Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2019/ДШМ/1050

 

Г.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бямбадагва,

хохирогч Г.Н,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 725 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Г.От холбогдох 1905027730818 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            С овгийн Гын О, 1989 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Завхан аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 16 дугаар гудамжны 371 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Г.О нь 2019 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Кола Кибаб” хоолны газрын урд талд “эхнэрээ өмөөрч” Г.Нгийн нүүрэн тус газарт нь санаатай цохиж гэмтээн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Н нь эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Г.Н нь шүүгдэгч Г.Оын хууль бус үйлдлээс болж өөрийн 3 шүдээ хугалуулж, энэ шүднүүд нь эмчилгээ хийлгэх ямар ч боломжгүй байсан тул шүдний эмнэлэг нь шүдийг нь авсан бөгөөд өнөөдрийг хүртэл үүдэн 3 шүдгүй тул гоо сайхан болон сэтгэл санааны хувьд хохиролтой байна. Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч хохирлыг төлсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирлын талаар хуульчилсан бөгөөд 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасныг орхигдуулж хохирогчийн гомдол болон хор уршгийг тооцон дүгнэлт гаргаагүй байна. Хавтас хэргийн 64 дүгээр хуудсанд “Индранил” шүдний эмнэлгийн тодорхойлолтод “...Доод үүдэн 2 шүд хөдөлгөөний зэрэг 4 дүгээр зэргийн хөдөлгөөнтэй шүдний холбоос эд нилэнхүйдээ өрөвссөн. Чиг тавих эмчилгээ үр дүн өгөхгүй тул шүд авав. Дээд үүдэн шүд шүдний цөгц хугарсан мөн сурвалжийн оройн түвшин дахин хугарсан байсан тул тус шүдийг сэргээх боломжгүй болно. ...” гэж ямар хор уршиг учирсныг тодорхойлжээ. Мөн “...Имплант эмчилгээ 6.600.000 төгрөгөөс 9.000.000 төгрөг хүртэл шүд тус бүр 2.200.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийн үнэ тарифтай байна. ...” гэжээ. Энэ нь түүнд учирсан гэм хорын хохирол болон хор уршгийг тодорхойлсон байна. Гэтэл шүүх нь хор уршгийг бүрэн арилгаагүй байхад шүүх шүүгдэгчид хохирол төлсөн гэж хэт хөнгөн ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтад шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасныг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, өөрт учирсан хохирол болон хор уршгийг мөнгөөр илэрхийлсэн баримт хавтас хэргийн 64 дүгээр талд байгаа билээ.

            Иймд шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дээрх нөхцөл байдлыг хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-ийг тус тус удирдлага болгон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 725 дугаартай шийтгэх тогтоолын хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү. ...” гэжээ.

            Хохирогч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбаргүй.” гэв.

            Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт хохирогч Г.Н нь 281.800 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн боловч 7.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Эрүүгийн хэрэгт баримтаар тогтоогдсон зардлыг гаргуулах боломжтой. Шүүхийн шатанд Г.О нь баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хохирогчийн цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Мөн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэргийн шинж, учруулсан хохирлын хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн эсэх, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Г.О нь 2019 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Кола Кибаб” хоолны газрын урд талд “эхнэрээ өмөөрч” Г.Нгийн нүүрэн тус газарт нь санаатай цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Нн “...2019 оны 6 дугаар сарын 29-нд би найз Жаргалбаяртай уулзаад ... “Кола кибаб” орчимд явж байхад 2 үл таних эмэгтэй байсан. Манай найз тоглоод нөгөө 2 эмэгтэйд “200 ам.доллараар явах уу” гээд байсан. ...Тэгтэл “Тоёота Приус-11” загварын автомашин ирээд, дотор байсан нэг залуу бууж ирээд, миний ам руу цохиод авсан. ...Дээрх гэмтлийг намайг цохисон О гэх залуу учруулсан. ...” /хх 56-57, 95/,

гэрч Н.Жаргалбаярын “...хорооллын “Кола кибаб” гэх газрын орчимд явж байхад үл таних 2 эмэгтэйтэй ... “200 ам.доллар өгье” гээд хэлсэн. Гэтэл “бага байна” гэсэн. Тэгтэл Н нөгөө 2 эмэгтэйд “500 ам.доллар өгье, явах юм уу” гээд хэлсэн ... маргаан болоод байж байхад нэг машинаас өндөр, бор царайтай залуу бууж ирээд намайг “чи хүний эхнэр яах гээд оролдоод байгаа юм” гээд хэлэхээр нь би өөдөөс нь “тэгээд чи яадаг юм” гэж хэлээд дөхөөд очих үед намайг гараараа цээж рүү түлхсэн. Тэгээд манай найз намайг цохилоо гэж бодсон байх ухас хийхэд нь нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд манай найз амаа дараад цаашаа яваад өгсөн. ...би тэгээд Нгаас “яасан” гээд асуухад “шүд уначихлаа” гээд байсан. Харахад амнаас нь цус гарсан байсан. ...” /хх 8-9/,

гэрч Н.Оюун-Эрдэнийн “...Үл таних 2 залуу дүү, бид хоёрыг “200 ам.доллараар явах уу” гэхээр нь “чи юу гээд байгаа юм бэ? Цаашаа зайл” гэсэн чинь “тэгвэл 500 ам.доллараар явчих” гээд байсан. Ингээд бид уг хоёр залуутай маргалдаад байж байхад манай нөхөр О хүрээд ирсэн. Тэгээд нөгөө 2 залууд “манай эхнэрийг та нар яах гээд оролдоод байгаа юм” гээд хэлсэн. Тэгтэл нөгөө 2 залуугийн арай намхан нь “тэгээд чи яах гээд байгаа юм” гээд дайрсан. Тэр үед манай нөхөр гараараа цааш нь түлхээд холдуулсан. Тэгсэн чинь хамт явсан нэг арай өндөр нь хамт зодох гээд дайрсан. Манай нөхөр өөдөөс нь нэг удаа цохисон. ...” /хх 28-30/,

гэрч Н.Оюунсүрэнгийн “...Хүргэн ах бууж ирээд “яагаад эхнэр доромжлоод байгаа юм” гээд хэлсэн. Тэгтэл нөгөө 2 залуугийн намхан саарал хувцастай эрэгтэй тэгээд “чи яадаг юм” гэхэд, ах өөрөөсөө холдуулаад түлхэж байгаа харагдсан. Тэгээд би машин дотор нэг хүний цаана ороод суусан байсан болохоор сайн хараагүй. Нэг мэдсэн чинь нөгөө 2 залуугийн арай өндөр нь машин дундуур амаа дараад явж байсан. ...” /хх 33-34/,

гэрч Э.Буянхишигийн “...Манай найз Н “шүд, ам болохоо байлаа” гээд байсан. Тэгээд харахад үүдэн нэг том шүд нь хугарсан, хажуугийн 3 шүд нь сулраад хөдлөөд байсан. ...” /хх 37-38/,

гэрч Г.Ариунмөнхийн “...Манай нөхөр амаа дарсан, амнаас нь цус гарчихсан “шүд хугарчихлаа” гээд байж байсан. Тэгээд “яасан юу болоо вэ” гээд асуухад манай нөхөр найзтайгаа хамт явахдаа тоглоом, шоглоомоор “200 ам.доллар байна явах уу” гээд хэлчихсэн юм билээ. Тэгээд тэр эмэгтэй нөхөртөө хэлээд, араас нь ирээд зодоон хийсэн юм билээ. ...” /хх 41-42/,

шүүгдэгч Г.Оын “...2019 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө ... 4 цагийн үед баарнаас гараад эхнэр Оюун-Эрдэнэтэй утсаар ярих үед цаана нь маргаан болоод байгаа сонсогдсон. Тэгээд намайг Кола кибаб дээр очих үед хоёр танихгүй залуутай эхнэр, төрсөн дүү Оюунсүрэнгийн хамт маргаад байж байсан. Тэгээд намайг ирж байх үед утсаар залгаад ярьж байхад “чи 200 ам.доллараар авдаг хэн бэ” гээд цаанаа тэгсэн. Тэгэхэд цаана нь “500 ам.доллар өгье л дөө” гээд байсан. ... Намайг буугаад хүний эхнэр 500 ам.доллараар авдаг чи хэн бэ гээд уурлахад нөгөө хоёр залуугийн намхан нь над руу ирээд чи тэгээд яах юм гээд хэлсэн. Тэгэхээр нь би гараараа өөрөөсөө холдуулаад түлхсэн. Гэтэл нөгөө хамт явсан туранхай өндөр залуу нь хамт над руу дайрахаар нь гараараа нүүр, ам орчим нь нэг удаа цохисон. Цохиулсан залуу цаашаа машин дундуур алхаад орсон. ...Би Н гэх залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон өөр хөлөөр өшиглөж гэмтээсэн зүйл байхгүй. ...” /хх 73-75/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8085 дугаартай “...Г.Нгийн биед дээд зүүн 1, доод үүдэн голын 2 нүдний булгарал, дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, уруулын салстад цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад язрал, хамрын нуруунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10 хувь алдагдуулна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 63/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Г.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын “...Шийтгэх тогтоолын 4 дэх заалтад шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, хор уршиг бүрэн арилгаагүй байхад хэт хөнгөн ял шийтгэсэн. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Н хохирлын баримт /хх 96-97/ гаргаж өгөхдөө “...Одоогоор нийт 281.825 төгрөг гарсан тул байцаагч Дөлгөөнтамирт хүлээлгэн өгөв.” гэсэн байх бөгөөд хавтас хэргийн 125 дугаар хуудсанд энэ хохирлыг төлж барагдуулсан баримт авагджээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Н нь эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. ...” гэж дурдсаныг буруутгах боломжгүй байна.

Харин хохирогчид гэмт хэргийн улмаас 3 шүдний хугарал, 1 шүдний ганхалт бүхий гэмтлүүд учирсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байх бөгөөд уг гэмтлийг нөхөн сэргээхэд хэдэн төгрөг шаардлагатай болох тодорхойгүй байна. Хохирогч давж заалдах гомдолдоо “хор уршгийг мөнгөөр илэрхийлсэн баримт хавтас хэргийн 64 дүгээр талд байгаа” гэх боловч уг баримт нь “Индранил” шүдний эмнэлгийн үзлэг хийсэн эмчийн онош, зөвлөгөө, эмнэлгийн үйлчилгээний үнийн санал байх тул баримтаар хохирогч Г.Нд учирсан бодит хохирлыг тогтоох боломжгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 725 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУНЧУЛУУН

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ