Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0665

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  овогтой Х.Н /РД:****** /,

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ээлжийн дарга албан тушаалд эгүүлэн тогтоолгох, дэслэгч цолыг сэргээхийг хариуцагчид даалгах, урьд эрхэлж байсан болон одоо эрхэлж буй ажлын 2021 оны 5, 6, 7, 8 дугаар саруудын цалингийн зөрүү болох 684,160 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, дээрх үнийн дүнгээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын дээрх тушаалаар намайг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ээлжийн даргын албан тушаалаас чөлөөлөх, албан тушаал бууруулан хамгаалалтын ажилтнаар томилох, мөн цол бууруулан ахлах ахлагч цол олгосон. Энэ нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн шийдвэр болсон. Тус шийдвэрийг би дараах үндэслэлүүдээс эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1. Тушаалын үндэслэлд намайг "албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.3.3-т ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол захиргааны санаачилгаар албан тушаал бууруулахаар заасан. Гэвч миний хувьд албан тушаал бууруулах болсон тус үндэслэл бий болоогүй байсан. Учир нь тус хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагааны үр дүнг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу үнэлж дүгнэнэ" гэж, Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын үр гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ гэж тус тус заасан. Миний хувьд ийнхүү хуульд заасан журмын дагуу үнэлэхэд хангалтгүй" үнэлгээ авсан зүйл байхгүй. Иймд албан тушаал бууруулах хуульд заасан үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна.

2. Тус хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан албан тушаал дэвшүүлж, бууруулна" гэж, 276.2-т Энэ хуулийн 276.1-д заасан тушаал дэвшүүлэх, бууруулах ... журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасан. Гэтэл намайг албан тушаал бууруулахад хуульд заасан дээрх шалгууруудыг харгалзаагүй, Хууль зүйн сайдын журмыг хэрхэн баримталсан нь тодорхой бус байна.

3. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д "Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно гэж заасан. Гэтэл надад хуульд заасан албан тушаал бууруулах болон цол бууруулах сахилгын шийтгэлийг давхардуулан ногдууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 281.1.2-т цол бууруулах, 281.1.4-т албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг заасан буюу эдгээр нь тус тусдаа сахилгын шийтгэл юм. Иймд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байсан тохиолдолд ч тэдгээрийг давхардуулан ногдуулах үндэслэлгүй байсан.

4. Тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасан. Гэтэл надад сахилгын шийтгэл ногдуулахдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан журмын аль заалт зөрчигдсөн гэж үзсэн эсэхийг тушаалд заагаагүй.

5. Тушаалын 2-т зааснаар төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг албан тушаалын цалингийн 15 хувиар тогтоохоор заасан. Гэвч тийнхүү бууруулан тогтоох ямар хууль зүйн үндэслэл, шалтгаан байсныг тушаалд заагаагүй.

6. Тушаал гаргахдаа Захиргааны өрөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй болно. Тодруулбал, мэдэгдэх, сонсгох зарчмыг хэрэгжүүлээгүй, тушаал гаргах болсон бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судалж тогтоогоогүй гэж үзэж байна. Энэ талаар нотлох баримтууд цугласны дараа нэмэлт тайлбар гаргах болно.

Иймд маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, намайг өмнөх албан тушаалд эгүүлэн томилох, дэслэгч цолыг сэргээхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухай: Би Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлд 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн гомдлын хариу хүргүүлэх тухай 01/1447 дугаар албан бичгээр надад гомдол хариуг ирүүлсэн. Ингэхдээ миний гомдлын дагуу маргаан үүсгэн шийдвэрлэхээс татгалзаж, шүүхэд хандахыг зөвлөсөн.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны тухай: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д гомдол шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоног багтаан шүүхэд нэхэмжлэл гаргах талаар заасан байна. Би Төрийн албаны зөвлөлд 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 01/1447 дугаар албан бичгээр надад ирүүлсэн. Би тус хариу гарснаас хойш 30 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэл гаргалаа гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хариуцагчийн маргаан бүхий захиргааны актаар намайг албан тушаал бууруулж, хамгаалалтын ажилтнаар томилсон, цол бууруулж ахлах ахлагч цол олгосон. Үүний улмаас миний урьд эрхэлж байсан цалин хөлс буурсан. Тодруулбал маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнөх хугацаа болох 2021 оны 2, 3, 4 дүгээр саруудад нэг сарын цалин 1,362,769 төгрөг авч байсан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баталсан. Тус журмын 7.а-д ажлаас буруу халсан тохиолдолд дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлох тухай заасан. Харин маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш 2021 оны 5, 6 дугаар саруудад 1,193,736 төгрөг, 7 дугаар сард 1,457,012 төгрөг, 8 дугаар сард 922,432 төгрөгийн цалин тус тус авсан байна. Ингэснээр маргаан бүхий захиргааны акт гарснаас хойших нийт 4 сарын цалингийн зөрүү 684,160 төгрөг байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна. гэж заасан. Төрийн албаны тухай хуульд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан, албан тушаал бууруулсан төрийн албан хаагчид ажилгүй байсан болон албан тушаал буурсан хугацаанд яамр цалин хөлс, нөхөн олговор олгох тухай зохицуулаагүй. Иймд тус асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэх зохицуулалт үйлчлэх юм. Маргаан бүхий захиргааны акт гарснаас би албан тушаал, цол буурч, өмнөхөөс бага цалин авах болсон тул учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ гэж, 17.1.1-д хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэж, 16 дугаар зүйлийн 16.1-д ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж тус тус заасан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Энэ хуулийн 8.2-т заасан даатгуулагчийн шимтгэлийг эрүүл мэндийн даатгалын санд дараах этгээд хариуцан төлүүлнэ гэж, 8.3.1-д энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийг ажил олгогч 6 дугаар зүйлийн 6.1.1-д Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажилтан гэж тус тус заасан. Хуулийн дээрх заалтуудын дагуу маргаан бүхий акт гарснаас хойших хугацааны цалингийн зөрүүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөх учиртай. Иймд хуульд заасан журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, дэслэгч цолоо сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Яагаад гэвэл маргаан бүхий захиргааны актаар Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ээлжийн даргын албан тушаалаас нь чөлөөлөн, албан тушаал бууруулж хамгаалалтын ажилтнаар томилсон, энэ хэсгийг эс зөвшөөрөн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн нэхэмжлэгчийн өмнө дэслэгч цолтой байсныг цолыг нь бууруулан ахлах ахлагч цол олгосон тул дэслэгч цолыг сэргээлгэхийг хариуцагчид даалгуулъя гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ бол нэхэмжлэлийн гол шаардлага юм. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 05 дугаар сараас хойш албан тушаал бууруулж ажиллаж байгаа учраас цалингийн зөрүүг нэхэмжилсэн. Цалингийн зөрүүгийн тооцоолол нь өмнө авч байсан цалин болон одоогийн цалингийн зөрүүнээс тодорхой харагдана. Хамгийн гол маргаан бүхий захиргааны акт нь хууль бус байгаад түүнийг хүчингүй болговол цалингийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах учраас маргаан бүхий захиргааны акт нь хууль бус байсан уу? Түүнийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бий эсэх нь гол зүйл юм.

Нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж маргаж байна. Нэгдүгээрт: Маргаан бүхий захиргааны актад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276.3.3 дахь заалтыг үндэслэл болгосон. Захиргааны ерөнхий хуульд зааснаар тухайн захиргааны актыг гаргах эрх олгосон хуулийн заалт, хууль зүйн үндэслэлийг захиргааны актад тусгана гэсэн байдаг. Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276.3.3-т заасны дагуу шийдвэр гарсан. Тус хуулийн заалтад ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол захиргааны санаачилгаар албан тушаал бууруулна гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс үүнд албан тушаал буруулах үндэслэл бий болоогүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл албан тушаалыг тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдал бүрдээгүй байсан гэж үзэж байна. Яагаад гэвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 282.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагааны үр дүнг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу үнэлж дүгнэнэ. гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 52.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ гэж заасан. Тэгэхээр тухайн үнэлгээний дагуу хангалтгүй гэсэн үнэлгээ авсан бол энэ хуульд заасан, мөн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэл бүрдэх юм. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс тухайн үндэслэл бий болоогүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн энэ хэсэгтээ холбоотой тайлбар ирүүлэхдээ ...Бид нарын зүгээс нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр буюу ажлын үр дүн хангалтгүй гэсэн үндэслэлээр ажлаас нь халаагүй юм. Нэхэмжлэгч нь энэ байдлаар хангалтгүй гэсэн үнэлгээ аваагүй, харин нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулж байгаа юм... гэдэг байдлаар тайлбар гаргасан. Энэ нь хуулийн энэ үндэслэл бүрдээгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж бид үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх журам гэж байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276.2-т зааснаар тухайн журмыг ...Хууль зүйн сайд батална... гэж заасны дагуу Хууль зүйн сайдын баталсан тухайн журам нь хавтаст хэрэгт авагдсан. Тухайн журмын 4.1 дэх заалтад Албан хаагч нь тухайн албан тушаалд ажиллах шаардлага хангахгүй байгаа тухай дүгнэлт нь захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэл болно. гэж заасан. Тус журмын 4.2-т Энэ журмын 4.1-т заасан дүгнэлтийг эрх бүхий албан тушаалтан, салбар нэгжийн дарга гаргана гэж заасан. Энэ хүрээнд нэхэмжлэгчийг тухайн албанд ажиллах шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гараагүй. Тухайн журмын дагуу Б аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаас тухайн дүгнэлт гарах ёстой боловч гараагүй. Тухайн дүгнэлт нь гараагүй гэдэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276.2-т заасан үндэслэл бий болоогүй байна гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд хариу тайлбар ирүүлэхдээ ...Бид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан... гэдэг байдлаар тайлбарласан. Маргаан бүхий захиргааны актад ч мөн ...Албан тушаал буруулах сахилгын шийтгэл ногдуулсугай... гэдэг байдлаар бичигдсэн байна. Харин бидний зүгээс сахилгын шийтгэл ногдуулаагүй гэж үзэж байна. Сахилгын шийтгэл ногдуулах харилцааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 281 дүгээр зүйлд заасан. Маргаан бүхий захиргааны актад тус хуулийн 281 дүгээр зүйлийг буюу сахилгын шийтгэл ногдуулах харилцааг зохицуулсан тус заалтыг хэрэглээгүй. Харин захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах гэдэг хуулийг заалтыг үндэслэсэн. Сахилгын шийтгэлийн нэг хэлбэр нь албан тушаал бууруулах шийтгэл мөн юм. Гэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлд ажлаа хангалтгүй биелүүлбэл албан тушаал бууруулах гэсэн заалт байдаг. Мөн тус хуулийн 281 дүгээр зүйлд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай нэг заалт байдаг. Тухайн хоёр заалтаас захиргааны байгууллага нь 276 дугаар заалт буюу ажлаа хангалтгүй биелүүлсэн бол албан тушаалыг нь бууруулна гэсэн заалтыг барьсан учраас энэ бол сахилгын шийтгэл биш юм.

Хэрвээ энэ нь сахилгын шийтгэл мөн юм бол сахилгын шийтгэлийг хууль зүйн үндэслэлтэй оногдуулсан эсэх асуудал хөндөгдөнө. Үүнд хэд хэдэн сахилгын шийтгэл оногдуулах ёсгүй хууль зөрчсөн зүйлүүд байдаг. Төрийн албаны тухай хуулийн 48.5 дах заалтад Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно. гэж заасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Хууль зүйн сайдаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын ёс зүйн дүрмийг баталсан байдаг. Тус дүрмийн 6.4-д сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулахгүй гэж заасан. Гэтэл маргаан бүхий захиргааны актаар сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулсан буюу албан тушаалыг бууруулах болон цолыг бууруулах гэсэн хоёр сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар албан тушаал бууруулах, цолыг буруулах нь сахилгын шийтгэл гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд тухайн хоёр сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан зүйл байна. Хариуцагчийн зүгээс тайлбарлахдаа ...ээлжийн дарга гэдэг албан тушаалд нэхэмжлэгч нь ажиллаж байсан. Нэхэмжлэгчийг албан тушаал бууруулан хамгаалалтын ажилтан болгосон. Хамгаалалтын ажилтан нь дэслэгч цолтойгоор ажиллах боломжгүй учраас нэхэмжлэгчийн цолыг бууруулсан... гэж тайлбарладаг. Гэтэл Хууль зүйн сайдаас баталсан тушаал, журмуудад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа цолыг нь давхар бууруулна гэсэн заалт байдаггүй. Ээлжийн даргын албан тушаалаас буусан тохиолдолд цолыг нь буруулна гэсэн заалт байхгүй. ...Цол болон албан тушаал заавал нэг дор явах ёстой... гэсэн хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй байна. Хууль зүйн сайдын баталсан Сахилга ёс зүйн дүрмийн 8.5-д Цол бууруулах шийтгэл ногдуулснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн бол цолыг сэргээж болно гэж заасан. Энэ нь албан тушаалыг нь бууруулахгүйгээр зөвхөн цолыг нь бууруулж болдог нь цол гэдэг нь албан тушаалыг дагадаг зүйл биш гэдэг үүнээс харагдаж байна. Тухайн цолыг тодорхой хугацааны дараа сэргээж болж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий захиргааны актыг үндэслэлтэй гэж үзвэл тодорхой хугацааны дараа цолоо сэргээх боломжтой. Энэ нь ээлжийн дарга гэдэг албан тушаалыг хашихгүй бол өмнөх цолыг нь сэргээх боломжгүй гэсэн хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 281.2-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. гэж заасан. Гэтэл тушаалд тухайн журмыг баримтлаагүй, тухайн журмын ямар заалт зөрчигдсөн эсэхийг тодорхой заагаагүй. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд тус журам нь хэд хэдэн байдлаар зөрчигдсөн байна. Нэгдүгээрт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилга, ёс дүрмийн 1.5-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Сахилга ёс зүйн хороо байна гэж заасан. Бусад салбар нэгжийн хувьд салбар хороо байна гэдэг байдлаар заасан. Тухайн 4.2, 4.3 дах заалтуудад ...Албан хаагчийн гаргасан зөрчлийг дээрх хороо нь хэлэлцэн, дүгнэлт гаргана гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд тухайн дүгнэлт буюу албан тушаал буруулах, цолыг нь бууруулах сахилга ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй. Хавтаст хэрэгт сахилга ёс зүйн хорооны тэмдэглэл авагдсан. Энэ нь дүгнэлт биш юм. Тухайн тэмдэглэлд өөр сахилгын шийтгэл болох цолны мөнгийг нь 3 сарын хугацаанд хасах саналтай байна гэж бичигдсэн. Тийм учраас энэ нь санал юм. Мөн албан тушаал бууруулах, цолыг нь бууруулах тухай санал огт гаргаагүй байсан. Энэ саналын хүрээнд шийдээгүй нь тухайн журмын 4.2, 4.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хэрвээ нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзвэл тус журмын дагуу гарсан санал болох цолны мөнгийг 3 сар хүртэлх хугацаагаар хасах шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тухайн сахилга, ёс зүйн дүрмийн 2.1-т Албан хаагч нь дараах сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллана гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн журмын 2.1-т заасан хэм хэмжээг алийг нь ч зөрчөөгүй. Харин ажил үүргээ гүйцэтгэх явцдаа алдаа гаргасан, үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ алдаа гаргасан болгон нь ёс зүйн зөрчил биш юм. Ийм учраас маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй гэж нэхэмжлэгч маргасан. Үүнд Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгчийг алдаа гаргасан гэдэг байдлаар дүгнэн, ёс зүйн хороогоор хэлэлцсэн. Ингэж хэлэлцэхдээ нэхэмжлэгчээс тайлбар авсан боловч энэ нь сонсох ажиллагаа хийсэн гэсэн үг биш юм. Яагаад гэвэл маргаан бүхий захиргааны акт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаал юм. Тэгэхээр даргын тушаалын хувьд сонсох ажиллагаа хэрэгжүүлээгүй. Б аймагт нэхэмжлэгчээс тайлбар авсан учраас дахин тайлбар авах шаардлагагүй гэдэг байдлаар тайлбарлахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь хууль зүйн үндэслэлгүй юм. Үүнд анхаарч үзэх ёстой нэг зүйл байдаг. Тэр нь Б аймгаас санал явуулахдаа ...цолны мөнгийг нь 3 сар хүртэлх хугацаад хасуулъя... гэсэн санал явуулсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өөр агуулгаар буюу албан тушаал бууруулах, цолыг нь буруулах тухай захиргааны акт гаргасан. Тэгэхээр шинэ байдлаар захиргааны акт гаргасан учраас тухайн захиргааны актыг нэхэмжлэгчид танилцуулан, үүнийг зөвшөөрч байгаа эсэх, мөн үүнтэй холбоотой тайлбар гаргуулан, сонсох ажиллагаа хийх ёстой байсан гэж үзэж байна.

Мөн Хууль зүйн сайдын баталсан Сахилга, ёс зүйн журмын 4.2, 4.3-т зааснаар Сахилгын хороо нь дүгнэлт гарган тухайн дүгнэлтийг салбар нэгжийн даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулах тухай заасан. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд даргын зөвлөлийн хорооны хуралдаанд танилцуулаагүй. Хавтаст хэрэгт нэг удаагийн даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл авагдсан байдаг. Тухайн тэмдэглэлд даргын зөвлөлийн хуралдаанаар нэхэмжлэгчийн албан тушаалыг нь бууруулчихаад ээлжийн албаны даргын албан тушаалд хэнийг томилох талаар хэлэлцсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан тэмдэглэлд нэхэмжлэгчийн хувьд ямар сахилга, ёс зүйн хариуцлага хүлээлгэх талаар даргын зөвлөл хэлэлцээгүй нь Хууль зүйн сайдын баталсан журмыг баримтлаагүй байна.

Эцэст нь нэг зүйлийг нэмэн хэлэхэд маргаан бүхий захиргааны актад утга агуулгын хувьд ойлгомжгүй зүйл байна. Энэ нь албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай гэдэг нэртэй мөртөө албан тушаалыг нь бууруулан мөн цолыг нь бууруулсан. Мөн сахилгын шийтгэл ногдуулах гэдэг нэртэй мөртөө үндэслэсэн заалт нь ажил албан тушаалаа хангалтгүй биелүүлсэн учраас албан тушаал бууруулах хуулийн заалтыг хэрэглэсэн. Гэхдээ хариуцагч тал нь ажил албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж биш сахилгын шийтгэл ногдуулсан юм... гэж тайлбарладаг. Тэгэхээр утгын агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй захиргааны гаргасан. Энэ нь илт хууль бус захиргааны актын үндэслэл байдаг боловч бид энэ агуулгаар маргаагүй учраас маргаан бүхий захиргааны акт гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Мөн нэхэмжлэгч Х.Н нь алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрдөг, гэхдээ тухайн алдаа нь сахилга, ёс зүйн алдаа биш юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан тухайн дүрэмд дараах сахилга, ёс зүйн хэм хэмжээг баримтална гэж тогтоосон. Мөн энэ журмаар тогтоосон сахилга, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бол сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сахилга, ёс зүйн хэм хэмжээний журмыг зөрчсөн юм уу? Эсвэл алдаа гаргасан учраас хариуцлага хүлээлгэсэн юм уу? гэж тодруулахад ...Бусад журмыг зөрчсөн, Сахилга, ёс зүйн дүрмийг зөрчөөгүй... гэж тайлбарласан. Сахилга, ёс зүйн хэм хэмжээний журмыг нэгэнт зөрчөөгүй бол сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байсан. Нэхэмжлэгчийн алдаа болгонд сахилгын шийтгэл ногдуулна гэдэг байдлаар заагаагүй. Энэ мэргэшлийн алдаа байсан. Хэрвээ энэ олон алдаанууд хуримтлагдсаар байгаад ажлаа хангалтгүй биелүүлээд байвал жилийн эцэст дүгнэлт гарган ажил үүргээ хангалтгүй биелүүлж байна гэдэг байдлаар арга хэмжээ авах асуудал байж болно. Гэтэл ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа тухай дүгнэлт байхгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайдын Албан тушаал дэвшүүлэх, бууруулах тухай журмын 4.2, 4.3-т Эрх бүхий албан тушаалтан, тухайн салбар нэгжийн дарга нь дүгнэлтийг гаргана гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд тухайн дүгнэлт байхгүй учраас албан тушаалыг тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн үйлдэл биш юм. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн өмнө нь гаргасан зөрчлүүдийг ярьж байна. Өмнө нь гаргасан зөрчлүүддээ хариуцлагаа хүлээчихсэн. Сахилгын шийтгэл ногдуулахын тулд Сахилга, ёс зүйн дүрэм нь зөрчигдсөн байх ёстой байхад зөрчигдөөгүй байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан Сахилга, ёс зүйн дүрэмд сахилгын хороо дүгнэлт гаргах ёстой гэж заасан. Юуны тулд сахилгын хороо ажиллаж байгаа билээ? Сахилгын хорооны саналын хүрээнд л асуудлыг шийдвэрлэх ёстой. Сахилгын хороо нь цолны мөнгийг нь 3 сараар хасъя гэдэг санал л гаргасан. Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ гэж хуульд заасан. Ямар сахилгын шийтгэл оногдуулах талаар даргын зөвлөлийг хуралдаанаар шийдвэрлэнэ гэдэг байдлаар Сахилга, ёс зүйн дүрэмд заагаагүй. Сахилгын хорооноос цолны мөнгийг хасуулъя гэсэн санал гаргаад байхад даргын зөвлөлийн хуралдаанаар албан тушаал бууруулах талаар санал гаргах боломжгүй байсан. Хэрвээ сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь цолны мөнгө хасах хүрээндээ шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Гэхдээ зөрчил гаргаагүй учраас тухайн асуудал яригдахгүй. Сахилгын зөрчил гаргаагүй, мөн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн дүгнэлт байхгүй учраас тухайн маргаан бүхий акт нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ сахилгын шийтгэл ногдуулсан нь гэвэл давхардуулж ногдуулсан асуудал байгаа үүнийг хүчингүй болгох үндэслэлтэй. Цол болон албан тушаалыг нь ч гэсэн сэргээх үндэслэлтэй, цалингийн зөрүүг нөхөж олгох үндэслэлтэй гэж байна.

Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгон, ээлжийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоон, дэслэгч цолыг сэргээх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн цалингийн зөрүүг гаргуулан, түүнээс нийгмийн даатгалыг болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Х.Нын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасны дагуу албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр 10-ны өдрийн А/176 тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх журам-ыг баримталдаг. Тус журмын 1.3-т мэргэшлийн түвшинг тогтоох шалгалтыг нийт бие бүрэлдэхүүний дунд 2 жилд 1 удаа авч, алба хаагчдыг дүгнэнэ" гэж заасан.

Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Х.Нийн гаргасан зөрчилд нь сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх журам-д заасан хангалттай, хангалтгүй гэсэн үнэлгээ өгөх үйл ажиллагаа биш юм.

Түүнчлэн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Х.Н нь Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүй 5 хоногийн чөлөө авсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар албан тушаалын тодорхойлолтод заагдсан албан үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын хуудсанд 3 удаа тэмдэглэл хийлгэсэн, хоригдол, хоригдогч нарт тавих хяналтыг сулруулж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллаагүй үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл, даргын зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр тэмдэглэлээр сануулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр тушаалаар албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргаж, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хоригдогч нартай богино хугацааны уулзалтаар ирсэн эд зүйлд үзлэг нэгжлэгийг чанартай зохион байгуулаагүйг улмаас амны тамхи 50грам, утаат тамхи нэг хайрцгийг нэвтрүүлсэн тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулсан байна.

Дээрх гаргасан зөрчлүүдийн шинж байдалд тохируулан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

2. Албан тушаал бууруулахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2-т заасан шалгууруудыг харгалзаагүй, Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан журмыг хэрхэн баримталсан нь тодорхой бус гэжээ.

Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Х.Нд оногдуулсан сахилгын шийтгэл нь түүний гаргасан зөрчилд оногдуулсан арга хэмжээ юм. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2-т заасан шалгууруудыг харгалзах тохиолдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/176 тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх журам-ын дагуу явагддаг ажиллагаанд баримталдаг хуулийн заалт юм.

3. Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Х.Н нь 2019, 2020, 2021 онуудад жил дараалан сахилгын зөрчилтэй байх хугацаандаа сахилга ёс зүйн зөрчил давтан гаргасан ба үүнд шат дараатай арга хэмжээнүүдийг хуулийн дагуу авагдсан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг тогтоосон ба энэхүү тушаалыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Энэхүү тушаалд ээлжийн даргын албан тушаал дэслэгчээс хошууч, хамгаалалтын ажилтан дэд ахлагчаас ахлах ахлагч байна гэж зааж өгсөн ба Х.Нийг ээлжийн даргын албан тушаалаас бууруулан хамгаалалтын ажилтнаар томилж, түүнд албан тушаалын цол болох ахлах ахлагч цол олгосон болно. Энэ нь сахилгын шийтгэл давхардуулан авсан гэх ойлголт биш бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын албан тушаалын ангилал, цолны зэрэглэлд зааснаар хамгаалалтын ажилтны орон тоон дээр дэслэгч цолтой ажиллах боломжгүй юм.

4. Тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасан. Гэтэл надад сахилгын шийтгэл ногдуулахдаа Хууль зүй дотоод хэргийн сайдын баталсан журмын аль заалт зөрчигдсөн гэж үзсэн эсэхийг тушаалд заагаагүй гэх хэсэгт:

Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Х.Н нь албан тушаалын тохойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргаж, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хоригдогч нарт богино хугацааны уулзалтаар ирсэн эд зүйлд үзлэг нэгжлэгийг чанартай зохион байгуулаагүйн улмаас амны тамхи 50 грамм, утаат тамхи нэг хайрцгийг нэвтрүүлсэн зөрчил гаргасан ба алба хаагчийн гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахдаа зөвхөн Щуүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэмд заасан арга хэмжээ авна гэсэн ойлголт байхгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан сахилгын арга хэмжээг оногдуулсан.

5. Тушаалын 2-т зааснаар төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг албан хушаалын цалингийн 15 хувиар тогтоохоор заасан. Гэвч тийнхүү бууруулан тогтоох ямар хууль зүйн үндэслэл, шалтгаан байсныг тушаалд заагаагүй гэх хэсэгт:

Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Х.Н нь төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.4.4-т арван таван хувь: 15-19 жил /168/ сар ажилласан буюу 15 дахь жил ба 169 дэх сараас гэж заасан үндэслэлээр 15 хувиар бодож авдаг бөгөөд тушаалаар төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг бууруулан тогтоосон зүйл байхгүй байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Х.Н нь Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүй 5 хоногийн чөлөө авсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар албан тушаалын тодорхойлолтод заагдсан албан үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын хуудсанд 3 удаа тэмдэглэл хийлгэсэн, хоригдол, хоригдогч нарт тавих хяналтыг сулруулж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллаагүй үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл, Б аймаг дахь ШШГГ-ын даргын зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр тэмдэглэлээр сануулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр тушаалаар албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргаж, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хоригдогч нартай богино хугацааны уулзалтаар ирсэн эд зүйлд үзлэг нэгжлэгийг чанартай зохион байгуулаагүйг улмаас амны тамхи 50грам, утаат тамхи нэг хайрцгийг нэвтрүүлсэн тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулсан байна.

Дээрх гаргасан зөрчлүүдийн шинж байдалд тохируулан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлд дурдсан цалингийн зөрүү, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 282.1, Төрийн албаны тухай хуулийн 52.1-т заасны дагуу албан хаагчийн ажлын гүйцэтгэл, мэргэшлийн үр дүнг үнэлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/976 дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх журмыг баримтална. Тус мэргэшлийн түвшин тогтоох шалгалтыг нийт бие бүрэлдэхүүний хувьд 2 жилд нэг удаа авч, албан хаагчдыг дүгнэнэ гэж заасан. Гэтэл ээлжийн дарга Х.Нын гаргасан зөрчилд нь албан тушаал бууруулахаар шийдвэрлэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлж байгаа хангалттай, хангалтгүй гэсэн үнэлгээ өгөх үйл ажиллагаа биш юм. Маргаан бүхий актыг гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276.3.3-т заасныг баримталсан. Энэ нь үнэлгээ өгөх үйл ажиллагаа биш юм.

Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай хуралдааны тэмдэглэлд тухайн 2 асуудлыг хэлэлцсэн тухай байдаг. Үүнд ээлжийн дарга, дэслэгч Х.Ныг албан тушаал бууруулах, мөн тус албан тушаалд хэнийг томилох асуудлыг авч хэлэлцсэн. Тэр хэсэгт Х.Наас дэд хурандаа Н.Б Зөвлөлийн гишүүдийн саналыг хүлээн зөвшөөрч байна уу? Зөвлөлийн гишүүдэд хэлэх гомдол санал байна уу?... гэж асуухад Х.Н нь ...Үзлэг, нэгжлэг дутуу хийсэн нь миний буруу. Өмнө нь гаргасан алдаагаа дахин давтан гаргахгүй гэж амласан тул хүлээн зөвшөөрч байна... түүнчлэн доод талд нь ...Тэтгэвэрт гарахад 2 жилийн хугацаа үлдсэн тул аймагтаа ажиллаж байгаад тэтгэвэрт гарах хүсэлтэй байна. Урьд өмнө *** дүгээр ангид ажиллаж байх хугацаандаа сайн ажиллаж байсан. Өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна, мөн цаашид ийм зөрчил дутагдал гаргахгүй... гэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Сахилга, ёс зүйн дүрэмд хоёр ба түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргавал ажлаас нь халах үндэслэл болдог. Гэтэл харуул хамгаалалтын ажилтан Х.Н нь 2019, 2020, 2021 оны 02 дугаар сард болон энэ зөрчил гээд нийт 4 удаа сахилгын зөрчил гаргасан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар ажлаас нь халах эрх зүйн үндэслэл бүрдсэн. Яагаад Х.Ныг ажлаас халалгүйгээр албан тушаал бууруулан авч үлдсэн бэ гэвэл Х.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2002 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа албан хаагч юм. Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын зөвлөлийн хуралдаанаар байгууллагынхаа албан хаагчийг авч үлдэх, тэтгэвэрт гарахад 2 жил үлдсэн албан хаагчийг ажлаас нь халахгүй байх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж албан тушаалыг нь бууруулах санал хүргүүлсэн. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/96 дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дотоод журам гэж байдаг. Тус журмын 12.1-д Албан хаагч үйл ажиллагаандаа хууль тогтоомж, эрх зүйн актаар хориглосон эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, холбогдох журам зааврыг баримталж ажиллаагүй тохиолдолд зөрчлийн шинж байдалд анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан байдаг. Х.Н нь 2019, 2020, 2021 онд 2 удаа сахилгын шийтгэлтэй буюу нийт 4 дөрвөн удаагийн сахилгын зөрчлийг жил дараалан гаргасан.

Нэхэмжлэгч нь албан тушаал бууруулсантай холбогдуулан давхар сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбарлаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг баталсан журам байдаг. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч нь ямар албан тушаалд ямар цолтойгоор ажиллах вэ гэдгийг албан тушаалын нэршилтэй, албан тушаалын цолтой нь, мөн цалингийн зэрэглэлтэй нь тодорхой заасан байдаг. Үүнд ээлжийн дарга төрийн тусгай албан хаагч буюу ТТ-10-т заасны дагуу цалин авч, дэслэгчээс хошууч цолтойгоор ажиллах ёстой гэж заасан. Х.Н нь ээлжийн даргын албан тушаалаас бууран харуул хамгаалалтын ажилтан болсон. Харуул хамгаалалтын ажилтан нь дэд ахлагчаас ахлах ахлагч цолтой байна гэж заасан. Мөн Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай батлагдсан журмын хавсралтад заасны дагуу ТТ-07 байна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч тал нь дэслэгч цолтойгоор харуул хамгаалалтын ажилтны үүргийг гүйцэтгэнэ гэж тайлбарлаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдаас манай байгууллагын албан тушаалд ажиллаж байгаа албан хаагч ямар цолтойгоор ажиллах тухай зааж өгсөн. Манай байгууллагын албан тушаалын ангилал зэрэглэлийг тодорхой зааж өгсөн хэм хэмжээний акт байгаа учраас Х.Ныг албан тушаалыг нь бууруулж байгаа учраас ахлах ахлагч цол олгосон. Х.Ныг ээлжийн даргын албан тушаалд дэвшүүлэн томилохдоо тухайн ээлжийн даргын дэслэгч цолыг олгосон. Яагаад ахлах ахлагч цолтой нь ажиллуулж болоогүй юм бэ гэдэг нь үүнтэй л адилхан.

Түүнчлэн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Х.Ныг ээлжийн даргын албан тушаалд томилоход Х.Н нь баталгаа буюу хүсэлт гаргаж өгсөн байдаг. Тухайн хүсэлтдээ ...Намайг ээлжийн даргын албан тушаалд дэвшүүлж өгнө үү. Би сайн ажиллана... гэсэн хүсэлтийн дагуу дэвшүүлэн томилсон. Гэтэл жил ч хүрэхгүй хугацаанд буюу 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хууран мэхэлж ажлын 5 хоногийн чөлөө авсан. 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр буюу мөн зөрчил гаргаснаас хойш жил болоогүй байх хугацаандаа Хоригдогчийн хяналтыг сулруулж, удирдлагаас өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан. 2021 оны 02 дугаар сард сануулах сахилгын шийтгэл авсан. Мөн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар Үзлэг нэгжлэг хийгээгүй, хоригдолд хориотой эд зүйл буюу тамхи нэвтрүүлсэн гэсэн үндэслэл байдаг. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь энэ хүнийг 18 жил ажилласныг үнэлэн ажилд нь авч үлдэх шийдвэр гаргасан. Х.Н нь албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ 3 жил дараалан биелүүлж чадаагүй нь 2019, 2020, 2021 оны 2 удаагийн сахилгын шийтгэл авагдсан энэ 4 зөрчлөөр тогтоогдож байгаа юм.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276.3-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг дараахь тохиолдолд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулна гэж заасан. Захиргааны санаачилгаар буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын санаачилгаар энэ хүнийг халах ёстой байхад албан тушаалыг нь бууруулсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан албан тушаалын ангилал, зэрэглэлийн дагуу албан тушаалын цолыг нь олгосон. Нэмэгдэл хувь авдаг асуудал бол ажилласан жилийнхээ дагуу нэмэгдэл хувиа авч байна. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг үгүйсгэж байна. Яагаад гэвэл тус маргаан шийдвэрлэгдсэний дараа нөхөн төлөх асуудал яригдах байх.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын баталсан албан тушаалын тодорхойлолтод зорилго, зорилт гэж зааж өгсөн байна. Мөн 2019, 2020, 2021 онуудад нийт 4 удаагийн зөрчил гаргасан байна. Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй хэрэгжүүлсэн зөрчлүүдийг 3 жилд 4 удаа гаргасан байна. Х.Ныг хорих ангийн дотоод журам зөрчсөн, харуул хамгаалалтын журам зөрчсөн гэж үзсэн.

Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлээд, 05 дугаар тэмдэглэлээр саналыг Хорих ял эдлүүлэх алба руу явуулсан. Хорих ял эдлүүлэх албанаас дотоод албан бичгээрээ Захиргааны удирдлагын газар руу явуулан, Захиргааны удирдлагын газар нь үүнийг шийдвэрлээд, гаргасан шийдвэрээ танилцуулсан.

Захиргааны санаачилгаар албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр албан тушаалыг нь бууруулсан. Цолыг нь бууруулсан сахилгын шийтгэл ногдуулаагүй, зөвхөн албан тушаалыг нь бууруулсантай холбогдуулан албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийн дагуу ахлах ахлагч цол олгосон. Тухайн тушаалын толгой хэсгийг нь өөрчлөх боломжтой. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ээлжийн дарга албан тушаалд эгүүлэн тогтоолгох, дэслэгч цолыг сэргээхийг хариуцагчид даалгах, цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Х.Н нь Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ээлжийн даргын албан тушаалд дэслэгч цолтойгоор ажиллаж байсан бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үүрэг гүйцэтгэхдээ хоригдогчид богино хугацааны уулзалтаар ирсэн эд зүйлд үзлэг нэгжлэгийг чанартай зохион байгуулаагүйгээс амны тамхи 50 грамм, утаат тамхи нэг хайрцгийг хорих өрөөнд нэвтрүүлсэн зөрчил гаргаж, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сахилга ёс зүйн салбар хорооны 2021 оны 2 дугаар 09-ний өдрийн хурлаар ээлжийн дарга Х.Ныг байлцуулан тухайн зөрчлийг хэлэлцээд цолны мөнгийг 3 сарын хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулах санал оруулж, тус газрын даргын зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар мөн түүнийг байлцуулан харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх хугацаанд гаргасан зөрчилд албаны шалгалт явуулсан дүнг танилцуулж, гаргасан зөрчил, авах арга хэмжээний талаар хэлэлцэж, албан тушаал бууруулах саналыг холбогдох материалын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанд хүргүүлсэн, Хорих ял эдлүүлэх албанаас 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 175 тоот дотоод албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргаа удирдлагын газарт албан тушаал бууруулж хамгаалалтын ажилтнаар томилуулах саналыг хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр тушаалаар албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.3.3 дахь заалтаар албан тушаал бууруулж хамгаалалтын ажилтнаар томилж, уг албан тушаалд хамаарах цэргийн ахлах ахлагч цол олгожээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/1083 дугаар тушаалаар Х.Ныг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтнаас ерөнхий жижүүрээр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны Б/1212 дугаар тушаалаар албан тушаалын нэршил өөрчлөгдөж ерөнхий жижүүрийн албан тушаалын нэршил ээлжийн дарга болсон/ дэвшүүлэн томилсон байх бөгөөд үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр 2019 онд 79.1 оноогоор С, 2020 онд 72 оноогоор С үнэлэгдсэн байна.

Ээлжийн дарга нь албан тушаалын тодорхойлолтод зааснаар хорих ангийн бүс хоорондын хөдөлгөөн, харуул хамгаалалтыг 24 цагаар зохион байгуулах, хоригдол хоригдогсдын зүгээс хөдөлгөөн үйлдэгдсэн тохиолдолд тэдний хөдөлгөөнийг байнгын хяналтанд байлгаж, гарч болзошгүй орголт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалалтын ажилтнуудын үүрэг гүйцэтгэлийг тогтмол шалгаж, сонор сэрэмжийг дээшлүүлж ажиллах зорилтын хүрээнд хоригдлын хөдөлгөөнд телекамераар болон алба хаагчдын хүчээр байнгын хяналт тавих, амьдралын бүсэд хийгдэх үзлэг нэгжлэгийг биечлэн зохион байгуулж, хураагдсан хориотой эд зүйлсийг журмын дагуу шийдвэрлэж ажиллах, амьдралын бүсийг өөрийн хяналтанд байлгаж, хөдөлгөөн үйлдэгдсэн тохиолдолд тасралтгүй хяналт тогтоон гарч болзошгүй зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллах ... үүрэгтэй, мөн Хууль зүйн сайдын 2014 оны А/209 дүгээр тушаалаар батлагдсан Хорих байрны дотоод журмын 7.3.2-т зааснаар ... үзлэг нэгжлэгийг зохион байгуулж, хураагдсан эд зүйлийг журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй байна.

Албаны шалгалтаар ээлжийн дарга Х.Н нь 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 08.00 цагаас 2 дугаар сарын 05-ны өдрийн 08.00 цаг хүртэл хоногийн ээлжийн үүргийг хамгаалалтын 2 ажилтны хамт гүйцэтгэсэн, түр хугацааны эргэлт уулзалтыг зохион байгуулахдаа хоригдогчийн ар гэрээс ирсэн зүйлд үзлэг нэгжлэгийг чанаргүй хийж, хориотой эд зүйлийг нэвтрүүлсэн, цагдан хорих байранд үүрэг гүйцэтгэж байсан хамгаалалтын ажилтныг удирдлага зохион байгуулалтаар хангаагүй, шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа, үзлэг нэгжлэгийн стандартыг зөрчсөн болох нь дүрс бичлэгийн хяналт, өөрийнх нь болон хамгаалалтын ажилтны бичгээр өгсөн тайлбар, ээлжийн бүрэлдэхүүний илрүүлсэн хориотой эд зүйлийн фото зураг, албаны шалгалт хийсэн алба хаагчдын илтгэх хуудас зэргээр тогтоогджээ.

Тиймээс албан тушаалын тодорхойлолт, Хорих байрны дүрэмд заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Х.Н нь ээлжийн даргаар ажиллах хугацаандаа дараах сахилгын шийтгэл хүлээж байжээ. Тухайлбал, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүй 5 хоногийн чөлөө авсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар албан тушаалын тодорхойлолтод заагдсан албан үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын хуудсанд 3 удаа тэмдэглэл хийлгэсэн, хоригдол, хоригдогч нарт тавих хяналтыг сулруулж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллаагүй үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл, 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ээлжийн үүрэг гүйцэтгэж байхдаа аж ахуйн хоригдлыг зөвшөөрөлгүй хориотой бүс рүү гаргахыг завдсан зөрчилд газрын даргын зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр тэмдэглэлээр сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан, маргаанд хамаарах энэ зөрчил гаргах хүртэл сахилгын шийтгэлгүйд тооцох Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасан хугацаа өнгөрөөгүй байсан тул сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан гэж үзсэн нь мөн үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч нь төрийн тусгай алба буюу төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар алба хаагчийн эрх зүйн байдлыг, тодруулбал тэдгээрийн бүрэн эрх, нийтлэг эрх үүрэг, хориглох зүйл, алба хаагчийг томилох, чөлөөлөх, халах, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, сахилгын шийтгэл хүлээлгэх зохицуулалтыг уг хуулиар нарийвчлан заасан, тухайлбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлээр албан тушаал дэвшүүлэх, бууруулах үндэслэл журмыг тогтоосон, 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсгээр шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан албан тушаал дэвшүүлж бууруулахаар, 276.3 дахь хэсгээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах үндэслэлийг хуульчилсан, үүний 276.3.3-т ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах үндэслэл болохоор заажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр тушаалд шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах дээрх 276.3.3 дахь заалтыг баримталсан бөгөөд үндэслэлээ албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж хэмээн тодорхой тусгасан, тушаалд баримталсан хуулийн заалтад тушаалын үндэслэл нийцэж байх тул хууль буруу хэрэглэсэн гэж үзэхгүй, мөн уг хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5-д заасан эрх хэмжээний хүрээнд байна.

Албан тушаал бууруулахдаа сахилгын шийтгэлийн төрөл гэдгээр биш, өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж томилохоор шийдвэрлэсэн, тиймээс ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийг тушаалдаа баримтлаагүй байна.

Тушаалын тэргүүг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай хэмээн, Тушаах нь хэсгийн 1 дэх заалтад мөн албан тушаал бууруулж сахилгын шийтгэл ногдуулж гэж бичсэн нь алдаатай хэдий ч Тушаах нь хэсгийн 1 дэх заалтад албан тушаалаас чөлөөлж хамгаалалтын ажилтнаар томилсон шийдвэрийн агуулга нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл, баримталсан хуулийн заалтад тус тус нийцсэн, өөрөөр хэлбэл дээрх бичиглэлийн алдаа нь тушаалыг хүчингүй болгохоор утга агуулгын илэрхий алдаа биш, хариуцагч өөрийн шийдвэрээр засах боломжтой гэж үзлээ.

Дээрхээс дүгнэвэл албаны шалгалтаар тушаалын үндэслэлд заасан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, Хорих байрны дотоод журмыг зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдсон, Сахилга, ёс зүйн салбар хороо болон нэгжийн даргын зөвлөлийн хурлаар түүнийг байлцуулан зөрчил, түүнд ногдуулах хариуцлагыг хэлэлцсэн байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх, оролцоог нь хангах зарчимд нийцсэн, шийдвэр гаргах процесс зөрчөөгүй байна.

Маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж томилохоор шийдвэрлэсэн, албан тушаалд хамаарах цолыг олгосон тул албан тушаал бууруулах, цол хасах сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэж үзэхгүй, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/179 дүгээр тушаалаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг батлахдаа ээлжийн даргын албан тушаалыг ТТ-10 ангилалд дэслэгчээс хошууч цолтойгоор, хамгаалалтын ажилтныг ТТ-7 ангилалд дэд ахлагчаас ахлах ахлагч цолтойгоор баталсан байх тул албан тушаалыг бууруулан хамгаалалтын ажилтнаар томилохдоо ахлах ахлагч цол олгосныг буруутгахааргүй, нэхэмжлэгчийн эрхийг хууль бусаар зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5-д заасан эрх хэмжээний хүрээнд байна.

Ийнхүү албан тушаал бууруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цолыг сэргээхийг даалгах нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын хамт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 262 дугаар зүйлийн 262.1.5, 276 дугаар зүйлийн 276.3.3 дахь заалтыг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ээлжийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, дэслэгч цолыг сэргээхийг хариуцагчид даалгах, цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Х.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА