Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 125А

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

    Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

    Улсын яллагч Д.Цолмон,

    Хохирогч Л.Алтанчимэг,

    Шүүгдэгч С.Ганхуяг, түүний өмгөөлөгч Г.Батболд, Ц.Гансүх,

          Шүүгдэгч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Ё.Энхбулган нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хул Адуут овогт Самбуугийн Ганхуяг, Боржигон овогт Баасанжавын Эрдэнэбат нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625010553 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Монгол улсын иргэн Хул-Адуут овогт Самбуугийн Ганхуяг, 1969 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 4 дүгээр гудамжны 94 тоотод Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 60 дугаар байрны 47 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, ХЗ69082577 тоот регистрийн дугаартай,

          Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Баасанжавын Эрдэнэбат, 1981 оны 04 дүгээр 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 5 дугаар гудамжны 363 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, МХ81042919 тоот регистрийн дугаартай,

 

          Шүүгдэгч С.Ганхуяг нь 2016 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Б.Эрдэнэбат, Л.Алтанчимэг нарын эрх чөлөөнд халдан, улмаар Б.Эрдэнэбатын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

          Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2016 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн С.Ганхуягийн эрх чөлөөнд халдан, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв” гэв.

         

Шүүгдэгч С.Ганхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө хамт ажилладаг Алтанчимэг, Эрдэнэбат нарын “бааранд оръё” гэж хэлснийг би зөвшөөрч “Хүлэг” бааранд 20 цаг 30 минутанд өөрийн эхнэр болон Алтанчимэг, Эрдэнэбат, Болдбаатар, Чанцал, Бадмаа нарын хамт орсон. Бөөндөө 1 өрөөнд ороод 1 шил архи авсан. Анх “ганц пиво авна” гэж байснаа бааранд ороод архи авсныг нь анхнаасаа намайг хуурсан гэж би ойлгож байна. Авсан архиа уугаад дуулж байхад би Алтанчимэгийг урьж бүжиглэсэн. Бүжиглэчихээд буцан сууж байхад Алтанчимэг “чи миний талаар цагдаад эхнэрийгээ өргөдөл өгүүлсэн” гэж агсараад байхаар нь би “харин ч би чамайг өмөөрөөд битгий өргөдөл өг гэж хэлж байсан” гэж хэлэхэд тэр над руу агсараад байхаар нь би хол очиж суусан. Гэтэл Эрдэнэбат хажуунаас орж ирээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд Эрдэнэбат над руу давшилаад “гараад ир” гээд заамдаад агсараад байхаар нь би гадаа гартал хажуунаас 2-3 залуу гэнэт орж ирээд намайг Эрдэнэбаттай нийлж хэвтэрт ортол зодсон. Тухайн үед зүүн хацрыг маань хурц иртэй зүйлээр зүсэж цус гаргахаар нь би бааранд зугтаж ортол Эрдэнэбат урдаас зууран зодож, хамгаалагч болон Алтанчимэг нар намайг нийлж зодож байсан. Тэр үед би хөдлөөгүй, гар хүрээгүй. Харин хажуугаас нэг хүн цохиод байхаар нь би гараа савтал Алтанчимэг унасан юм. Би цагдаа ирэхэд явж чадахгүй нилээд бөгтийсэн байдалтай байсан. Миний шанаа хавдаж цус хурснаас болж одоо хүртэл өвддөг болсон. Хавирга бас өвддөг болсон. Хамгаалагч намайг хажуунаас өвдөглөж зодсон, Алтанчимэг бас ар тал болон хажуунаас зодож байсан. Тэгээд цагдаа ирсэн” гэв.

 

Хохирогч Л.Алтанчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 01 дүгээр сарын 23-нд ажлаа тараад ажлынхаа газрын хүмүүстэй бааранд суусан. Тэнд ууж идэж байгаад зарим хүмүүс нь явахад Эрдэнэбат болон түүний эхнэр, Ганхуяг бид дөрөв үлдэж маргалдсан. Тэгэхэд Ганхуяг гаднаас орж ирээд Эрдэнэбатыг заамдаж сандал дээр нь цохиж унагаасан. Түүнийг салгах гэсэн боловч салгаж чадалгүй байж байхад хамгаалагч орж ирээд салгасан. Тэгээд бөөндөө баарнаас гарах гэж байхад Ганхуяг гадаа намайг шанаадаж унагаагаад ухаан алдуулсан. Сэргээд харахад Ганхуяг, Эрдэнэбат хоёр хашаа руу цуг унасан байсан. Цагдаа дуудаад дахин баар руу дээшээ ороход намайг бас Ганхуяг араас өшиглөж унагаагаад ухаан алдуулсан. Цагдаа дээр ирэхэд Ганхуяг бас Эрдэнэбат бид хоёрыг зодож байсан. Энэ Ганхуяг нь удаа дараа худлаа ярьж байна” гэв.

 

  Хохирогч Л.Алтанчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орой 21 цагийн үед “Эко” худалдааны төвд худалдаа наймаа хийдэг Чанцал нөхөртэйгээ, Бадмаа эгч нөхөртэйгээ, Ганхуяг эхнэрийн хамт Эрдэнэбат гэх залуу бид нар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” нэртэй караоке бааранд хамт орцгоосон юм. “...тэр бааранд Ганхуяг эхнэрийн хамт, хажууд нь Эрдэнэбат бид нар үлдээд Чанцал эгчийг яваагүй байхад би Ганхуяг ахтай үл ойлголцсоны улмаас жаахан маргалдаж байгаад эвлэрсэн. Тэгээд тэр хэд явсны дараа бид нар үргэлжлүүлээд дуулж хуурдаад сууж байгаад Ганхуяг ах эхнэрийн хамт явлаа гээд гараад явахаар нь би Эрдэнэбаттай жаахан сууж байгаад явъя гээд сууж байсан чинь Ганхуяг гэнэт гаднаас орж ирээд Эрдэнэбатыг би чамайг алчихъя гээд сууж байсан газар нь заамдаж аваад учир зүггүй толгой тархи руу нь нүдээд зодохоор нь би эхнэртэй нь салгах гэсэн чинь дийлэхгүй байхаар нь би баарны хамгаалагч залууг дуудаж байж Ганхуяг ахыг салгаад гаръя гээд түрүүлээд гарч байсан чинь Ганхуяг ах араас ирээд би тэгвэл чамайг алчихъя гээд зүүн талын гуя руу өшиглөхөөр нь больцгооё гаръя гээд түрүүлээд баарнаас гарсан чинь миний араас миний зүүн талын чамархай хавьцаа Ганхуяг ах гараараа цохьсон чинь би нэг хэсэг ухаан балартаад газар унаад нэг сэрсэн чинь Эрдэнэбатын дүү гээд нэг залуу ирчихсэн намайг сэрээгээд машиндаа суулгахаар нь би цагдаад дуудлага өгсөн, мөн Эрдэнэбат цагдаа дуудсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх.26/,

          Хохирогч Б.Эрдэнэбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Ганхуяг ахын эхнэрээс бусад нь бүгд архиа хувааж уусан. Тэгээд шөнийн 00 цаг хүртэл тухайн бааранд сууцгааж байгаад Алтанчимэг эгч Ганхуяг ах нар юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй хоорондоо муудалцаад байсан чинь Ганхуяг ахын эхнэр нь эрүүл байсан болохоор тэр хоёрыг болиулаад баарнаас Ганхуяг ахыг аваад гарсан. Тэгээд Аптанчимэг эгчтэй бид хоёр юм яриад сууж байсан чинь Ганхуяг ах гаднаас эхнэртэйгээ орж ирээд шууд үгийн зөрүүгүй намайг зодож эхэлсэн чинь Ганхуяг ахын эхнэр нь Алтанчимэг эгчтэй нийлээд Ганхуяг ахыг салгах гээд дийлээгүй, би тэр үед зодуулаад доор нь дарагдсан зодуулж байсан. Тэгсэн чинь Ганхуяг ах би урд нь цагдаад байсан чам шиг муу бацаан намайг яадаг юм гэх зэргээр нүүр рүү бөгжтэй гараараа цохиод зодоод байсан чинь Алтанчимэг эгч баарны хамгаалагчийг дуудаж оруулж ирээд Ганхуяг ахыг надаас салгасан чинь баарны коридорт Ганхуяг ах Алтанчимэг эгчийг ална гээд дайраад байснаа цохиод авсан. Тэгээд Алтанчимэг эгч баарны гадаа гарсан чинь Ганхуяг ах Алтанчимэг эгчийг араас нь цохиод ухаан алдуулсан чинь Алтанчимэг эгч газар ухаан алдаад унасан чинь эргээд намайг барьж хоолой боогоод байхаар нь би өөрийгөө хамгаалах зорилгоор Ганхуяг ахтай өөдөөс нь зууралдсан чинь бид хоёр хамт гадаа баарны хажуу талд хураалттай байсан хавтангууд байсан түүнийг мөргөөд давхраараа унаад боссон ба Ганхуяг ахын зүүн хацарнаас нь цус гарсан харагдсан. Тэр хавтан нь баарны гадаа хашлага дагуулаад хураасан байсан барилгын материал байсан тэр хавтангийн үзүүр хэсгийг Ганхуяг ах зүүн шанаа хэсгээрээ мөргөөд унасан ба тэр үед нь бас баруун шанаагаараа газар унаад байхад баарны хамгаалагч гарч ирээд салгаад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг. /хх.28/,

Хохирогч С.Ганхуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Алтанчимэгээс залхаж холдоод суусан гэвч хажууд нь сууж байсан Эрдэнэбат гэгч залуу юунд нь залхаад байгаа юм гээд хэлэхээр нь чи хажуугаар нь юу юм гэсэн чинь чамтай яасан ч яадаг юм хэнд архи өгөх нь миний дур гээд холдоод суусан байхад хүрч ирээд заамдаж аваад мөргөөд гарчихъя гэхээр нь би өөдөөс нь түлхээд чи юу яриад байгаа юм чиний хаана чинь юм гэж хэлсэн боловч учиргүй давшлаад гаръя, гараад ир гээд дахин заамдаад татаад байхаар нь аргагүй би босож баарны гадаа гарсан. Тэр үед Эрдэнэбатын биеийн хэсгээс нь архины шил унаж байхаар нь өө энэ архины шилтэй байсан байна шдээ гэж би чанга дуугаар хэлж байсан. Тэгээд намайг заамдаад чирээд гарах явцдаа хамгаалагч найз нарыгаа уриалан дуудаад байсан чинь хамгаалагч гэх нэг залуу зүүн хажуугаас үгийн зөрүүгүй шанаадаж зүүн хавирга руу өвдөглөж зүүн гуя хөл рүү олон удаа өшиглөж зодсон. Тэр үед Эрдэнэбат нь миний өмнөөс заамдаж хүзүүнээс зуурч толгойгоороо мөргөөд байсан...би ганцаараа дотогшоо айсандаа орсон байсан бөгөөд дотор ороод хувцасаа харсан чинь цамцны энгэрийн халаасанд байсан өдрийн орлого 200.000 орчим төгрөг алга болсон байсан. Тэгээд цамцны энгэрийн хэсэг урж ханзарсан мөн энгэрийн товч бүгд урагдсан дотуур өмссөн байсан подволк цус ихээр болсон байсан. Мөн гадуур өмсөж байсан ноосон цамц боож унагаах үед ноосон цамцны энгэр заам урагдаж суга нь ханзарсан байсан...би Эрдэнэбат гэх залууг өдөж зодоон хийгээгүй, би харин нүүр рүү нь түлхэж чиний хаана чинь цохих юм гэж удаа дараа хэлж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх.30/,

          Гэрч  Г.Баярцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  “... тэр  үед  би  сандал  дээрээс нөхрийнхөө хувцсыг аваад эргэтэл Эрдэнэбат манай нөхөр дээр шал согтуу ирчихсэн яаж байна аа гээд хүрч ирээд манай нөхрийг мөргөсөн гэсэн би тэрийг нь хараагүй эргээд харсан. Манай нөхөртэй заамдаад барьцалдаад авчихсан байсан. Тэр үед Алтанчимэг нь хүртэл орилж хашгираад байсан тэгээд одоо боль гээд Алтанчимэгтэй би тэр хоёрыг салгаад одоо болио явъя гээд удаагүй байж байсан чинь дахиад Эрдэнэбат манай нөхөр дээр очоод зууралдаад манай нөхөр цааш нь түлхээд хойшлуулаад байсан чинь Эрдэнэбат манай нөхрийн өөдөөс сарвалзаад довтлоод нэг хэсэг салахгүй байж байгаад хамгаалагч орж ирээд тэр хоёрыг салгасан. Тэгээд хоёр дахь удаа салаад Эрдэнэбат гараад явсан, би тэр үед нь өрөөний үүдэнд гаръя гээд зогсож байгаад манай нөхөр өрөөнд буйдан дээр сууж байхаар нь Эрдэнэбат гаднаас дахин орж ирээд энэ юу юм гээд үглээд орж ирээд манай нөхрийн өөдөөс нь очоод барилцаж авсан. Алтанчимэг манай нөхрийн хажуунаас өшиглөж гарын цохиод хачин хачин орилоод байсан чинь манай нөхөр гараараа савсан чинь Аптанчимэг ухаан алдсан дүр эсгээд жүжиглээд бүтэн биеэрээ газар уначихсан...” гэсэн мэдүүлэг. /хх.31-32/,

 

          Гэрч М.Баттулга мөрдөн байцаалтад мэдүүлээдээ: “...2 ноймерын өрөөнд орсон хүмүүс зодоон болоод байна гэж хэн нэгэн хэлэхээр нь би дээд давхраас буугаад ирсэн чинь 2 ноймерын манай бармен Оюунгэрэл эгч орчихсон 2 эрэгтэй нь дээр доороо орчихсон зодоон хийсэн бололтой жижиг биетэй залуугийнхаа нүүр амыг майжаад хаясан бололтой зууралдаад байж байхаар нь салгасан. Тэр үед хажууд нь байсан 2 эмэгтэй хэрүүл хийгээд зогсож байхаар нь тэдгээр хүмүүсийг салгасан чинь бүгд өрөөнөөс гарах гээд хувцасаа өмсөөд намхан биетэй эрэгтэй нь нөгөө өндөр нуруутай эмэгтэйтэй гадаа коридорт зогсож байхад хөгшин бүдүүн настай ах нь араас нь коридорт гарч ирээд нөгөө хоёр руу ална хядна гээд дайраад байсан. Тэгээд гадаа гарцгаасан чинь бүдүүн залуу нь араас нь гарч байснаа өндөр нуруутай эмэгтэйг цохих шиг болсон чинь тэр эмэгтэй хажуу талаараа газар унасан юугаар цохьсоныг нь хараагүй нүд ирмэхийн зуурт цохиод унагаасан чинь намхан биетэй эрэгтэй нь чи муу яаж байгаа юм гээд заамдалцаад зууралдаад баарны баруун хойд талын үзүүр рүү хашлага дагаж явж байгаад хоёулаа давхралдаад хажуугаар унахдаа баарны гадаа хашлага дагуулаад хураасан байсан гипсэн хавтангийн буланг том биетэй бүдүүн залуу нь зүүн талынхаа хацраар мөргөөд унасан. Би тэр үед нь очоод тэр хоёрыг салгахад бүдүүн залуутай хамт явсан жижигхэн биетэй эмэгтэй нь айгаад байгаа бололтой холоос хараад ойртож чадахгүй болохоор нь би нөхрийг нь нөгөө залуугаас салгаад буцаагаад баар руугаа дагуулж оруулаад анх байсан өрөөнд оруулж суулгаад та жаахан тайвшир гээд суулгасан. “...намхан жижиг биетэй залуугийн дүү нь гээд нэг залуу ахыгаа машинтай авахаар ирчихсэн зогсож байсан, тэгээд хацраа зүсүүлсэн гэх бүдүүн залуу, түүний эхнэр, гадаа толгойруугаа цохиулсан эмэгтэй нараас өөр хүн байгаагүй, мөнгө дээрэмдсэн бүлэглэн зодсон гэдэг нь худлаа, би юу болж зодоон хийж байгаа танихгүй хүмүүсийн хооронд орж зодоон хийх вэ харин зодоон хийж байхад нь салгасан...” гэсэн мэдүүлэг. /хх.35-38/,

          Гэрч Д.Оюунгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  “...тэгээд орсон хүмүүсээс зарим нь  яваад  2  эрэгтэй,  2  эмэгтэй үлдээд байж байсан чинь архиа ууцгаагаад байснаа өрөөнд нь хэрүүл болоод байгаа бололтой шуугиад байхаар нь орсон чинь нэг бүдүүн залуу, нэг намхан жаахан биетэй залуутай зууралдаад буйдан дээр, дээр доороо ороод байхаар нь юу болоод байна наад хоёроо салгаач гэсэн чинь нэг намхан биетэй, бүдүүн залуугийн эхнэр нь бололтой наана нь хараад ойртож чадахгүй хажууд нь согтуу туранхай өндөр хүүхэн орилоод байхаар нь би дээд давхарт ажиллаж байсан хамгаалагчаа дуудсан. Тэгээд хамгаалагч орж ирээд салгасан чинь тэдгээр хүмүүс хувцасаа өмсөөд гадагшаа гарсан гарахдаа коридорт бүдүүн залуу нь нөгөө намхан залуу руу нь дайраад хажууд нь байсан эмэгтэй орилоод хэрүүл хийгээд байсан. Тэгээд гадагшаа гарцгаасан. Би тэр үед нь тэкний ард сууж байсан чинь хэсэг байж байгаад бүдүүн залууг нь гаднаас хамгаалагч Баттулга дагуулчихсан араас нь эхнэр нь орж ирсэн. Тэгээд буцаад өрөөндөө оруулахад нь би араас нь ороод та нар тохьтой томоотой хүмүүс байж яагаад зодоон хийдэг байна аа гэсэн чинь тэр бүдүүн залуугийн эхнэр нь бололтой жижигхэн хүүхэн нөхөртөө ойртож чадахгүй, харин тийм манай нөхөр архи уудаггүй юм гээд ойртож чадахгүй нөхөр нь буйдан дээр суусан харагдсан...” гэсэн мэдүүлэг. /хх.39-42/,

 

          Гэрч Г.Батбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... манай найз охин Батаа ах “Хүлэг” нэртэй караокед ажлынхаа хүмүүстэй байна гэж ярьсан архи уусан машинаа барьж чадахгүй байна чи очоод аваад ир гээд орой 23 цаг 40 минутын үед хэлэхээр нь тэр караоке баарыг нь заалгаад ажлынхантайгаа байгаа өрөөнд нь орсон чинь Батаа ах хоёр эмэгтэй хүнтэй сууж байсан. Тэгээд Батаа ахын хажууд сууж байсан жижиг биетэй эмэгтэй нь чи гадаа байж бай бид нар юм ярьж байна гээд хөөгөөд байхаар нь би Батаа ахаас машины түлхүүрийг нь аваад гадаа гараад хүлээгээд нилээн суусан боловч гарч ирэхгүй байсан болохоор нь буцаад нөгөө өрөөнд орсон чинь Батаа ах нөгөө 2 эмэгтэй, бас нэг махлаг тарган ах хажууд нь суусан Батаа ах нөгөө махлаг тарган ах, арай тарган эмэгтэй тэр 3 нилээн согтсон бололтой жижиг биетэй эмэгтэй нь тэд нарыг бодвол арай гайгүй намайг орсон чинь нилээн дургүйцсэн шинжтэй чи гадаа хүлээж бай гээд нөгөө 3 нь хоорондоо юм яриад сууж байсан. Нөгөө хэд баарны үүдэнд гараад ирсэн, махлаг ах нь нөгөө арай намхан эмэгтэйн толгой нүүрэн хэсэгт гараараа цохиж харагдсан. Тэгсэн чинь Батаа ах тэр эрэгтэйтэй барилцаж аваад нөгөө эмэгтэй газар түрүүлгээ хараад унасан...Батаа ахыг харсан чинь бид нараас цааш баарны үүдний довжооны хайс дагаад 2-3 метрийн цаана хажуудаа барилгын материал өрсөн байсан эд зүйлсийн хажууд нөгөө том биетэй ах нь Батаа ахын дээр нь гарчихсан зодоод байж байхаар нь би яваад очиход баарны хамгаалагч тэр зодооныг харсан бололтой гараад ирсэн хажуугаас нь салгасан. Тэр үед баарны үүдэнд үйлчлүүлж байсан хүмүүс гарч тааралдсан бололтой 2-3 хүн та нар болиоч гээд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг. /хх.44-46/,

          Хохирогч Л.Алтанчимэгийн мэдүүлэг /хх-26/, хохирогч Б.Эрдэнэбатын мэдүүлэг /хх-28/, хохирогч С.Ганхуягын мэдүүлэг /хх-30/, гэрч М.Баттулгын мэдүүлэг /хх35-38/, гэрч Д.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх39-42/, гэрч Г.Батбаярын мэдүүлэг /хх44-46/, шинжээчийн дүгнэлт /хх-65/, шинжээчийн дүгнэлт /хх79-80/, шинжээчийн дүгнэлт /хх86-87/, түрээсийн гэрээ /хх-143/, гэрчилгээний хуулбар болон батламж /хх-162/, дипломын хуулбар /хх-163/, гэрчилгээний хуулбар /хх-165/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №125 дугаар шийтгэх тогтоол  /2 хавтас, хх51/, Б.Эрдэнэбатын өргөдөл /хх-6/, Б.Эрдэнэбатын тайлбар /хх-9/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх13-14/, шинжээчийн дүгнэлт /хх-62/, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх79-80/, сэжигтэн Б.Эрдэнэбатын мэдүүлэг /хх-108/, яллагдагч С.Ганхуягын мэдүүлэг /хх-110/, яллагдагч Б.Эрдэнэбатын мэдүүлэг /хх-112/, камерын бичлэг авах хүсэлт болон албан бичиг /хх124-125/, захиргааны зөрчлийн тэмдэглэл /хх-136/, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх168-169/, ял өөрчлөн сонсгосон тогтоол /хх-191/, Б.Энхбулган өмгөөлөгчийн гаргасан хүсэлт  /хх-210/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Эрдэнэбатыг 2016 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн С.Ганхуягийн эрх чөлөөнд халдан, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба Б.Эрдэнэбатын үйлдэлд танхайрсан үйлдэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Эрдэнэбат нь “хэнд архи өгөх нь миний дур гээд холдоод суусан байхад хүрч ирээд заамдаж аваад мөргөөд” гэж хувийн таарамж тохиромжгүй харьцааны улмаас маргалдан улмаар иргэн С.Ганхуягийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай урчуулсан болох нь С.Ганхуягийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдож байна. Иймд прокуророос Б.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

          Прокуророос шүүгдэгч С.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд С.Ганхуягийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Ганхуяг нь урьд 2005 онд хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан ба хуульд заасан ялтай байх хугацаа дууссан байх тул анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Мөн Шүүгдэгч Б.Эрдэнэбат, С.Ганхуяг нар нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч С.Ганхуягт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Эрдэнэбатын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.  

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэг,  283, 286 дугаар зүйлүүд, 290 дугаар зүйлийн 290.3 дах хэсэг, 293 дугаар зүйлийн 293.2 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос Б.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт болгон өөрчилсүгэй.

2. Боржигон овогт Баасанжавын Эрдэнэбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хул-Адуут овогт Самбуугийн Ганхуягийг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцсугай.

          4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар С.Ганхуягийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

        8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

       9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ганхуяг, Б.Эрдэнэбат нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ШИНЭБАЯР