Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 182/2019/00095/И |
Дугаар | 001/ХТ2021/01115 |
Огноо | 2021-09-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2021/01115
Г.Бямбажавын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/01418 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1953 дугаар магадлалтай,
Г.Бямбажавын нэхэмжлэлтэй,
Б.Шатарт холбогдох,
Нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Бямбажав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Уранчимэгийн гуйлтаар 2012 оны 06 дугаар сарын 22-нд түүнд өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 46 тоот орон сууцаа банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл олгосон. Гэтэл Б.Уранчимэг нь миний олгосон итгэмжлэлийг зөрчиж, надаас зөвшөөрөл авалгүйгээр, миний орон сууцыг нотариатч Б.Шатартай хуйвалдаж, иргэн Н.Уранчимэгээс 66,000,000 төгрөгийг зээлсэн зээлийн барьцаанд тавьж, итгэмжлэлийг зөрчсөн. Би байраа банкны барьцаанд тавихыг зөвшөөрсөн болохоос бус мөнгө хүүлэгч хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлэх, зээлийн барьцаанд тавих итгэмжлэл олгоогүй. Итгэмжлэлийн агуулга илт зөрчилтэй зөрүүтэй байхад, намайг дуудаж ирүүлж, магадлахгүйгээр барьцааны гэрээг баталсан. Ингэж нотариатч Б.Шатар нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 21.2.1, 21.3.3, 21.2.5, 7.3 дахь заалтуудыг зөрчиж хууль бусаар нотариатын үйлдэл хийснээс болж миний байр хууль бусаар зээлийн барьцаанд бүртгэгдсэн. Н.Уранчимэг, Б.Уранчимэг нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 22-нд байгуулсан барьцааны гэрээг баталсан Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Шатарын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Шатар шүүхэд гаргасан тайлбартаа: Ноториатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдийг дуудан ирүүлэх гэсэн заалт нь эрх олгосон хэм хэмжээ ба нотариатчийг эрхээ эдлээгүй хэмээн буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй. Ер нь бол эрхээ эдэлсэнгүй хэмээн бусдын үйлдэлд хариуцлага тооцох боломжгүй. Мөн хуулийн 21.2.1-т заасан үүргээ нотариатч биелүүлж, Н.Уранчимэг, Б.Уранчимэг нарт эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгсөн тул түүнийг буруутгах үндэслэлгүй. Ноториатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.3-т заасан нь хориглосон хэм хэмжээ ба уг хэм хэмжээг зөрчөөгүй. Учир нь ямар ч нөхцөлийг нуун дарагдуулаагүй ба нуун дарагдуулсан гэх нөхцөлийн талаар нэхэмжлэлд бичээгүй байх тул тайлбар хийх боломжгүй байна. Мөн дээрх хуулийн 21.2.5-т заасан үүргээ нотариатч биелүүлж, холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж, нягталсан. Мөн 7.3-т заасан эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан хэм хэмжээ байх бөгөөд нотариатч нь барьцааны гэрээг гэрчилсэн тул уг заалтыг зөрчөөгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Уранчимэг эгч өөрийнхөө объектыг зарна гэсэн зар өгсөн байсан. Үүний дагуу очиж уулзаж банкны зээлээр таны объектыг худалдаж авъя гэсэн. Гэтэл ингэхэд урьдчилгаа мөнгө, банкинд байршуулах мөнгө хэрэгтэй болсон бөгөөд банкинд мөнгө байршуулдаг хүмүүсээр байршуулах гэхээр өдрийн хүү нь өндөр байсан. Энэ талаар хэлэхэд Н.Уранчимэг эгч чамд барьцаа байвал би зээл олгож өгье гэсэн. Ингээд би Г.Бямбажавыг таньдаг байсан бөгөөд ийм зээл байна, хамтран ажиллаж чамд өгье гэж санал болгосон. Ингээд Н.Уранчимэг эгч дээр очиж уулзахад энд манай нотариат байгаа ороод гэрээгээ гэрлүүлчих гэсэн. Гэтэл Б.Шатар нотариатч нь энэ чинь банкны барьцаанд тавина гэж байна шүү дээ гээд гэрчилж өгөөгүй. Гэрчилж өгөхгүй байгаа талаар Н.Уранчимэг эгчид хэлэхэд өөрөө ирээд хамт байж байгаад гэрчлүүлсэн гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Уранчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Бямбажав нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж уг хэлцлийг хийсэн бөгөөд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу итгэмжлэл олгож, түүний үндсэн дээр Б.Уранчимэг зээл авсан. Г.Бямбажав нь өөрийн зөвшөөрлөөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 46 тоот орон сууцыг Зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгосноо нэхэмжлэл дээрээ дурдсан байна. Иймд нэхэмжлэл нь хууль бус, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч Г.Бямбажав нь Б.Уранчимэгээс урамшуулал болон мөнгө авч итгэмжлэл хийж өгснөө эрүүгийн хэргийн шүүх хуралд мэдүүлж байсан гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/01418 дугаар шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б.Уранчимэг, Н.Уранчимэг нарын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Бямбажаваас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Шатараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бямбажавд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1953 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/01418 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Шатарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Шатар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1953 дугаар магадлалыг эс зөвшөөрөн гомдол гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн гаргасан хариу тайлбарт эш татсан хуулийн заалтыг үгүйсгэсэн тайлбарыг аль аль шүүх хийсэнгүй. Тэгэхээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар гаргасан тайлбарыг мөн л аль аль шүүх нь үгүйсгэж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл 2012.06.22-ны гэрээний талаар нэхэмжлэгч нь 2012 оны 7 дугаар сард мэдсэн талаар шүүхэд тайлбар өгсөн ба гуравдагч этгээдийн зүгээс ч түүнийг нь хүлээн зөвшөөрч, нотолдог. Тэгэхээр нотариатын үйлдэлд холбогдуулан шүүхэд хандах хугацаа 2015 онд дууссан байна. Хэрэв банкнаас зээл авсан бол өдийг хүртэл зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү нь зогсоогүй л байх байсан. Өөрөөр хэлбэл хувь хүнээс авсан зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөндөө нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл амьдарсаар байгаа. Тэгэхээр эрх зүйн байдлын хувьд дээрдүүлсэн байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Г.Бямбажав нь Б.Шатарт холбогдуулан барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргахдаа үндэслэлээ ...банкны барьцаанд тавихыг зөвшөөрсөн болохоос хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлэх, зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрөөгүй гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж өгсөн... гэж маргасан байна.
Хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Н.Уранчимэг, Б.Уранчимэг нар хүсэлт гарган оролцож тайлбар гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Нотариатын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Г.Бямбажав нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 46 тоотын 3 өрөө орон сууцны өмчлөгч бөгөөд тэрээр 2012.06.22-ны өдрийн итгэмжлэлээр уг байрыг банкны зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд гарын үсэг зурах, Улсын бүртгэлийн газраас лавлагаа авах, барьцааны гэрээг бүртгүүлэх эрхийг Б.Уранчимэгт олгожээ.
Б.Уранчимэг нь Н.Уранчимэгтэй 2012.06.22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 66,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 1 сарын хугацаагаар зээлж, дээрх итгэмжлэлээр үүргийн гүйцэтгэлд Г.Бямбажавын орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсныг нотариатч Б.Шатар гэрчилсэн, гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн нь тогтоогджээ /хэргийн 9-13 дугаар тал/.
Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3.-т энэ хуулийн 46.2.-т заасан нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээ хэлцлийг гэрчлэхээс татгалзана, 46.2.3.-т агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, 46.2.4.-т үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх, 31 дүгээр зүйлийн 31.1.6.-т хуульд заасан бусад тохиолдолд нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзана, 31.3.-т энэ хуулийн 31.1.-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж тус тус заасан, нэхэмжлэгч нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шаардлага гаргах эрхтэй.
Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч банкнаас зээл авахад орон сууцаа барьцаалах эрх олгосон байхад нотариатч нь иргэн буюу Н.Уранчимэгтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны гэрээг гэрчлэхдээ итгэмжлэлийн агуулга, түүнээс үүсэх үр дагаварт бодитой хандаж чадаагүй, үйлчлүүлэгчийн дээрх нөхцөл байдал нь нотариатч хэлцлийг гэрчлэхээс татгалзах үндэслэлд хамаарч байхад итгэмжлэлийг гэрчилсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэн, нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Нотариатын тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох, төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх ба 63 дугаар зүйлд төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Бусдад өөрийгөө төлөөлөх эрх олгож буй итгэмжлэлээр төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагааг явуулах тул барьцааны гэрээг гэрчилж буй нотариатч итгэмжлэлээс үүсэх хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч нь барьцааны гэрээг гэрчлэхдээ орон сууцаа зээлийн гэрээний үүрэгт барьцаалах эрхийг гуравдагч этгээдэд олгосон төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэхийг асууж тодруулаагүй, түүний эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх боломжтой талаар эрх зүйн үр дагаврыг тайлбарлах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээг гэрчлэхээс татгалзах нөхцөл байдал тогтоогдсон байхад гэрчилсэн үйл баримт тогтоогджээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж, 76 дугаар зүйлийн 76.3.-т тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй холбогдсон шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг уг шаардлага зөрчигдсөн үеэс эхлэн тоолох-оор зохицуулжээ.
Нотариатчийн нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүрэг 2012 онд үүссэн тул уг үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргах хугацааг мөн үеэс тоолох ба нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх үйлдэлтэй холбогдуулан 2018 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, энэ талаарх гомдлыг хангах боломжгүй.
Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/01418 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1953 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдоржийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Г.ЦАГААНЦООЖ