Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч М.Э,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                     

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн М-ын Э-т холбогдох 2210019631031 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Биеийн байцаалт: Т овгийн М-ын Э .................              

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч М.Э нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр фейсбүүк цахим орчинд “жолооны эрх сэргээнэ, үнэмлэх гаргана” гэх хуурамч зар байршуулан улмаар тухайн зарын дагуу фейсбүүк чатаар холбогдсон иргэн П.А-ыг жолооны эрхийг сэргээх болон шинээр үнэмлэх гаргаж өгөх боломжтой мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 2,400,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн П.А-д 2,400,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,    

Мөн үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд “жолооны эрх сэргээх хүн байна уу” гэх зарын дагуу хохирогч Д.Б-тай холбогдож улмаар жолооны эрхийг сэргээх боломжтой мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг нийт 900,000 төгрөгийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Э-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч М.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр фейсбүүк дээр жолооны эрх сэргээнэ үнэмлэх гаргана гэж пост байхаар нь Б Ц гэсэн фейсбүүк хаягтай чатаар холбогдож жолооны үнэмлэх гаргуулах болон сэргээх талаар ярилцсан. Тэр үед хоёр дүү болох У, Ж нарт жолооны үнэмлэх байхгүй учраас мөн манай нөхөр М жолооны эрхээ хасуулсан учраас би сэргээх талаар ярилцсан. Эхлээд Б Ц гэсэн фейсбүүктэй харилцаж нөхрийн жолооны үнэмлэх сэргээх гээд Хас банкны 5003609816 дугаартай данс pyy 600.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь хоёр дүүдээ жолооны үнэмлэх гаргуулна гээд 1.200.000 төгрөг мөн Хас банкны 5003609816 дугаартай данс руу шилжүүлсэн. Дараа нь надад материал дутаад байна гэх утгатай мөнгө нэхэж 200.000 төгрөг авсан. Дараа нь торгуулийн баримтын 400.000 төгрөг гэж хэлээд авсан. Харин энэ 400.000 төгрөгийг буцааж өгсөн. Түүнээс хойш 96963616 дугаартай холбогдон ярих болгонд удахгүй үнэмлэх чинь гарна гэж надад хэлээд одоог хүртэл миний мөнгө болон үнэмлэхийг өгөөгүй байна.” /хавтаст хэргийн 13-14 дэх тал/         

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн “Тахі Тахі” гэсэн фейсбүүк хаягаас “Цагаан хадны зар” гэсэн группэд “Жолооны эрх сэргээх хүн байна уу?” гэсэн зар оруулсан байсан. Тэгсэн маргааш нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Б Ц гэсэн нэртэй цахим хаягаас байна уу гэсэн чат ирсэн. Тэгээд тэр надаас хэзээ эрхээ хасуулсан юм бэ гэж чатаар асуусан. Тэгээд тэр хэрвээ эрхээ сэргээлгэх юм бол үнэтэй болно шүү дээ гэж аргалж болно гэж чат бичсэн. Тэгэхээр нь би хэд болдог вэ гэхэд 600,000 төгрөгөөр эрх сэргээлгэж байгаа гэсэн хариу ирсэн. Би тэр үгэнд итгэсэн. Надаас эхлээд 300,000 төгрөг нэхсэн уг мөнгөөр бичиг баримт асуудалгүй болгож өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд дансаа явуулчих гэж хэлсэн. Тэр над руу Төрийн банкны 312500669743 гэх тоот данс явуулсан. Би уг данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөө надаас ахиад 300,000 төгрөг гэсэн энэ мөнгө нь ажлын хөлс гэж чат бичсэн. 06 дугаар сарын 15-наас өмнө хийвэл асуудалгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхлээд 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөг, маргааш нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 300,000 төгрөг дараа нь 200,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөгийг Хас банкны 5003609816 гэх данс руу шилжүүлж залилуулсан. Тэр надад хэлэхдээ өөрийгөө авто тээврийн үндэсний төвд ажилладаг гэж итгүүлсэн. Тэр нөхөр над руу 88164319 гэсэн дугаарын утаснаас холбоо барьдаг байсан. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр намайг хотод хүрээд ир гэж хэлсэн. Ирээд хурууны хээгээ дарах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье хүрээд очъё гэж хэлсэн. Тэгсэн наанаас чинь зардал мөнгө их гарнаа 100,000 төгрөг шилжүүлчих эндээс асуудалгүй болгоод өгнө гэж хэлсэн. Тэр өдрөө 100,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Үүнээс хойш 2 хоногийн дараа гэсэн тайлбар өгөөд сүүлдээ миний гар утсыг авахгүй таг чиг болсон. Надтай 88164319, 96963616 гэсэн дугаарын утаснаас холбогдож байсан. ...Надаас нийт 900,000 төгрөг залилж авсан... Би гомдолтой байна. Надад нийт 900,000 төгрөгийн хохирол учирсан би интернет банкаар шилжүүлсэн...” /хавтаст хэргийн 108, 114-115 дахь тал/          

Гэрч Ц.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...5003609816 дугаартай данс би эзэмшдэг миний данс мөн. Би ямар учиртай мөнгө орж гарч байгааг мэдээгүй, манай нөхөр тэр үед миний картыг авч яваад мөнгө авч гаргаад байсан. Тэрнээс өөр юм мэдэхгүй байна. Би цагдаагийн газраас ярихад манай нөхөр Э-ыг залилан хийсэн гэснийг мэдсэн.” /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын дундуур хавьцаа би фейсбүүк үзэж байсан чинь А гэх эмэгтэй өөрийн фейсбүүк хаягаасаа жолооны эрх сэргээх хүн байна уу гээд пост хийчихсэн байхаар нь би тэр пост дээр нь байна гэж бичсэн. Тэгсэн чинь над руу чатаар ийшээ залгаарай гээд 89100139 гэсэн дугаарыг явуулсан байсан. Тэгэхээр нь би тэр оройноо 22 цагийн үед залгаад тэр эмэгтэйтэй ярьсан. Тэгсэн чинь намайг жолооны эрх сэргээж чадах юм уу гэхээр нь би чадна 600,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд дараа нь ахиад 1,200,000 төгрөг, тэгээд дараа нь ахиад 200,000 төгрөгийг, ахиад 400,000 төгрөгийг өөрийн эхнэр Х-ийн Хас банкны 5003609816 тоот дансаар нь авсан. Тэгээд байнга А-тай холбоотой байж байгаад буцаагаад 400,000 төгрөгийг нь шилжүүлж өгсөн. Анх би 14 хоногийн дотор гаргаж өгнө гэж тохирсон байсан юм. Тэгээд нэлээн удаад байхаар нь бид хоёр ярилцаад буцааж мөнгийг нь өгөхөөр тохирсон... Фейсбүүк дээр Д.Б гэх хүн нь эрхээ хасуулчихсан юм аа, туслах хүн байна уу гээд 2022 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл сар болгон нэг пост оруулсан байсан. Тэгэхээр нь би 2022 оны 06 дугаар сард Д.Б гэх хүний фейсбүүк рүү өөрийн ашиглаж байсан хуурамч хаягаас холбогдоод би тусалъя гэж бичээд утасны дугаарыг нь авч яриад нэлээн ярилцаж байгаад жолооны үнэмлэхийг 14 хоногт сэргээж өгнө, 600,000 төгрөг болно гэсэн чинь Б гэх хүн зөвшөөрсөн. Тухайн хүнээс нийт 900,000 төгрөгийн хамтран амьдрагч Ц.Х-ийн Төрийн болон Хас банкны дансаар шилжүүлэн авсан. Ц.Х намайг хүнээс мөнгө авсан талаар мэдэхгүй, хүнээс хүүтэй зээлсэн гэж худал хэлсэн. Улмаар Б-аас фейсбүүк чатаар иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхийн хуулбарыг авсан. Тэгээд цааш нь хэн нэгэн эрх сэргээх талаар огт хандаагүй. Б-аас авсан мөнгө би өөрийн унаж байсан машины засварт зарцуулаад, уг машинаа зарчихсан. Баас авсан мөнгө төлөөгүй байгаа, төлж барагдуулна.” /хавтаст хэргийн 33-34, 127-128 дахь тал/  

П.А-аас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/

Ц.Х-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

П.А-ын Хаан банкны 5540279558 дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 38-41 дэх тал/

Ц.Хийн 5003609816 дугаартай Хас банкны дансны хуулга /хавтаст хэргийн 43-50 дахь тал/

Иргэн Д.Б-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 94 дэх тал/

Д.Б-ын Хаан банкны 5585492986 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 95-98 дахь тал/

Хүүхдийн амбулаторийн эмчлүүлэгчийн картын хуулбар /хавтаст хэргийн 211-215 дахь тал/

Хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 238 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Э-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйл байхгүй гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна, эхнэр болон хүүхдийнхээ өмнө хариуцлагаа хүлээж гэм буруугаа маш их хүлээж байгаа учир ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч М.Э нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр фейсбүүк цахим орчинд “жолооны эрх сэргээнэ, үнэмлэх гаргана” гэх хуурамч зар байршуулан улмаар тухайн зарын дагуу фейсбүүк чатаар холбогдсон иргэн П.А-ыг жолооны эрхийг сэргээх болон шинээр үнэмлэх гаргаж өгөх боломжтой мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 2,400,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн П.Ад 2,400,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд “жолооны эрх сэргээх хүн байна уу” гэх зарын дагуу хохирогч Д.Б-тай холбогдож улмаар жолооны эрхийг сэргээх боломжтой мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг нийт 900,000 төгрөгийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан нөхцөл байдал тогтоогдож байна.  

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А /хавтаст хэргийн 13-14 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б /хавтаст хэргийн 108, 114-115 дахь тал/, гэрч Ц.Х /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34, 127-128 дахь тал/, Ц.Хийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, П.А-ын Хаан банкны 5540279558 дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 38-41 дэх тал/, Ц.Х-ийн 5003609816 дугаартай Хас банкны дансны хуулга /хавтаст хэргийн 43-50 дахь тал/, Д.Б-ын Хаан банкны 5585492986 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 95-98 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно.

Харин залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг дээрх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч М.Э цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А-д 2,400,000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-д 900,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч М.Э нь 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул шүүх шүүгдэгчийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч М.Э-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А “...Хас банкны 5003609816 дугаартай данс pyy 600.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь хоёр дүүдээ жолооны үнэмлэх гаргуулна гээд 1.200.000 төгрөг, мөн Хас банкны 5003609816 дугаартай данс руу шилжүүлсэн. Дараа нь надад материал дутаад байна гэх утгатай мөнгө нэхэж 200.000 төгрөг авсан. Дараа нь торгуулийн баримтын 400.000 төгрөг гэж хэлээд авсан. Харин энэ 400.000 төгрөгийг буцааж өгсөн.” /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б “...Надад нийт 900,000 төгрөгийн хохирол учирсан би интернет банкаар 900,000 төгрөг шилжүүлсэн миний бодит хохирол 900,000 төгрөг бөгөөд надад өөр ямар нэгэн хохирол учраагүй. Надад өнөөдрийн байдлаар хохирлын мөнгө эргэж төлөгдөөгүй байна.” /хавтаст хэргийн 108, 114-115 дахь тал/ гэж тус тус мэдүүлж байх ба шүүгдэгч М.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогчийн иргэний нэхэмжлэгч П.А-д 700.000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-д 200,000 төгрөгийн хохирол тус тус төлсөн болох нь шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн дансны хуулгаар /хавтаст хэргийн 238 дахь тал/-аар тогтоогдож байна.

Хохирогч нарын үлдэгдэл хохирлыг барагдуулаагүй тул шүүгдэгч М.Э-аас 1,700,000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А-д, 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-д олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгчийг албадан ирүүлэх ажиллагаатай холбогдон гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 336,500 /гурван зуун гучин зургаан мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байранд эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийн хувийн болон эрүүл мэндийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан, шүүгдэгчийн хувьд би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, гэмт хэрэг үйлдсэний үр дагаврыг маш сайн ойлгосон тул учруулсан хохирлыг нөхөн төлөх болно, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх тайлбарыг гаргав.   

Шүүгдэгч М.Э-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүхээс шүүгдэгч М.Э-ыг цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлөгдөөгүй байдал, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдож торгох ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан дөрвөн төрлийн ялаас хорих ялыг сонгож, улмаар улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.    

Шүүгдэгч М.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч М.Э-ын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг шүүгдэгчийн эдлэх хорих ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Бусад асуудлаар.  

Шүүгдэгч М.Э нь 20 /хорь/ хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн М-ын Э-ыг цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ын цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг шүүгдэгчийн эдлэх хорих ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Шүүгдэгч М.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А-д хохирол төлбөрт 700,000 /долоон зуун мянга/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-д 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Э-аас 1,700,000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А-д, 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-д, 336,500 /гурван зуун гучин зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгосугай.   

7. Шүүгдэгч М.Э нь 20 /хорь/ хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

                                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ