Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0671

 

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, Н.Б, гуравдагч этгээд Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ж.М                                                                             

Хариуцагч: БГД-ийн УБХ

Гуравдагч этгээд: Ч.Д , Г.А

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 22б хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг Ү-2205030559 дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг илт хууль буст тооцуулах.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.М шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2006 онд Глоб кредит ХЗХ-ны гэх эрүүгийн хэрэгт шалгагдан 10 жилийн хорих ял шийтгүүлсэн. Уг хэргийн хохирлын шаардлагыг хангуулах зорилгоор битүүмжилж хураагдсан Баянгол дүүргийн 16-р хороо, Орхоны 1-р гудамж, 226 хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 254м2 талбайгаар тооцон 200.000.000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулсан нь албадан дуудлага худалдааны бүх бичиг баримтуудаар, дуудлага худалдааны ялагч иргэн Д, А нар 254м2 талбайгаар тооцон 271.000.000 төгрөгөөр худалдан авсан болох нь худалдагч худалдан авагч нарын хооронд 2008 оны 5-р сарын 27-ны өдөр байгуулсан Албадан дуудлага худалдаагаар худалдах, худалдан авах гэрээгээр нотлогддог.

Гэтэл хариуцагч нь 2008 оны 09-р сарын 04-ний өдөр уг хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд 789м2-аар бүртгэн гэрчилгээ олгосон байдаг. Улмаар дээрх хүмүүсийн "789м2 талбайтай 85%-ийн гүйцэтгэлтэй барилгыг худалдан авч, Y-2205030559 дугаартай улсын бүртгэлд бүртгүүлсэн. Одоо уг барилгыг 100% гүйцээж барьж улсын комисст хүлээлгэн өгсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож өгнө үү” гэж дахин гаргасан хүсэлтийг хариуцагч хүлээн авч 2010 оны 02-р сарын 04-ний өдөр 789м2 талбайг баталгаажуулан өмчлүүлсэн бүртгэл дахин хийжээ.

Ингэснээр гэрээнд заасан талбай, улсын бүртгэлд бүртгэсэн талбайн зөрүү болох 535м2 талбай бусдад үнэгүй шилжиж ГЛОБ КРЕДИТ ХЗХ-ны хохирогчдын энэхүү хөрөнгийн үр шимийг бүрэн хүртэх эрх зөрчигдөн, миний төлбөр барагдуулах боломж мөн хэмжээгээр алдагдаж эрх зүйн байдал дордсон байна. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн шүүгч Д 2015 оны 4174 тоот захирамжийн дагуу томилогдсон 13 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч баг 2015 онд нөхөн үнэлсэн ба тэд уг барилгыг суурийн хэмжээгээр нь тооцон үнэлж худалдсан байна гэж дүгнээд уг барилгын нийт хэмжээ ... м2 гэж , албадан дуудлага худалдааны үеийн үнэ цэнэ нь 1.023.515.330 төгрөг, нөхөн үнэлсэн 2015 оны үнэ цэнэ 2.047.030.660 төгрөг гэж тогтоосныг шүүх хүлээн зөвшөөрч уг үнэлгээний ажлын хөлсийг хуульд заасан хувиар тооцон тухайн захиргааны хэргийн хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргуулан олгуулсан байдаг. Хөрөнгийн тухайн үеийн бодит үнэлгээнээс талуудын худалдсан, худалдан авсан 271.000.000 төгрөгийг суутган тооцоход энэхүү хөрөнгөөс л гэхэд тухайн үед надад болон хохирогчдод даруй 752.515.330 төгрөгийн шууд хохирол учирсан байна...

Хариуцагч нь хууль зөрчиж улсын бүртгэл хийсэн. Тухайн хөрөнгийг 254 м.кв хөрөнгө гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага иргэн Ч.Д-т уг хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээн дээр 254 м.кв гэж тусгасан. Уг хөрөнгө нь Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны 1226 хохирлыг барагдуулах хөрөнгө юм. Шүүхийн байгууллага 254 м.кв гэж хүлээж авсан байдаг. Цаашаа 254 м.кв-аар нь борлуулсан. Гэтэл уг хөрөнгө маань 254 м.кв биш. Ч.Д254 м.кв-аар авсан, гэхдээ уг хөрөнгийн хэмжээ биш гэдгийг мэдэж байсан. Мэдүүлэг дээрээ 789 м.кв гэсэн байгаа. Улсын бүртгэлийн байцаагч Баянгол дүүргийн хариуцагч бүртгэхдээ хүсэлт гаргагчийн мэдүүлэг хүсэлтийг үндэслэн гэсэн ийм хууль дүрэм байхгүй. Нотлох баримтыг үндэслэнэ. Улсын бүртгэлийн газар 3 давхар барилга учраас 789 м.кв гэж тавьсан гэж байгаа юм. Улсын бүртгэл үнэн зөв байх ёстой гэсэн тайлбар байгаа юм. 789 м.кв-ийг хаанаас гаргаж ирээд үнэн зөв гэж үзээд байна. 789 м.кв-ийг Ч.Д гаргасан, улсын комисс 770 м.кв гэж гаргасан. Хөрөнгийг үнэлсэн шүүгчийн захирамжаар томилогдсон комисс бол өөр хэмжээг гаргасан. Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэсэн нь бодит хэмжээ юм. Хэрвээ мэдүүлэг гаргагчийн мэдүүлэг хүсэл нь нотлох баримттайгаа зөрж байвал буцаана. Мэдүүлгээ буцаагаад үнэн зөвийг нотлох ёстой байсан. 3 давхар барилга хэмжээтэй барилга байгаа. Улсын бүртгэлийг хүлээж авч байгаа этгээд нь зөрүүтэй материал ирж байхад хуулиа зөрчөөд хүлээгээд авсан байхад улсын бүртгэл буцаана гэсэн заалт байгаа. Нэхэмжлэлээ дэмжиж байна.

...Хариуцагч м.кв тодорхой бус байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Иргэний маргааныг үүсгэхийн тулд нэхэмжлэгч эхлээд хийгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тодорхойлох ёстой. Тухайн үед бүртгэл хийсэн хүн ажиллахгүй байгаа нь ямар нэгэн тайлбараас татгалзах шалтгаан биш юм. 254 м.кв-ийг суурин хэмжээ гэж харлаа гэж хүлээн зөвшөөрсөн. 3 давхар барилгыг 789 м.кв биш гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 789 м.кв-ийг хаанаас гаргасан бэ, гэхээр мэдүүлэг гаргагчийн мэдүүлэг байгаа гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Худалдан авах гэрээгээр шүүхийн шийдвэрийг үндэслэнэ гэдгийг мөн хэлсэн. Иргэний хүсэлт нь 789 м.кв байсан учир олгосон гэж хэлж байна. Албан бичгүүд бүрхэг байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн шийдвэрээс тодруулга авсан гэсэн нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байна. Илт хууль бусыг тогтооход хөөн хэлэлцэх хугацаа байдаггүй юм. 1,8 тэрбум барагдуулах үүрэг хүлээсэн. 2015 онд барагдуулаагүй вэ гээд захиргааны хэргийн шүүхэд хандаад анхны үнэлгээнүүдийг хүчингүй болгосон. 170 сая төгрөгийн төсөв гэж байна. Барьсан төсвөөрөө зардаг хүн гэж байхгүй. 789 м.кв-ийг яаж гаргасныг өөрөө мэдэхгүй байгаа юм. Энүүгээр нь улсын бүртгэгч бүртгэсэн байгаа юм. Мэдүүлэг гаргагч үнэн зөвийг хариуцна гэж хариуцагч хэлсэн.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Эрхийн улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 14.1, 15 дугаар зүйлийн 15.4-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тохиолдолд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэдэг байсан. "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 13 дугаар зүйлийн 13.9 -д "Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө" гэж заасны дагуу мэдүүлэгт хавсарган өгсөн нотлох баримт үнэн зөв байгаагүйгээс үүсэх хохирлыг мэдүүлэг гаргагч тал хариуцдаг хуулийн зохицуулалттай. Иргэн Ч.Д, Г.А нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны 225 тоот хаягт байршилтай, конторын зориулалттай 85%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхээ бүртгүүлэхээр мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримтууд нь өмчлөгчөөр бүртгэх хуульд заасан шаардлага хангасан байх бөгөөд "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4-д заасан "мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй байна.

Учир нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 13 дугаар зүйлийн 13.5-д "Мэдүүлэг энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсарган”, 18 дугаар зүйлийн 18.1-д "Ул баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг цаашид "бүртгэлийн гэрчилгээ" гэх/ олгож  хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана" гэж тус тус заасныг үндэслэн иргэн Ж.М-ын нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны 22Б тоот хаягт байршилтай барилгыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030559 дугаарт иргэн Г.А өмчлөлд 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэж 000058695 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохдоо, 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн өдрийн 5 дугаартай "төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг бүлийн хэрэгцээний олгосон гэр шилжүүлсэн акт", иргэн Ч.Дт гэр бүлийн зориулалттай газар эзэмших эрхийн 0190436 дугаар гэрчилгээ, кадастрын зураг, фото зураг, Барилгын зураг төсөл үйлдвэрлэлийн "Хот-Айл" ХХК-ийн барилгын ажлын зураг, ШШГЕГ-ын Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2008 оны 5 дугаар сарын 27 өдрийн "Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ, иргэн Ч.Д, Г.Анарын өргөдөл зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хуулийн дагуу өмчлөгчөөр бүртгэсэн байна.

Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030559 дугаарт иргэн Ч.Д, Г.А өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... 

...Улсын комисс тухайн үед хэмжээг нь авсан шинэ зураг, хэмжээг дээшээ доошоо хэмжээтэй гэсэн болохоос бүхлээрээ 789 м.кв гэж бол хэлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг илт хууль бусаар тооцуулснаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь дээрдэнэ гэж байна. Бүхлээр нь хүчингүй болгоод байгаа нь бүртгэлийн хувьд ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд бүгд биелүүлэх үүрэгтэй. Үүний дагуу бүртгэсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажил өөрөө шударга бус явагдсан уу, талууд нь мэдээлэл дутуу байна уу гэдэг дээр маргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.                                                                       

Гуравдагч этгээд Ч.Д шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: “... 2008 оны 5-р сарын 27-ны өдөр СХД-ийн шүүхийн 2007 оны 1-р сарын 11-ний өдрийн 27-р шийтгэх тогтоолын хавсралт 3-д дурдагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгийг ШШГЕГ-ын Хадгаламж зээлийн хоршоодын Төлбөр барагдуулах ажлын алба Албадан дуудлага худалдаагаар борлуулж “Глоб кредит” ХЗХ-ны зальт үйл ажиллагааны хохирогч болсон олон зуун иргэдийн 11 тэрбум 827 сая төгрөгийн хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн байсан.

Дуудлага худалдааны зарыг телевизийн зар сурталчилгаанаас анх мэдэж, уг битүүмжлэгдсэн объект дээр ирж үзэхэд "Энэ объектыг зарна" гээд зарлал хадсан байсан. Энэ зар дээр хэсэгчилж зарна гэсэн үг үсэг байгаагүй.

Уг 3 давхар дуусаагүй барилгыг ХЗХ-ны төлбөр барагдуулах албаны шинжээчид 200,000,000 /Хоёр зуун сая/ төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдааг зарласан бөгөөд албадан дуудлага худалдааны журмын дагуу баримт бичгээ бүрдүүлэн өгч, дэнчингийн мөнгө 20,000,000 /хорин сая/ төгрөгийг урьдчилан төлж, дуудлага худалдаанд хуулийн дагуу оролцсон.

2008 оны 5-р сарын 27-ны өдөр албадан дуудлага худалдаа явагдаж 6-7 байгууллага, иргэд оролцож олон удаа үнэ хаялцсаар иргэн Ч.Д, Г.А бид хоёр уг 3 давхар барилгыг 271,000,000 /Хоёр зуун далан нэгэн сая/ төгрөгөөр худалдан авсан юм.

Уг 3 давхар барилгын тухайн үеийн гүйцэтгэлийн өртөг нь 146 сая төгрөг байсан, ус дулаан, бохирын шугамд холбогдоогүй, дотор засал, дээврийн ажил хийгдээгүй,  барилгын гүйцэтгэлийн зураг , материал нь цагдаа шүүхийн байгууллагаас байсан, ус дулаан, бохирын шугамд холбогдоогүй, дотор засал, дээврийн ажил шаардагдсан дуусаагүй 3 давхар барилгыг бүхэлд нь 271 сая төгрөгөөр /бараг 2 дахин их үнээр борлуулж ХЗХ-ны хохирогчдын төлбөр барагдуулахад зарцуулсан гэсэн үг.

Бид хоёр энэ гурван давхар барилгыг нэхэмжлэгчээс худалдаж аваагүй, харин Монгол улсын эрх бүхий байгууллагаас зарласан Албадан дуудлага худалдаанд нээлттэй оролцож, өрсөлдөн ялж худалдан авсан бөгөөд 14 жилийн өмнө хууль Ч.Д, Г.А бидний хууль ёсны хувийн өмч хөрөнгөнд нэхэмжлэгч тогтоомжийн дагуу шийдэгдсэн, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан асуудлаар иргэн Ж.М шууд бусаар удаа дараа үндэслэлгүй халдаж, сэтгэл санааны дарамт учруулж байгаад маш их гомдолтой байна.

Би зар дээр гарсан “энэхүү объектыг дуудлага худалдаагаар худалдана” гэсэн бичигтэй БГД-ийн 16-р хороо Орхоны 1-226 тоот хаягт байрлах "БОСА" худалдааны төвийн дэргэдэх битүүмжлэгдсэн 3 давхар дутуу баригдсан барилгыг албадан дуудлага худалдаагаар худалдан авсан.

Тухайн заасан хаяг дээр байсан битүүмжлэгдсэн 3 давхар дутуу баригдсан барилгыг бүхэлд нь ШШГЕГ-ын Төлбөр барагдуулах албанаас бид хоёрт хүлээлгэж өгсөн ба холбогдох зураг төслийг нь өгнө үү гэж ХЗХ-ны төлбөр барагдуулах албанд хүсэлт гаргахад Шүүх цагдаагийн байгууллагаас ирээгүй гэж тодорхойлолт өгсөн.

Мөн 254 м.кв. гэж бичсэн нь ямар учиртайг асуухад СХД-ийн Шүүхийн 2007 оны 7-р сарын 30-ны өдрийн 116-р тоот гүйцэтгэх хуудасны хавсралт дээр "БОСА төвийн дэргэдэх 254 м.кв. талбайтай Ж.Э нэр дээрх оффисын 3 давхар барилга нийтэд нь үнэлэгдсэн 172 сая 800 мянган төгрөг” гэж байгаа дагуу бичсэн гэж тайлбарласан.  /хуулбарыг хавсаргав/ Энэ 3 давхар барилгыг 200 сая төгрөгөөр дуудлага худалдаанд оруулж, та нар 271 сая төгрөгөөр худалдан авсан гэж хариу өгсөн . Худалдагч тал болох ШШГЕГ-ын 2008 оны 06-р сарын 05-ны ба 2008 оны 08-р сарын 26-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт ирүүлсэн албан бичгүүдэд 3 давхар объект гэж тодорхой бичсэн байгаа .

Ингээд хууль журмын дагуу мөнгөө төлөөд өөрийн өмчлөлд авсан 3 давхар дутуу барилгыг цаашид үргэлжлүүлэн барьж ашиглалтад өгөхийн тулд шинээр зураг төсөл хийлгэх шаардлагатай болж Барилгын зураг төсөл хийдэг "Хот айл” ХХК-д хандаж уг барилгынхаа гүйцэтгэлийн зураг төсвийг хийлгэхэд 789 м.кв. талбайтай мэдүүлж, план зураг, холбогдох шаардлагатай бичиг баримтуудыг хавсаргаж, Албадан 3 давхар барилга гэж тогтоосон тэр хэмжээгээр Эд хөрөнгийн бүртгэлийн газарт 12 баримтыг бүрэн бүрдүүлж өгсөн.

Энд хууль зөрчсөн асуудал байхгүй, эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар хууль тогтоомж, журам, дүрмийнхээ дагуу асуудлыг шийдвэрлэж, бид хоёрт өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Иргэн бид хоёрын болон эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газрын зүгээс хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгч Ж.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Чингэлтэй дүүргээс ирсэн баримт дээр алдаатай бичсэн байна гэж би хэлсэн. Албадан дуудлага худалдаан дээр орох журмаар оролцоно гэж байсан. Шийдвэр гүйцэтгэх газраас холбогдох баримтуудыг авсан. Намайг авахад гэрчилгээ дээр 789 м.кв байсан тэрүүгээр нь авсан. Дутуу баригдсан, дотор нь гэрэл нь шатсан зарим юмнууд нь байсан. Хийгдсэн ажлыг захиргааны шүүх рүү оруулаад байж болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын иргэн Ж.М нь тус шүүхэд хандан “Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 22б хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг Ү-2205030559 дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг илт хууль буст тооцуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч Ж.М нь “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны удирдлага байсан.

1.2. Маргаан бүхий Ү-2205030559 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 22б хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны гэх эрүүгийн хэрэгт хохирогчдын хохирлын шаардлагыг хангуулах зорилгоор битүүмжлэгдсэн.

1.3. Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдөр албадан дуудлага худалдаа зохион байгуулж, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 22б хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын иргэн Ч.Дт худалдан борлуулсан.

1.4. Дээрх байдлаар худалдан борлуулахдаа 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээ”[1]-г байгуулсан.

1.5. Тус гэрээний 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “Байршил: 3 давхар барилга”, 5 дахь заалтад “Талбайн хэмжээ: 254 м.кв”, 6 дахь заалтад “Худалдсан үнэ: 271.000.000 /хоёр зуун далан нэгэн сая төгрөг/” гэж заасан.

1.6. Албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь бүрэн гүйцэтгэлтэй биш байсан бөгөөд худалдан авагч Ч.Д гүйцэтгэлийг бүрэн болгосны дараа 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 133/2009 дугаартай актаар[2] байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн.

1.7. Улмаар иргэн Ч.Д нь 2008 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тухайн үеийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандан хүсэлт, мэдүүлэг гаргаж, өөрийн эхнэр Г.Алтанцэцэгийн хамт тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг анх бүртгүүлсэн.[3]

1.8. Барилгыг бүрэн гүйцэтгэлтэй болгож, улсын комисс хүлээн авсны дараа буюу 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ч.Д, Г.А100 хувийн гүйцэтгэлтэй барилгын хувьд өмчлөх эрхээ бүртгүүлэх хүсэлт, мэдүүлэг гарган хамтран өмчлөх эрхээ бүртгүүлсэн.[4]

1.9. Албадан дуудлага худалдаагаар худалдсан Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 22б хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг гэрээнд 254 м.кв гэж бичсэн бол улсын комиссын 133/2009 дугаартай актад 733,72 м.кв гэж, иргэн Ч.Днь өмчлөх эрхээ анх бүртгүүлэх зорилгоор мэдүүлэхдээ 789 м.кв гэж, “Хот айл” ХХК-иас хэмжилт хийж гаргасан тооцооллоор[5] 733,84 м.кв гэж, “Лэндс” ХХК-иас хэмжилт хийж гаргасан тооцооллоор[6] нийт талбай 856,23 м.кв, цэвэр талбай 772,46 м.кв гэж гарсан.

1.10. Нэхэмжлэгч Ж.М-ын зүгээс “албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан талбай 254 м.кв байхад улсын бүртгэлийн байгууллага 789 м.кв хэмжээгээр бүртгэж, Ч.Д нарт өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор 535 м.кв талбай бусдад үнэгүй шилжиж, “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын энэхүү хөрөнгийн үр шимийг бүрэн хүртэх эрх зөрчигдөн, миний төлбөр барагдуулах боломж мөн хэмжээгээр алдагдаж, эрх зүйн байдал дордсон. Улсын бүртгэлийн байгууллага хуульд зааснаар Ч.Д-ын гаргасан мэдүүлгийг буцаах ёстой байдал, нөхцөл байдлыг сайтар тодруулаагүйгээр хүлээн авч бүртгэсэн нь илт хууль бус. Энэ бүртгэл илт хууль бус болсныг тогтоолгосны дараа иргэний шүүхэд хандах боломжтой болно” гэх зэргээр маргаж, хариуцагчийн зүгээс улсын бүртгэлийн үйл ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, мэдүүлэг хүлээн авахаас татгалзах, буцаах үндэслэл байгаагүй гэж, гуравдагч этгээдийн зүгээс “2008 онд болсон дуудлага худалдаагаар 3 давхар барилгыг худалдан авсан гэж ойлгосон” гэж тайлбарлаж байна.

Хоёр. Хариуцагчийн гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Хариуцагчийн зүгээс Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 22б хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хувьд иргэн Ч.Д, Г.А өмчлөх эрхийг Ү-2205030559 дугаарт бүртгэсэн бүртгэлийн шийдвэр, үйл ажиллагаа нь анх 2008, түүний дараа 2010 онд болсон эрх зүйн харилцаа байх тул тухайн үед энэхүү эрх зүйн харилцааг зохицуулж, хүчин төгөлдөр даган мөрдөж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон захиргааны актын материаллаг эрх зүйн үндэслэлийн тухайд үйлчилж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүх хэрэглэсэн болохыг дурдаж байна.

2.2. 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Мэдүүлэг хүлээн авахаас татгалзах” үндэслэлийг дараах байдлаар заажээ. Үүнд: “14.1.1.мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол; 14.1.2.энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрх эрхийн улсын бүртгэлийн тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяалах нутаг дэвсгэрт хамаарахгүй байгаа бол; 14.1.3.энэ хуулийн 3 дугаар зүйлд зааснаас бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бол; 14.1.4.мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол; 14.1.5.бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол; 14.1.6.энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол; 14.1.7.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлөөгүй бол; 14.1.8.энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол; 14.1.9.мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол.” гэсэн байна.

2.3. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана.” гэж зохицуулжээ.

2.4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд улсын бүртгэгч нь мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг мэдүүлэг гаргагчаас хүлээн аваад тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг зайлшгүй хянаж, тодруулах үүрэгтэй байх бөгөөд хэрвээ тийм үндэслэл тогтоогдвол улсын бүртгэлд өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг болон холбогдох бусад баримтыг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамт мэдүүлэг гаргагчид буцаах учиртай байна.

2.5. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг дараах байдлаар хуульчилсан байсан. Үүнд: “9.1. Захиргааны байгууллага, албан тушаалтан дараах тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана: 9.1.1.захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай; 9.1.2.бичгийн хэлбэрээр гаргасан захиргааны актыг батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй; 9.1.3.захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан; 9.1.4.захиргааны актыг гүйцэтгэх субъект тодорхой бус; 9.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан; 9.1.6.нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн; 9.1.7.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; 9.1.8.захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн; 9.1.9.захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн.” гэжээ.

2.6. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд маргаж буй Ү-2205030559 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 22б хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн тухайд талбайн хэмжээний хувьд эргэлзээ бүхий үйл баримт байсан болох нь тогтоогдов.

2.7. Тодруулбал, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдөр албадан дуудлага худалдаа зохион байгуулж, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 22б хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын иргэн Ч.Дт худалдан борлуулахдаа 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээ”[7]-г байгуулсан бөгөөд тус гэрээний 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “Талбайн хэмжээ: 254 м.кв” гэж, тухайн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын 133/2009 дугаартай актад 733,72 м.кв гэж, иргэн Ч.Днь өмчлөх эрхээ анх бүртгүүлэх зорилгоор мэдүүлэхдээ 789 м.кв гэж, түүний захиалгаар “Хот айл” ХХК-иас хэмжилт хийж гаргасан тооцооллоор[8] 733,84 м.кв гэж, сүүлд энэхүү маргаанаас өөр захиргааны хэрэгт Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4174 дугаартай захирамжийн дагуу “Лэндс” ХХК-иас хэмжилт хийж гаргасан тооцооллоор[9] нийт талбай 856,23 м.кв, цэвэр талбай 772,46 м.кв гэж тус тус талбайн хэмжээний зөрүүтэй тооцоолол хийгджээ.

2.8. Тухайн үед буюу иргэн Ч.Д, Г.А өмчлөх эрхийн бүртгэлийг анх хийлгэсэн 2008 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдал байсан, дараа нь барилгыг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын 2009 оны 133/2009 дугаартай акт гарч, 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 100 хувийн гүйцэтгэлтэй болсон үл хөдлөх хөрөнгийн хувьд хамтран өмчлөх эрхээ баталгаажуулж, бүртгүүлэх үед ч талбайн хэмжээнд хамаарах эргэлзээ бүхий үйл баримт байсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тухайн үеийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт явуулсан 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/0602 тоот албан бичгийн[10] агуулгаас үзвэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 22б хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь буюу 3 давхар конторын зориулалттай барилга, газрыг дагалдах эд хөрөнгийн хамт иргэн Ч.Дын нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлд бүртгэж өгөхийг хүссэн агуулгатай байх тул тухайн объектын өмчлөх эрхийг бүхэлд нь Ч.Д, Г.Анарын нэр дээр бүртгэсэн улсын бүртгэгчийн үйл ажиллагааг буруутгах үндэслэл байхгүй байна гэж үзлээ.

2.9. Мөн дээрх үйл баримтууд нь 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлд шууд хамаарах үйл баримт болохооргүй байна.

2.10. Түүнчлэн дээр дурдсан талбайн хэмжээний эргэлзээ бүхий нөхцөл байдал нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 22б хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн иргэн Ч.Д, Г.Анарын нэр дээр Ү-2205030559 дугаарт бүртгэсэн улсын бүртгэгчийн шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь илт хууль буст тооцох эрх зүйн үр дагаврыг агуулахгүй байна гэж шүүх дүгнэв.

2.11. Тодруулбал, 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан захиргааны акт илт хууль бус байх үндэслэлд дээр дурдсан эргэлзээ бүхий үйл баримт хамаарахгүйгээс гадна иргэн Ч.Дын зүгээс албадан дуудлага худалдаагаар худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг бүхэлд нь илт хууль бус гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

2.12.  Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба болон иргэн Ч.Д нар 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээг анх байгуулахдаа талбайн хэмжээг буруу бичсэн эсэх, эсхүл гэрээний талуудад талбайн хэмжээний тухайд хүсэл зоригийн илэрхийллийн дутагдал /диссенс/ байсны улмаас эрх зүйн үр дагавар бүхий төөрөгдөлд орсон байж болзошгүй эсэх, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа буюу албадан дуудлага худалдааны ажиллагаа хуулийн дагуу үндэслэлтэй явагдсан эсэхэд эргэлзээ байгаа гэж нэхэмжлэгч Ж.М үзвэл тэр талаар Иргэний хэргийн шүүхэд хандаж гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн талаар:

3.1. Шүүх хуралдаан дээр гуравдагч этгээд Ч.Дын зүгээс “шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг хасуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй.

3.2. Учир нь, нэхэмжлэгчийн шинээр гаргаж өгсөн “Лэндс” ХХК-ийн гүйцэтгэсэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 22б хаягт байрлах барилгыг үнэлсэн тайлан /2015 он/, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4174 дугаартай захирамжийн дагуу хийсэн шинжээчийн дүгнэлт /2015 он/ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байж болзошгүй гэж шүүх үзсэн тул хасахгүйгээр нотлох баримтаар үнэлэх эсэхээ шүүх шийдвэрлэх нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзсэн болохыг тэмдэглэж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг, 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Мын гаргасан “Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 22б хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг Ү-2205030559 дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг илт хууль буст тооцуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчид буцаан олгохгүй болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 178-179 дэх тал

[2] Хх 73 дахь тал

[3] Хх 33-37 дахь тал

[4] Хх 65-69 дэх тал

[5] Хх 57-61 дэх тал

[6] Хх 223 дахь тал

[7] Хх 178-179 дэх тал

[8] Хх 57-61 дэх тал

[9] Хх 223 дахь тал

[10] Хх 63 дахь тал