Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 149

 

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

******* аймаг дахь ******* газар-ын нэхэмжлэлтэй *******д холбогдох 522.611 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд; Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* аймаг дахь ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...******* нь тус цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаар ажиллаж байгаад цагдаагийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул ЦЕГ-ын Санхүү, хангамжийн газраас 2018.04.12-ны өдөр 30/107 тоот төлбөрийн нэхэмжлэл болон хувцасны тайлан ирүүлж эдэлгээний хугацаа дуусаагүй цагдаагийн дүрэмт хувцасны төлбөр 522.611 төгрөг гарсан. Уг төлбөрийг төлөөгүй байгаа тул төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна... гэх.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2016 оны 10 дугаар сард цагдаагийн албаны дүрэмт хувцас аваад 2018 оны 01 дүгээр сард хугацаа нь дууссан. ******* албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1-д зааснаар ажлаас чөлөөлөгдсөн хүний дүрэмт хувцасыг хураан авна гэж заасан байдаг. Мөн ******* газрын үйл ажиллагааны журамд эдэлгээний хугацааг 50 хувиас хэтэрсэн тохиолдолд мөнгөн төлбөр төлөхгүй гэж заасан байна. Тухайн үед би журмыг нь уншаагүй. Гэхдээ ******* албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1-д зааснаар уг дүрэмт хувцасыг хураалган өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан мөнгөн төлбөрийг төлөхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтууд зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* аймаг дахь ******* газар нь хариуцагч *******д холбогдуулан Эдэлгээний хугацаа дуусаагүй цагдаагийн дүрэмт хувцасны төлбөр болох 522.611 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Учир нь: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* байгууллагын үйл ажиллагааны журманд заасны дагуу эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны төлбөр гэж 522.611 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа гэх боловч хэрэгт авагдсан /хх -ийн 1 дүгээр талд/ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхой бус, өөрөөр хэлбэл; дүрэмт хувцасны үнэлгээ болон эдэлгээний хугацааг хэрхэн, ямар аргаар тогтоож тооцсон нь тодорхойгүй байхаас гадна уг хувцасыг хариуцагч талаас бүрэн бүтэн тоо ёсоор нь буцааж өгсөнөөс үзэхэд, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа бусад санхүүгийн болон тооцооны баримтаар нотлоогүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байдал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох бодит үндэслэл болж байна.

Хууль зүйн дүгнэлт; Талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан ... Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ-ний харилцаа үүссэн бөгөөд хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө / дүрэмт хувцас, хэрэглэл / - ийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь тухайн эд хөрөнгийг зориулалтын / албанд өмсөж хэрэглэх / дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг харилцан хүлээсэн байна. Тодруулбал; ******* аймгийн ******* газраас эргүүлийн цагдаа ажилтай *******д 16 нэр төрлийн хувцас хэрэглэлийг үнэ төлбөргүйгээр цагдаагийн алба үүрэг гүйцэтгэхэд нь зориулж ашиглуулж, хэрэглүүлэхээр шилжүүлсэн ба ******* нь тухайн хувцас, хэрэглэлийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ гүйцэтгэсэн болох нь хэргийн 24, 27 дугаар талд авагдсан хувцас хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрч *******ы мэлүүлэг зэргээр нотлогдож байна.

Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний зарим зохицуулалт нэгэн адил хамаарах тул Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д зааснаар ... Эд хөрөнгө хөлслөх гэрээд талууд тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулахаар зохицуулсан ба талуудын тайлбараас үзэхэд, эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээг тодорхой бус хугацаагаар, аман хэлцэлээр харилцан тохиролцож байгуулсан гэж үзэхээр байна.

Талууд гэрээний хугацаа болон гэрээний зүйл болох 16 нэр төрлийн хувцас, хэрэглэлийн тоо, чанар, хэзээ, хэрхэн авсан, өгсөн тал дээр маргаангүй байх ба гагцхүү хариуцагч ******* нь өмсөж, ашигласан хувцас, хэрэглэлийн эдэлгээний хугацаа дуусаагүй үеийн нөхөн төлбөрт 522.611 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой гэх боловч ******* байгууллагын тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1- д зааснаар дээрх ажилтан нь 16 нэр төрлийн хувцасыг тоо ёсоор нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн ба талууд үүн дээр мөн маргаагүй байна. Иргэний хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.4-д зааснаар гэрээний хугацаа дуусахад тухайн эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Мөн Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2- т зааснаар тухайн эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд болох ******* нь ямар нэгэн гэм буруутай үйлдлээр тухайн ашигласан эд хөрөнгөд хохирол учруулаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдох 522.611 төгрөг гаргуулах тухай ******* аймаг дахь ******* газарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ЭНХТАЙВАН