Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00977

 

 

А.Энхмандахын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00105 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 685 дугаар магадлалтай,

 

А.Энхмандахын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Амины орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрын эрхийг төлбөрт тооцож санал болгосон ажиллагааг хүчингүй болгуулах, битүүмжлэгдсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болоржаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунцэцэг, Ц.Баянчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Энхмандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.16-ны өдрийн 04508 дугаартай захирамжаар Эйркарго Монгол ХХК-иас 2,348,212,406 төгрөг гаргуулж, Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн болно. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 7 дугаар сарын 179/01 эд хөрөнгийг хураасан тогтоол, мөн өдрийн эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол үйлдэхдээ барьцаа хөрөнгө дээр очоогүй, хөрөнгийн эзэмшигч өмчлөгчийг байлцуулаагүй, мэдэгдээгүй битүүмжлэн, хураасан нь хууль зөрчсөн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч хуульд заасны дагуу битүүмжлэх, хураах талаар мэдэгдээгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт заасан гэрч овог, нэр, регистрийн дугаарыг тусгаагүй нь уг гэрч нь мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т заасан шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох боломжгүй болгож байна. Мөн эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй байгаа болно. Энэ нь барьцаалагч А.Энхмандах миний өмчлөл, эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын 2013.07.18-ны өдрийн А/209 дугаар шийдвэрээр нэгж талбарын 8025/5956 дугаар бүхий 64679 метр квадрат талбайтай амины орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай газрыг хууль бусаар битүүмжилсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.16-ны өдрийн 04508 дугаартай захирамжаар Эйркарго Монгол ХХК-иас 2,348,212,406 төгрөг гаргуулж, Капитал банк-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрт барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага байхгүй бөгөөд зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг шүүх шийдсэнээс барьцаа хөрөнгийг худалдан борлуулах талаар заалт байхгүй байхад мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасны дагуу ...төлбөр төлөгчийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусдад барьцаалсан хөрөнгөөс төлбөр гаргуулна... гэснийг зөрчсөн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйл болон 76 дугаар зүйлд заасан бусад ажиллагаа хийгээд уг төлбөр нь хүрэлцэхгүй бол үнэлгээ хийлгэх байжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018.03.28-ны өдөр 08 дугаар санал болгох ажиллагаа хийж, гуравдагч этгээд буюу барьцаалагч А.Энхмандах миний өмчлөл, эзэмшлийн Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын 2013.07.18-ны өдрийн А/209 дугаар шийдвэрээр нэгж талбарын 8025/5056 дугаар бүхий 64679 метр квадрат талбайтай амины орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай газрыг санал болгохдоо эзэмшигч, өмчлөгч надад мэдэгдэлгүй, оролцуулаагүй, санал аваагүй дээрх шийдвэрийг гаргаж, Капитал банк-д санал болгосон байна. Иймээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас А.Энхмандах миний өмчлөл, эзэмшлийн Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын 2013.07.18-ны өдрийн А/209 дугаар шийдвэрээр нэгж талбарын 8025/5956 дугаар бүхий 64679 метр квадрат амины орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай газрыг 2018.03.28-ны өдөр 08 дугаар санал болгосон ажиллагааг хүчингүй болгож, мөн битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.07.16-ны өдрийн 4508 дугаар захирамжаар Эйркарго монгол ХХК-иас 2,348,212,406 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгож, хариуцагч дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг нэр бүхий барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, Нүхтийн зам 19/09 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-22060225068, ГДЮ00224954 дугаарын гэрчилгээтэй аялал, жуулчлалын зориулалттай, 437.2 метр квадрат талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн хороолол, Олон улсын нисэх буудал 3 давхарт орших 9011112099 тоот улсын бүртгэлийн 5165903 регистрийн дугаартай Эйркарго монгол ХХК-ийн 10 хувийн хувьцаа, Иргэний Нисэхийн ерөнхий газраас олгосон Ачаа агаарын тээвэрлэгчийн ААТ-002 тоот тусгай зөвшөөрөл, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 54 дүгээр байр 3 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007593 дугаартай, ГД:000229603 дугаарт бүртгэлтэй, 220.6 метр квадрат талбай бүхий 2 давхар хувийн сууц, А.Энхмандахын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Төв аймаг явах замын зүүн талд орших нэгж талбарын 8025/5056 дугаар бүхий, 64679 метр квадрат талбайтай газраас албадан гаргуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016.03.17-ны өдөр үүсгэн 2016.03.21-ний өдрийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааны хариунд төлбөр төлөгч Эйркарго монгол ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу захирлаар Б.Жаргалсайхан бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Төлбөр төлөгч Эйркарго монгол ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Б.Жаргалсайханд 2016.03.30-ны өдөр, 2016.04.15-ны өдрүүдэд тус тус шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч биелүүлээгүй. Төлбөр төлөгч Эйркарго монгол ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг 2016.04.15-ны өдөр, 2016.05.18-ны өдөр, 2016.06.07-ны өдрүүдэд тус тус битүүмжлэн, 2016.05.18-ны өдөр, 2016.06.07-ны өдөр, 2016.06.13-ны өдрүүдэд тус тус хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу өмчлөгч болон хамтран өмчлөгч талуудаас үнийн санал өгөх мэдэгдлийг 2016.08.05-ны өдрийн дотор тогтоон, шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэх мэдэгдлийг өгсөн боловч үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул 2016.08.08-ны өдрийн 119 тоот тогтоолоор Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ Эстимэйт ХХК 2016.08.09-ний өдөр Эйркарго монгол ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийн нэр бүхий барьцааны хөрөнгийн нэг болох А.Энхмандахын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Төв аймаг явах замын зүүн талд орших нэгж талбарын 8025/5056 дугаар бүхий, 64679 метр квадрат талбайтай газрыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчин 711,470,000 төгрөгөөр үнэлснийг компанийн 100 хувийн үүсгэн байгуулагч, захирал Б.Жаргалсайхан болон үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч А.Энхмандахад 2016.09.05, 06-ны өдрүүдэд тус тус мэдэгдсэн. Тус газраас үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарласан боловч худалдан борлогдоогүй тул хуульд заасны дагуу хөрөнгийг төлбөр авагчид санал болгох тухай мэдэгдлийг өмчлөгч А.Энхмандах болон компанийн гүйцэтгэх удирдлагад 2017 оны 3/21912, 4/28268, 2018 оны 4/3380 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өмчлөгч нар 2018.03.28-ны өдөр ирээгүй тул санал болгох хуралд оролцоогүй. Хөрөнгийг төлбөр авагчид санал болгох явцад талууд, төлбөр төлөгчид төлбөрийг барагдуулах 1 сарын хугацаа олгож, тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг төлбөр авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Төлбөр төлөгч Эйркарго монгол ХХК-ийн 100 хувийн үүсгэн байгуулагч, захирал Б.Жаргалсайхан нь 2018.06.11-ний өдрийн 01/25 албан бичгээр иргэн Б.Раднаасүрэнд итгэмжлэл олгосон. Итгэмжлэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 38 дугаар зүйлд заасан эрх, үүрэг мөн төлбөр төлөгчийн зүгээс санал, хүсэлт гаргах, барьцаа хөрөнгийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөх болон бусад төлбөр төлөгчийн бүхий л эрх, үүргийг олгохоор заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Раднаасүрэн нь Эйркарго монгол  ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр авагч Капитал банкинд шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг тус газарт 2018.06.11-ний өдөр ирүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00105 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 14 дүгээр зүйлийн 14.3, 44 дүгээр зүйлийн 44.1, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах нэгж талбарын 8025/5056 дугаар бүхий 64679 метр талбайтай амины орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрыг 2018.03.28-ны өдөр төлбөр авагчид төлбөртөө суутган авахыг санал болгосон 08 дугаар ажиллагааг хүчингүй болгож, тус хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаа хасч, чөлөөлүүлэх тухай А.Энхмандахын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Энхмандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 685 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болоржаргал хяналын журмаар гаргасан гомдолдоо: ...А.Энхмандахын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох орон сууц болон үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрыг санал болгосон ажиллагааг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.10-ны өдрийн 183/ШШ2020/00105 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.25-ны өдрийн 685 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... байх тул хяналтын шатны журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.16-ны өдрийн 04508 дугаар шүүгчийн захирамжаар Эйркарго Монгол ХХК-иас 2,348,212,406 төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа барьцаа хөрөнгө болох А.Энхмандахын өмчлөл, эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын 2013.07.18-ны өдрийн А/209 дугаар шийдвэрээр нэгж талбарын 8025/5956 дугаар бүхий 64679 метр квадрат талбайтай амины орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай газрыг хууль бусаар битүүмжилж, хураасан, гүйцэтгэх баримт бичигт тусгаагүй ажиллагаа явуулсан, мөн санал болгох ажиллагаа явуулахдаа эзэмшигч, өмчлөгч А.Энхмандахад мэдэгдээгүй, түүнийг оролцуулаагүй төдийгүй санал аваагүй байж дээрх хөрөнгийг төлбөр авагч Капитал банкинд санал болгох ажиллагаа явуулж шийдвэр гүйцэтгэх ажилагааны хуульд заасан журмыг зөрчсөн тул нэхэмжлэгчийн зүгээс санал болгох ажиллагааг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн ...хүргүүлнэ гэж, мөн хуулийн 14.5-д Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ... гэж заасан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийг төлбөр авагчид санал болгох тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх боловч энэ нь хүргэгдээгүй бөгөөд хүргэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байдаг. Мөн дээрх хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь гаргасан шийдвэрийнхээ мэдэгдлийг гуравдагч этгээд буюу барьцаалагч А.Энхмандахыг дуудаж гардуулаагүй, мөн биечлэн гардуулах ажиллагааг огт хийгээгүй төдийгүй өмчлөгч эзэмшигч нь энэ талаар огт мэдээгүй байхад шийдвэр гүйцэтгэх газраас санал болгох ажиллагаа явуулж өмчлөгч эзэмшигч А.Энхмандахын эрхийг зөрчсөн байтал шүүхээс мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн, санал болгох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Мөн А.Энхмандахын эзэмшил, өмчлөлийн амины орон сууц болон үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар зэрэг нь хэдийгээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжид үүргийн гүйцэтгэл хангуулах барьцаа хөрөнгүүдийн жагсаалтанд тусгагдсан хэдий ч уг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гүйцэтгэх хуудас бичигдээгүй байхад уг эд хөрөнгийг битүүмжлэн хурааж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл юм. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулахыг хориглоно гэж заасан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.16-ны өдрийн 04508 дугаар шүүгчийн захирамжийн дагуу бичигдсэн 2016.03.10-ны өдрийн 102/Ш32016/08913 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2016.03.10-ны өдрийн 01045 дугаар гүйцэтгэх хуудаст А.Энхмандахын эзэмшил, өмчлөлийн амины орон сууц болон үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар огт тусгагдаагүй бөгөөд төлбөр авагчийн хүсэлтээр гүйцэтгэх хуудас бичигдээгүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх баримт бичиггүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс эдгээр үйл баримтыг бүрэн дүүрэн хянаж үзэлгүй орхигдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвтгөн дүгнэсэн нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.10-ны өдрийн 183/ШШ2020/00105 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.25-ны өдрийн 685 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

Нэхэмжлэгч А.Энхмандах нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Амины орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрыг санал болгосон ажиллагааг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүхүүд хуулийг буруу тайлбарлан хэт нэг талыг баримталж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. ...хөрөнгийг төлбөр авагчид санал болгох тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх боловч ...баримт хэрэгт авагдаагүй. ...албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудаст А.Энхмандахын эзэмшил, өмчлөлийн амины орон сууц болон үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар тусгагдаагүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх баримт бичиггүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан... гэсэн гомдол үндэслэлгүй.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.7.16-ны өдрийн 102/ШШ2015/04508 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Эйркарго Монгол ХХК-иас 2,348,212,406 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор, хариуцагч дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэр бүхий барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч А.Энхмандахын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Төв аймаг явах замын зүүн талд байрлах, нэгж талбарын 8025/5956 дугаартай, 64679 м.кв талбай бүхий амины орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар гэсэн хөрөнгө багтжээ.

 

Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, шийдвэр гүйцэтгэгчийн 2016.6.07-ны өдрийн 139/61 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2016.6.13-ны өдрийн 139/62 дугаартай Эд хөрөнгийг хураах тухай тогтоолуудаар төлбөр төлөгчийн эзэмшилд бүртгэлтэй, зээлийн гэрээний барьцааны хөрөнгө болох амины орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрыг битүүмжилж, хураасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасантай нийцсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл зөв байна.

 

Түүнчлэн хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасныг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагчаас, хөрөнгийг төлбөр авагчид санал болгох тухай мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчид хүргүүлсэн нь тогтоогдсон, иймд нэхэмжлэгчийн дээрх үндэслэлүүдээр гаргасан хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Шүүхүүд хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, тухайн маргаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00105 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 685 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ