Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01195

 

Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 145/ШШ2019/00552 дугаар шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 сарын 06-ны өдрийн 204/МА2020/00002 дугаар магадлалтай, 

Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

А.Долгорсүрэн, Н.Цог нарт холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 10,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Ганцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: хариуцагч Н.Цог, прокурор Б.Баярхүү, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч Сум хөгжүүлэх сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Долгорсүрэн, Н.Цог нар 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Нарийнтээл сумын Сум хөгжүүлэх сангаас Фермерийн аж ахуй эрхлэх зориулалтаар 3 жилийн хугацаатай 8,000,000 төгрөгийн зээл авсан. Сум хөгжүүлэх сангийн журмын дагуу сарын 0.25 хувийн хүүтэй, жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан. Үүний дагуу зээлийн гэрээ байгуулагдсан. Гэтэл авсан зээлээ 3 жилийн хугацаанд төлж барагдуулаагүй. 2017 оны 07 дугаар сард зээлээ төлж барагдуулах байсан. 2019 оны 04 дүгээр сарын 02-нд манай суманд аудитын шалгалт ирсэн. Аудитын улсын байцаагч зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн 12 хүнд улсын байцаагчийн акт тавигдсан. Тэр актад төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, алданги 2,000,000 төгрөг нэмэгдсэн. Энэ зээлийг хугацаандаа төлөөгүйгээс Сумын засаг дарга, төрийн санч, миний бие 3 одоогоор цалин авах боломжгүй дансаа хаалгуулчихсан нөхцөл байдал үүсч хүндэрсэн байгаа. Иймд А.Долгорсүрэн, Н.Цог нараас үндсэн зээл 8,000,0000 төгрөг, зээлийн хүү 270,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөгийг гаргуулж сум хөгжүүлэх санд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: А.Долгорсүрэн, Н.Цог бид хамтран төрийн бодлого, түмний жишгээр сум хөгжүүлэх сангаас 8,000,000 төгрөг фермерийн аж ахуй эрхлэх зориулалтаар авч Төв аймгаас сүүний чиглэлийн 5 үнээ нэг бүрийг 1,500,000 төгрөгөөр авч 500,000 төгрөгийг тээврийн зардалд өгч зориулалт, зорилтын хүрээнд ажилласан. Нарийнтээл суманд сүүний үйлдвэр барих зорилт ажил хэрэг болоогүйгээс үхрийн сүүгээ зах зээл байхгүй, зээлсэн зээлээ эргүүлэн төлөх боломжгүй, бага хэсэгхэн сүү борлуулж байсан нь өвс, хивэг тэжээлд зарцуулагдан хүнд байдалтай болоход сум хөгжүүлэх сан төсөл хөтөлбөр үндсэн чиглэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, сумын Засаг дарга, орлогч дарга нарт үхрээ өгч зээлээ төлөх хүсэлт гаргасан ч тэд 8,000,000 төгрөгөө авна гэж өнөөдрийг хүргэсэн. Эхнэр А.Долгорсүрэн ажилгүй , хүүхэд оюутан, Н.Цог миний бие өндөр насны тэтгэврээ 24 сараар зээлж үхрээ махлан зарж 6,100,000 төгрөгийг буцаан төлж сум хөгжүүлэх сангийн 100101155401 дансанд хийж барагдууллаа. Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 1,900,000 төгрөг, зээлийн хүү 270,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөгийг А.Долгорсүрэн, Н.Цог бид хоёр төлж барагдуулах чадамж байхгүйг өршөөн төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ. 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 145/ШШ2019/00552 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч А.Долгорсүрэн, Н.Цог нараас 2,699,320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 7,570,680 төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч нараас 57,659 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ. 

Өвөрхангай аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 204/МА2020/00002 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 145/ШШ2019/00552 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Хариуцагч Н.Цогоос давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 58,139 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ. 

Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Ганцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Ганцэцэг би Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 204/МА2020/00002 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд ахлах прокурор Д.Ганцэцэг миний бие оролцсон болох нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 204/тм2020/00003 дугаартай давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд удиртгал хэсэгт хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заасан байх журмыг зөрчсөн байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын сум хөгжүүлэх сан болон хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой байгаа боловч Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журамд 3.3-т Сангийн үйл ажиллагааны талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, 3.5-д Сангийн үйл ажиллагааны талаар сумын засаг даргын чиг үүргийг тус тус заасан бөгөөд түүнд гэрээг Засаг дарга байгуулахаар тусгажээ. Иймд нэхэмжлэл гаргах шууд эрх Засаг даргад байгаа, Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоол нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт бөгөөд хэрэгт нотлох баримтаар хавсаргах баримт гэж үзэхгүй бөгөөд шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрөх зүйл байхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ-Очироос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүх энэ хүсэлтийг дахин прокурорт гаргасан нь хэдийгээр Д.Эрдэнэ-Очир нь сумын Засаг даргын олгосон итгэмжлэлээр нэхэмжлэгчийн эрх, үүргийг бүрэн эдлэх хэдий ч хуульд заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах хүсэлтийг зөвхөн төрийн байгууллагаас шүүхэд биш прокурорт гаргахаар байна. Прокурор нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх үүргийг эдлэн хэрэгжүүлнэ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа прокурор төрийг төлөөлөн оролцож байгаа нь ямагт нэхэмжлэгч эсхүл хариуцагчийн байр суурийг илэрхийлж байдаг хэдий ч хамтран оролцогчийн байр сууринаас оролцож байна гэсэн үг биш юм. Сум хөгжүүлэх сан болон тус сангаас зээл авсан иргэд хоорондын гэрээний үүрэг, зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлтэй хэрэгт төрийн байгууллагын хүсэлтийг хүлээн аваад прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн төрийн нэрийн өмнөөс оролцсон. Өөрөөр хэлбэл "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 2-т зааснаар Сангийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ...2.1.1. улсын төсвөөс олгох сангийн эргэлтийн хөрөнгө, 2.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн хандив, тусламж, 2.1.3 сангаас олгосон зээлийн хүүгийн орлого, 2.1.4 хугацаандаа төлөөгүй зээлийн дүнд ногдуулсан алданги зэргээс бүрдэнэ гэж тусгасан байна. Тухайлбал Н.Цог, А.Долгорсүрэн нарын зээл нь эргэн төлөгдөх хамгийн хүү багатай зээл бөгөөд сангаас олгосон зээлийн хүүгийн орлого нь сангийн хөрөнгийн эх үүсвэр юм.

Мөн Хавтаст хэргийн 13 дугаар талд шүүгчийн туслах Г.Дорждулам 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 49 минутад хариуцагч Н.Цогийн 88829408 дугаарын утас руу залгаж нэхэмжлэлийн хувь гардуулж эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах шаардлагатай байна гэхэд хариуцагч Н.Цогоос ойлголоо. Би Улаанбаатар хотод байна. Ирэх 7 хоногт очий гэж хэлээд утсаа салгасан талаарх тэмдэглэл мөн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч С.Тунгалагаар хийлгүүлсэн итгэмжлэл, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эрх үүрэгтэй танилцсан талаарх тэмдэглэл зэрэг нь Н.Цогийг эрх үүрэгтэйгээ танилцсан болохыг нотолж байгаа. Хариуцагч Н.Цогийн хувьд түүний хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлсэн тайлбар зэргээс хууль олон улсын гэрээ, конвенц уншиж судалдаг нас, эрүүл мэнд, боловсролын байдал зэрэг нь хэргийн оролцогч эрх, үүргээ ойлгож танилцсан болохыг харуулж байна.

Иймд Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 1 06-ны өдрийн 204/МА2020/00002 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ. 

ХЯНАВАЛ 

Д.Эрдэнэ-Очир нь А.Долгорсүрэн, Н.Цог нарт холбогдуулан зээлийн төлбөрт 10,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор Д.Ганцэцэг оролцож, тайлбар гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Прокурор хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч А.Долгорсүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөн оролцох эрхийг 2019.10.14-ний өдрийн итгэмжлэлээр Н.Цогд олгосон байх ба итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хариуцагч Н.Цогд гардуулан өгч, тайлбар гаргах хугацаа тогтоож, улмаар эрх үүргийг тайлбарлан өгсөн баримт хэрэгт авагджээ.  

Хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд бичгээр тайлбар гаргасан, анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцсэн нь тэмдэглэлд тодорхой тусгагдсан байхад давж заалдах шатны шүүх ...хариуцагчид эрх үүргийг тайлбарлах ажиллагаа дутуу хийгдсэн, зохигчийн эрхийг хангаагүй... гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосон нь учир дутагдалтай болжээ.  

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Д.Эрдэнэ-Очир нь сумын Засаг даргын итгэмжлэлийг үндэслэн сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үүрэг шаардсан ба сумын засаг дарга сангийн үйл ажиллагаанд ямар эрх үүрэгтэй оролцдог болох нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүйгээс гадна төлбөрийг хэнд олгохыг шийдвэрт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5-т нийцээгүй гэж үзнэ.  

Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасан.  

Төрийн байгууллага энэхүү хэрэгт прокурорыг оролцуулах хүсэлт гаргасан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.  

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул прокурорын гомдлыг хангахгүй орхив.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 204/МА2020/00002 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Ганцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Өвөрхангай аймгийн прокурорын газар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

  Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД