Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2019/02646

 

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2019/02646

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин байх Ө.Э.Б.Э ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, УБ паласын зүүн талд, Блю жем-4, ... байрны ... тоотод оршин суух, Х овогт Н-ийн Б /РД: 0000000/-д холбогдох,

Орон сууц захиалгаар барих гэрээг цуцалж, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, УБ паласын зүүн талд, Блю жем-4, А-2 байрны 47 тоот 115.48 мк талбай бүхий 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, түрээсийн төлбөр 34,644,000 төгрөг, торгууль 4,500,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 89,144,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Н.Б нь Ө.Э.Б.Э ХХК-тай 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар барих 47 тоот гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 45,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Э.Б.Э ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ө.Э.Б.Э ХХК нь Баянгол дүүргийн... дугаар хорооны нутагт Блю жем 4 хотхоны 107 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд манай компани нь иргэн Н.Б-тай 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр орон сууц захиалгаар барих 47 дугаар гэрээ байгуулж, тус барилгын ... байрны ... тоот 115.48 м/к 3 өрөө орон сууцыг 294,474,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Төлбөрийг хариуцагч тал 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 100 хувь төлж дуусгахаар гэрээнд тусгасан. Гэтэл захиалагч гэрээний үүргээ ноцтой зөрчиж урьдчилгаа 45,000,000 төгрөгийг л төлсөн, үлдэгдэл 249,474,000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Төлбөрөө төлөхийг бид удаа дараа шаардсан боловч ... та нар шүүхдээ өг гэсэн хариуг авсан болно. Манай компани 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 013 тоот албан мэдэгдлийг өгч, төлбөр тооцоо хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний төлөгдөөгүй нийт үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох, гэрээний бусад суутгалыг хийх, гэрээ цуцлах тухай мэдэгдсэн. Бид дахин 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 037 тоот мэдэгдлийг хүргүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 101 тоот албан бичгээр Н.Б-д тухайн сарын 30-ны дотор албадан гаргахыг сануулж, торгууль алданги болон гэрээний 4.1-д заасны дагуу түрээсийн төлбөр сарын 2,309,600 төгрөгөөр тооцож, гэрээ байгуулснаас хойш 12 сарын хугацааны түрээсийн төлбөр 27,715,200 төгрөг, гэрээний 2.12-д заасны дагуу алданги 4,500,000 төгрөгийг тус тус суутгахыг мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдлүүдийг хариуцагч хүлээн авч гарын үсэг зурсан болно. Ийнхүү бид удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч биднийг үл тоож, үүргээ биелүүлэхээс зайлсхийж бидний өмчлөлийн орон сууцыг чөлөөлөхөөс татгалзаж байна. Бид 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 141 тоот албан мэдэгдлийг дахиж өгч 2019 оны 6 дугаар сарын 15-ны дотор орон сууцыг чөлөөлөх, сайн дураараа чөлөөлөөгүй тохиолдолд албадан гаргахыг мэдэгдэж, мөн алданги, суутгал хийхийг дахин сануулсан боловч Н.Б нь ... шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан гаргах хуультай байдаг, хуулиа унш гэж албан бичигт гараар бичиж гарын үсгээ зурж мэдэгдлийг хүлээж авсан болно. Иймд Н.Б-тай байгуулсан 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн орон сууц захиалгаар барих 47 тоот гэрээг цуцалж, тус барилгын А-2 байрны 47 тоот 115.48 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, гэрээний 4.10.1-д заасны дагуу 15 сар амьдарсны хөлсөнд 34,644,000 төгрөг, мөн гэрээний 2.12-т заасны дагуу урьдчилгаа 45,000,000 төгрөгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 4,500,000 төгрөгийн торгууль, гэрээний 3.7-д, нэмэлт гэрээний 1.4-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алдангид 50,000,000 төгрөг, нийт 89,144,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Б урьдчилгаа 45,000,000 төгрөг өгсөн үүнийг буцааж өгөх боломжгүй. Учир нь гэрээний 3.5 дэх хэсэгт захиалагч тал төлбөрөө гэрээний 2.1-т заасан төлөх хугацаанаас хуанлийн тооллоор 14 хоногоор хойшлуулсан тохиолдолд гүйцэтгэгч тал 3 удаа утсаар сануулах юм уу бичгээр мэдэгдсэний эцэст төлбөр төлөх хугацаанаас 21 хоногийн дараа гэрээг дангаар цуцлах эрхтэй. Гэрээний 4.10-д захиалагч нь байр хүлээн авч тус байранд нүүж орсоноос хойш үлдэгдэл төлбөрийг гэрээний дагуу төлж чадахгүйд хүрсэнээс үүдэн гэрээ цуцлагдаж буцаагдах тохиолдолд дараах төлбөрийг үл маргах шугамаар төлөх эсвэл урьдчилгаа төлбөрөөс суутгуулна гэж заасан. Үүнийг аль аль тал нь зөвшөөрсөн. Хууль мэдэхгүй гэж байгаа нь үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан. Гэрээг цуцлах болсон үндсэн шалтгаан захиалагчаас 100 хувь шалтгаалсан. Энэ байранд бараг бүтэн 1 жил амьдарсан байж, суутгал өгөхгүй байрыг чөлөөлнө гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Б миний бие нь хуульч, магистр, доктрант, ХСИХ-ийн анхны клиникийн профессор хүн юм. Хуулийг сайн мэднэ. Гэтэл энэ компани Монголын улсын Хэрэглэгчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Иргэний хууль, Орон сууцны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Стандарчлал, техникийн зохицуулалт, тохирлын хууль, Санхүүгийн үйл ажиллагааны хууль, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Татварын хуулиуд, Барилгын тухай хууль, СӨХ-ны хуулиудыг зөрчиж бидний эрхийг ноцтой зөрчиж ирсэн. Жишээ нь тог тасалж тоолуурыг өрөөндөө нуух, ус таслах зэрэг нь удаа дараа давтагдаж хоол хүнс маань муудаж, гэрэлгүй, усгүй олон хоносон. Эрх мэдэлтэй хэдэн залуучууд авч ирж албадан гаргана гэх, мөн 8 удаагийн мэдэгдлийг хэн таарснаараа өгч явуулж хувийн нууц задруулж сэтгэл санааны хүнд дарамттай өнөөдрийг хүрлээ. Бид бэлэн болсон орон сууцанд орсон болохоос биш орон сууц захиалгаар бариулах гэрээ хийсэн нь хүчин төгөлдөр бус, нэхэмжлэл нь орон сууцны барилгын талаар тул барилга барих тусгай зөвшөөрөлтэй компанийн нэхэмжлэлийг шүүх хүлээж авах ёстой. Энэ байдал нь өнөөгийн шүүхийн танил талаараа яриулж шийддэг баталгаа харагдаж байна. Одоо хүртэл цахилгаан шатны нэг нь тавигдаагүй байхад ямар нэг танил талаараа улсын комисс хүлээж авсан нь ноцтой. Орон сууц маань их хэмжээний цууралт өгсөн болон бусад олон шаардлага хангахгүй асуудлууд байгаа тул уг компанид зөрчлийг арилгах талаар хүсэлт гаргасан, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор багтаан хийнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл хийгдээгүй. Энэ орон сууц бидний дундын өмч тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие нь цагдаагийн байгууллагад 30 жил ажилласан хөдөлмөрийнхөө үр шим болох 36 сарын тэтгэмжээ энэ байрны урьдчилгаанд өгсөн. Гэтэл амьдарч суухад ийм олон шаардлага хангахгүй бодит байдлууд байгаа, мөн хүсэлтийг маань биелүүлэхгүй байгаа зэрэг нь энэ байр бидний амьдралын баталгаа чадахгүй гэдгийг ойлгосон учраас гэрээг биелүүлэхээс татгалзаж байна. Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр албан бичиг өгсөн. Албан бичгээр 18 зүйлийг засаж өгөхийг шаардсан. Хавар дулаан орохоор янзалж өгнө та мөнгөө хийгээрэй гэсний дагуу би маргаан нь графикийн дагуу 10,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл янзалж өгөөгүй тул би дахин албан бичиг өгсөн. Мөн би графикийн дагуу 7 дугаар сард 10,000,000 төгрөгийг төлсөн. Манай нөхөр цагдаагийн байгууллагад 30 жил ажилласан. Тэтгэвэрт гарахдаа авсан мөнгөө байрны урьдчилгаанд өгсөн. Манай талаас төлбөрийг төлнө гэж байсан гэтэл нэхэмжлэгч тал удаа дараагийн албан бичигт хариу өгөөгүй, догдолоо арилгаж өгөөгүй. Нэхэмжлэгч тал мөн гэрээний үүргийг зөрчсөн.

Сөрөг нэхэмжлэлийн талаар: Би Ө.Э.Б.Э ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Бид захиалгаар бариулсан биш бэлэн байранд орсон. Энэ байр нь амьдрах явцад доголдол дутагдал гарсан. Удаа дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 1 дүгээр сарын 9-нд тус компанид 2 удаа хүсэлт өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй. Хууль эрх зүйн чадамжгүй, түрээсийн гэрээний мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Мөн нэгэнт бий болсон орон сууцыг санал болгох, нөгөө тал нь тохирсон үнийг төлөх тохиролцоо нь худалдах-худалдан авах гэрээ гэж Дээд шүүх тайлбарласан байхад буруу гэрээ байгуулсан. Мөн өөрийн эрх ашгаа давуу тусгасан, эрх тэгш бус гэрээнээс удаа дараа шаардлага хүргүүлэхдээ хэн таарсан жижүүр, үйлчлэгчээрээ хүргүүлдэг, цагдаа авч ирж хөөж гаргана гэж байнга дарамталдаг. Хууль бус СӨХ нь улсын жишиг үнээс хэтэрсэн өндөр төлбөр авдаг. Иймд Ө.Э.Б.Э ХХК-тай 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар барих 47 тоот гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 45,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Э.Б.Э ХХКнь хариуцагч Н.Б-д холбогдуулан орон сууц захиалгаар барих гэрээг цуцалж, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, УБ паласын зүүн талд, Блю жем-4, ... байрны ... тоот 115.48 мк талбай бүхий 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, түрээсийн төлбөр 34,644,000 төгрөг, торгууль 4,500,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 89,144,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Н.Б нь Ө.Э.Б.Э ХХК-тай 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар барих 47 тоот гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 45,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

А/ Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч Ө.Э.Б.Э ХХКнь хариуцагч Н.Б-тай 2018 оны 2 дугаар сарын 4-нд Орон сууц захиалгаар барих 47 тоот гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт Блю жем 4 хотхон, ... дугаар байрны ... тоот 115.48 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан иж бүрэн ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч 294,474,000 төгрөгийг графикийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ. Захиалагч буюу хариуцагч Н.Б нь гэрээ байгуулагдсан өдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 25,000,000 төгрөгийн урьдчилгаа төлж, 2018 оны 3 дугаар сарын 18-нд орон сууцандаа орсон, нэхэмжлэгч Ө.Э.Б.Э ХХК нь орон сууцыг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах үүрэг хүлээж, уг орон сууцыг 2018 оны 4 дүгээр сард улсын комисс хүлээн авсан зэргээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мгийн шүүх хуралдаанд гаргасан ... бид хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлж, графикийн дагуу төлбөрөө төлөхгүй бол орон сууцнаас гаргах талаар 3-4 удаа албан мэдэгдэл урьдчилж өгсөн гэх, хариуцагч Н.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-ын ... орон сууцнаас албадан гаргах талаар удаа дараагийн мэдэгдлийг жижүүр, үйлчлэгчээрээ бидэнд өгч сэтгэл зүйн дарамтанд оруулсан гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ө.Э.Б.Э ХХК нь хариуцагч Н.Б-тай 2018 оны 2 дугаар сарын 4-ны өдөр байгуулсан гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар татгалзаж байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж буй талаараа хариуцагчид урьдчилж мэдэгдсэн нь хуульд заасан журмыг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж буй үндэслэлээ гэрээг цуцлах гэж нэхэмжлэлдээ дурдсан нь бие даасан шаардлага биш байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд нэхэмжлэгч Ө.Э.Б.Э ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Бид байрандаа 2018 оны 3 дугаар сарын 18-нд нүүж орсон гэх тайлбар, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 9/3404 тоот албан бичиг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай улсын комиссын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2018/121 тоот дүгнэлтээр тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч Ө.Э.Б.Э ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Блю жем 4 хотхон, ... байрны ... тоот орон сууцыг барьж ашиглалтад оруулсан ба тухайн орон сууц нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 7/6680 тоот албан бичгээр тогтоогдож байх боловч гэрээний үүргээ биелүүлээгүй этгээдийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч Ө.Э.Б.Э ХХК нь шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн ... орон сууцны нийт үнэ 294,474,000 төгрөг, хариуцагч 2018 оны 2 дугаар сарын 4-нд 25,000,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 30-нд 10,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 4-нд 5,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөг төлсөн гэх, хариуцагчийн ... 2018 оны 2 дугаар сарын 4-нд 25,000,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 30-нд 10,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 4-нд 5,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөг төлсөн, байр доголдолтой тул цаашид төлбөр төлөхөөс татгалзаж байна, одоо бид энэ орон сууцанд амьдарч байгаа гэх тайлбараас үзэхэд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг буюу графикийн дагуу 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүргээ одоог хүртэл биелүүлээгүй, цаашид ч төлбөрийг төлөхгүй болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул хариуцагч Н.Б-ийн эзэмшлээс Баянгол дүүргийн ... дугаар хороо, Блю жем 4 хотхоны ...-ын ... тоот 115.48 м/к талбайтай бүхий 3 өрөө орон сууцыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4.10.1-д Амьдарсан хугацааны хоногийг сараар тооцож 1 м/к нь 20,000 төгрөгөөр үнэлж, нийт 2,309,600 төгрөг /1 сард/-ийг түрээс хэлбэрээр суутгах гэж заасны дагуу хариуцагч Н.Б 2018 оны 3 дугаар сарын 18-наас 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 15 сар амьдарсан хугацааны төлбөрт буюу гэрээний үүргээс биелүүлээгүйгээс учирсан хохиролд 34,644,000 /15 сар х 2,309,600 төгрөг = 34,644,000 төгрөг/ төгрөгийг урьдчилгаанд төлсөн төлбөрөөс суутгах нь зүйтэй байна. Энэ талаар талууд гэрээгээр тохиролцжээ. Дээрх төлбөр нь түрээсийн төлбөр биш гэрээнээс учирсан хохирол байна.

 

Мөн гэрээний 3.7-д Захиалагч тал энэхүү гэрээний 2.1-д заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө. гэж гэрээний хариуцлагыг талууд тохиролцсон. Гэрээнд зааснаар хариуцагч 2018 оны 2 дугаар сарын 4-нд 25,000,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 30-нд 10,000,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 30-нд 10,000,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 30-нд 10,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-нд 10,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-нд 10,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 30-нд 10,000,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 4-нд 206,131,800 төгрөгийг төлөх ёстой ба 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс гэрээний үүргээ биелүүлээгүй тул энэ өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 337 хоногийн алдангид /294,474,000-45,000,000=249,474,000 төгрөг, х0.5%=1,247,370 төгрөг, х 337 хоног=420,363,690/ 420,363,690 төгрөг болж байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээр буюу 50,000,000 төгрөгийн алдангийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.12-д Захиалагч тал энэхүү гэрээний 2.11-т заасан хугацааны дотор зээл хүссэн материалыг банкинд өгч судлуулаагүй буюу зээл олгох асуудал шийдвэрлэгдэхгүй удааширсан тохиолдолд гүйцэтгэгч тал энэхүү гэрээг цуцлах эрхтэй ба энэ тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг захиалагч тал төлөх бөгөөд түүний төлсөн төлбөрөөс суутган авах эрхийг гүйцэтгэгч тал эдэлнэ. гэжээ. Хариуцагч 45,000,000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй, үүнийг 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 4,500,000 төгрөгийн торгуулийг хариуцагчаас гаргуулж, урьдчилгаанд төлсөн төлбөрөөс суутгах нь зүйтэй. 

Иймд хариуцагч Н.Б-гаас мөнгөн төлбөрт буюу гэрээнээс учирсан хохиролд 34,644,000 төгрөг, алдангид 50,000,000 төгрөг, торгуульд 4,500,000 төгрөг, нийт 89,144,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Э.Б.Э ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Зохигчид нэмэлт гэрээ /он, сар, өдөргүй/ байгуулж, уг гэрээний 1.3-т Улсын комисс хүлээн авч төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ мөн план зураг дээр заасан 1 ш дулаан зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр гаргаж өгнө гэж тохиролцож, 1 ширхэг авто зогсоолыг хариуцагч эзэмшиж байгаа нь тайлбараар тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь уг авто зогсоолтой холбоотой аливаа шаардлагыг шүүхэд гаргаагүйг дурдав. 

Б/Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Н.Б нь 2018 оны 2 дүгээр сарын 4-ний өдөр Ө.Э.Б.Э ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар барих 47 тоот гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 45,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.Б нь ... нэгэнт бий болсон эд хөрөнгийг худалдан авах саналыг тавьж, нөгөө тал нь үнэ төлсөн бол худалдах, худалдах авах гэрээ гэж үзнэ гэх дээд шүүхийн тайлбар байдаг тул орон сууц захиалгаар бариулах гэрээ хүчин төгөлдөр бус гэх тайлбарыг гаргасан ба зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг шүүхээс ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашигийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээнээс татгалзаж байх бөгөөд энэ үндэслэлээ гэрээг цуцлах гэж сөрөг нэхэмжлэлдээ дурдсан нь бие даасан шаардлага биш байна.

Хариуцагч Н.Б нь дээрх гэрээний дагуу 2018 оны 2 дугаар сарын 4-нд 25,000,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 30-нд 10,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 4-нд 5,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. Гэвч талуудын хооронд байгуулсан гэрээний 4.10.1-д Амьдарсан хугацааны хоногийг сараар тооцож 1 м/к нь 20,000 төгрөгөөр үнэлж, нийт 2,309,600 төгрөг /1 сард/-ийг түрээс хэлбэрээр суутгах гэж заасны дагуу хариуцагч Н.Б 2018 оны 3 дугаар сарын 18-наас 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 15 сар амьдарсан хугацааны төлбөрт 34,644,000 төгрөгийг, мөн гэрээний 2.12-д Захиалагч тал энэхүү гэрээний 2.11-т заасан хугацааны дотор зээл хүссэн материалыг банкинд өгч судлуулаагүй буюу зээл олгох асуудал шийдвэрлэгдэхгүй удааширсан тохиолдолд гүйцэтгэгч тал энэхүү гэрээг цуцлах эрхтэй ба энэ тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг захиалагч тал төлөх бөгөөд түүний төлсөн төлбөрөөс суутган авах эрхийг гүйцэтгэгч тал эдэлнэ. гэж зааснаар хариуцагч 4,500,000 төгрөгийн торгуулийг, нийт 39,144,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрөөс суутгах талаар талууд гэрээгээр тохиролцсон байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 39,144,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 5,856,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, 

                                                ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтыг баримтлан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Блю жем-4 хотхоны А-2 дугаар байрны 47 тоот 115.48 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Н.Б-н эзэмшлээс чөлөөлж, хариуцагч Н.Б-гаас 89,144,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Э.Б.Э ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Э.Б.Э ХХК-иас 5,856,000 төгрөг гаргуулж хариуцагч Н.Б-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 39,144,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608,000 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,750 төгрөг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 608,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 108,646 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР