Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 102/2019/03501/И |
Дугаар | 001/ХТ2021/01146 |
Огноо | 2021-09-28 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2021/01146
Хуст-Инжир ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/03221 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 186 дугаар магадлалтай,
Хуст-Инжир ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ди Си Эйч ХХК-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 28,423,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болдбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Хуст-Инжир ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хуст Инжир ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ди Си Эйч ХХК-тай худалдах худалдан авах гэрээ хийж өнгөлгөөний тоосго нийлүүлсэн. Ди си эйч ХХК нь 33,700 ширхэг тоосгыг нэг ширхгийн 770 төгрөгөөр бодож авсан. 33,700 тоосго нь нийт 25,949,000 төгрөг болсон үүнээс нийт 7,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 18,949,000 төгрөгийн өнөөдрийг хүртэл төлөөгүй мөн хаяг тодорхойгүй тул эрэн сурвалжилж маш их хэмжээний хохирлыг бидэнд учруулж байна. Иймд Ди си эйч ХХК-иас тоосгоны үлдэгдэл төлбөр 18,949,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданга гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул үлдэгдэл төлбөрийн 50 хувь буюу 9,474,500 төгрөг нийт 28,423,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ди Си Эйч ХХК шүүхэд тайлбар ирүүлээгүй болно.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/03221 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ди Си Эйч ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 28.423.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хуст инжир ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300.067 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 300.067 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 186 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/03221 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын 232 дугаар зүйлийн 232.7 гэснийг 186 дугаар зүйлийн 186.1 гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болдбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 сарын 02 өдрийн 102/ШШ2019/03221 тоот дугаартай шийдвэр, мөн 2020 оны 01-р сарын 24 өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 186 тоот магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-т заасан зарчмыг зөрчсөн болно. Хариуцагч Ди Си Эйч ХХК компани хүсэлт гаргаж өгсөн байхад зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн зэрэг шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Хуст-инжир ХХК нь Ди Си Эйч ХХК-иас тоосгоны үнэ 18,949,000 төгрөг, алданги 9,474,500 төгрөг нийт 28,423,500 төгрөг нэхэмжилжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Нэхэмжлэлийг хариуцагчийн төлөөлөгч Б.Даваацэрэн 2019.10.24-ний өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2016.05.09-ний өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь 33.700 ш өнгөлгөөний тоосгыг нэг бүрийг нь 770 төгрөг буюу нийт 25,949,000 төгрөгөөр худалдах, хариуцагч нь 2016.06.20-ны дотор үнийг төлөх, төлбөр барагдуулаагүй тохиолдолд хоног тутам 0.1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээний үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ худалдан авагч буюу хариуцагч тоосгоны үнээс 7,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул алдангийн хамт гаргуулна гэжээ.
Хариуцагч нь худалдан авсан тоосгоны үнийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй, нэхэмжлэгч алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-г зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг хангахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй байна.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх зохицуулалтыг алданги шаардах эрхийн үндэслэл гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах боломжгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болдбаатарын ...хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг шүүх хүлээн авч, 2019.11.19-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан боловч тэрээр 2019.12.02-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, /хэргийн 26, 31 дүгээр тал/ хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй байна.
Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 186 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болдбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 300,067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
Г.ЦАГААНЦООЖ