Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01197

 

В.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй

                     иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02322 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 53 дугаар магадлалтай, 

В.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй,

Хаан банк ХХК-ийн холбогдох, 

Гэм хорын хохиролд 2,163,441 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч В.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Банкны теллерийн хариуцлагагүйгээс миний хугацаатай хадгаламжаас 2,100,000 төгрөг суутган авч намайг хохироосон. Би тус банкинд 1 жилийн хугацаатай хадгаламж нээлгэж 32,000,000 төгрөг байршуулсан. Гэтэл манай дүү 29,000,000 төгрөгийг шилжүүлж, 3,400,000 төгрөг бэлнээр авсан. Хадгаламжийн хүүгийн буцаалт гэж хугацаанаас өмнө хадгаламжийг цуцалсан, хадгаламжийн хүүг суутгасан. Иймд надаас суутгасан хүүгийн буцаалт 2,163,441 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч Хаан банк ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: В.Оюунбилэгийн эзэмшлийн Хаан банк ХХК дахь хадгаламжийн дэвтрийг эх хувиар нь авч ирж, гарын үсгийг дуурайлган зурж, банкны ажилтныг хуурч мэхлэн зарлагын гүйлгээ хийсэн байдаг. Энэ нь банкны ажилтныг залилж, хууран мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болсон тул хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Гэтэл энэ асуудлаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6-д заасантай нийцэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж заасан үндэслэлд хамаарч байгаа тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02322 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар Хаан банк ХХК-иас гэм хорын хохиролд 2,163,441 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Оюунбилэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хаан банк ХХК-иас 49,565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Оюунбилэгт олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 53 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн татгалзал, тайлбараа нотлохоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс баримт гаргуулахаар 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болон 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШТ2019/00460 дугаар тогтоолын биелэлт хангагдаагүй, нотлох баримт хэрэгт ирээгүй байхад шүүх тус нотлох баримтыг гаргуулахгүйгээр Прокурорын Хэрэг бүртгэлийг хаах тухай тогтоолыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд тус прокурорын тогтоолоор маргаан бүхий гүйлгээг хийсэн этгээд В.Оюунбилэг өөрөө эсхүл түүний дүү гэх В.Алтантуяагийн аль нь байсан гэдэг нь нотлогдон тогтоогоогүй болно. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 454.2 зааснаар Хугацаатай хадгаламжийн гэрээг хэрэгт нотлох баримтаар гаргуулахгүйгээр нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д зааснаар талуудаас шаардан авах боломжтой байсан.

Анхан болон давж заалдах шатны шүүх ХААН банк ХХК-ийг нэхэмжлэгч В.Оюунбилэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар гэм хор учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрвээ В.Оюунбилэгийн дүү нь түүний өмнөөс иргэний үнэмлэх, хадгаламжийн дэвтрийг ашиглаж, хуурамчаар гарын үсгийг үйлдэж гэрээг цуцалсан бол түүнд гэм хор учруулсан этгээд нь В.Алтантуяа юм. Харин В.Алтантуяа нь сэтгэцийн өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй этгээд бол нэхэмжлэгчид учруулсан хохирлыг Иргэний хуулийн 503.3.-д заасны дагуу түүний асран хамгаалагч буюу байнгын хяналт тавих үүрэгтэй этгээд хариуцах ёстой. Гэтэл мөнгөн хадгаламжийг эрхийг олгосон хадгаламжийн дэвтэр нь эд хөрөнгө биш бөгөөд Иргэний хуулийн 84.5.-д зааснаар эдийн бус хөрөнгөнд хамаарч байхад анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэж талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон. Харин талуудын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлд заасан Мөнгөн хадгаламжийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд банкнаас нэхэмжлэгч В.Оюунбилэгтэй хугацаатай хадгаламжийн гэрээг байгуулж, хадгаламжийн дэвтэр олгосон. Хадгаламжийн дэвтэр нь хадгалуулагчид олгодог хадгаламжийн тухай бичиг баримт бөгөөд орлого, зарлага хийгдэх үед шаардагддаг, мөн тодорхой этгээдийн нэр олгогддог учраас Иргэний хуулийн 475 дугаар зүйлд заасан нэрийн үнэт цаас юм. ХААН банк ХХК нь үйлчлүүлэхээр ирсэн харилцагчид иргэний үнэмлэх, хадгаламжийн дэвтэр нь байсан, гарын үсэг нь харилцагчийн баталгаат гарын үсгээс зөрөөгүй тул үнэт цаас эзэмшигчийн хүсэлтээр уг ажиллагааг хийсэн тул үүрэг гүйцэтгэгчийг хайхрамжгүй хандсан гэх үндэслэлгүй бөгөөд энэхүү нөхцөл байдлыг үнэлж, дүгнэхгүйгээр шууд хариуцагчийг гэм хор учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шүүх хэргийн нотлох баримт хангалттай бүрдээгүй, бодит нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

В.Оюунбилэг нь Хаан банк ХХК-иас 2,163,441 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.  

Хэргийн баримтаас үзвэл, Хаан банк нь В.Оюунбилэгийн тус банк дах 5447249544 тоот хугацаатай хадгаламжийн данснаас 2019.04.26-ны өдөр В.Алтантуяагийн Голомт банк дах 2105126318 тоот дансанд 29,000,000 төгрөгийг шилжүүлж, 3,540,000 төгрөгийг бэлнээр олгох гүйлгээ хийж, улмаар нэхэмжлэгчийн хадгаламжийн дансыг хааж, хүү 2,163,441 төгрөгийг суутган авсан нь тогтоогджээ.  

Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээх ба зохигчийн хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-т заасан мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан байна.  

Харин нэхэмжлэгчид гэм хор учирсанд хариуцагч гэм буруутай эсэх нь маргааны зүйл болжээ.  

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /2002/ хуулийн 7 дугаар зүйлийн 2-ын 2/-т зааснаар банк нь хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх үүрэгтэй.  

Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр мөн зүйлийн 497.2.-т заасан. 

В.Алтантуяа нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийг ашиглан, түүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн ... банкны ажилтан дотоод журмаа зөрчин, зайлшгүй шалгах зүйлээ шалгаагүй... гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй, гэм буруугүй болохоо нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид гэм хор учирсан явдалд гэм буруугүй болохоо хариуцагч нотолж чадаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулах бөгөөд хариуцагч нь хадгаламжийн гэрээг гаргаж өгөөгүй, гаргуулах талаар хүсэлт гаргаагүй, энэ тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.  

Хариуцагчийн ...Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс нотлох баримт гаргуулах хүсэлт-ийг шүүгчийн 2019.10.11-ний өдрийн 00460 дугаар захирамжаар хангасан, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2019.10.31-ний өдрийн албан бичигт хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлсэн талаар дурджээ. Хариуцагч уг баримттай танилцсан /хэргийн 41, 42 тал/ бөгөөд нотлох баримт гаргуулах талаар дахин хүсэлт гаргаагүй байх тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй.  

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02322 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 53 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн 49,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ 

  Д.ЦОЛМОН 

Х.ЭРДЭНЭСУВД