Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01069

 

Д.Бямбаахүүгийн нэхэмжлэлтэй

                иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01827 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1909 дүгээр магадлалтай, 

Д.Бямбаахүүгийн нэхэмжлэлтэй,

Монгол хьюндай автомотив ХХК-д холбогдох, 

Үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 7,290,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзоригийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзориг, өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч Д.Бямбаахүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Бямбаахүү нь Монгол Хьюндай Автомотив ХХК-д 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/077 дугаар тушаалаар Авто засварчнаар ажиллаж эхэлсэн байна. 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Д.Бямбаахүү нь ажлын байран дээрээ тус засварын газраас үйлчилгээ авч байсан автомашины агрегатын тулкийг компрессороор шахаж, солих үйлчилгээ үзүүлж байх үед тулкны боолт нь харваж, түүний зүүн талын нүдний ухархайн хэсэгт онож, зүүн нүдний гадна ухархайн хэсэг гэмтэж, оёдол тавиулж, эмчилгээ хийлгэсэн. Энэ гэмтлийн улмаас түүний нүдний харах чадвар муудаж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 60% гэж тогтоогдсон. Монгол Хьюндай Автомотив ХХК нь Д.Бямбаахүүд эрүүл мэндийн хохирол, нөхөн төлбөр өгөөгүй, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 044 дугаар тушаалаар ажлаас халсан. Ажилтантай холбогдсон үйлдвэрлэлийн дээрх ослыг Монгол Хьюндай Автомотив ХХК-иас хуульд заасан журмын дагуу орон тооны бус комисс томилон ажиллуулж үйлдвэрлэлийн ослыг бүртгэн, судалж, акт үйлдсэн байна. Нэхэмжлэгч Д.Бямбаахүүд ажил олгогчийн зүгээс өнөөдрийг хүртэл эрүүл мэндээ нөхөн сэргээх, эмчилгээ сувилгааг нь дэмжих зорилгоор нөхөн төлбөр олгоогүй байгаад гомдолтой байна. Иймд нүдний үзлэг, шинжилгээ, зураг авахуулсан төлбөрт 130,000 төгрөг, Үйлдвэрлэлийн ослын улмаас эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 60% алдалттай гарсан гэх дүгнэлтийн дагуу 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт тус байгууллагаас цалингийн дунджаар 1 сарын цалинг 810,000 төгрөг гэж тооцон, 7,290,000 төгрөгийн нөхөн төлбөр шаардаж байна. Нэхэмжлэгч Д.Бямбаахүү нь эрүүл мэндийн зардал 130,000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэж байгаа тул Монгол хьюндай Автомотив ХХК-иас үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд 130,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Харин 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 7,290,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Монгол хьюндай автомотив ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Үзлэг шинжилгээнд зарцуулсан гэх 130,000 төгрөгийг төлсөн. Манай компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ээлжит сургалтыг зохион байгуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч Д.Бямбаахүү нь уг сургалтад хамрагдсан. Тэрээр 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгатай танилцан гарын үсэг зурж, нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэгслээр хангагдсан байдаг. Гэтэл нийт ажилчдын цайндаа орох цагаар буюу тус өдрийн 13 цаг 26 минутад компанийн ХАБ-ын ажилтны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй дур мэдэн ажиллаж, мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчиж хүлээлгэн өгсөн хамгаалах багийг өмсөхгүйгээр ажиллаж байгаад буюу үйлчилгээ авч байсан автомашины агрегатын втулкийг даралтат шахагч төхөөрөмжөөр шахаж, солих ажил гүйцэтгэх явцад втулка шахдаг төмөр бэлдцийг хазгай тавьсан учраас бэлдэц төмөр нь харваж гэмтсэн. Ажилтныг гэмтсэн даруйд компанийн зүгээс анхан шатны тусламж үзүүлж, машин гарган Гэмтэл, согог судлалын үндэсний төв эмнэлэгт хүргэсэн. Эмчийн анхан шатны үзлэгээр ноцтой гэмтэл байхгүй, зөөлөн эд гэмтсэн рентген зураг авахуулах шаардлагатай гэж дүгнэсэн. Эмчийн зөвлөсний дагуу Д.Бямбаахүүд өвчин намдаах эм болон томографийн зураг авахуулах 120,000 төгрөг, нийт 124,000 төгрөгийг компанийн зүгээс төлсөн. Ингээд Д.Бямбаахүү ажилдаа орсон өдрөө буюу 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр үйлчлүүлэгчийн автомашинд засвар хийх явцад хариуцлага алдаж, үйлчлүүлэгчдээс 2-оос дээш гомдол ирсэн учраас 3 сар хүртэлх хугацаагаар 20% хүртэл хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулаад үргэлжлүүлэн ажиллуулсан байдаг. Компанийн зүгээс эмчийн бичиг дүгнэлтээ авчрахыг удаа дараа шаардаж үйлдвэрлэлийн ослын талаарх бүртгэл хөтлөх гэсэн боловч нэхэмжлэгч нь би зүгээр гээд холбогдох баримтыг бидэнд авчирч өгөөгүй. Манай компаниас эмнэлгийн хөдөлмөр, магадлах комиссын шийдвэрээр Д.Бямбаахүүг хөдөлмөрийн чадвараа 60% хүртэл алдсан гэдгийг нэхэмжлэл гардаж авахдаа мэдсэн бөгөөд тэр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь огт компани дээр ирээгүй энэ тухайгаа бидэнтэй огт холбогдоогүй. Иймд комиссын энэ шийдвэр үнэн зөв гарсан эсэх нь эргэлзээтэйгээс гадна 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр осол үүсэхээс өмнө ч үүссэн байх магадлалтай бөгөөд, өмнөх гэмтлээс шалтгаалж хөдөлмөрийн чадвараа алдсан байх магадлалтай ба нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа 60% хүртлээ алдах хэмжээний осол тухайн үед болоогүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01827 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасныг баримтлан хариуцагч Монголхьюндай автомотив ХХК-иас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 7,290,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бямбаахүүд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бямбаахүүгийн ...эрүүл мэндэд учирсан хохиролд 130,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бямбаахүүгийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 133,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол хьюндай автомотив ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 131,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1909 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 131,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1909 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 409 дүгээр "Хариу хүргүүлэх тухай" албан бичигт "...47/0829 дугаартай актыг шалгаж үзэхэд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/19 тоот тушаалаар томилогдсон гишүүдийн эмнэлэг хяналтын комиссын хурлын шийдвэрээр шийдвэрлүүлсэн бүртгэгдсэн нь үнэн болно" ... гэжээ. Дээрх 409 дүгээр албан бичигт дурдсан албан бичигт дурдсан А/19 дүгээр тушаал нь хэрэгт авагдаагүй байгаа тул 47/0829 дүгээр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэр мөн эсэх нь эргэлзээтэй тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм. Өмнө нь манай байгууллагад Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 179 дүгээр албан бичиг, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 235 дугаар албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр албан бичиг, мөн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 75 дугаар албан бичгүүд эх хувиараа хэрэгт авагдсан байдаг. Энэ албан бичгүүдэд иргэн Д.Бямбаахүүг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хөдөлмөрийн чадвараа алдалтын хувь, хугацаа тогтоолгож, нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч байсан талаар мэдээлэл байхгүй байна.

Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

Д.Бямбаахүү нь Монголхьюндай автомотив ХХК-д холбогдуулан 7,290,000 төгрөг нэхэмжлэхдээ үндэслэлээ үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувь гэж тогтоосон комиссын шийдвэрт эргэлзэж байна гэсэн тайлбар гаргаж маргажээ.  

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Д.Бямбаахүү нь Монголхьюндай автомотив ХХК-д авто засварчнаар ажиллаж байхдаа 2018.05.12-ны өдөр ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд орсноос зүүн нүд гэмтэж, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан болох нь тогтоогдсон, хариуцагч үүнийг үгүйсгэж чадаагүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг ажил олгогч нь нэг ба түүнээс дээш удаа олгох ба энэхүү зохицуулалтыг нэхэмжлэгч шаардлагын үндэслэлд дурджээ.  

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангахдаа ...Д.Бямбаахүү нь хариуцагч байгууллагад авто засварчнаар ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, ...нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй...нөхөн төлбөрийг сарын 810,000 төгрөгөөр шаардсан, ...9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа олгох үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.     

Шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.       

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2019.08.08-ны өдрийн 409 дүгээр албан бичигт дурдсан ... А/19 дүгээр тушаал нь хэрэгт авагдаагүй байгаа тул 47/0829 дүгээр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэр мөн эсэх нь эргэлзээтэй... гэсэн байх боловч уг баримтыг гаргаж өгөх, эсхүл тус байгууллагаас гаргуулах хүсэлт гаргаагүй, энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-г зөрчсөн гэж үзэхгүй.  

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01827 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1909 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзоригийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 130,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА 

П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ