Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2019/ДШМ/11

 

Б.Алт-т холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Д.Шинэбал Шүүгдэгч Б.Алт- Хохирогч Л.Отгонбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Отгонбатын давж заалдах гомдлоор Б.Алт-т холбогдох эрүүгийн 1923000000043 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Яруу сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны удирдлага мэргэжилтэй, Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын тамгын газарт нярав ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Яруу сумын Чандмань багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ачит лам овгийн Ба-гийн Алт- Регистрийн дугаар: /ИХ********/ Шүүгдэгч Б.Алт- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ачит лам овогт Ба-гийн Алт-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алт-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Алт-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав /сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 166.666 /зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алт-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/ таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдаж, шүүгдэгч Б.Алт-т 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хохирогч шүүгдэгчээс эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Алт-ийн хувьд ногдох хөрөнгөнөөс Тоёота Хайлюкс маркийн цагаан өнгийн RZN1850030982 бүхий арлын дугаартай, 31-85 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Б.Алт- нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болж, шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Хохирогч Л.Отгонбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Л.Отгонбат нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажлын байранд байхад Б.Алт- согтуурлах ундаа хэрэглэсэн үедээ намайг дуудуулан зодож танхайрсан, хамар хугарч тархи хөдөлж , 2 шүд хугалж миний эрүүл мэнд гоо сайхан, сэтгэл санаанд хохирол учруулсан билээ. Б.Алт- нь хэрэг прокурорт шилжсэний дараа ах нь гомдлыг 2019 оны 04 дүгээр сарын 12-ноос өмнө барагдуулна гэж удаа дараа гуйсаны улмаас би гомдлоо барагдуулбал гомдолгүй гэж хэлсэн. Гэвч одоогоор миний эмчилгээний зардал 5 саяаас 1 сая 700 мянган төгрөгийг барагдуулсан үлдэгдэл хохирлыг барагдуулаагүйд гомдолтой байгаа тул хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна гэжээ. Прокурор Б.Төрболд хохирогч Л.Отгонбатын давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд би, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийг удирдлага болгон Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Б.Алт-т холбогдох 1923000000043 дугаартай эрүүгийн хэргийн Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Л.Отгонбатаас гаргасан гомдлыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч танилцлаа. Хохирогч Л.Отгонбат давж заалдсан гомдолдоо: “...Миний эмчилгээний зардал 5 сая төгрөг гаргасан ба 1.7 сая төгрөг Б.Алт- барагдуулсан. Үлдэгдэл хохирлыг барагдуулаагүй, байгаа тул хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна...” гэжээ. Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Алт-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 9.000.000 /Есөн сая/ төгрөгийн үнэ бүхий Тоёота Хайлюкс /Toyota Hilux/ маркийн цагаан өнгийн RZN1850030982 бүхий арлын дугаартай, 31-85 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдтэл хэвээр үлдээж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Хохирогчийн дээрх гомдолд тайлбар гаргах нь: 1.Хохирогч Л.Отгонбат нь дээрх хэргийн гэм буруугийн талаар гомдол гаргаагүй харин гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарах зардлыг нь Б.Алт- нь төлөхгүй байгаа талаар гомдол гаргажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар хохирогч Л.Отгонбатын биед учирсан хөнгөн гэмтэл нь шууд учирсан үр дагавар буюу “Хохирол” бол дээрх гэмтэл учирснаас болж эмчлүүлэхэд гарсан зардал нь “Хор уршиг” юм. Хохирогч нь хор уршигтай холбоотойгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргах нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тохиолдолд дээрх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх ёстой боловч хэрэгт дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг дагуу хэргийг шийдвэрлэсэн тул хохирогчийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм. Харин хохирогч нь дээрх “Хор уршиг”-тай холбоотой зардлын баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаар дамжуулан Б.Алт-аас нэхэмжлэх эрхтэй ба энэ талаар шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад заасан байна. Иймд хохирогч Л.Отгонбатаас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ. Хохирогч Л.Отгонбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Алт- нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны дотор хохирлыг барагдуулна гэсэн. Би яг тэр үед Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Эмчилгээний нийт зардал нь 5.000.000 төгрөг гэсэн. 10-аад хоноод мөнгөө өгөхгүй байхаар нь би өөрөө холбогдон 1.800.000 төгрөг өгчих тэгээд гомдол гаргахгүй гэсэн. Надтай ярьж тохирсон мөнгөө өгөхгүй байгаа учраас би эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа. Миний эмчилгээний зардлыг гаргаж өгнө үү гэв. Шүүгдэгч Б.Алт- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх дээр би баримтаа аваад ир, баримт өгвөл би мөнгөө өгнө гэсэн. Эхний ээлжинд би 100.000 төгрөг өгсөн, дараа нь 1.850.000 өгсөн. Гэвч надад одоог хүртэл 100.000 төгрөгний ч баримт өгөөгүй. Мөн одоо надаас нэмж 5.000.000 төгрөг нэхээд байгаа. Миний өгсөн 1.950.000 төгрөгийг юунд зарцуулсанг би сайн мэдэхгүй байна гэв. Прокурор Д.Шинэбал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Л.Отгонбат нь Прокурорын шатанд гомдолгүй гэсэн мэдүүлэг өгсөний улмаас хялбаршуулсан журмаар Б.Алт-ийн хэргийг шийдвэрлүүлэхээр Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Хохирогч Л.Отгонбат 2.500.000 төгрөгөөр шүдээ эмчлүүлсэн гэж байгаа ч баримт байхгүй байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, тухайн хохирогчтой эвлэрсэн гэсэн заалт Эрүүгийн хуулинд байгаа. Тухайн үед Б.Алт- нь хохирогчтой эвлэрсэн гэсэн баримтыг прокурорт ирүүлсэн. Тэгээд хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлж анхан шатны шүүхээс энэ хэргийг шийдвэрлэсэн байгаа. Одоогоор хохирогч Л.Отгонбатад шүдээ эмчлүүлсэн гэх баримт байхгүй байна. Иймд хохирогч Л.Отгонбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч Б.Алт- нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчим согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Яруу сумын Чандмана багийн нутаг дэвсгэр буюу сумын төвд орших “ Соёлын төвд” хохирогч Л.Отгонбатын нүүрэн тус газар толгойгооро мөргөх, ар нуруун тус газар хөлөөрөө өшиглөх зэргээр зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч Л.Отгонбат, гэрч Б.Дашзэвэг нарын мэдүүлэг, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шнжээчийн 2019 оын 03 дугаар сарын 25-ны өдрийн 811942072 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв. Хохирогч Л.Отгонбат давж заалдах гомдолдоо “...Б.Алт- нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны дотор хохирлыг барагдуулна гэсэн. Би яг тэр үед Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Эмчилгээний нийт зардал нь 5.0 төгрөгөөс 1.800.000 төгрөгийг барагдуулсан, үлдэгдэл хохирлоо гаргуулж авмаар байна ...гэжээ Хохирогч Л.Отгонбат нь хэргийн материалд эмчилгээ, эм тарианы баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч Б.Алт-тай хоорондоо тохирч мөнгө, төгрөг авч өгөлцөх талаар батламж гаргажээ. Хохирогч Л.Отгонбат нь Улаанбаатар хотод шүдний эмчилгээ хийлгэсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлж байгаа ч баримтаа шүүхэд авчирч өгөөгүй учраас хохирогч хэдэн төгрөгний эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй байгаа учраас хохирлыг гаргах боломжгүй юм. Харин анхан шатны шүүх тогтоол гаргахдаа хохирогч нь эмчилгээ, эм тарианы зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасны дагуу өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж өгсөн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.Отгонбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.Отгонбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Б.НАМХАЙДОРЖ