Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00959

 

 

Алхана-Эрдэнэ ЗГБХНөхөрлөл-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 366 дугаар шийдвэр,

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар магадлалтай,

 

Алхана-Эрдэнэ ЗГБХНөхөрлөл-ийн нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах, хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дондмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Алхана-Эрдэнэ ЗГБХНөхөрлөл-ийг төлөөлж захирал О.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018.5.22-ны өдрийн 2018/ШШ143 дугаар шийдвэрээр Алхана-Эрдэнэ ЗГБХНөхөрлөлөөс 143,614,967 төгрөг гаргуулж МТЧ ХХК-д олгох шийдвэртэй гүйцэтгэх баримт бичгийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь төлбөр төлөгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илт зөрчиж, төлбөр авагчид давуу байдал тогтоож, өмчлөгчийн өмчийг үнэгүйдүүлсэн. ...төлбөр төлөгч 2019.01.06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-т Алхана-Эрдэнэ ЗГБХН-ийн захирал Энхбат өөрийн хөрөнгийг 180,000,000 төгрөг гэж үнийн санал хүргүүлсэн. Талуудын хооронд үнэлгээний талаар маргаантай байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.1 дэх хэсэгт заасан үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө болох тул заавал шинжээчээр үнэлүүлэх нөхцөл байдал үүссэн. Иймд тухайн эд хөрөнгийг тус хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээчээр үнэлүүлж шинжээчийн дүгнэлтийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэх ажиллагааг хийх байсан. Гэтэл энэхүү ажиллагааг хийгээгүй. Мөн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолдоо огт мэдэхгүй тогтоолын огноо бичиж холбогдох хуулийг тус тус зөрчсөн. Иймд 2019.01.23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2019.01.15-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай 18340290/06 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дондмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018.05.22-ны өдрийн 2018/ШШ/143 дугаартай шийдвэрээр Алхана-Эрдэнэ ЗГБХНөхөрлөлөөс 143,614,967 төгрөг гаргуулж МТЧ ХХК-д олгохоор шийдвэрлэгдсэн гүйцэтгэх хуудсыг тус хэлтэс нь 2018.8.16-ны өдөр хүлээн авч 18340290 хувийн хэргийн дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч Алхана-Эрдэнэ ЗГБХНөхөрлөлийн арилжааны банкууд дахь дансыг хааж холбогдох байгууллагуудаас лавлагаа авч захирал О.Энхбатад шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хугацаатай өгсөн. Төлбөр төлөгч нь төлбөрөө төлөөгүй учраас Алхана-Эрдэнэ ЗГБХНөхөрлөлийн өмчлөлийн Мандал сумын 6 дугаар багт байрлах Ү1307007686 улсын бүртгэлийн дугаартай шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, эзэмших эрхийн гэрчилгээний 000315315 дугаартай газрын хамт 2018.9.24-ний өдрийн 18340290/05 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019.01.15-ны өдөр битүүмжилсэн эд хөрөнгийг эд хөрөнгө хураах тухай 18340290/06 тогтоолоор хураан авсан.

Талуудаас үнийн санал авахад үнийн санал тохиролцоогүй, зөрсөн тул 2019.01.23-ны өдрийн 18340290/07 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хураагдсан эд хөрөнгийг үнэлүүлэхээр Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчин Ж.Уртнасанг шинжээчээр томилсон. ...Анхны албадан дуудлага худалдааг 2019.4.10-ны өдөр зохион байгуулахад оролцогч ирээгүй, дэнчин төлөгдөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна, 14.4-т Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гэж заасан. Алхана-Эрдэнэ ЗГБХНөхөрлөлийн захирал О.Энхбат нь эд хөрөнгөө үнэлэгдсэн үнэлгээтэй утсаар болон албан тоотоор танилцсан гэж үзэж байна. Эд хөрөнгийн үнэлгээг тус хэлтэс нь мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн бөгөөд үнэлгээ нь бодитой үнэлэгдсэн гэж үзэж байна. ...Төлье гэсэн бодол энэ хүнд байсан бол увуулж цувуулаад ч төлөх боломж байсан. Энэ хүн 10,000 төгрөг ч төлөөгүй. Төлбөр төлөхөөс зайлсхийсэн л гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохих хуулийн дагуу явагдсан тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Алхана-Эрдэнэ ЗГБХНөхөрлөл-ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах, хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 478 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцон Алхана-Эрдэнэ ЗГБХНөхөрлөл-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 366 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Алхана-Эрдэнэ ЗГБХН нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчиж үнэлгээ явуулсан учраас үнэлгээг хүчингүй болгуулах, мөн хууль зөрчсөн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Болсон хэргийн тухайд: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018.5.22-ны өдрийн 2018/ШШ143 дугаар шийдвэрээр Алхана-Эрдэнэ ЗГБХНөхөрлөлөөс 143,614,967 төгрөг гаргуулж МТЧ ХХК-д олгох шийдвэртэй гүйцэтгэх баримт бичгийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар биелүүлэхдээ төлбөр төлөгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илт зөрчиж, төлбөр авагчид давуу байдал тогтоож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн. Тухайлбал: Шийдвэр гүйцэтгэгч 2018.11.06-ны өдрийн 18340280/06 дугаар тогтоолоор Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж төлбөр төлөгчөөр гарын үсэг зуруулсан боловч анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019.3.21-ний өдрийн огноотой тогтоолд 2019.1.15-ны өдрийн 18340290/06 тоот тогтоолоор хураан авч, тогтоосон үнээр худалдан борлуулах санал гаргасан гэж огт үндэслэлгүй тогтоол дурдсан байдаг. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, мөн хуулийн 55.3. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэсэн хуулийн заалтуудыг шийдвэр гүйцэтгэгч зөрчсөн. Өөрөөр хэлбэл 2018.11.06-ны өдрийн 18340280/06 дугаар тогтоолоор эд хөрөнгө хураасан, иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэний дагуу явагдсан бол 2018.12.06-ны дотор үнэлгээ хийлгэх байсан, хуулийн дагуу энэхүү ажиллагаагаа хийж чадаагүй болохоо хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Энэ нь шүүхийн шийдвэрийн 4 дэх талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дондмаагийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбараар нотлогдоно.

Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтад шинжээчийн дүгнэлтийг хуулийн дагуу танилцуулж, тайлбарласан, гарын үсэг зуруулсан талаарх үйл баримтыг үнэлсэн нэг ширхэг ч баримт байхгүй. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд төлбөр төлөгч байлцах, 33.1.2.холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах, 33.1.3.иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах гэх мэт эрхүүдийг зөрчсөн болохыг нотолж байна. Шүүхийн шийдвэрийн 6 дахь талд шүүгч нэхэмжлэгч Алхана-Эрдэнэ ЗГБХНөхөрлөлийн захирал О.Энхбат нь хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй, өөрөөр хэлбэл хэт байгаагаар нь үнэлсэн гэх ямар үндэслэл байгаа, тухайн эд хөрөнгө нь зах зээл дээр өөрийн санал болгосон үнээр худалдагдаж байгаа гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь тухайн эд хөрөнгийг үнэлэхдээ процессын зөрчил гаргасан тул үнэлгээг хүчингүй болгож, төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрх-ээ хамгаалах боломжоор хангаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу дахин явуулахыг хүссэн агуулгатай, мөн түүнчлэн шүүх хуралдаан дээр хариуцагч талаас болон шүүгчийн зүгээс тухайн эд хөрөнгө хичнээн төгрөгний үнэтэй байсан тухай нэг ч асуудал яригдаагүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд хэрэгт ач холбогдол бүхий хүсэлтүүдийг гаргаж байсан боловч шүүх бүгдийг нь хангахаас татгалзсан нь нэхэмжлэгчийг тэгш мэтгэлцэх, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжоор хангаагүй гэж үзэж болохоор байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь талд Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019.04.22-ны өдрийн 478 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцон Алхана-Эрдэнэ ЗГБХНөхөрлөлд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсугай гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. Шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараах үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно: 27.1.1. битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг эд хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол; 27.1.4.гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол гэх хуулийг тус тус зөрчсөн. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019.11.15-ны өдрийн 366 тоот шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 03 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Алхана-Эрдэнэ ЗГБХНөхөрлөл нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үнэлгээ болон хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, гомдол үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т заасныг зөрчсөн. ...хавтаст хэрэгт авагдсан баримтад шинжээчийн дүгнэлтийг хуулийн дагуу танилцуулж, тайлбарласан, гарын үсэг зуруулсан талаарх үйл баримтыг үнэлсэн нэг ширхэг ч баримт байхгүй. ...Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд хэрэгт ач холбогдол бүхий хүсэлтүүдийг гаргаж байсан боловч шүүх бүгдийг хангахаас татгалзсан нь нэхэмжлэгчийг тэгш мэтгэлцэх, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжоор хангаагүй... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018.05.22-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр Алхана-Эрдэнэ ЗГБХН-өөс 143,614,967 төгрөгийг гаргуулж МТЧ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багт байрлах, Ү-1307007686 дугаарт бүртгэлтэй 85.2 м.кв талбай бүхий шатахуун түгээх станцыг, газрын хамт битүүмжлэн хурааж, талууд үнийн талаар тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Тус ажиллагаанд шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрыг 125,080,000 төгрөгөөр үнэлсэн, энэхүү үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч нь 2019.02.21-ний өдөр хүлээн авч, мөн өдөр, 2019.02.22-ны өдөр төлбөр төлөгч О.Энхбаттай түүний 90117177 дугаарын утсаар ярьж мэдэгдсэн /хх-ийн 103/, улмаар 2019.03.12-ны өдөр эхнэр Ц.Болормаад дамжуулахаар гардуулсан /хх-ийн 91/ болох нь мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, шийдвэр гүйцэтгэгчийн удаа дараагийн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ, иймд нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр гаргасан хяналтын гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт гаргуулах, хасуулах, гэрч асуулгах, журам гаргуулах хүсэлтүүдийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 366 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ