Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2016/0950/З |
Дугаар | 219 |
Огноо | 2017-06-05 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 219
Н.Галцогийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Н.Галцог, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Дашравдан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1075 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0208 дугаар магадлалтай, Н.Галцогийн нэхэмжлэлтэй, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1075 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагчийн хэнийг нь томилохыг хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулсан захиргааны шинэ акт гаргах хүртэл Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай дугаар А/81 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 17 буюу Н.Галцогт холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай дугаар А/81 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 1-ийг буюу Н.Галцогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай дугаар А/81 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгч Н.Галцогт холбогдох хэсгээс бусад хэсгийг хүлээн авахаас татгалзаж, тус хүлээн авахаас татгалзсан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдээр сонгон шалгаруулалт явуулах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлж,
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагчийн хэнийг нь томилохыг хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулсан захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон хоёр сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай дугаар А/81 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 17 буюу Н.Галцогт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0208 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх “Цаг уур, орчны шинжилгээний газрын Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс “...Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагчийн нэгийг нь томилохыг хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулсан захиргааны шинэ акт гаргах боломжгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болохоор байна” гэж дүгнэсэн атлаа “... хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх "... Цаг уур орчны шинжилгээний газрын орон тоо хэрхэн ямар хэлбэрээр батлагдсан нь тодорхойгүй, дэд дарга болон Удирдлага төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтсийн даргын орон тоо тусдаа эсэх, тус газрын дэд даргын ажлын чиг үүрэг тодорхойгүй...” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” А\32 дүгээр тушаалын 1 хавсралтаар “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагааны стратеги, зохоин байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”, 2 дугаар хавсралтаар “Цаг уур, орчны шинжилгээний газрын бүтэц”-ийг баталсан.
Уг тушаалыг хэрэгжүүлж Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А\81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар 2 хэлтсийг нэгтгэж Удирдлага төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтэс болгож тус хэлтсийн дарга нь Цаг уур, орчны шинжилгээний газрын дэд дарга байхаар зохион байгуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн асуудал, А\81 дугаар тушаалыг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан ба ямар нэгэн маргаан гараагүй, хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна.
Сайдын 2014 оны 1\5972 тоот дүгнэлт, зөвлөмж, 2016 оны А\32 дугаар тушаал болон Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны А\81 дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтэц, орон тооны өөрчлөлт хийж, Захиргаа хамтын ажиллагаа болон Санхүү аж ахуйн хэлтсийн үндсэн үүрэг, чиг үүргийг Удирдлага төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтэс хэрэгжүүлэх, хэлтсийн даргын чиг үүргийг газрын дэд дарга эрхлэн хэрэгжүүлэхээр зохион байгуулж, дэд даргын албан тушаалын нэрийг “газрын дэд дарга бөгөөд хэлтсийн дарга” гэж өөрчлөн, батлагдсан төсөв, бүтцийн хүрээнд ажлын чиг үүргийг нэмэгдүүлсэн нь “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4 дэх заалттай нийцсэн, хавтаст хэрэгт ажлын байрны тодорхойлолт авагдсан байдаг.
Н.Галцог нь “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасны дагуу батлагдсан “Удирдлага төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтсийн дарга”-ын ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэхэд мэргэжил, мэргэшлийн хувьд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа тул түүнийг шууд болон шалгаруулан томилох боломжгүй учраас өөртэй нь зөвшилцөж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу “ ... хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байр”-аар хангаж улмаар тухайн албан тушаалын чиг үүргийн дагуу мэргэшүүлэх зорилгоор 3 сарын хугацаатай дадлагажуулах хөтөлбөр гарган хэрэгжүүлж, түүний цаашид ажиллах баталгааг хангаж шийдвэрлэсэн нэхэмжлэгч нь өнөөдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-д зааснаар тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтууд хэрэгт авагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, харин шүүх нотлох баримтуудыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн тул давж заапдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Н.Галцог нь Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” А/81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын нэрс, 2 дугаар хавсралтаар албан тушаалд томилогдсон албан хаагчдын нэрсийг батлагдсаныг эс зөвшөөрч, энэ тушаалыг хүчингүй болгуулж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан байна.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 дугаартай “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” тушаалыг үндэслэн гаргасан дээрх маргаан бүхий А/81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Н.Галцог нь “Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, 2 дугаар хавсралтаар Урьдчилан мэдээлэх хэлтсийн “Ахлах мэргэжилтэн”-ий албан тушаалд томилогдсон байна.
Тус газрын шинэ бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгч Н.Галцогийн өмнө нь ажиллаж байсан “Захиргаа, хамтын ажиллагааны хэлтэс” нь “Санхүү, аж ахуйн хэлтэс”-тэй нэгдэж, “Удирдлага, төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтэс” болж өөрчлөгдөн хэлтсийн даргын үүргийг газрын дэд дарга хариуцахаар албан тушаалын нэр нь “Удирдлага, төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтэс”- газрын дэд дарга бөгөөд хэлтсийн дарга, ТЗ-9 зэрэглэлтэй байхаар тогтоожээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа, холбогдох нотлох баримт бүрэн авагдаагүй, нэхэмжлэлийн зарим шаардлагыг шүүх дүгнээгүй зэргээс шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүйг давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой зөв дүгнэжээ.
Шүүхийн шийдвэрийн үндсэн дээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гол нөхцөл нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх асуудал юм.
Гэтэл нэхэмжлэгч нь эрхээ сэргээлгэх шаардлагаа “...дүйцэхүйц албан тушаалд томилохыг даалгах, ... өмнө эрхэлж байсан албан тушаалд томилохыг даалгах” гэх зэргээр үр дагавар нь өөр өөр, тус тусдаа бие даасан гэж ойлгогдох байдлаар тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймээс шүүх энэ талаар тодруулсны эцэст үүнд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлж, магадлалын заалтыг биелүүлж, хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай.
Дээр дурдсныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, шүүх бүрдэл дутуу нотлох баримтыг үнэлж дүгнэх боломжгүй тул “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай” хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0208 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ