Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/02322

 

2019 оны 11 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2019/02322 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Б.Мөнхжаргал нарын бүрэлдхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, тоотод оршин суух, О /РД:.....-ийн нэхэмжлэлтэй,

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, цамхагт байрлах, Х ХХК РД:......../-д холбогдох,

 

 

 

гэм хорын хохиролд 2.163.441 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О , түүний өмгөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Банкны теллерийн хариуцлагагүйгээс миний хугацаатай хадгаламжаас 2,1 сая төгрөг суутган авч намайг хохироосон. Миний бие тус банкинд 1 жилийн хугацаатай хадгаламж нээлгэж 32.000.000 төгрөг байршуулсан байсан. Гэтэл манай дүү 29.000.000 төгрөгийг шилжүүлж, 3,4 сая төгрөг бэлнээр авсан байсан. Хадгаламжийн хүүгийн буцаалт гэж хугацаанаас өмнө хадгаламжийг цуцалсан, хадгаламжийн хүүг суутгасан. Би үүнийг мэдээд дүүгээсээ буцаагаад мөнгөө авсан. Теллерийн буруутай үйл ажиллагаанаас болж би хохирсон. Би хохиросн тул би Цагдааад гомдол гаргасан. А  байцаагч Хаан банк бас өргөдөл гаргасан байсан. Чи өргөдөлөө буцааж ав гэж надад хэлсэн. Би 05 дугаар сарын 20-ны өдөр өргөдлөө буцаасан. Тэгээд би шүүхэд хандсан. Цагдаа дүүгээ ирж уулзуул гэсэн. Тэгэхээр нь би цагдаад дүүгээ ирээд ч ойлгох хүн биш гэж хэлсэн тул сэтгэцийг нь шинжлүүлнэ гэж хэлсэн. Эмнэлэт хэвтүүлж 45 хоног болсон. Дүгнэлт гаргахад гэрийнхэнд нь үзүүлдэгүй. Хаан банкнаас дүүгийн авсан мөнгийг буцаагаад авсан. Иймд надаас суутгасан хүүгийн буцаалт 2,1 саяыг төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Шүүх нэхэмжлэгч О ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

 

 

Нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хохирол болох Х ХХК дахь түүний ...... тоот хугацаатай хадгаламжийн хүү 2.163.441 төгрөгийг хариуцагчаас шаардсан байна.

 

 

 

Шүүх О ийн гаргасан нэхэмжлэлийн хувийг 2019.06.04-ний өдөр хариуцагч Х ХХК-д гардуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан эсэх талаар хариу тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлээгүй болно.

 

 

 

Хавтаст хэрэгт авагдсан Х ХХК-ийн 2019.04.26-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримтаар О ийн ...... тоот данснаас А гийн Голомт банк дахь .......... тоот дансанд 29.000.000 төгрөгийг О ээс гэх утгатай мөнгөн шилжүүлэг хийж, улмаар Х ХХК нь О ийн ..... тоот дансыг хааж, хадгаламжийн хүүний буцаалт 2.163.441.37 төгрөгийг суутган авсан болох нь тогтоогдож байна.

 

 

 

Дээрх үйл баримтын талаар ... төрсөн дүү А  2019.04.26-ны өдөр иргэний үнэмлэхийг нь ашиглан Х ХХК-ийн төв салбараар үйлчлүүлж О ийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж мөнгөн гүйлгээ хийснийг хариуцагч Х ХХК-ийн ажилтан банкны холбогдох журмыг биелүүлэхгүйгээр О ийн мөнгийг бусдад олгож, хугацаатай хадгаламжийн хугацааг цуцалж, хүүний буцаалтад 2.163.441 төгрөгийг Х ХХК суутгаж түүнд хохирол учруулсан гэж нэхэмжлэгч О  шүүх хуралдаанд тайлбарласан болно.

 

 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйлийн 498.1-т ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж тус тус заажээ.

 

 

 

Иймд хариуцагч Х ХХК-иас 2.163.441 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О т олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 

 

Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс А д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн ........ дүгээр хэрэг нээн шалгасан боловч Нийслэлийн прокурорын газрын 2019.8.23-ны өдрийн 1010 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор А д холбогдох хэрэг бүртгэлтийн .......... дугаатай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хаасан байна.

 

 

 

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019.08.07-ны өдрийн хүсэлт, мөн Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс баримт гаргуулахыг хүссэн хүсэлтийг тус тус хангахгүй орхиж, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

 

 

 

Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар шийдвэрлэлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар Х ХХК-иас гэм хорын хохиролд 2.163.441 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О т олгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 49.565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О т олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ