Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2019/ДШМ/1017

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Г.Баяржаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 843 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох 1803000620199 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Бы Б, 1990 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1098в тоотод оршин суух бүртгэлтэй;

          Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр суллагдсан,

          Б.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 7-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны замд “Гуртын тавилан” нөхөрлөлийн эзэмшлийн “Toyota Prius 10” загварын 45-68 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, мөн дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас С.Бийн жолоодон явсан “Nissan Pulsar” загварын 59-22 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, ослын улмаас 59-22 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Ж.Нын амь насыг хохироож, жолооч С.Б, зорчигч Т.Бнарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Nissan Pulsar” загварын 59-22 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид 2.581.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Бийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт нотлох баримтаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, уг хэрэгт хураагдсан шүүгдэгчийн В1061100 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны A/138, A/131 тоот тушаалын хавсралтыг гарган өгч “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах” журмын 1.6-д заасан “Гэмт хэргийн шинжтэй, зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар шалгана” гэсэн заалтын дагуу миний үйлчлүүлэгчийн цуснаас авсан шинжилгээгээр спиртийн зүйл илрээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу “..эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчлэх нь хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журамд нийцэхгүй байгаа талаар дүгнэлтээ гаргасан. Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй тул хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг эргэлзээгүйгээр тогтоолгох, авто ослын үзлэгийг дахин хийлгүүлэх хүсэлт гаргаж байсан боловч үндэслэлгүйгээр хүлээж аваагүй.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед өмгөөлөгчийн зүгээс гаргасан авто осол гарсан газарт хэргийн газрын үзлэг дахин хийлгэх хүсэлтийг хүлээн авсан мөртлөө одоог хүртэл хийгээгүй. Энэ талаар оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан талаар анхан шатны шүүхэд хандсан боловч үндэслэлгүйгээр хүлээн аваагүй.

Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 тоот тушаалаар батлагдсан журамд зөвхөн цусны шинжилгээгээр гэж тодотгосон байтал анхан шатны шүүх “...тус журмын 2.2, 2.4-т зааснаас бусад тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тухайн журмын 1.6-д зааснаар цусан дахь агууламжаар тогтоохыг ялгаа заагтай журамласан гэж үзэх үндэслэлтэй. ...” гэж өөрөөр тайлбарласан нь буруу гэж үзэн гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасаар байтал Б.Бийн мэдүүлгийг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон нь хууль зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Анхан шатны шүүх хуралдаан дээр миний үйлчлүүлэгч Б.Бд холбогдуулан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар хохирол төлбөрөө бүрэн авсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу ял оногдуулахад татгалзах зүйлгүй талаар амаар болон бичгээр илэрхийлсэн, өмгөөлөгч тухайн хууль хэрэглээний талаар өмгөөллийн дүгнэлтээ гаргаж шүүхэд хүсэлтээ гаргасан боловч шүүх тухайн хөнгөрүүлсэн зүйл, заалтыг миний үйлчлүүлэгч Б.Бд хэрэглээгүйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнээс Б.Бийг болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэгт холбогдсон гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ хүлээн мэдүүлдэг. Мөн зам, тээврийн осол гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь иргэний нэхэмжлэгч Б, гэрч Ууганбаяр нарын мэдүүлэг, согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Осол 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 19 цагийн орчим гарсан. Оройн 21 цаг 10 минутад драйгер багажаар үлээлгэхэд 1.33 бүхэл гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс драйгер багажийг үгүйсгэдэг. Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны A/131 тоот тушаалын хавсралтад драйгер багажаар шалгана гэж заасан. Иймд шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тодорхой байсан. Мөн тухайн үед шүүгдэгч Б.Бийг Гэмтэл согог судлалын Үндэсний төв дээр байж бай гэсэн боловч гэр лүүгээ явсан байдаг. Өглөө 6 цагт шүүгдэгчээс цус авсан боловч цусанд спирт илрээгүй. Анхан шатны шүүх хуралд бүх шинжээч нарыг оролцуулсан. Шинжээч Ганзоригоос “...11 цагийн дараа цусанд спирт илрэхгүй байх тохиолдол байх уу. ...” гэж асуухад “...Спиртийг нэмэгдүүлэх ямар нэгэн арга хэрэглэсэн бол илрэхгүй байх боломжтой, тухайн хүний уусан шингэнээс шалтгаалаад илрэхгүй байх боломжтой. ...” гэж хэлсэн. Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон тул маргах зүйл байхгүй. Шүүгдэгчийн зүгээс хэргийн газарт нөхөн үзлэг хийлгүүлэх хүсэлт удаа дараа гаргаж байсан. Үүнд “хүлээж авах боломжгүй” гэж хариу өгсөн. Шинжээчийн дүгнэлтүүд маш тодорхой гарсан ба шинжээч нар тодорхой мэдүүлэг өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Б.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 7-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны замд “Гуртын тавилан” нөхөрлөлийн эзэмшлийн “Toyota Prius 10” загварын 45-68 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, мөн дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас С.Бийн жолоодон явсан “Nissan Pulsar” загварын 59-22 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, ослын улмаас 59-22 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Ж.Нын амь насыг хохироосон, жолооч С.Б, зорчигч Т.Бнарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Nissan Pulsar” загварын 59-22 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид 2.581.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

иргэний нэхэмжлэгч С.Бийн “...2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 19 цагийн орчимд би өөрийнхөө эзэмшлийн “Nissan Pulsar” загварын 59-22 УНӨ улсын дугаартай автомашинаа бариад ... явж байсан. ...Нэг машины гэрэл өөдөөс гарч ирэхээр нь би холын гэрлээ ойр дээрээ шилжүүлээд баруун гap тал руугаа замаа шахаад явж байтал өөдөөс ирж байсан машин шууд миний машины урдаас мөргөнгүүт миний машин зам дээр эргэлдэнгүүтээ, замын баруун гар тал руу цасан хунгарт зоогдоод зогссон. ...” /1хх 83-86/,

шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн “...Би согтуугаар машин барьж явсан нь үнэн. ...Би ... манаачийн ажил хийж байсан ба манааныхаа байранд ганцаараа 0.5 литрийн Соёрхол архинаас 200 грамм, 0.5 литрийн Боргио нэртэй шар айраг 1 шилийг уусан байсан. ...” /1хх 171-173/,

            гэрч Ч.Ганбаатарын “...2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 19 цаг 40 минутын үед уг ослын дуудлагыг авч хэрэг болсон газар ... очиход 2 автомашин хоорондоо мөргөлдөөд, замын талд гарчихсан байдалтай байсан. Мөргөлдсөн 2 машины жолооч нар болон машинд сууж явсан зорчигч нар бүгд Гэмтлийн эмнэлэг явчихсан байсан. Тэгээд бид нар ослын газрын үзлэгийг хийсэн. Хэргийн газрын үзлэг хийх үед зорчих хэсэг дээр 2 автомашины эвдрэлээр бутарч унасан байсныг үндэслэн анх мөргөлдсөн цэгийг тогтоосон. Уг цэг нь бол 2 автомашин мөргөлдсөн байж болох хамгийн үнэн бодит цэг мөн. ...Үзлэгээ хийж дуусаад Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд “Toyota Prius 10” загварын машины жолооч Б.Б нь Гэмтлийн эмнэлэг дээр байхгүй алга болчихсон байсан. Харин нөгөө машины жолооч нь Гэмтлийн эмнэлэг дээр байсан. ...” /2хх 40-42, 120-122/,

            гэрч Г.Ууганбаярын “...2018 оны 1 дүгээр сарын 7-ны шөнө цагийг нь сайн санахгүй байна. Замын цагдаагийн газрын ерөнхий жижүүр үүрэг өгсний дагуу Гэмтлийн эмнэлэгт очиж, Партизаны замд осолд орсон гэх 2 жолоочийг драйгер багажаар үлээлгэн шалгасан. Эхний үлээлгэсэн жолооч нь 0.00%-тай гарсан. Харин дараагийн жолоочийг үлээлгэн шалгахад 1.33%-ийн согтолттой гэж гарсан. Тэгээд би жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл бөглөөд Замын цагдаагийн газрын Ерөнхий жижүүрт хүлээлгэн өгсөн. Харин дараа нь тэр согтуу жолооч Гэмтлийн эмнэлэг дээрээс алга болсон учир тэр хүний гэрийн хаягаар очиж олж ирсэн. ...Бийн согтуурал шалгасан тэмдэглэлийг өөрт нь уншуулж гарын үсэг зуруулсан. ...” /2хх 43-45/,

            гэрч В.Батмагнайн “...2018 оны 1 дүгээр сарын 7-ны оройн 22 цагийн үед хамт ажилладаг дэслэгч Ууганбаярын хамт Гэмтлийн эмнэлэгт очиж, осолд холбогдсон жолооч гэх 2 хүнийг драйгер багажаар үлээлгэн шалгасан. Шалгахад нэг жолооч нь 0.00%-тай буюу эрүүл, харин нөгөө жолоочийг драйгер багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 1.33%-тай байсан. ...” /2хх 167-169/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1456 дугаартай шинжээчийн “...С.Бийн биед зулайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний үений зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. ...” /1хх 128/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1455 дугаартай шинжээчийн “...Д.Бат-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйхны шарх, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” /1хх 128/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 240 дугаартай шинжээчийн “Талийгаач Ж.Нын цогцост цээжний битүү гэмтэл, зүрхний булчингийн няцрал задрал, баруун ховдол нээгдсэн шарх, үнхэлцэгийн хөндий дэх цусан хураа, зүрх чихэгдэлт, голтын цус хуралт, баруун уушигны няцрал, цус хуралт, баруун 1, зүүн 1-4 хавирганы хугарал, хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний няцрал, хэвлийн хөндийн цусан хураа, дух, зүүн чамархай, шанаа, эрүү зүүн бугуй, сарвуу, өвдөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой ба шинэ гэмтэл. Цээж хэвлийн битүү гэмтэл нь амь насанд аюултай, харин биеийн гадна хэсгийн гэмтлүүд нь амь насанд аюулгүй. Талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас гэмтлийн гаралтай шоконд орж нас баржээ...” /1хх 28-31/

Замын цагдаагийн албаны 94 дугаартай шинжээчийн “...”Toyota Prius 10” загварын 45-68 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, /Хавтас хэрэгт авагдсан жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл 1.33%/, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” /хэргийн газрын үзлэг, схем зураг, фото зураг дээр зорчих хэсгийн өргөн 6.10, анх 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн цэг /1/ цэгээс зорчих хэсгийн хойд зах хүртэл 3.80/ гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Nissan Pulsar” загварын 59-22 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол, замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. ...” /1хх 86/ гэх дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх 7/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх 8/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 9-13, 24-26/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 23/, автомашины техникийн үнэлгээний тайлан /1хх 144-147/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 217/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Бийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Бийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, нэр бүхий хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн болон эд хөрөнгөнд 2.581.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Г.Баяржаргал “Мөрдөн шалгах ажиллагааны үед өмгөөлөгчийн зүгээс гаргасан авто осол гарсан газарт хэргийн газрын үзлэг дахин хийлгэх хүсэлтийг хүлээн авсан мөртлөө одоог хүртэл хийгээгүй.

Анхан шатны шүүх хуралдаан дээр миний үйлчлүүлэгч Б.Бд холбогдуулан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар хохирол төлбөрөө бүрэн авсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу ял оногдуулахад татгалзах зүйлгүй талаар амаар болон бичгээр илэрхийлсэн, өмгөөлөгч тухайн хууль хэрэглээний талаар өмгөөллийн дүгнэлтээ гаргаж шүүхэд хүсэлтээ гаргасан боловч шүүх тухайн хөнгөрүүлсэн зүйл, заалтыг миний үйлчлүүлэгч Б.Бд хэрэглээгүй. ...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Г.Баяржаргал нь 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Замын цагдаагийн албанд “...Осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Б.Б, С.Б, зорчигч нарыг байлцуулан осол болсон газарт дахин үзлэг хийлгүүлэх, үүний дараа шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах...“ /1хх 111/ гэсэн агуулга бүхий хүсэлт гаргажээ. Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Ч.Одсүрэн уг хүсэлтийг хянаад “...Осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураглал, гэрчүүдийн мэдүүлэг, техникийн шинжээчийн гаргасан дүгнэлтээр жолооч Б.Б нь урсгал сөрж яваад осол гаргасан нь нотлогдож байх тул хэргийн газрын үзлэг дахин хийлгүүлэх, шинжээчийн дүгнэлтийг давтан гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзах үндэслэлтэй байна. ...” /1хх 112/ гэсэн хариу өгчээ.

Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Бийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явснаа хүлээн мэдүүлсэн /1хх 171-173/ мэдүүлэг нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 217/, гэрч В.Батмагнай /2хх 167-169/, Г.Ууганбаяр /2хх 43-45/ нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж тус тус заасан бөгөөд уг заалт нь шүүхэд эрх олгосон заалт юм.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохих заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарч байх тул шүүх уг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн явдал болохгүй.

Нөгөөтээгүүр, шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон боловч тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй ба түүний өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон тайлбартаа гэм буруугийн талаар маргасан байна. Шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон, хор уршгийн хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх, шүүгдэгчид 3 жил хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 843 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 843 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ