| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 188/2019/0978/Э |
| Дугаар | 2019/ДШМ/1049 |
| Огноо | 2019-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2019/ДШМ/1049
Б.Аид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ундрах,
шүүгдэгч Б.А,
хохирогч Ч.Б,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2021 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.Аид холбогдох 1908033051314 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М овгийн Б А, 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжигчин, хөгжимчин мэргэжилтэй, Улаанбаатар татах хэсэгт туслах малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг, Хоолт гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 2-162 тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй;
Б.А нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 2-216 тоотод “Хөдөө ганцаараа явна” гэх шалтгааны улмаас маргалдаж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Ч.Бийг зодож, түүний эрүүл мэндэд нь зулайн зөөлөн эдийн няцрал, гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурор яллагдагчаас гаргасан хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх боловч шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Нэг талаас, шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан байх бөгөөд шүүх мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүслээ.
Нөгөө талаас, прокурорын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан гэх шүүгдэгч Б.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байгаа нь шүүгдэгч хэргээ богино хугацаанд буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан гэж үзэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Б.Аид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, ...гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаана” гэж зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Аид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Б.А нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан бөгөөд түүнийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хянаж, Б.Аид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол үйлдэн, улмаар 24 цагийн дотор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүхэд хүргүүлэх хүртэлх хугацаанд яллагдагч Б.А нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан, хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар санал зөрсөн зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг ердийн журмаар шийдвэрлэх үндэслэл, нөхцөл байдал үүсээгүй. Өөрөөр хэлбэл, прокуророос яллагдагч Б.Аийн эрхийг зөрчөөгүй, хуульд нийцсэн шийдвэр гаргасан.
Мөн шүүх хэргийг хүлээн авах, шүүх хуралдааныг товлон зарлах, шүүх хуралдаанаар хэлэлцэх үед ч дээрх нөхцөл байдал үүсээгүй байсан. Шүүх 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авсан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор буюу 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дотор хянан шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцэхээр товлон зарласан шүүх хуралдаанд шүүгдэгч хүрэлцэн ирээгүйг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ бүлэгт заасан шүүх хуралдаанд шүүгдэгч ... ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно” гэж заасны дагуу шүүх хуралдааныг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулахаар байхад “шүүгдэгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь хялбаршуулсан журмаар хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс татгалзсан гэж үзнэ” гэж өөрийнхөөрөө тайлбарлан ойлгож, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Түүнчлэн, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “шүүгдэгч Б.А нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эсхүл төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байх, прокурорын сонсгосон ялыг эсхүл хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг олгосон байх” зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн нөхцөл шаардлага хангагдаагүй гэж үзсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн түүнтэй холбоотойгоор хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар байсан. Гэтэл хуулийн дээрх шаардлагууд бүгд бүрэн хангагдаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ямар ч ажиллагаа хийх үндэслэл, шаардлагагүй байхад хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй бөгөөд прокуророос түүнийг биелүүлэх боломжгүй байдлыг бий болгоод байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ бүлэгт заасан шүүх хуралдаанд шүүгдэгч ... ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно” гэж заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр товлон зарласан шүүх хуралдааныг хойшлуулж, цаг хугацааны хувьд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хугацааны дотор хянан хэлэлцэх боломжгүй гэж үзсэн бол хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэх боломжтой байна. Мөн яллагдагч Б.Аид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй байсан.
Иймд Б.Аид холбогдох хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэрэгт нэмж шалгах, мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2021 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.
Хохирогч Ч.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй. Гомдол саналгүй.” гэв.
Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2021 дугаартай шүүгчийн захирамжийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Б.А нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 79/, хохирогч Ч.Б нь шүүгдэгч Б.Атой эвлэрсэн талаарх баримт /хх 80/ гаргаж өгсөн байх ба энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болжээ.
Гэтэл шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд ирээгүйн улмаас анхан шатны шүүх түүнийг хэргээ богино хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ бүлэгт заасан шүүх хуралдаанд шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч, шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд ирээгүй нь түүнийг хүсэлтээсээ татгалзсаныг илэрхийлэхгүй ба шүүх таамаглалд үндэслэн шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан” гэдэгт тухайн шүүгдэгч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж байгаагаа шүүхэд амаар болон бичгээр илэрхийлсэн байхыг ойлгоно.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон Б.Аид холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2021 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Н.Ундрахын бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Б.Аид холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл Б.Аид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ