 2017 оны 02 дугаар сарын 17-ны орой Хөтөлөөс яваад удаагүй машины мотор дуугараад болохоо байхаар нь түр зогсолт хийж зогссон. Би зогссон даруйдаа ослын зогсолтын гурвалжингаа машиныхаа хойно болон урд талд 2 газар тавиад Хөтөлөөс Ц гэдэг машин засч өгсөн хүнийг дуудан “машин болохоо байлаа, тросс аваад ир чирье” гэж хэлсэн. Ц ч удалгүй тросс аваад машинтай ирсэн, гэтэл машины хойно тавьсан зогсолтын гурвалжин унаад хагарсан байсан, зөрж өнгөрсөн машин дайрсан байсан тул би Ц-г гар чийдэн тусгаад зогсож бай гэж хэлээд би кабинаас скоч авах гээд явсан ингээд л машинд мөргүүлээд машиныхаа эсрэг урсгалд шидэгдсэн байсан гэсэн. Би ухаан алдаад Хөтөлийн эмнэлэг дээр ухаан орсон. Дараа нь Ц ярихдаа юу юугүй нэг машин хурдтай ороод ирэхээр нь тэр машин руу гэрлээ тусгаад "болохоо байлаа гэж хашгираад " өөрөө замын хажуу руу үсэрсэн. Тэгээд л так гээд л явчихсан. Тэр машин тормоз ер гишгээгүй гэж хэлсэн. Би тэр өдөртөө Хөтөлийн эмнэлэгт хэвтэж байгаад Улаанбаатар хотын ГССҮТ-д очиж үзүүлээд гэртээ ирж хэвтсэн. Би ослын тэмдэг хойно урдаа тавьсан боловч хойд талын тэмдгийг машин дайрсан байсан. Осол болохоос өмнө зөндөө машин явсан тэд машиныг хараад л өнгөрөөд байсан. Г жолооч машины гэрлийн гялбаанд орсон гээд байгаа тэгвэл би эсрэг урсгалд шидэгдсэн байсан, яагаад машинд дайруулчихаагүй юм бол. Ц ард зогсож байсан хүн бүгдийг мэдэж байгаа, эсрэг урсгалаас машин ирээгүй гэж хэлсэн. Хэрвээ Г хурд хэтрүүлээгүй, хурд багатай явсан бол бүхэл бүтэн хүн гар чийдэн тусгаад зогсож байгааг, урд нь өндөр ачаатай том оврын машин байгаа зэргийг харах байсан. Гэрэл тусгасан хүн том оврын машин хараад самбаачлан тормоз гишгэсэн бол, хурд багатай явсан бол түүний машин бага эвдрэх байсан болов уу. Ер нь авто ослын үед хурдтай явсан машин нь илүү их гэмтэлд өртдөгийг бүгд мэддэг. Жолооч Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Ослоос хойш миний бие тааруу нилээн хугацаанд хэвтсэн. Гэтэл Шинжээчийн дүгнэлтээр намайг буруутгахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүй гэх юм. Тавьсан тэмдгийг өмнөх машин дайрсан, тэмдгийн оронд гар чийдэнтэй хүн зогсож байхад энэ заалтаар буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, мөн дүрмийн 7.17 заалтыг зөрчсөн гэсэн нь буруу би ямар ч үйлдэл хийгээгүй, ухрах гэж байгаа ч энэ заалтаар буруутгасаныг ойлгохгүй байна. Миний жолоодож явсан машины тэвш нь 8 м, кабинтайгаа нийлээд урт нь 13 м, өргөн нь 2.50 м учраас замын хажууд шахаж зогсоод ч урсгалыг бүрэн чөлөөлөх боломжгүй, зам чөлөөлж байна гэж замын хажуугийн хонхор руу орж зогсолтой нь биш. Манай зам хэдэн метр өргөнтэй билээ дээ. Шинжээчийн дүгнэлтээр жолооч Г-ийг замын хөдөлгөөний дүрмийн 9.2-г зөрчсөн гэж үзсэн. Иймд надад учирсан дараахь хохирлыг Ганчимэгээс нэхэмжилнэ. Үүнд: автомашинд учирсан хохирол үнэлгээгээр 960000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 75000 төгрөг, машины ачааг шилжүүлэн ачиж Улаанбаатарт хүргүүлсэн машины тээврийн хөлс 600000 төгрөг, банзыг зөөвөрлөн ачсан 4 хүнд өгсөн хөлс 80000 төгрөг, осол болоход ирсэн машины түлш 80000 төгрөг, машины банз задарч түлш асгарсан 150 литр түлшний үнэ 225000 төгрөг, эмчилгээний нийт зардал 120000 төгрөг, рентгэн зураг 40000 төгрөг, эмний үнэ 61100 төгрөг, 31500 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 3000 төгрөг, нийт 2305600 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч П.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Г нь П.Э-ыг хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа. “Хино FR-2” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь П.Э-ын нэр дээр байгаа боловч тухайн тээврийн хэрэгсэл Д.Б-ийн өмчлөлд байдаг. Түүний ах Таванжин машиныг худалдан аваад Б- ачаа ачиж авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 566 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Б-ээс 4596800 /дөрвөн сая таван зуун ерэн зургаан мянга найман зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1213200 /нэг сая хоёр зуун арван гурван мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч П.Э-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч Д.Г-ээс 2305600 /хоёр сая гурван зуун таван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 107910 /нэг зуун долоон мянга есөн зуун арав/ төгрөг, хариуцагч Д.Б-ийн төлсөн 51840 /тавин нэгэн мянга найман зуун дөч/ төгрөгийг Төрийн санд тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ээс 88498 /наян найман мянга дөрвөн зуун ерөн найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

          Хариуцагч Д.Б давж заалдах гомдолдоо:

            ...Энэхүү осол болсон гол шалтгаан нь миний бие Д.Б буруутай мэтээр тайлбарлаж байгаа болон тухайн үеийн нөхцөл байдлын талаар доорхи хариу тайлбар хүргүүлж байна.

Осол болсон газар нь алсаасаа өгсүүр нэхэмжлэгч Б.Г-ийн хөдөлгөөнд оролцож буй талаас илт харагдах төдийгүй, самбаачлан хурдасгуураа бууруулах, тоормоз гишгэх аль нэг үйлдэлд машин богино хугацаа, зайд бүрэн зогсох боломжтой. Хэрэв Б.Г гялбаанд орсон бол хурдаа хасах хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд самбаачлах ямар ч арга хэмжээ аваагүй нь тухайн нөхцөл байдлаас нотлогдож байгаа юм. Миний жолоодож явсан машин орой нь 5 цагийн үед мотор цохиж өгсүүр замд унтарсан бөгөөд зам чөлөөлөх үүднээс хойд хэсэг нь замын хажуугийн хайрга, цасны хунгарт шигдсэн урд хэсэг нь тусгаарлах зурвасаас 1.5 м орчим зайтай явж байсан чиглэлдээ жишүү хэлбэртэй байрлуулсан нь миний хийсэн хамгийн боломжтой зам чөлөөлөлт байсан бөгөөд Б.Г-ийн ярьж байгаа шиг зам хаасан асуудал байхгүй оройн 5-аас 9 цагийн хооронд маш олон машин анхаарал болгоомжтой саадгүй нэвтэрч байсан. Осол 2 дугаар сарын дэн хүйтэн үед болсон бөгөөд машины аккумляторын цэнэг дуусч машин асахгүй учир бүх гэрлүүд ажиллах боломжгүй болсон нь надаас шалтгаалах нөхцөл байдал юм. Түүнчлэн машины ар талын гол хэсэгт 17 см өргөнтэй, 70 см урттай хөндлөн урт цацруулагч байдаг бөгөөд ямарч цацруулагч байхгүй мэт Б.Г нь өөрийгөө зөвтгөн худал ярьж байгаа нь няцаагдаж байгаа болно. Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 40.2-д "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж 116 дугаар зүйлийн 116.2-д   "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл  бүхий  байна”  гэж заасантай тус тус нийцээгүй бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хариуцагч Д.Б нь 2,305,300 төгрөгийг нэхэмжлэгч Б.Г-ээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тухайн зам тээврийн осол гарахад хариуцагч Д.Б-ийн буруугаас болж гарсан нь шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна" гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Шүүхээс "нэхэмжлэгч Д.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2.т жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг тус тус  зөрчсөнгэсэн нь осол гарахад   хүргэсэн байхад сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Г-ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн дээрх үйлдэл нь осол гарахад хүргэсэн эсэх талаар шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулснаас гэм буруугаас үүдэлтэй хохирлыг хэн хариуцах талаар бодитой дүгнэлтэд хүрсэнгүй. Хэрэв нөлөөлсөн бол нэхэмжлэгч нь тэрхүү гэм буруугаас үүдэлтэй хохирлыг хариуцах ёстой юм. Мөн хариуцагч талын тайлбарласан ослын гурвалжин тэмдгийг өмнөх машин дайрсан бөгөөд гар чийдэнтэй хүн зам дээр зогсоож байсан гэх асуудалд дүгнэлт хийлгүй дан ганц шинжээчийн дүгнэлтээр нотлох баримтыг хязгаарлажээ.

Анхан шатны шүүх хариуцагч талд учирсан хохирлыг арилгуулах үндэслэл бүхий баримтыг үнэлэхгүй орхигдуулж, зөвхөн энэ талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлжээ. Шүүхийн шийдвэрээс харахад ямар учраас хариуцагч нь гэм хорын төлбөрийн 80 хувийг хариуцаж байгаа, нэхэмжлэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн атлаа ямар учраас огт төлбөр төлөхгүйгээр хариуцлагаас чөлөөлөгдөж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй болжээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргасан хүн нь хариуцлагаас чөлөөлөгдсөн байна.

Иймд Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 01-ний 566 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг хариу тайлбартаа:

... Тэрээр нэхэмжлэгчийн шаардаж буй хохирлын 80%-ийг өөрөөс нь гаргуулах болсон үндэслэл нь ойлгомжгүй гэжээ. Шүүх шийдвэрийн үндэслэл хэсэгтээ осол гарахад Б.Г тээврийн зогсоох арга хэмжээ аваагүй буруутай гэж шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын 80 хувийг гаргуулахаар шийдвэрлэж байгаагаа маш тодорхой заасан байна.  

Мөн хариуцагч нь өөрийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэжээ. Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ зам тээврийн осол нь хариуцагч Д.Б-ийн буруугаас болсон тул гэж заасан байна. Шүүхийн энэ дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй юм. Хариуцагч Д.Б нь хот хоорондын зам дээр зорчих хэсгийг хааж зогсоод улмаар ослын дохионы гэрлээ асаахгүй, ослын тэмдэг тавихгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна.  Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ    

                                             

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т засан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Д.Б, П.Э нараас гэм хорын хохиролд 5.810.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Д.Б нэхэмжлэгч Д.Г-ээс 2.306.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд тус тус гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багын нутагт “Приүс 20” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Хино FR-2” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гарчээ. /х.х-ийн 9-18 дугаар тал/

Тухайн зам тээврийн осол гарсан шалтаан нь 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Г нь замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан ”...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, хариуцагч Д.Б замын хөдөлгөөний дүрмийн 6.2 “ ...ослын дохионы гэрэл хэрэглэх” 7.17 “...бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь тогтоогджээ. /хх-ийн 9 дүгээр тал/

Хариуцагч Д.Б тухайн зам тээврийн осол нь миний буруугаас болоогүй, нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд гэм хорын хохирол учруулаагүй,  шинжээчийн дүгнэлт буруу гарсан учир зөвшөөрөхгүй байгаа талаар мэтгэлцсэн байгаа боловч гэм буруугүй болохоо баримтаар нотлож чадаагүй байх тул бусдын эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролыг хариуцан арилгах үүрэгтэй ба энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасантай нийцсэн байна.

 Анхан шатны шүүх хариуцагч Д.Б-ээс бусдын эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролыг гаргуулахдаа нэхэмжлэгч Б.Г-ийг замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг зөрчсөн буруутай  гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаас 1.213.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, зам тээврийн осол нь хариуцагч Д.Б-ийн буруугаас болсон гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Д.Б-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,  Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 88.403.00 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ё.БЯМБАЦЭРЭН

 

ШҮҮГЧИД                                                                  С.УРАНЧИМЭГ

 

                                                                                  М.ХҮРЭЛБААТАР