Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2019/00029/И |
Дугаар | 220 |
Огноо | 2019-05-23 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 220
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг Баянхаан 4 дүгээр хэсэг 053 тоотод оршин суух, эмэгтэй, одоо Мобиком корпорацийн Сэлэнгэ салбарт үйлчлэгч ажилтай Түдэв овогт *******гийн *******гийн /*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг Баянхаан 4 дүгээр хэсэг 053 тоотод оршин суух, эрэгтэй, одоо Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй Сэлэнгэ тариа ХХК-нд жолооч ажилтай Харнууд овогт *******ын *******д /*******/ холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулж, эд хөрөнгө хуваах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа, хариуцагч П.*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
П.******* бид хоёр 2010 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хамтран амьдарч, 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр охин *******, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүү ******* нар төрсөн. Бид хоёр анх Эрдэнэтэд хадам аавынхантайгаа хамт 3 сар гаруй амьдарч байгаад тусдаа гарсан. Тэр үед хадам тал муухай ааш аяг гарган өөрөө ирсэн хүүхэн, наад хүүхдээ авхуулаад яв гэсэн байдлаар хандаж байсан. Тэр байдлыг би тэвчин амьдарч ирсэн. П.Лхагва нь Сэлэнгэ аймаг дахь Редхил Монголия ХХК-нд ажилд орж 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэтээс нүүж ирээд ахынхаа байшинг засаж янзлаад өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2014 оны 06 дугаар сард Редхил Монголия ХХК нь дампуурч П.Лхагва нь ажилгүй болсон. 2015 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ тариа ХХК-нд ажилд орсон. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Би чамтай амьдрахгүй, чамаас сална, чамайг алчхаад шоронд ороод гараад ирнэ гэж хэлээд хутга барин айлгадаг мөн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр эрүүл байхдаа намайг зодож үүдэн 3 шүд гэмтээн хугалсан.
2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 03.30 минутанд намайг дуудаж сэрээгээд утас чинь унтарсан байна асаа гэхээр нь би утсаа асаахад нь ХААНбанкзнаас цалин орсон мессеж байсан юм. Надад Чи цалингаараа юу хийдэг юм гээд миний баруун гарын эрхий хурууг гэмтээсэн. Тэр өдөр бүтэн сайн өдөр байсан. Өдөр нь гадаа машин засаж орж ирээд орон дээрх хос дэр хосоороо яагаад байхгүй байгаа юм , цэгцлэхэд яадаг юм гээд над руу чемодантай хувцас шидэж, хэл амаар доромжилж, миний толгой руу цохиж, гуя руу 2-3 удаа өшиглөж энд чинь амьдрахгүй гээд 2 хүүхдээ авч явах гэж оролдсон. Тэгэхээр нь би бага насны хүүхдүүдийг авч явах гэлээ гэхэд хүүхдүүдээ орхиод машин унаад гарсан. Тэгээд би цагдаад гомдол гарган Зөрчлийн тухай хуулиар 10 хоногийн баривчлах арга хэмжээ авагдсан.
2018 оны 10 дугаар сард ажлаасаа бууж ирээд 5 хоног архидаж, хэвтэрт байсан ээжийг минь дарамтлан, гадаа хүйтэнд тэргэнцэртэй нь гаргаад орхисон байсан. Би мөнгөтэй хүн, та нар ядуу зүдүү гэж хэл амаар доромжилсон. Би тэр үед нь чи яаж байгаа юм бэ? хэвтэрт байсан ээжийг минь хүртэл ингэж болохгүй ш дээ, би хадам аав ээжтэй ингэж харьцдаггүй биздээ гэхэд миний өөдөөс чи амжихгүй, Эрдэнэт очиж дарамталж чадахгүй гэж хэлж байсан. Биднийг байнга л дарамталж ирэх болгондоо л эрүүл, согтуу 2 хүүхдийн нүдэн дээр зодож, хаалганы цаана манай гэрт хүчирхийлэл явагдаж байдаг. Энэ нь хоёр хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө гэж миний хувьд үздэг. Намайг байнга л эдийн засгийн хараат байдалд дарамталж байдаг. Цалингийн картаа надад өгөөд цалингий нь буухаар хүнд өгөх өр, ширий нь өгчихөөд үлдсэн мөнгийг нь гэр орон, хоол ундандаа хэрэглэдэг. Нэг уурлаад картаа урж тасдаад түүнээс хойш мөнгө төгрөг өгөх нь багассан. Хамгийн сүүлд 20,000 төгрөг л өгсөн.
Хамтран амьдарч байх хугацаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрлах хамт амьдрах зорилгоор баригдаж байгаа байшингийн материалыг бид хоёр бага багаар авч эхэлсэн. П.Лхагва нь Сэлэнгэ тариа ХХК-нд ажилд орохоос өмнө н.Нэргүй гэх хүнээс барилгын материал авч байсан. Мөн П.Мөнхтөр гэх хүнээс газрыг бэлэглэлийн гэрээгээр худалдан авч байсан. Хадам ааваас увуулж, цувуулж 5,000,000 гаруй төгрөг аван байшин барих материал авсан. Сэлэнгэ тариа ХХК нь тус дэмжлэг үзүүлдэг л байх гэхдээ энэ дутуу баригдсан барилга бид бидний амьдарснаас хойш бий болсон дундун хөрөнгө гэж үзэж байгаа учраас цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй болсон тул уг барилгын торх нь зах зээлийн үнэлгээгээр 4,919,000 төгрөг болсон надад болон хоёр хүүхдэд ногдох хэсэг 3,689,250 төгрөгийг гаргуулах, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү. Миний хувьд машины үнийг тогтоолгон хувааж авах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна,
Шүүхэд гэрчээр 3 хүн асуулгахаар хүсэлт гаргасан боловч гэрч Б.Нэргүй, Т.Отгонтуяа нар нь шүүхэд хүрэлцэн ирээгүй тул энэ хоёрыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзаж байна гэх.
Хариуцагч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хамтран амьдарч байх хугацаандаа ааш аяг гаргадаг байсан нь үнэн. Бид нар гэр бүлээрээ Эрдэнэтэд амьдрах боломжтой байсан боловч Л.*******гийн ээжийг асрах харах хүн байхгүй гэсэн тул Сэлэнгэ аймагт ирж амьдарсан. Миний хувьд энэ хүнтэй хамтран амьдарснаас хойш нэг ч ажилгүй байсан удаагүй. Байнга л тэжээн тэтгэж байсан. Энд амьдарч байхдаа Редхил Монголия ХХК-нд 4 жил ажилласан. Сэлэнгэ аймагт ирж амьдрахаас өмнө Эрдэнэт хотод 5 жил тогтвор суурьшилтай ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа цалингаа би энэ хүнд зориулж байсан. Төрсөн аав, ээждээ 100.000 төгрөг явуулахдаа хүртэл энэ хүнээс асууж явуулдаг байсан. Өвлийн амралтаар ирээд байхдаа хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож Цагаан хадны уурхай-д очиж том тэрэг барьж ажил хийдэг байсан. Миний ааш аяг гаргаж байнаа учир нь: Миний хоёр хүүхдийг цагаан сар, наадам, баяр ёслолоор миний аав, ээжтэй уулзахаар Эрдэнэт хотод ирээд 1 хонож байхад араас хадам ээж үхлээ өнөө маргаашгүй болсон байна яаралтай ир гээд утсаар дууддаг. Тэгээд бид санд мэнд Эрдэнэт хотоос буцаад замдаа маш хурдан амь өрсөн явж ирдэг. Тэгээд ирээд яав ийв, юу болов гэхээр эм тариа өгөөд зүгээр болчихлоо гээд байж байдаг. Би гэр бүлээ үр хүүхдүүдээ ах дүү нарынхаа хүүхдүүдтэй хамт байлгах, ах дүү, аав, ээж нартайгаа сайхан халуун дотно яриад өрнүүлэх боломж байдаггүй. Үгээр хүнийг үхүүлж болдог, аварч ч болдог гэдэг шиг хадам тал бол намайг Цагааннуурт хүүхэндэж, янхандаж, хавийн хүүхэн тэжээж, хүүхэндээ байшин барьж өгч байна гэж хэлдэг. Мөн намайг байхгүйд эгч нь согтуу ирээд манай гэрийн цонх хагалсан байсныг Л.******* цагдаа дуудаж өгсөн байсан. Би эгчид нь та миний гэрийн цонхыг яагаад хагалж байгаа юм бэ гэхэд цонх хагалах чамд хамаагүй гэж хэлж байсан. Би энэ бүгдийг тэсэж тэвчин ааш аяг гаргадаг байсан. Намайг хадам тал шар тортой хувцастай ирсэн гэж газар доор ортол муу хэлдэг. Намайг гадаа юм хийж байхад хоорондоо инээж хөхөрч, гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгалтай ярьж хөөрч байгаад намайг ороод ирэхээр бүгд дуугаа хураагаад чимээгүй болдог.Иймэрхүү байдлаар амьдарч ирсэн.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагааг явуулдаг Сэлэнгэ тариа ХХК-нд жолоочоор ажилд орсон, тэгээд захирал Сэлэнгэ аймгийн төв, Цагааннуур сум хоёрын хооронд ирж очин явж байх тул гээд байшинг барих ажилд компаниас тусалж, бүх талаар дэмжлэг үзүүлдэг байсан. Барилгын материалыг нь авсан нь үнэн. Газрыг нь П.Мөнхтөр гэдэг хүнээс Бэлэглэлийн гэрээ-ээр авч, 900.000 төгрөг шилжүүлэн миний цалингаар худалдаж авсан газар болно. Хэдийгээр газар миний нэр дээр боловч бариад дууссаны дараа компанийн нэр дээр болох боломжтой гэж үзэж байна. Тухайн үед нь би газар авчихаад Л:*******д хашаандаа гэр түрээслээд амьдрая гэхэд байшингаа дуусгачихаад хоёр хүүхдээ аваад очъё гэдэг байсан.
Машины хувьд тал мөнгийг нь өгсөн, одоо үлдэгдэл 6,900,000 төгрөг дутуу байгаа. Төлбөрөө төлөөгүй учраас миний нэр дээр шилжиж ирээгүй, хуучин эзэмшигчийнх нь нэр дээр байгаа. Хүүхдийн тэтгэлэгийн хувьд миний зүгээс татгалзах зүйлгүй, миний хүүхдүүд мөн. Л.*******тэй хоёр хүүхдээ бодоод цаашид хамтран амьдрах боломжтой боловч эвлэрэхгүй гэж байгаа учраас миний хувьд эвлэрэх шаардлагагүй гэж үзэж байна гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №ҮХХ-319/04 дугаартай Хөрөнгө үнэлсэн тухай үнэлгээнээс:
...Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Залуус хороолол 2 дугаар баг 14 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг ҮОУС-ыг дагуу хандлагыг хэрэглэн үнэлж зарга маргааны дэмжлэгийн зорилгоор зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ 2019 оны 02 дугаар сарын байдлаар 4,919,000 төгрөг болохыг тодорхойлов...гэжээ.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч Д.Одгэрэлийн шүүхэд өгсөн мэдүүлгээс:
...П.******* гэдэг жолооч Сэлэнгэ аймгаас эхнэр авч хадмынхаа хашаанд амьдардаг. Ажлын байр нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг газар байдаг. Тиймээс манай жолооч П.******* Цагааннуур суманд суурьшмаар байна гэж ярьдаг байсан. Би газрыг би Цагааннуур сумын газрын даамал н.Амарсанаад амаар хүсэлт тавьж байсан. Тэгээд бас П.******* нь газрын албанд өргөдөл өгсөн байсан. Өргөдөлийн дагуу дээрх 14 тоот газрыг П.*******д сумын тамгын газрын албанаас захирамжаар олгож байсан. Он сарыг нь сайн мэдэхгүй байна.
Би байшингийн торхны мод авч өгсөн. Ширхэг нь 110 гаран байсан, 2м3 банз авч өгч байсан. П.******* нь Норд бенз гээд том автомашин барьдаг байсан. Тэр машинаараа өөрөө элс, хайргаа татан авч байсан. Машин, бензин нь компаниас гарч байсан. Компанийн хашаан дотор модоо бэлдэх, палк зүсэх, банз захлах, хөрөөдөх гээд бүх ажлын компанийн хөрөнгөөр хийгдсэн. Дархан-Уул аймгаас байшингийн дээврийн материал татмаар байна гэхэд нь компанийн хөрөнгөөр татан авч өгч байсан. П.******* өөрөө машинаа барьж яваад татан авч ирсэн. Одоо надад байгаа баримт зарлагын баримт, цалингийн хүснэгт гэх 2 хуудас баримт байгаа тул мэдүүлэгт хавсаргаж өгч байна. Цалингийн хүснэгт нь 2017 оны 6 сарын манай байгууллагын ажилчдын цалингийн наряд бөгөөд цалингийн хүснэгтийн араасаа 2 дах мөрөнд байгаа үнийн дүн нь П.******* жолоочийн хашаа, байшин барихад гарсан цалингийн зардал юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Л.*******гийн нэхэмжлэлтэй П.*******д холбогдох Хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ...амьдарснаас хойш бий болсон гэх Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг хуурч, залуус хороолол 1 гудамж 14 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газарт дутуу баригдсан барилгын торхыг охин *******, хүү ******* нарын нэр дээр бүртгэж, баталгаажуулж өгнө үү, мөн Nissan Cube маркын СЭҮ-7150 улсын дугаартай жижиг тэргийг хүүхдээ сургуульд зөөдөг учир П.*******гаас буцаан авч өгнө үү гэжээ.
Мөн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагаа Цагааннуур суманд баригдсан барилгын торхыг Ашид билгүүн ХХК-ийн Хөрөнгө үнэлсэн тухай зах зээлийн үнэлгээ хийлгэн нийт 4,919,000 төгрөг гарсан ба хүүхдүүд болон өөрт ногдох хэсэг болох 3,689,250 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн байна.
1.Зохигчид нь 2010 онд танилцан 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 9 жил гаруй хамтран амьдарч, охин ******* 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрснийг 2011 оны 07 дугаар сарын 11-ний өдөр №, Г-267, хүү ******* 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрснийг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр № дугаарт тус тус бүртгэсэн хуулбарууд, зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа үйл баримтууд тогтоогдсон болно.
Зохигчид таарч тохирохгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...П.******* бид хоёр 2010 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хамтран амьдарч, 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр охин *******, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүү ******* нар төрсөн... 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Би чамтай амьдрахгүй, чамаас сална, чамайг алчихаад шоронд ороод гараад ирнэ гэж хэлээд хутга барин айлгасан мөн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр эрүүл байхдаа намайг зодож үүдэн 3 шүд гэмтээн хугалсан...Чи цалингаараа юу хийдэг юм гээд миний баруун гарын эрхий хурууг гэмтээсэн... орон дээрх хос дэр хосоороо яагаад байхгүй байгаа юм, цэгцлэхэд яадаг юм гээд над руу чемодантай хувцас шидэж, хэл амаар доромжилж, миний толгой руу цохиж, гуя руу 2-3 удаа өшиглөж энд чинь амьдрахгүй гээд 2 хүүхдээ авч явах гэж оролдсон....2018 оны 10 дугаар сард ажлаасаа бууж ирээд 5 хоног архидаж,...Би мөнгөтэй хүн, та нар ядуу зүдүү гэж хэл амаар доромжилсон...Биднийг байнга л дарамталж ирэх болгондоо л эрүүл, согтуу 2 хүүхдийн нүдэн дээр зодож, хаалганы цаана манай гэрт хүчирхийлэл явагдаж байдаг. Энэ нь хоёр хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө гэж миний хувьд үздэг...
Хамтран амьдарч байх хугацаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрлах...дутуу баригдсан барилгын торх бидний амьдарснаас хойш бий болсон дундын хөрөнгө гэж үзэж байгаа учраас...уг барилгын торх нь зах зээлийн үнэлгээгээр 4,919,000 төгрөг болсон надад болон хоёр хүүхдэд ногдох хэсэг 3,689,250 төгрөгийг гаргуулах, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү. Миний хувьд машины үнийг тогтоолгон хувааж авах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэх.
хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хамтран амьдарч байх хугацаандаа ааш аяг гаргадаг байсан нь үнэн...Ажиллаж байх хугацаандаа цалингаа би энэ хүнд зориулж байсан...Миний хоёр хүүхдийг цагаан сар, наадам, баяр ёслолоор миний аав, ээжтэй уулзахаар Эрдэнэт хотод ирээд 1 хонож байхад араас хадам ээж үхлээ өнөө маргаашгүй болсон байна яаралтай ир гээд утсаар дууддаг...Тэгээд ирээд яав ийв, юу болов гэхээр эм тариа өгөөд зүгээр болчихлоо гээд байж байдаг...Үгээр хүнийг үхүүлж болдог, аварч ч болдог гэдэг шиг хадам тал бол намайг Цагааннуурт хүүхэндэж, янхандаж, хавийн хүүхэн тэжээж, хүүхэндээ байшин барьж өгч байна гэж хэлдэг...Би энэ бүгдийг тэсэж тэвчин ааш аяг гаргадаг байсан...
...Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагааг явуулдаг Сэлэнгэ тариа ХХК-нд жолоочоор ажилд орсон...Барилгын материалыг нь авсан нь үнэн. Газрыг нь П.Мөнхтөр гэдэг хүнээс Бэлэглэлийн гэрээ-ээр авч, 900.000 төгрөг шилжүүлэн миний цалингаар худалдаж авсан газар болно. Хэдийгээр газар миний нэр дээр боловч бариад дууссаны дараа компанийн нэр дээр болох боломжтой гэж үзэж байна...Машины хувьд тал мөнгийг нь өгсөн, одоо үлдэгдэл 6,900,000 төгрөг дутуу байгаа...учраас миний нэр дээр шилжиж ирээгүй, хуучин эзэмшигчийнх нь нэр дээр байгаа. Хүүхдийн тэтгэлэгийн хувьд миний зүгээс татгалзах зүйлгүй, миний хүүхдүүд мөн. Л.*******тэй хоёр хүүхдээ бодоод цаашид хамтран амьдрах боломжтой боловч эвлэрэхгүй гэж байгаа учраас миний хувьд эвлэрэх шаардлагагүй гэж үзэж байна гэх тайлбар, мэдүүлгээс үзэхэд зохигчид нь хэдийгээр гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ...гэрлэлт нь сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр бүртгэгдэх..., 10 дугаар зүйлд зааснаар ...гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй гэсэн зохицуулалтыг П.******* нь зөрчиж эхнэр болон хүүхдүүдийн хуулиар хамгаалсан эрхийг алдагдуулж байсан нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
Зохигчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй, тэдгээрийн таарч тохирохгүй, таарамжгүй харьцаа нь хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй учир хамтран амьдрагчдын хамтын амьдралыг цаашид үргэлжлүүлэх, эвлэрэх боломжгүй тул охин *******, хүү ******* нарыг 18 нас хүртэл нь эцэг П.*******гаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 46/000715 дугаартай Эцэг тогтоосон лавлагаа-аар хүү *******гийн эцэг нь П.******* мөн болохыг тогтоосон байна. Мөн зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
2. Нэхэмжлэгч Л.******* нь Nissan Cube маркын СЭҮ-7150 улсын дугаартай жижиг тэргийг хүүхдээ сургуульд зөөдөг учир П.*******гаас буцаан гаргуулах, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагаа Цагааннуур суманд баригдсан барилгын торхыг Ашид билгүүн ХХК-ийн Хөрөнгө үнэлсэн тухай зах зээлийн үнэлгээ хийлгэн нийт 4,919,000 төгрөг гарсан ба хүүхдүүд болон өөрт ногдох хэсэг болох 3,689,250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны шатанд Nissan Cube маркын СЭҮ-7150 улсын дугаартай жижиг тэргийг хариуцагчаас буцаан гаргуулах шаардлагаасаа татгалзсан болно.
П.******* нь Цагааннуур сумын 2 дугаар баг Хуурч, залуус 1 гудамж 14 тоотод байрлах газраа 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Цагааннуур сумын иргэн Ц.Мөнхтөрөөс Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ нь улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаар бүхий 749м2, 500,000,000 төгрөгний үнэ бүхий газрыг Бэлэглэлийн гэрээ-ээр авч, П.*******гийн нэр дээр нэг хүний өмчлөлийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай, дугаарт бүртгэж гэрчилгээг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан Бэлэглэлийн гэрээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-ний хуулбар зэргээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэсэн байгаа нь зохигчдын маргаж буй Цагааннуур сумын 2 дугаар баг Хуурч, залуус 1 гудамж 14 тоотод байрлах дутуу баригдсан үл хөдлөх хөрөнгө нь /торх/ нь хамтран амьдрагчдын хамтран амьдарснаас хойш бий болсон дундын хөрөнгө гэж үзнэ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч ...Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагааг явуулдаг Сэлэнгэ тариа ХХК-нд жолоочоор ажилд орсон, тэгээд захирал Сэлэнгэ аймгийн төв, Цагааннуур сум хоёрын хооронд ирж очин явж байх тул гээд байшинг барих ажилд компаниас тусалж, бүх талаар дэмжлэг үзүүлдэг байсан. Барилгын материалыг нь авсан нь үнэн. Газрыг нь П.Мөнхтөр гэдэг хүнээс Бэлэглэлийн гэрээ-ээр авч, 900.000 төгрөг шилжүүлэн миний цалингаар худалдаж авсан газар болно. Хэдийгээр газар миний нэр дээр боловч бариад дууссаны дараа компанийн нэр дээр шилжих боломжтой гэж үзэж байна... гэсэн хэдий ч барьж буй үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн Сэлэнгэ тариа ХХК-ийн хөрөнгө болохоо нотолж чадаагүй, тус компани нь компанийн ажилтны хувьд нь тус дэм үзүүлсэн байж болох бөгөөд компаниас барилгын материалыг компанийн хөрөнгөөр авч байшинг барьж байгаа, компаниас гаргасан материалын үнийг хариуцагчийн цалингаас суутгасан эсэх талаар нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байгаа нь тус компанийн хөрөнгө гэж үзэх нь эргэлзээтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин *******, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү *******г нарыг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар охин *******, хүү ******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны түвшингийн, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.*******гаар тус тус тэжээн тэтгүүлж,
П.*******гийн өмчлөлийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймаг Цагааннуур сум 2 дугаар баг Хуурч, залуус 1 гудамж 14 тоот байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, нэгж талбарын дугаартай 749м2талбайтай, дугаартай газрын гэрчилгээтэй газарт баригдаж буй үл хөдлөх эд хөрөнгийг /торх/ үнэ 4,919,000 төгрөгний тал хувь буюу 2,459,500 төгрөгийг П.*******гаас гаргуулан Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1,229,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь Nissan Cube маркын СЭҮ-7150 улсын дугаартай жижиг тэргийг авах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эхэд... тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь П.*******гаас охин *******, хүү ******* нарт төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (187,100:2х2х12=2,245,200төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 50,873 төгрөг, 2,459,500 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 54,302 төгрөгийг тус тус төсвийн орлогод оруулах, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, П.*******гаас 70.200 төгрөг гаргуулан Л.*******д олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 3,689,250 төгрөгөнд ногдох 73,978 төгрөгнөөс шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 340 дугаартайы захирамжаар чөлөөлсөн, мөн нэхэмжлэгч нь гэрч Б.Нэргүй, Т.Отгонтуяа нарыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзаж байгааг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт Ашид билгүүн ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000143682 дугаартай гэрчилгээ, хөрөнгийн үнэлгээ хийх 16012104 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зарлагын баримт /2,432,000 төгрөгний /,П.*******гийн 2017 оны 06 дугаар сарын Цалингийн тодорхойлолт, 2016 оны 01 дүгээр сарын 01-нйи өдрөөс 2019 оны оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх Төрийн банкны Депозит дансны харилцагчийн хуулга, 2016-2018 оны ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг авагдсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин *******,2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү *******г нарыг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар охин *******, хүү ******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны түвшингийн, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.*******гаар тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар П.*******гаас 2,459,500 төгрөг гаргуулан Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,229,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь Nissan Cube маркын СЭҮ-7150 улсын дугаартай жижиг тэргийг авах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, П.*******гаас 2,459,500 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 54,302 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод, 70,200 төгрөг гаргуулан Л.*******д олгож, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 340 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 73,978 төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар П.*******гаас 50,873 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
5. Зохигчдын хооронд хүүхдийн асрамжийн асуудлаар маргаангүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогцхүчинтэй болохыг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон талэнэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд зохигчид болон тэдгээрийн өмгөөлөгчид давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА