Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2019/01305

 

2019 оны 06 сарын 05 өдөр

              Дугаар 183/ШШ2019/01305

                    Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э ХХК-д холбогдох,

 

6 ширхэг гэрийн үнэд илүү төлсөн 19.219.500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн гүйцэтгэлд 34.800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ..............  нар оролцов.

     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Э ХХК-тай “Монгол гэр худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж, нийлүүлэгч Э ХХК нь 8 метрийн диаметртэй, 8 ширхэг монгол гэрийг нийлүүлэх, дээрх 8 ширхэг монгол гэрт шалны халаалт тавихаар үүрэг хүлээсэн байдаг. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зохих журмын дагуу нийт 139.212.000 төгрөгийг нийлүүлэгчид төлсөн болно. Гэрээний 3-т заасны дагуу нийлүүлэгч нь бараа бүтээгдэхүүнийг гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор нийлүүлэхээр харилцан тохиролцсон боловч уг хугацаанд нийлүүлээгүй тул бидний зүгээс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 18/35 дугаар бүхий мэдэгдлээр энэ талаар мэдэгдэж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоон өгч, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг Э ХХК-иас шаардсан. Гэвч нийлүүлэгч нь дээрх нэмэлт хугацаанд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй буюу уг нэмэлт хугацаанаас хойш бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн ба нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн нь гэрээнд заасан шаардлага хангаагүй, шалны халаалтгүй, доголдолтой байсан тул бид 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 18/40 дугаар бүхий мэдэгдлээр энэ талаар  мэдэгдэж, доголдлыг 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор арилгахыг шаардсан. Уг нэмэлт хугацаанд доголдлыг арилгаагүй тул 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор доголдлыг арилгахыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18/52 дугаар бүхий мэдэгдлээр мөн мэдэгдсэн болно. Нийлүүлэгч нь ийнхүү хугацаа хэтрүүлэн 8 ширхэг гэрийг манай компанид нийлүүлсэн хэдий ч гэрт шалны халаалт тавих үүргээ биелүүлээгүй бөгөөд улмаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, 2 ширхэг гэрийг хүч хэрэглэн буулган авч яван манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Манай компани нь нийлүүлэгч Э ХХК-д гэрээний дагуу нийт 139.212.000 төгрөгийг төлсөн бөгөөд дээр дурдсанчлан нийлүүлэгч нь 8 ширхэг гэрээс 2 ширхэг гэрийг хүч хэрэглэн авч явсан буюу 6 ширхэг гэрийг нийлүүлэгдсэн. Иймээс гэрээний 1-д заасны дагуу дээрх 6 ширхэг гэрийн үнэ нь 319.980 юань буюу 119.992.500 төгрөг бөгөөд ийнхүү манай компанийн зүгээс гэрийн үнэд 19.219.500 төгрөгийг илүү төлсөн болно. Иймд Э ХХК-иас 6 ширхэг гэрийн үнэд илүү төлсөн 19.219.500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Э ХХК нь гэрээ байгуулсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор буюу 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн дотор 8 метрийн диаметртэй, 8 ширхэг монгол гэрийг нийлүүлэх, дээрх 8 ширхэг монгол гэрт шалны халаалт тавихаар үүрэг хүлээсэн байдаг. Нийлүүлэгч Э ХХК-ийн зүгээс гэрээнд заасан хугацаанд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй тул бидний зүгээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоон өгч, энэ талаар нийлүүлэгчид бичгийн хэлбэрээр мэдэгдсэн. Ийнхүү бидний тогтоож өгсөн нэмэлт хугацаанаас хойш 8 ширхэг гэрийг нийлүүлсэн боловч нийлүүлэгч нь гэр тус бүрт шалны халаалт тавих үүргээ үл биелүүлсэн. Бид энэ талаар нийлүүлэгчид мөн бичгийн хэлбэрээр мэдэгдэж шаардлага тавьсан хэдий ч үр дүн гараагүй байдаг. Нийлүүлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр дур мэдэн нэвтэрч, 2 ширхэг гэрийг хүч хэрэглэн буулган авч яван манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байдаг. Иймд хариуцагч Э ХХК-ийн гэрээний үлдэгдэл төлбөр 34.800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч ............. шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Э ХХК нь “Г” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Монгол гэр худалдах худалдан авах гэрээ”-г байгуулсан. Бид гэрээний дагуу 8 метрийн диаметртэй 8 ширхэг монгол гэрийг тогтоосон газар хүргэж, угсарч өгөхөөр тохиролцсон болно. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж, 8 гэрийг хүлээлгэн өгсөн болно. Захиалсан гэрүүдийг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш компанийн эрх бүхий албан тушаалтантай болон тус компанийн оффис руу гэрээнд заагдсан үлдэгдэл төлбөрөө авахаар маш олон удаа утсаар залгасан боловч хариу байхгүй, оффис дээр нь очиж уулзахаар хүнгүй байдалтай байсаар 2 сар гаруй хугацаа өнгөрсөн болно. Хугацааны хувьд 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 8 гэрийг хийж бүрэн дууссан бөгөөд хүлээлгэж өгөхөөр утсаар ярихад “гэр барих газарт цементэн суурь цутгасан боловч бороо ороод хатаагүй байна түр хүлээгээч” гэж захиалагч тал хэлсэн. Ингээд 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 8 гэрийг тогтоосон газарт аваад очиход 2 гэр барих суурь дөнгөж хийгдсэн байсан. Ингээд 2 гэрийг гүйцэд хатаагүй нойтон суурин дээр барьж, бусад гэрийг барьсан 2 гэр дотроо хурааж хийгээд буцсан. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр очиход 3 гэр барих суурь баригдсан байсан тул 3 гэрийг нэмж бариад, 3 гэрийг хурааж орхиод суурь цутгахыг хүлээсэн. Дараа нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр очиж 3 гэрийг барьсан бөгөөд хүлээлгэж өгөх гэтэл захиалагч талын захирлууд Монгол Улсад байгаагүй тул бүх гэрүүдийг бэлэн болгосон бичлэгийг хийж чатаар илгээхэд “хүлээж авлаа” гэсэн хариу ирсэн. Тухайн үед шалны халаалтыг суурилуулах гэсэн боловч гэрүүдийн ариун цэврийн өрөө бэлэн болоогүй байсан тул орхиод яв гэсний 1 гэрт нь хураагаад орхисон. Шалны халаалт хийх хүмүүсийг манай компани хөлсөлж ажиллуулсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр очиход бас л бэлэн болоогүй байсан тул 1 гэрт шалны халаалтыг дэвсэж, 7 гэрийн шалны халаалтыг нэг гэрт нь хурааж орхиод явсан. Ийнхүү гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Бид гэрээнд заасны дагуу 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэрүүдийг шалны халаалтын хамт бүрэн хүлээлгэж өгөх боломжтой байсан боловч захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас буюу тэд суурийн ажлаа дуусгаагүй, ариун цэврийн өрөөний ажлыг дуусгаагүй гэх үндэслэлээр хүлээн авалгүй 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүргэсэн. “Г” ХХК нь бидэнтэй холбогдохгүй, үлдэгдэл 34.800.000 төгрөгийг өгөхгүй зугтааж байсан тул арга буюу 2 гэрийг /барьцаалах байдлаар/ буцаан авсан.  

Манай компани “Г” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу үүргээ биелүүлсэн тул гэрээний үлдэгдэл болох 34.800.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна, 2 гэр нь хураалттай манай хашаанд байгаа тул төлбөрөө төлвөл буцаан өгөхөд бэлэн байгаа гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э ХХК-д холбогдох, 6 ширхэг гэрийн үнэд илүү төлсөн 19.219.500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гэрээний үүргийн гүйцэтгэлд 34.800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Э ХХК, Г  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Монгол гэр худалдах худалдан авах гэрээ”-ээр Э ХХК нь Г  ХХК-ийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн 8 метрийн диаметртэй монгол гэр 8 ширхэгийг шинээр хийж гүйцэтгэн, уг монгол гэрт шалны халаалт 8 ширхэгийг 30 хоногийн дотор худалдан авагч талын тогтоосон газарт хүргэн өгч, угсарч хүлээлгэн өгөх, Г  ХХК нь 8 ширхэг монгол гэрийн үнэд 426.640 юань, 8 ширхэг шалны халаалтын үнэд 34.400 юань, нийт 464.040 юань буюу 174.015.000 төгрөгийн 40 хувийг гэрээ байгуулсан өдөр, 40 хувийг бүтээгдэхүүн бэлэн болж тогтоосон газарт хүргэгдсэний дараа, 20 хувийг шалгаж хүлээлцсэний дараа Э ХХК-д төлөхөөр тохиролцсон нь “монгол гэр”-ийг Г  ХХК-ийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх харилцаатай холбогдуулан Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ, “шалны халаалт” бэлтгэн нийлүүлэх харилцаатай холбогдуулан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг тус тус байгуулсан байна гэж дүгнэв.

 

1. Уг гэрээний дагуу Э ХХК-иас Г  ХХК-ийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн 8 метрийн диаметртэй монгол гэр 8 ширхэгийг шинээр хийж гүйцэтгэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тогтоосон газарт хүргэн өгч, угсарч хүлээлгэн өгөх гэтэл Г  ХХК-иас “...бороо ихээр орж байгаа тул гэр барих суурь бэлэн болоогүй, түр хойшлуулна уу” гэсэн хүсэлтийг гаргасан, Э ХХК-иас 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 8 ширхэг монгол гэрийг тогтоосон газарт хүргэн өгч, угсрах гэтэл 3 гэр барих суурь нь бэлэн болсон, 5 гэр барих суурь нь баригдаагүй тул 3 гэрийг бариад, 5 гэрийг тэнд нь хураагаад орхиод явсан, Э ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр үлдэгдэл гэрийг угсрахаар очиход 3 гэр барих суурь нь бэлэн болсон тул 3 гэрийг угсарч өгсөн, 2 гэр барих суурь баригдаагүй байсан, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Э ХХК-иас ажил хүлээлцэхээр очиход Г  ХХК-иас ажил хүлээн авах хүн байгаагүй, Э ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр үлдэх 2 монгол гэрийг угсарч өгсөн, монгол гэрт шалны халаалтыг угсарч өгөх гэтэл уг монгол гэрний хажууд баригдах ариун цэврийн өрөө баригдаж дуусаагүй тул шалны халаалт тавихгүй байхыг Г  ХХК-иас хүсэлт гаргасан тул уг хүсэлтийн дагуу 8 гэрний шалны халаалтыг тогтоосон газарт нь үлдээгээд явсан, Г  ХХК-иас ажил хүлээлцэхгүй, гэрээний үлдэгдэл төлбөр 34.800.000 төгрөгийг Э ХХК-д төлөөгүйн улмаас 2 гэрийг буцаан авч явсан талаарх үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн баримтаар нотлогджээ.

 

Нэхэмжлэгч талаас “...******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт хугацаа өгч, албан бичиг хүргүүлсэн” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч Г  ХХК-иас “...бороо ихээр орж байгаа тул гэр барих суурь бэлэн болоогүй, түр хойшлуулна уу” гэсэн хүсэлтийг үндэслэн  Э ХХК-иас 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 8 ширхэг монгол гэрийг тогтоосон газарт хүргэн өгсөн талаар зохигчид маргаагүй болно. Мөн Г  ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 18/40 дүгээр албан бичиг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18/52 дугаар албан бичгээр “...8 ширхэг гэр нь дан бүрээстэй, тоононы хэсэг шилээр хийгдээгүй, шалны халаалтыг ойролцоогоор 50 хувь хүрэхгүй газар тавьсан” гэсэн эд хөрөнгийн доголдлыг талаарх мэдэгдэх хуудсыг Э ХХК-д хүргүүлжээ.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар ажил гүйцэтгэгч Э ХХК-иас гэрээнд заасан хугацаанд Г  ХХК-ийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн 8 метрийн диаметртэй монгол гэр 8 ширхэгийг шинээр хийж гүйцэтгэн, тогтоосон газарт хүргэж өгөх үүргээ биелүүлсэн, харин бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх, угсрах үүргээ гүйцэтгэх үйл явцад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар Г  ХХК-иас гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй, мөн гэр барих суурь нь бэлэн болоогүйгээс гэр хугацаандаа тогтоосон газарт угсрагдах боломжгүй байсан байх тул мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар захиалагч Г  ХХК-ийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсанд тооцов.

 

Мөн захиалагч Г  ХХК-иас ажлын үр дүнг хүлээн авах, хөлс төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Иргэний хуулийн 354 дүгээр зүйлийн 354.1-д зааснаар ажил гүйцэтгэгч Э ХХК нь “...тогтоосон газарт угсарсан 2 монгол гэрийг буцаан авсан”-ыг буруутгах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г  ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээг цуцлах эрхгүй тул “...6 ширхэг гэрийн үнэд илүү төлсөн 19.219.500 төгрөгийг буцаан гаргуулах”-аар хариуцагч Э ХХК-иас шаардах эрхгүй тул Г  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Монгол гэр худалдах худадалдан авах гэрээ”-ний дагуу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар Э ХХК нь Г  ХХК-ийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн 8 метрийн диаметртэй монгол гэр 8 ширхэгийг шинээр хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, мөн гэрээний 1.2, 3, 4-т заасны дагуу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.1, 248.2-т зааснаар Г  ХХК нь “уг монгол гэрийн шалны халаалт 8 ширхэг”-ийг Э ХХК-иас хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар нотлогдсон болно.

 

Иймд Г  ХХК-иас гэрээний дагуу 8 ширхэг монгол гэрийн ажлын хөлсөнд 426.640 юань, 8 ширхэг шалны халаалтын үнэ 34.400 юань, тээврийн хөлс 300 юань, нийт 464.040 юань буюу 174.015.000 төгрөгийг Э ХХК-д төлөхөөс 139.212.000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй тул үлдэх 34.800.000 төгрөгийг нэхэмжлэгч Г  ХХК-иас гаргуулан хариуцагч Э ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан Г  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э ХХК-д холбогдох, 6 ширхэг гэрийн үнэд илүү төлсөн 19.219.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г  ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 34.800.000 төгрөгийг гаргуулан хариуцагч Э ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г  ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 254.050 төгрөгийг, хариуцагч Э ХХК-иас 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 331.950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 331.950 төгрөг гаргуулан хариуцагч Э ХХК-д олгосугай.

           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.СЭМЖИД