Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 183/2019/01569/И |
Дугаар | 001/ХТ2021/01188 |
Огноо | 2021-10-07 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2021/01188
Мөнхөд ашдын зам ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/2441 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 239 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Мөнхөд ашдын зам ХХК
Хариуцагч: Э.Солонго
нэхэмжлэл: 22,755,057 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгаас хяналтын журмаар 2020.02.17-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжав, хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянга, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Тус компанийн өмчлөлийн улсын 03-02 УБЗ дугаартай NISSAN PATROL Y262 маркийн тээврийн хэрэгслийг Э.Солонго нь танхайн сэдэлтээр, санаатайгаар 2018.01.17-ны өдөр 4 дугуйг нь хутгаар хутгалж, бүх цонхнуудыг нь хагалж, доторх салоны хянах самбар, толь, гадна их бие зэргийг эвдэж, манай компанид хохирол учруулсан. Бидний зүгээс тухай үед нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэг бүртгэлтийн ажиллагааг хааж, бусдад хохирол учруулсан нь тогтоогдож байх тул иргэний журмаар учруулсан хохирлоо нэхэмжлэх талаар дурдаж тогтоол гаргасан. Хариуцагч дээрх үйлдлийг өөртөө туслах зорилгоор хийсэн гэж тайлбарладаг боловч тэрхүү үйлдэл нь өөр зорилготой байсан гэдэг нь бичлэгээр тогтоогдоно. Үнэхээр өөртөө туслахаар байсан бол нэг дугуйг нь хагалахад л болох байсан. Хариуцагч прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм бол тухайн үед дээд шатны прокурорт нь яагаад гомдол гаргаагүй юм. Тээврийн хэрэгсэлд авто машины ослоос үүдсэн хохирлыг засч, засварласан ч дийлэнх тохиолдолд түүний арилжааны үнэ буурдаг. Иймд хохирогчийн зүгээс автомашинаа цааш арилжих зорилгоос үл хамааран гаргасан өртөгт зохимжтой мөнгөн төлбөрийг гаргуулахын тулд мэргэжлийн байгууллагын үнэлгээг гаргуулсан, үнэлгээний дагуу шаардсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл нотолгоог агуулсан үндсэн баримт байна гэж заасан. Үүнээс баримт байхгүй, энэ баримтад үндэслэж бид хохирлоо нэхэмжилж байгаа. Иймд Иргэний хуулийн 497.1-т хохирол учруулагч зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй тохиолдолд мөнгөн төлбөрөөр төлж барагдуулна гэсний дагуу хариуцагчаас 22,755,057 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: миний бие 2018.01.17-ны өдөр 03-02УБЗ дугаартай Ниссан патрол Y62 маркийн машинд гэмтэл учруулсан нь үнэн. Дээрх асуудал Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгагдаж, тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019.04.04-ний өдрийн №393 дугаартай тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн. Миний бие 2018.01.17-ны өдөр гурван хүүхдийнхээ хамтаар Тайланд улс руу зорчихоор болж, нисэх онгоцны буудал дээр очсон боловч тухайн өдөр цаг агаарын нөхцөл байдлын улмаас нислэг хойшлогдсон. Тэгээд хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 хороо Кинг Тауэр хотхон дахь гэр рүүгээ буцаж ирээд зогсоолд машинаа байрлуулах гэтэл манай ашигладаг агуулахаас манай гэрийн эд зүйлсийг хүн зөөж байхтай таарсан. Тэгээд машинаа байрлуулаад буцаж ирээд Энд юу болоод байна, яахаараа манай агуулахын цоожийг нь эвдээд, манай гэр бүлийн эд зүйлсийг зөөж байдаг юм гэхэд надад юу ч хэлэхгүй таньд хамаагүй гээд ойртуулахгүй, агуулахад байсан эд зүйлсийг гаргаад машин руу зөөсөн. Тухайн машиныг нь очоод харахад нөхрийн компанийн машин байсан. Тэгээд би уг асуудлыг таслан зогсоохоор цагдаад дуудлага өгсөн ба цагдаа ирэхээс өмнө манай хамаг юмыг ачаад явчих гээд байсан тул арга буюу машиныг нь хөдлөхгүй болгох зорилгоор машины дугуйг нь хагалж, цагдаагийн байгууллага ирэх хүртэл саатуулж байсан юм. Би зөвхөн өөрийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор Иргэний хуулийн 12.1-д заасан өөртөө туслах арга хэмжээ авч, дээрх хохирлыг учруулсан. Тус агуулахын өрөөнд хүүхдүүдийн унадаг дугуй, аяллын хэрэгслүүд, хэрэглээгүй удсан эд зүйлс, миний болон манай аав ээжийн цуглуулдаг шашны дурсгалт эд зүйлс болон жижиг сейф хадгалагддаг байсан. Би өөрийн үйлдлийг хууль бус Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэхгүй байгаа бөгөөд өөрийн гэм бурууг хүлээсэн нэг ч мэдүүлэг өгч байгаагүй. Улмаар уг хэрэг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон боловч уг тогтоолд ...Э.Солонго нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Э.Солонго миний бие Н.Мөнхбаясгалантай 2007.09.25-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Мөнхөд ашдын зам ХХК нь миний нөхөр Н.Мөнхбаясгалангийн 100% хувьцаа эзэмшдэг байсан компани бөгөөд тус компани нь гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Би тус компанид ажиллаж өөрийн хувь нэмрийг оруулж байсан.. өөрийнхөө компанийн өмчид халдсан гэж үзэхээр болж байна.. Иймд өөрөө өөрийнхөө хөрөнгийг хамгаалах зорилгоор өөртөө туслах үйлдэл хийж, өөрийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид гэмтэл учруулсан, шүүхээр Э.Солонгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудал тогтоогдоогүй, миний бие гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 183/ШШ2019/2441 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Солонгоос 22,755,057 төгрөг гаргуулан Мөнхөд ашдын зам ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 271,725 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 239 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/2441 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 ,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..Нэхэмжлэгч нь Мөнхөд ашдын зам ХХК-ний эзэмшлийн Ниссан Патрол Ү62 маркийн автомашиныг иргэн Э.Солонго нь гэмтээсэн гэм хорын хохирол 22,780,057 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. Хэрэгт цугларсан Мөнхөд ашдын зам ХХК-ний захирал Н.Мөнхбаясгалан, гүйцэтгэх захирал М.Мөнхмагнай нарыг тогтоосон улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, Э.Солонго, Н.Мөнхбаясгалан нар нь 2007.09.25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан талаарх лавлагаа /хх-46/ зэрэг баримтуудаар Мөнхөд ашдын зам ХХК нь иргэн Н.Мөнхбаясгалан, Э.Солонго нарын гэр бүлийн дундын өмч болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэрлэгчдийн гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө учраас иргэн Э.Солонго нь өөрийн аж ахуй нэгжид бүртгэлтэй автомашиныг эвдэж гэмтээсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулсан үйлдэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан прокурорын тогтоол нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, хэн нэгнийг гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоосон нотлох баримт биш юм. Тиймээс ИХ-н 497, 510-д зааснаар дүгнэж байгаа нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан үйлдэл огт биш, гэр бүлийн дундын эд хөрөнгийг гэмтээсэн юм. Мөн хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий хуулийн дүгнэлт хийгээгүй болохыг анхаарч үзнэ үү. Үүнд нь: Нэхэмжлэгч Мөнхөд ашдын зам ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхтэй этгээд нь 2017.10.06-ны өдөр томилогдсон Н.Мөнхбаясгалан, 2019.04.30-ны өдөр томилогдсон гүйцэтгэх захирал М.Мөнхмагнай, компанийн дүрэмд нэг гишүүнчлэлтэйгээр 2017.10.03-ны өдөр бүртгэгдсэн Н.Мөнхжаргал нь компанийг бусдад шилжүүлсэн бол компанийн дүрэмд өөрчлөлт орох ёстой байтал өнөөдрийг хүртэл компанийн дүрэм нэг гишүүнчлэлтэй, Н.Мөнхжаргал байгаа нь тус компанийг төлөөлж, компанид учирсан хохирлыг шаардах эрхтэй эсэх, Компанийн тухай хуулийн 83-т зааснаар эрх олгогдсон эсэх нь тус тус эргэлзээтэй нотлох баримтууд байдаг. Мөнхөд ашдын зам ХХК-ний эзэмшлийн 03-02 УБЗ улсын дугаартай Ниссан патрол Ү62 маркийн автомашиныг Э.Солонго нь санаатайгаар гэмтээсэн үйлдэл нь 2018.01.17-ны өдөр нөхөр Н.Мөнхбаясгалангийн нэр дээрх компанийн эзэмшлийн буюу эхнэр Э.Солонгод хамаарал бүхий компанийн дундын өмчид хувийн таарамжгүй харилцааны улмаас халдаж, гэмтээсэн үйлдэл байдаг. Энэ байдал нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон. Гэм хорын хохирлын хэмжээг 2018.01.19-ний өдөр Мастер үнэлгээ ХХК өдрийн №09507507 дугаартай тайлангаар 22,780,057 төгрөгөөр үнэлжээ. Хоёр шатны шүүх хэрэгт цугласан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний дээрх тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.3, үнэлгээчин П.Дашпэлжээгийн тусгай зөвшөөрлийн 091/00171 дугаартай гэрчилгээ нь 2012.12.07 дугаартай 255 тоот тушаалаар 3 жилийн хугацаагаар олгогдсон боловч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг сунгаагүй байгаа байдал зэрэгт нотлох баримтуудыг үнэлэхдээ ИХШХШТХ-н 40-д заасныг зөрчиж үнэлсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2019.05.31-ний өдрийн №06708 дугаартай шүүгч Д.Энхцэцэг захирамж гарган иргэний хэрэг үүсгэжээ /хх-34/, 2019.06.03-ны өдөр даргалагч бүрэлдэхүүн томилсон захирамжаар Д.Энхцэцэг шүүгчийг томилсон /хх-35/ 2019.08.23-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Да.Энхцэцэгт 2019.08.26-ны өдрөөр хэрэг хуваарилахыг зогсоосон. /хх-73/ 2019.09.02-ны өдөр шүүгч Ж.Эрдэнэчимэг тус хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнээр даргалагч Мөнгөнтуул, шүүгчид Мөнхбаяр, Мөнхжаргал нарыг томилсон /хх-74/ 2019.10.09-ны өдрийн №00448 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч Мөнгөнтуул, шүүгчид Мөнхжаргал, Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр хүсэлт шийдвэрлэсэн байна /хх-111/ 2019.10.09-ний өдрийн №00448 дугаартай шүүхийн тогтоолд даргалагч Мөнгөнтуул, Мөнхбаяр, Мөнхжаргал нар гарын үсэг зурж албажуулжээ /хх-112/ 2019.11.13-ны өдөр Ерөнхий шүүгч Даваасүрэн шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн - даргалагч Д.Мөнгөнтуул, шүүгчид Б Мөнхбаяр, Ц.Оюунбилэг нарыг томилжээ /хх-153/ 2019.11.13-ны өдрийн №02441 тоот шүүх хуралдааны тэмдэглэлд ...шүүгч Д.Мөнгөнтуул даргалж... бичигдсэн байгаа нь ИХШХШТХ-н 96.1-д заасныг зөрчсөн байна. /хх156/ 2019.11.13-ны өдрийн №02441 тоот шүүхийн тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж албажуулсан байна /хх-161/ зэрэг баримтуудаар анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ИХШХШТХ-н 78, 83-т заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Иймд шүүхүүд хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Мөнхөд ашдын зам ХХК 2019.05.14-ний өдөр Э.Солонгод холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 22,755,057 төгрөг шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг үндэслэл бүхий гэж үзэж, шаардлагыг бүрэн хангажээ.
Шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Хариуцагч 2018.01.17-ны өдөр 03-02 УБЗ дугаартай NISSAN PATROL Y262 маркийн тээврийн хэрэгслийг эвдсэн нь нотлогдсон, үүнийг үгүйсгэх баримтгүй байх тул гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.
2. Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг устгах буюу эвдэх зэрэг нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй. Өөртөө туслах үйлдэл нь тухайн нөхцөл байдалд тохирсон хэр хэмжээнээс хэтэрч болохгүй.
Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч нь эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан нь, мөн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үйл баримтууд нотлогдоогүй байна. Мөн тээврийн хэрэгслийг устгах буюу эвдэх нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлгүй байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн зохицуулалтыг тухай маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.
3. Хариуцагч бусдын бус, харин өөрийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэх тайлбар гомдлыг хангах нөхцөл болохгүй байна.
а/. 03-02 УБЗ дугаартай NISSAN PATROL Y262 маркийн тээврийн хэрэгсэл нь Э.Солонгын хуваарьт эд хөрөнгө болох нь тогтоогдоогүй тул гомдол Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсгийн ...гэр бүлийн гишүүн хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй... гэдэгт хамаарахгүй юм.
Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...эд хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул бусдын эд хөрөнгөд гэмтэл учруулсан гэж үзэхгүй... гэх боловч 03-02 УБЗ дугаартай NISSAN PATROL Y262 маркийн тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч байгууллагын нэр дээр бүртгэлтэй байна. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзахдаа хэргийн 32-33 дугаар талд буй тээврийн хэрэгслийн лавлагааг үгүйсгэж чадаагүй, ямар нэг шаардлага гаргаагүй байна.
б/. Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй юм.
Иймд ...өөрийн аж ахуй нэгжид бүртгэлтэй автомашиныг эвдэж гэмтээсэн үйлдлийг бусдын эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулсан үйлдэл гэж үзэхгүй... гэх гомдол Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-г зөрчиж байна.
Түүнчлэн, зөрчил гарсан гэх 2018.11.17-ны өдрийн байдлаар Э.Солонго, Н.Мөнхбаясгалан нар Мөнхөд ашдын зам ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй байна.
4. Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2010.01.20-ны өдрийн 9011222014 дугаар гэрчилгээ /хх6/-нд буй тэмдэглэлээс үзвэл Мөнхөд ашдын зам ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд /хх 5/ -н олгосон итгэмжлэлээр Л.Баасанжав шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35, 36 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.
5. Хуульд заасан хамтын зарчмаар шийдвэрлэх хэргийг шүүгч дангаараа хянан хэлэлцэх нь ...хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн... тохиолдолд хамаарна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг үзвэл, хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл буюу хуралдааны явц /хх 156-160/-г тэмдэглэсэн байдлаар тогтоогдож байна.
Хуульд заасан журмын дагуу томилогдсон шүүгч хэргийг шийдвэрлэсэн байх тул хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78, 83, 168.1.4-г зөрчөөгүй гэж үзнэ.
6. Нэхэмжлэлийн шаардлага, татгалзлыг зохигч өөрөө нотлох үүрэгтэй. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч нь тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээтэй холбоотой маргаан үүсгээгүй, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн бичгийн баримт буюу Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2019.04.04-ний өдрийн 393 тогтоол, Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээ /хх11-14/-г үгүйсгэх баримтгүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 42 дугаар зүйлийн 42.4, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцэхгүй юм.
7. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль болон бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангасан үндэслэлээ тодорхой заасан байх тул хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгын гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/2441 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 239 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 271,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
П.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ