Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01175

 

Өү энд Би Эн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/02646 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 55 дугаар магадлалтай, 

Өү энд Би Эн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.Баярмагнайд холбогдох, 

Орон сууц захиалгаар барих гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 34,644,000 төгрөг, торгууль 4,500,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 89,144,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

орон сууц захиалгаар барих 47 тоот гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 45,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцацрал, өмгөөлөгч Б.Баасанжаргал, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч Өү энд Би Эн ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт Блю жем 4 хотхоны 107 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд манай компани нь Н.Баярмагнайтай 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр орон сууц захиалгаар барих 47 дугаар гэрээ байгуулж, тус барилгын А-2 байрны 47 тоот 115.48 м/к 3 өрөө орон сууцыг 294,474,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Төлбөрийг хариуцагч тал 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 100 хувь төлж дуусгахаар гэрээнд тусгасан. Гэтэл захиалагч гэрээний үүргээ ноцтой зөрчиж урьдчилгаа 45,000,000 төгрөгийг л төлсөн, үлдэгдэл 249,474,000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Манай компани 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 013 тоот албан мэдэгдлийг өгч, төлбөр тооцоо хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний төлөгдөөгүй нийт үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох, гэрээний бусад суутгалыг хийх, гэрээ цуцлах тухай мэдэгдсэн. Гэрээний 4.1-д заасны дагуу түрээсийн төлбөр сарын 2,309,600 төгрөгөөр тооцож, гэрээ байгуулснаас хойш 12 сарын хугацааны түрээсийн төлбөр 27,715,200 төгрөг, гэрээний 2.12-д заасны дагуу алданги 4,500,000 төгрөгийг тус тус суутгахыг мэдэгдсэн.

Иймд Н.Баярмагнайтай байгуулсан 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалгаар барих 47 тоот гэрээг цуцалж, тус барилгын А-2 байрны 47 тоот 115.48 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, гэрээний 4.10.1-д заасны дагуу 15 сар амьдарсны хөлсөнд 34,644,000 төгрөг, мөн гэрээний 2.12-т заасны дагуу урьдчилгаа 45,000,000 төгрөгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 4,500,000 төгрөгийн торгууль, гэрээний 3.7-д, нэмэлт гэрээний 1.4-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алдангид 50,000,000 төгрөг, нийт 89,144,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Н.Баярмагнай шүүхэд гаргасан тайлбартаа: Өү энд Би Эн ХХК нь Монголын улсын Хэрэглэгчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Иргэний хууль, Орон сууцны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Стандарчлал, техникийн зохицуулалт, тохирлын хууль, Санхүүгийн үйл ажиллагааны хууль, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Татварын хуулиуд, Барилгын тухай хууль, СӨХ-ны хуулиудыг зөрчиж бидний эрхийг ноцтой зөрчиж ирсэн. Тог тасалж тоолуурыг өрөөндөө нуух, ус таслах зэрэг нь удаа дараа давтагдаж хоол хүнс маань муудаж, гэрэлгүй, усгүй олон хоносон. Бид бэлэн болсон орон сууцанд орсон болохоос биш орон сууц захиалгаар бариулах гэрээ хийсэн нь хүчин төгөлдөр бус, нэхэмжлэл нь орон сууцны барилгын талаар тул барилга барих тусгай зөвшөөрөлтэй компанийн нэхэмжлэлийг шүүх хүлээж авах ёстой. Энэ байдал нь өнөөгийн шүүхийн танил талаараа яриулж шийддэг баталгаа харагдаж байна. Одоо хүртэл цахилгаан шатны нэг нь тавигдаагүй байхад ямар нэг танил талаараа улсын комисс хүлээж авсан нь ноцтой. Орон сууц маань их хэмжээний цууралт өгсөн болон бусад олон шаардлага хангахгүй асуудлууд байгаа тул уг компанид зөрчлийг арилгах талаар хүсэлт гаргасан, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор багтаан хийнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл хийгдээгүй. Энэ орон сууц бидний дундын өмч тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие нь цагдаагийн байгууллагад 30 жил ажилласан хөдөлмөрийнхөө үр шим болох 36 сарын тэтгэмжээ энэ байрны урьдчилгаанд өгсөн. Албан бичгээр 18 зүйлийг засаж өгөхийг шаардсан. Хавар дулаан орохоор янзалж өгнө та мөнгөө хийгээрэй гэсний дагуу би маргаан нь графикийн дагуу 10,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл янзалж өгөөгүй тул би дахин албан бичиг өгсөн. Нэхэмжлэгч тал мөн гэрээний үүргийг зөрчсөн. Хууль эрх зүйн чадамжгүй, түрээсийн гэрээний мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ. 

Хариуцагч Н.Баярмагнай шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Энэ байр нь амьдрах явцад доголдол дутагдал гарсан. Удаа дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 1 дүгээр сарын 9-нд тус компанид 2 удаа хүсэлт өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй. Мөн нэгэнт бий болсон орон сууцыг санал болгох, нөгөө тал нь тохирсон үнийг төлөх тохиролцоо нь худалдах-худалдан авах гэрээ гэж Дээд шүүх тайлбарласан байхад буруу гэрээ байгуулсан. Мөн өөрийн эрх ашгаа давуу тусгасан, эрх тэгш бус гэрээнээс удаа дараа шаардлага хүргүүлэхдээ хэн таарсан жижүүр, үйлчлэгчээрээ хүргүүлдэг, цагдаа авч ирж хөөж гаргана гэж байнга дарамталдаг. Хууль бус СӨХ нь улсын жишиг үнээс хэтэрсэн өндөр төлбөр авдаг. Иймд Өү энд Би Эн ХХК-тай 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар барих 47 тоот гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 45,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Өү энд Би Эн ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Баярмагнай урьдчилгаа 45,000,000 төгрөг өгсөн үүнийг буцааж өгөх боломжгүй. Учир нь гэрээний 3.5 дэх хэсэгт захиалагч тал төлбөрөө гэрээний 2.1-т заасан төлөх хугацаанаас хуанлийн тооллоор 14 хоногоор хойшлуулсан тохиолдолд гүйцэтгэгч тал 3 удаа утсаар сануулах юм уу бичгээр мэдэгдсэний эцэст төлбөр төлөх хугацаанаас 21 хоногийн дараа гэрээг дангаар цуцлах эрхтэй. Гэрээний 4.10-д захиалагч нь байр хүлээн авч тус байранд нүүж орсноос хойш үлдэгдэл төлбөрийг гэрээний дагуу төлж чадахгүйд хүрснээс үүдэн гэрээ цуцлагдаж буцаагдах тохиолдолд дараах төлбөрийг үл маргах шугамаар төлөх эсвэл урьдчилгаа төлбөрөөс суутгуулна гэж заасан. Үүнийг аль аль тал нь зөвшөөрсөн. Гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан. Гэрээг цуцлах болсон үндсэн шалтгаан захиалагчаас 100 хувь шалтгаалсан. Энэ байранд бараг бүтэн 1 жил амьдарсан байж, суутгал өгөхгүй байрыг чөлөөлнө гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/02646 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтыг баримтлан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Блю жем-4 хотхоны А-2 дугаар байрны 47 тоот 115.48 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Н.Баярмагнайн эзэмшлээс чөлөөлж, хариуцагч Н.Баярмагнайгаас 89,144,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Өү энд Би Эн ХХК-д олгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Өү энд Би Эн ХХК-иас 5,856,000 төгрөг гаргуулж хариуцагч Н.Баярмагнайд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 39,144,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608,000 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,750 төгрөг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 608,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 108,646 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 55 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/02646 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримталж Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Блю жем-4 хотхоны А-2 дугаар байрны 47 тоот 115.48 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Н.Баярмагнайн эзэмшлээс чөлөөлж, хариуцагчаас 34,664,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Өү Энд Би Эн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54,480,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Өү энд Би Эн ХХК-иас 45,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Баярмагнайд олгосугай гэж өөрчлөн нэгтгэж, 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608,000 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,750 төгрөг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 331,270 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 382,950 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай гэж тус тус өөрчлөн, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дахь заалтыг 3 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957,340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оюунбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.08-ны өдрийн 55 дугаар магадлал нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, хууль ёсны шийдвэр биш байх тул ийнхүү хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хууль зөв хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Манай компани иргэн Н.Баярмагнайтай 2018.02.04-ний өдөр Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан болохоос бид худалдаагүй. Учир нь улсын комисс гэрээ байгуулах үед хүлээн аваагүй 2018 оны 4 сард хүлээн авсан. Иймд бидний хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж буруу дүгнэсэн. Бид худалдах бус, захиалгын гэрээг байгуулсан нь хэрэгт авагдсан баримт болох улсын комиссын акт болон гэрээгээр нотлогдоно. Ажил гүйцтэгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд нэхэмжлэгч Өү Энд Би Эн ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууц захиалгын гэрээг байгуулсны дараа улсын комисст гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Тийм дээ ч маргаан бүхий 47 тоот орон сууцыг эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй байгаа бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй этгээдээс бид шаардлага гаргах эрхтэй. Бид хариуцагчийн хүсэлт, гуйлтаар ердөө гэрээний 10 хувь төлбөрийг урьдчилгаанд авч байранд оруулсан. Байранд оруулсны дараа үлдэгдэл төлбөрийг тэтгэврийн зээл авч төлнө гэж байсан учраас бид гэрээндээ 3.7 дахь хэсгийг тусгасан. Учир нь хэрэв зээл нь бүтэхгүй, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй нөхцөл байдал гарвал бид хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн Орон сууц захиалгын гэрээний 2.12-д гэрээний төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг захиалагч тал төлөхөөр харилцан тохиролцсон. Өнөөдөр барилгын бүх компани ийнхүү захиалагч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зохих торгууль авдаг.

Гэхдээ бид урьдчилгаа төлсөн 45 сая төгрөгөөс 10 хувь бодож 4.5 сая төгрөгийг гэрээ ёсоор авах бүрэн эрхтэй билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнд огт дүгнэлт өгөөгүй, орхигдуулж улмаар торгуулийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.08-ны өдрийн 55 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.08-ны өдрийн 102/ШШ2019/02646 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцацрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01-р сарын 08ны 55 тоот магадлалын хариуцагчаас 34,664,000 гаргуулж Өү Энд Би Эн ХХК-д олгох магадлалыг зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Худалдан авагч шаардлага хангаагүй учраас худалдаж аваагүй. Мөн хуулийн 200 дугаар зүйл. Стандарт нөхцөл гэрээний салшгүй хэсэг болох, 202 дугаар зүйлийн 202.2.5, 202.2.8, 202.2.10, 202.2.12-т үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан. Учир нь 45 сая төгрөгийг өнөөдрийг хүртэл тухайн байгууллага эргэлтийн хөрөнгөндөө ашигласан. Энэ мөнгөөр иргэн хүн ямар ч хаус түрээслэх хүнд 45 сая төгрөгөө зээлүүлээд хүүнд нь үнэгүй сууна. Иймээс дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн. Түрээслэх хөлс авна гэж заагаад, танай төлсөн мөнгийг бас буцаавал таны эрх ашгийг хамгаална гэж заалт оруулаагүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэжээ.

ХЯНАВАЛ 

Өү энд Би Эн ХХК нь Н.Баярмагнайд холбогдуулан гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн орон сууцыг чөлөөлүүлэх, хохирол 34,644,000 төгрөг, торгууль 4,500,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөгийг нийт 89,144,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 45,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.  

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулжээ.  

Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2018.02.04-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар барих гэрээгээр нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт Блю жем 4 хотхоны 107 айлын орон сууцны А-2 байрны 47 тоот 115.48 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг мөн оны 1 дүгээр улиралд барьж хүлээлгэн өгөх, хариуцагч нь 294,474,000 төгрөгийг 2019.02.04-ний дотор хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцжээ.  

Н.Баярмагнай орон сууцыг хүлээн авч, эзэмшиж ашиглаж байгаа ба сууцны үнэд 45,000,000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй болохоо үгүйсгээгүй, харин орон сууц доголдолтой тул төлбөрийг төлөөгүй, гэрээнээс татгалзана гэж маргажээ.  

Анхан шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцээгүйгээс гадна хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлээгүйгээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

 Нэхэмжлэгч нь 10 давхар орон сууцыг 2018 оны 1 дүгээр улиралд барьж гүйцэтгэхээр гэрээнд заасан ба 2018.04.19-ний өдөр ашиглалтад оруулсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тогтоогджээ /хэргийн 9-16, 45-53 дугаар тал/.  

Дээр дурдсанаар хариуцагч нь бэлэн болсон орон сууцыг сонгож, үнийг төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон байх тул зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцжээ.  

Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Түүнчлэн мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.  

Хариуцагч орон сууцны үнийг тохирсон хугацаанд төлөөгүй, нэхэмжлэгч төлбөрөө төлөхийг шаардсан, үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзаж энэ тухайгаа мэдэгдсэн байна /хэргийн 17-23 дугаар тал/.  

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаа хариуцагчид мэдэгдсэн, ийнхүү татгалзсаныг хариуцагч үгүйсгээгүй нь сөрөг нэхэмжлэлээр тогтоогджээ.  

Зохигчийн хэн аль нь гэрээнээс татгалзсан тул талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй, тодруулбал, нэхэмжлэгч орон сууцаа, хариуцагч төлсөн төлбөрөө шаардах эрхтэй. 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн эзэмшлээс орон сууцыг, нэхэмжлэгчээс 45,000,000 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т нийцжээ.  

Захиалагч байранд нүүн орсноос хойш үлдэгдэл төлбөрийг гэрээний дагуу төлж чадахгүйд хүрснээс үүдэн гэрээ цуцлагдах тохиолдолд амьдарсан хугацааны хоногийг сараар тооцож 1 м.кв-г 20,000 төгрөгөөр үнэлж, сард 2,309,600 төгрөгийг түрээс хэлбэрээр төлөхөөр талууд гэрээний 4.10, 4.10.1-т тохиролцсон, нэхэмжлэгч уг заалтыг үндэслэн хариуцагчаас 15 сарын төлбөрт 34,644,000 төгрөг шаарджээ.  

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч хохирол шаардсан гэж үзэж, энэхүү шаардлагыг хангахдаа хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.  

Гэрээний 2.12-т захиалагч тал энэхүү гэрээний 2.11-т заасан хугацааны дотор дотор зээл хүссэн материалыг банкинд өгч судлуулаагүй буюу зээл олгох асуудал шийдвэрлэгдэхгүй удааширсан... тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг захиалагч талд төлнө..., 3.7-т захиалагч тал энэ гэрээний 2.1-т заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан, нэхэмжлэгч хариуцагчаас торгуульд 4,500,000 төгрөг, алдангид 50,000,000 төгрөг тус тус шаардсан.  

Анз нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх төлбөр бөгөөд торгууль, алданги гэсэн төрөлтэй байна гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан.  

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, энэ тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох торгууль, алданги шаардах эрхгүй тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, ...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх-ийг хүссэн нэхэмжлэгчийн, ...хариуцагчаас 34,664,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох-ыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 55 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.  

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 608,000 төгрөг, хариуцагчаас 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 331,270 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

Г.ЦАГААНЦООЖ

  Х.ЭРДЭНЭСУВД