Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 32

 

Б.Да-, А.Ам-, Д.Бя-,

Э.Мя-, Б.Ба- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгч Б.Да-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүгдэгч А.Ам-гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Д.Бя-ийн өмгөөлөгч Б.Тэнгис, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 727 дугаар магадлалтай 201526030543 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Да-ийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй Б.Да- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

2.  Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй Д.Бя-,

3. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй А.Ам-,

4. Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй Э.Мя- нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж, бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт,

5. Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй Б.Ба- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б.Да-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Ам-, Д.Бя-,  Э.Мя- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар Б.Да-т 8 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ам-, Д.Бя-, Э.Мя- нар тус бүрд 2 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Да-т оногдуулсан 8 жил хорих ялыг 2 дахин багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг 4 жил хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Да-т оногдуулсан 4 жил хорих ялыг, шүүгдэгч А.Ам-, Д.Бя-, Э.Мя- нарт оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Да-ийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Уг гэмт хэргийг нэр бүхий шүүгдэгч нар үйлдсэн үү гэдгийг эцэслэн тогтоогоогүй. Б.Да- нь тухайн үед насанд хүрээгүй буюу 16 настай байсан буюу Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 63 дугаар тусгай дунд сургуульд сурч байсан. Тус сургуульд оюуны хөнгөн зэргийн хомсдолтой хүүхдүүд суралцдаг. Эдгээр хүүхдүүд яагаад хэрэгт сэжиглэгдэх болсон бэ гэхээр А.Ам- нь Б.Ба-д “хүн зодчихлоо” гэж хэлсэн бөгөөд тэрээр дээрх хүүхдүүдэд үг зааж өгөн мэдүүлэг өгүүлсэн зэргээс хүүхдүүд уг асуудалд холбогдсон. А.Ам- хүн зодоогүй, тэрээр хохирогчтой уулзаагүй юм бол яагаад энэ хүүхдүүдийг хэрэгт хамааралтай болгосон нь ойлгомжгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунцэцэгийн мэдүүлэг эргэлзээтэй буюу бодит байдалд нийцэж байгаад шүүх зөв дүгнэлт хийгээгүй.  Харвалттай, сайн ярьж хэлэх чадваргүй, явж чадахгүй хүн шөнө 2130 цагт тамхи авахаар гэрээсээ гарах уу. Том хүү Мөнгөнхүү нь архи уусан хоорондоо маргалдаад аавыгаа түлхээд унагаасан байдаг. Хэргийн үйл баримт, хохирогчийн байршил, цаг хугацааны талаарх гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг ба талийгаач Г.Да- нь сайн ярьж хэлдэггүй, сайн явж чаддаггүй хүн байхад гудамжинд харанхуй шөнө явж байгаа согтуу залуусаас тамхи нэхэж, “хаанахын хүүхдүүд вэ” гэж асуусан гэх, мөн тийм муу биетэй хүн өндөр хашааг юунд давах болсон бэ гэх эргэлзээтэй мэдүүлэг, нөхцөл байдлууд байхад шүүгдэгч нар анхны мэдүүлэгтээ мэдүүлсэн хэмээн гэм буруутайд тооцсон нь эргэлзээтэй дүгнэлт болсон.

Мөн полиграфийн шинжилгээний хариу шүүгдэгч нар хэрэгт холбогдолгүй, талийгаачтай уулзсан байх магадлал бага гэж гарсан, шинжээч Л.Баттулга нь шүүгдэгч нарийн сэтгэцийг эрүүл хөгжилтэй хүний түвшинд хүрэхгүй, харьцангуй доогуур гэж мэдүүлсэн нь тэднийг хэрэг хүлээх чадвартай гэсэн дүгнэлтэд эргэлзээ төрүүлж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Бя-ийн өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа: “...Өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлтэй учир тал бүрээс дүгнэж, шийдвэр гаргах байх. 2002 оны Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хэрэг хариуцах чадваргүй байдалд оюун ухааны хомсдолтой гэж заасан байдаг. 2015 оны Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мөн нөхцөл байдлыг тодорхой заасан. Сэтгэцийн эмч нарын гаргаж байгаа дүгнэлт хэрэг хариуцах чадварыг тодорхойлох уу гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Бичиг үсэг мэдэхгүй хүүхдүүдээс мэдүүлэг аваад, анхан шатны шүүх, прокурор мэдүүлгийг нь дүгнээд хэрэг үйлдсэн гэж үзээд байгаа. Хэдийгээр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар орж ирсэн ч, анхан шатны шүүх хүнд гэмтэл учирсны улмаас хүний амь нас хохирсон гэж дүгнэсэн. Хэний буруутай үйлдлээс энэ гэмт хэрэг үйлдэгдсэн бэ гэдэг нь тодорхой бус учир өмгөөлөгч Сэвлэгмаагийн гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.Ам-гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүх миний гаргасан гомдлыг хэлэлцээгүй. Хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн давж заалдах гомдол гаргасан нь хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зөв гарсан гэж хэлбэрийн хувьд үзэж байгаа ч, хууль хэрэглээний хувьд засвар орох боломжтой гэж давж заалдсан. Өөрөөр хэлбэл А.Ам-, мөн энэ хэрэгт А.Ам-тай адилтган Д.Бя-, Э.Мя- гэсэн 2 хүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 буюу догшин авирласан, 181.2.5 буюу бүлэглэсэн гэсэн зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэгдсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж 2 жил хорих ял оногдуулсныг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Шүүх эмнэлгийн шинжээч шүүгдэгч А.Ам-, Д.Бя-, Э.Мя- нарын үйлдлээс болж хохирогч Г.Да-д хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмтлийн шинж чанар болон бусад байдлаар материаллаг хохирол учирсан эсэх асуудлыг заагаагүй байна. Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзсэн үндэслэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг заасан. Шүүгдэгч А.Ам-, Д.Бя-, Э.Мя- нарын хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь материаллаг хохирлын хувьд маргаагүй.

Шүүгдэгч нарын хэргийг хүндрүүлж зүйлчилсэн. Оюуны хомсдолтой шүүгдэгч нарын хэрэг хүлээх чадвартай гэж дүгнэсэн шинжээч нарын дүгнэлтийг гайхдаг. Ю.Сэвлэгмаа, Б.Тэнгис өмгөөлөгч нартай нэг байр суурьтай байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч А.Ам-гийн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж, хөөн хэлэлцэх хугацааг баримтлан хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэрэг хянан хэлэлцэх явцад хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ утгаар нь хэрэглээгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны болж чадаагүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалтай санал нэг байна. Тухайлбал прокуророос шүүгдэгч Б.Да- хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн байсныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж буруу дүгнэлт хийсэн. Мөн шүүгдэгч Б.Ба-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой тусгасан тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Да-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Да-, А.Ам-, Д.Бя-, Э.Мя-, Б.Ба- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.Да-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, шүүгдэгч А.Ам-, Д.Бя-, Э.Мя- нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, шүүгдэгч Б.Ба-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Да- нь хохирогч Г.Да-г алсан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчлөхдөө хууль буцаан хэрэглэх журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Да-, А.Ам-, Д.Бя-, Э.Мя- нар нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бурхантын гудамжинд Г.Да-г “тамхи нэхлээ” хэмээн бүлэглэн зодож, улмаар Б.Да- нь хохирогчийн толгойнд 2 удаа чулуугаар цохиж гавал тархины битүү гэмтэл буюу амь насанд аюултай, хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогджээ.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох ба шууд нас барсан буюу хэсэг хугацааны дараа нас барсан, өөрөөр хэлбэл амь хохирогч хэзээ нас барсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Шүүгдэгчийн үйлдэл болон хохирогч нас барсан үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоотой байхад анхан шатны шүүх шүүгдэгч Б.Да-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилж ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Гэмт хэрэгт шинээр тооцогдсон үйлдлийг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн үеэс гэмт хэрэгт тооцдог болно.

Түүнчлэн шүүх шүүгдэгч Б.Да-д хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмыг хэрэглэх болсон үндэслэлээ тодорхойлж, тайлбар дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн байна. 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан хүргүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасантай холбогдуулж шүүгдэгч Б.Да-ийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 727 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                ДАРГАЛАГЧ                                          Б.ЦОГТ

                                ШҮҮГЧ                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН