Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01147

 

 С.Отгончимэгийн нэхэмжлэлтэй

                иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хэнтий аймаг сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 156/ШШ2019/00708 дугаар шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 226/МА2020/00003 дугаар магадлалтай,

С.Отгончимэгийн нэхэмжлэлтэй,

Д.Өлзийбатад холбогдох, 

Худалдах-худалдах авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх, хохирол 16,200,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Өлзийбатын нэр дээр шилжүүлэхийг С.Отгончимэгт даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг, А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Отгончимэг, өмгөөлөгч Г.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг, А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч С.Отгончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 41 дүгээр байрны 16 тоотод байрлах өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Д.Өлзийбатад орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан. Бид тус гэрээгээр орон сууцыг 22,000,000 төгрөгөөр худалдах, төлбөрийн 2,000,000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 3,222,916 төгрөгийг 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, үлдэгдэл 16,777,084 төгрөгийг Хас банкны барьцааны гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дуусгах, орон сууцыг барьцаанаас чөлөөлөгдмөгц худалдан авагч Д.Өлзийбатад өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөлтэйгөөр байгуулсан. Гэтэл Д.Өлзийбат нь 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгөх 3,222,916 төгрөгийн төлбөрийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөөгүй, байрыг чинь зарж байж үлдэгдэл мөнгийг өгье гэсэн. Мөн Д.Өлзийбат нь 2015 оны 05 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарыг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй ба би өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд 14,911,296 төгрөгийн зээлийг Хас банкинд төлсөн. Энэ бүх байдлыг харгалзан  Д.Өлзийбатыг худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Би одоо байраа авмаар байна. Надад өгөх ёстой мөнгөнөөс 3,000,000 төгрөгийг л авсан. Гэрээнд заасан хугацаанд 5 сая төгрөгөө өгсөн бол би гэр аваад амьдрах байсан, үүнээс шалтгаалан 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 36 сарын хугацаанд сарын 500,000 төгрөгөөр орон сууц түрээсэлсэн. Иймд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаныг тогтоолгож, Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, 41-16 тоотод байрлах байрыг Д.Өлзийбатын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх, хохирол 16,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Отгончимэг нь Хас банкны 17 600 000 төгрөгөөр орон сууц худалдан авахаар гэрээ байгуулан 1 000 000 гаруй төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй байгаа учир надад 22 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч худалдах худалдан авах гэрээ байгуулсан. 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулснаас хойш 2015 оны 04 дүгээр сар хүртэл банкинд тогтмол төлбөрийг төлж байгаад, С.Отгончимэг нь цонхоор орж цоож сольж янз янзын үйлдэл удаа дараа гаргасны улмаас авсан мөнгөө буцааж өгөөд байраа ав манайх одооноос банкны төлөлт хийхгүй гэж хэлсэн. Шүлхий өвчин гараад хорио цээр гарсан учир өөрт нь өгөх ёстой үлдэгдэл төлбөрийг заасан хугацаанд өгч чадаагүй, дараа нь мөнгө өгөх гэхээр дансыг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зогсоосон учир болдоггүй байсан. Үлдсэн төлбөрийг өнөөдөр шууд өгсөн ч болно. Гэрээнээс татгалзаж байна гэж аливаа хэлбэрээр манайд мэдэгдээгүй. Гэрээг манайх хүчинтэй гэж үздэг, орон сууц чөлөөлүүлэх асуудал нь хууль бусаар үүсээгүй, түрээсийн байр энэ гэрээтэй хамаагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээгээр хүлээн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж үзэж байгаа болохоор Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, 41-16 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Өлзийбатын нэр дээр шилжүүлэхийг С.Отгончимэгт даалгуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхгүй бол С.Отгончимэг нь тухайн байрыг бусдад шилжүүлэх, барьцаанд тавих эрсдэл байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээний үүргээ одоо хүртэлх биелүүлээгүй байж өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгуулах сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна гэжээ.

Хэнтий аймаг сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 156/ШШ2019/00708 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Өлзийбатад холбогдуулан гаргасан 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг тогтоолгож, Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, 41-16 тоотод байрлах орон сууцыг Д.Өлзийбатын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх, хохирол 16,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Отгончимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, 41-16 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Өлзийбатын нэр дээр шилжүүлэхийг С.Отгончимэгт даалгуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 348,950 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг төрийн санд тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 29,400 төгрөг гаргуулан төрийн санд, төрийн сангаас 197,750 төгрөгийг хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 226/МА2020/00003 дугаар магадлалаар: Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 156/ШШ2019/00708 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Отгончимэгийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг тогтоож, Хэнтий аймаг Бор-Өндөр сум 1 дүгээр багт байрлах 41 дүгээр байрны 16 тоот 3 өрөө орон сууцыг хариуцагч Д.Өлзийбатын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлсүгэй гэж, 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,950 төгрөгөөс 267,950 төгрөгийг хариуцагч Д.Өлзийбатаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, үлдэх 81,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилж, Шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Отгончимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, 81,000 төгрөгийг, мөн хариуцагчийн төлсөн 267,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг, А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэнтий аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.30-ны өдрийн 226/МА2020/00003 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх Иргэний Хуулийн 205.7 дахь заалтыг зөрчиж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхэд ИХШХШТХ-ийн 166.6дахь хэсэгт заагдсанаар анхан шатны шүүх хуралдааны бичлэгийг нотлох баримтаар үнэлүүлэх хүснэгт тавьсан.Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсан.Шүүх анхан шатны шүүх хуралдааны бичлэгийг" нотлох баримтаар авч шүүх хуралдаанд сонсгохоор тогтоол гарсан боловч хэрэгжээгүй.Бичлэг байхгүй байж шүүх хуралдааныг үргэлжлүүлж дуусгасан. Шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны явцад зөвхөн ганцхан зүйлийг олон удаа давтан асуусан. ...Өлзийбат хэдэн төгрөг төлсөн бэ?, Өлзийбат хэдэн төгрөг төлснийг мэдэхгүй бол яах гэж хуралд орсон юм бэ?.. гэх мэт өөр зүйл шүүгч нар асуугаагүй. Энэ нь урьдчилан гаргасан шийдвэртээ тохирсон хариулт авах гэж хэргийн оролцогч нарыг шахсан асуулт юм. Маргааны зүйл нь нотариатаар орсон 2014.01.17-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээтэй холбогдож маргаагүй ба 2014.09.29-ны өдрийн 145 тоот шийдвэр гэрээг хүчин төгөлдөр гэж шийдсэн байхад ИХШХШТХ-ийн 65.1.6 дахь заалтыг зөрчиж шүүхээр шийдвэрлэгдсэн үйл явдлаар шийдвэр гаргасан байдаг. Маргааны зүйл бол нотариатаар ороогүй хэлцэл буюу нэмэлт гэрээ буюу гараар бичсэн хэлцлийн нэг заалт зөрчигдсөн эсэх маргаан байсан. Энэ заалтад заагдсан хугацааны хувьд хорио цээрийн хугацаатай давхцаж байна. Шүүх маргааны зүйлийг буруу тодорхойлсон. Шүүх Отгончимэгийн хүүхдийн дансанд даалгаваргүйгээр мөнгө төлбөл энэ нь Отгончимэгт төлсөнтэй адил гэж шүүх хурал дээр хэлсэн. 1 сая төгрөг шилжүүлэх даалгавар бол үүрэг гүйцэтгүүлэгчийн даалгавар ба харин 1 саяас илүү төгрөгийг өөр этгээдийн дансанд хийвэл энэ нь Отгончимэгт төлсөнд тооцогдохгүй. Үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай үйлдлээс 2сая төгрөгийн үүргийг биелүүлж чадаагүй боловч банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг нэг мөсөн төлж барагдуулснаар С.Отгончимэг банкин дээр очиж тооцоо хийсэн зээлийг хааж байрны үл хөдлөхийн гэрчилгээг хүлээн авсан нь Отгончимэг гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсанд тооцно. Хууль батлахдаа нэгэн зэрэг харилцан буцаах гэсэн зохицуулалтыг гаргахдаа гэрээний талуудын аль нэг нь шүүхийн шийдвэрээр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй гэж 205.7дахь заалтыг оруулжээ. Иймд С.Отгончимэг нт сайн дураараа гэрээнд заагдаагүй үүргийг биелүүлж төлсөн мөнгөөрөө саад болж аваагүй 2сая төгрөг зэрэг нь тусдаа шийдэгдэх боломжтой байх тул Хэнтий аймгийн эрүү иргэний давж заалдах шатны шүүхийн 2020.01.30-ны өдрийн 26/МА2020/00003 тоот магадлалыг хүчингүй болгож Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.10-ны өдрийн 156/ШШ2019/00708 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 2дахь заалтад өөрчлөлт оруулж эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ  

С.Отгончимэг нь Д.Өлзийбатад холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг тогтоолгож, ...орон сууцыг хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх, хохиролд 16,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч,  ...орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг зарим хэсгийг хангажээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.  

Зохигчийн хооронд 2014.01.17-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр С.Отгончимэг нь өөрийн өмчлөлийн Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 1 дүгээр баг, 41-16 тоотын 3 өрөө орон сууцыг 22,000,000 төгрөгөөр худалдах, Д.Өлзийбат нь гэрээ байгуулсан өдөр 2,000,000 төгрөг, 3 сарын 20-нд 3,222,916 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэх 16,777,084 төгрөгийг С.Отгончимэгийн Хас банктай байгуулсан гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх, орон сууц барьцаанаас чөлөөлөгдмөгц орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ /1хх 5 тал/.  

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

         Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч орон сууцыг хүлээлгэн өгсөн, харин хариуцагч буюу худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Гэрээний талууд үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй талаар мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан.  

Д.Өлзийбат нь С.Отгончимэгт төлөх 5,222,916 төгрөгөөс 2,222,916 төгрөгийг тохирсон хугацаанд төлөөгүй, мөн Хас банкинд 2015 оны 4 дүгээр сараас нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2019 оны 06 дугаар сарын хооронд төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогджээ.  

Хариуцагч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үүргийн зөрчлөөс нэхэмжлэгч төлбөр төлөхийг шаардсан, үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзаж энэ тухайгаа мэдэгдсэн, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.  

Анхан шатны шүүх хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэсэн атлаа гэрээнээс татгалзсанаа мэдэгдээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж үзэж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.  

Нэг тал гэрээнээс татгалзсанаа нөгөө талд мэдэгдсэнээр хэрэгжих бөгөөд ийнхүү татгалзсаныг хариуцагч хүлээн авсан нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон байна/ 1хх 17 тал/.  

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар  талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч орон сууцаа шаардах эрхтэй. 

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн орон сууц гаргуулах шаардлагыг хангасан нь зөв боловч үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлага болон гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг шийдвэрлээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй нь буруу.  

Д.Өлзийбат үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор С.Отгончимэг гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгчийн ...гэрээнээс татгалзсаныг тогтоолгох шаардлага нь бие даасан шаардлага бус, харин орон сууцаа буцаан гаргуулах шаардлагын үндэслэл гэж үзнэ.

 Нэхэмжлэгч 2019.06.19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч 2019.08.20-ны өдөр Хас банкинд зээлийн төлбөт 13,768,587 төгрөг төлсөн /1хх 66-67 тал/ байх ба үүнийг зөрчлийг арилгасан гэж үзэх үндэслэлгүй.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид 3,030,000 төгрөг, зээлийн төлбөрт нийт 13,798,587 төгрөг нийт 16,828,587 төгрөг төлсөн байх тул уг мөнгийг буцаан гаргуулах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т нийцнэ.  

Харин хариуцагч нь 2014-2015 онд Хас банкинд төлсөн төлбөрөө нэхэмжлэх бол энэ шийдвэр саад болохгүй юм.  

Үндсэн нэхэмжлэлийн хохиролд 16,200,000 төгрөг гаргуулах тухай болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Сум дундын 29 дүгээр шүүхийн 2014.09.29-ний өдрийн 145 дугаар шийдвэрээр Д.Өлзийбатад холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууц чөлөөлүүлэх тухай С.Отгончимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ /1хх 202-204 тал/.  

С.Отгончимэгийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өмнө нь шийдвэрлээгүй, дээрх шийдвэрээр шийдвэрлэсэн үйл баримтад хамаарахгүй байна.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны бичлэгийг шинжлэн судлуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээс татгалзсан талаар тэмдэглэлд тусгагджээ /2хх32 тал/.  

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 226/МА2020/00003 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Өлзийбатаас Хэнтий аймаг, Бор-Өндөр сум 1 дүгээр баг, 41 дүгээр байрны 16 тоотын  3 өрөө орон сууцыг  гаргуулж нэхэмжлэгч С.Отгончимэгт, С.Отгончимэгээс 16,798,587 төгрөг гаргуулж Д.Өлзийбатад тус тус олгож, нэхэмжлэлээс ...16,200,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 348,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 267,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

 2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын14-ний өдөр төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ 

Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ