Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1010

 

 

 

 

 

 

 

2019          10            10                                            2019/ДШМ/1010

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

хохирогч Д.Лхагважав, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1483 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Хатанцэцэгийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 30 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Мд холбогдох 1905014440436 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Бгийн М, 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ...станцын засварчнаар ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Б.М нь 2019 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн Д.Лхагважавын нүүрэн тус газар нь тохойлдож, 2 гарыг нь мушгиж, үүрч машин руу шидэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Мий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлтэй. Үүнд: Хохирогч Д.Лхагважав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2019 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Б.М нь М.Алтангэрэлтэй бүлэглэж үйлдсэн байхад Б.Мийг ганцааранг шүүгдэгчээр оруулан ирж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэх мэдүүлэг, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан “...мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэх хүсэлтийг хүлээн авах, гэрч М.Алтангэрэлийг тус хэрэгт холбогдуулан шалгуулах шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийж, түүнийг энэхүү хэрэгт холбогдолтой эсэхийг нэг мөр шалгах шаардлагатай, үүнтэй холбоотойгоор гэрч М.Алтангэрэл нь Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан талаар нотлох баримт цуглуулах, хэрэв гэрч М.Алтангэрэл нь Бүгд Найрамдах Солонгос улсад байгаа нь тогтоогдвол 1999 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улс Бүгд Найрамдах Солонгос улстай байгуулсан Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах бүрэн боломжтой. 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Д.Лхагважав нь М.Алтангэрэлд гомдолтой байгаа талаар хүсэлт гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагаа хийлгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад заасан оролцогчийн эрхийг зөрчсөн, шүүгчийн захирамжид дурдаагүй боловч хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт болон хэргийн бодит байдлыг нотлох хуульд заасан бүх арга хэмжээг авах зэрэг үндэслэлүүдийг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Хатанцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянаад эх сурвалжаа шууд заасан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт бусад бичгийн нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. М.Алтангэрэлийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт гэрчээр, шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр мэдүүлэг өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Хэрэгт авагдсан баримтаар М.Алтангэрэлийн бусадтай замын хөдөлгөөнд оролцох явцдаа маргалдсан, тээврийн хэрэгсэл жолоодож хэргийн газарт 2 найзын хамт очсон үйл баримт тогтоогдсон. Түүний энэ үйлдлийг бусдыг санаатай гэмт хэрэгт татан оролцуулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хэргийг хамтран үйлдсэн, бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл М.Алтангэрэл нь хохирогч Д.Лхагважавын эрүүл мэндэд гэмтэл учруулахад чиглэсэн идэвхтэй, шууд санаатай үйлдэл хийгээгүй, харин түүний тээврийн хэрэгсэл жолоодон араас нь очсон үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.  

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хяналтын прокурор Г.Хатанцэцэгийн бичсэн эсэргүүцлийг бүрэн дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй гэж үзэж байна. Учир нь, энэ гэмт хэрэгт оролцоогүй М.Алтангэрэл гэдэг хүнийг яллагдагчаар татаад бүлэглэж үйлдсэн эсэхийг шалгаж тогтоох, энэхүү ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж, гэрчээр дуудаж мэдүүлэг авсан байдаг. Хэрэг болсон газарт Батчулуун, Б.М, М.Алтангэрэл нар нь нэг талын хүмүүс байсан. Нөгөө талд хохирогч Д.Лхагважав, Энхтайван, Янжмаа нар байдаг. Хохирогчийн дүү Энхтайван болон түүний найз охин Янжмаа хоёр гэрчийн мэдүүлэгт М.Алтангэрэл гэдэг хүн зодоонд оролцоогүй, Б.М нь үүрээд шидсэн юм гэж мэдүүлдэг. Мөн хавтас хэргийн 20 дугаар талд, хохирогчийн мэдүүлэг, хавтас хэргийн 33 дугаар талд С.Янжмаагийн өгсөн “...хөөе Мөнхөө болиоч ээ гээд М.Алтангэрэл хориглосон. ...” гэх мэдүүлэг байдаг. 2019 оны 5 дугаар сард тухайн хэрэг нь шүүхээр ороод нэмэлт мөрдөн байцаалтад буцсан байдаг. Анхан шатны шүүхийн тэмдэглэл болон хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлэгт “М.Алтангэрэл намайг цохиж, зодсон” гэх мэдүүлэг огт байдаггүй. Зүгээр машинаараа араас нь очиж зогссоныг гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэж үзэх нь өрөөсгөл ойлголт гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс энэхүү хэрэг нь хоёр удаа буцсан байдаг. Анх хэрэг буцсаны дараа дүүргийн ерөнхий прокурор Эрхэмбаярын хариу мэдэгдэх хуудас байдаг. Анхан шатны шүүхээс буцаасан учир бүлэг гэмт хэргийг шалгаж байна гэсэн утга бүхий хариу мэдэгдэх хуудас байна. Дахиад анхан шатны шүүхэд хэрэг ирэхэд хамтрагч, хамжигч, гүйцэтгэгч зэрэг нь огт байдаггүй. Гэтэл өнөөдөр прокурор эсэргүүцэл бичиж орж ирээд чиглэл нь таарч байсан гэж хүнийг гүтгэж болохгүй. Батчулууны мэдүүлэгт “уусан сэнгүр пиво нь удаа дараа өөрчлөгдсөн” байдаг. Энэ бүгдийг сайтар шалгахыг хүсэхгүй байгаа нь харамсалтай байна. Болсон үйл явдлыг бодитой хянаж, шийдвэрлэхийг прокурорт үүрэг болгосон байдаг. ...” гэв.

Хохирогч Д.Лхагважав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Согтуугаар бүлэглэж хөөж ирээд, ганцхан Б.М байсан зэргээр ойлгомжгүй зүйл яриад байдаг. Энхтайван нь хөлгүй хүүхэд учраас өдрийн цагаар машин барьж чаддаггүй. Би настай ээжийгээ хардаг. Манай ээж хэвтэрт ороод 4 жил болж байна. Тэгээд орой манай дүү залгаад “ирж байна” гэсэн. Гараад иртэл 3 залуу бүслээд зогссон, манай дүүгийн амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би “наад хүүхэд чинь хөлгүй, би настай хүн, та нар больчих” гэж гуйсан. Гэтэл салгах гэсэн хүн сүүлдээ зодож, дайрсан болж таардаг. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Б.М нь гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн эсэхийг шалгах” гэсэн үндэслэл зааж хэргийг прокурорт буцаасан нь зөв байна.

Прокуророос “Б.М нь хохирогчид хүндэвтэр гэмтлийг учруулсан” гэх үйл баримтыг дүгнэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэдий боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд өмнө нь Б.М, М.Алтангэрэл нар нь Б.Батчулууны жолоодож явсан автомашинаар зорчиж, замын хөдөлгөөнд оролцож байхдаа гэрлэн дохиотой уулзвар дээр жолооч М.Энхтайвантай маргалдаж, улмаар “Автомашинаар шахсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний араас хөөн очиж, автомашинаас буулган заамдан авч улмаар хэрүүл маргаан үүсгэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байж болзошгүй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхэд болон гэмт хэргийн хохирогч нь хэн болохыг зөв тогтоож хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ач холбогдолтой тул дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай.

Энэ талаар хохирогч Д.Лхагважавын өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд “...Б.М нар нь бүлэглэсэн үйлдэл байгаа тул нарийвчлан шалгаж тогтоож өгнө үү. ...” гэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсныг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр прокурор Г.Хатанцэцэгийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1483 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1483 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Хатанцэцэгийн бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,                         

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ