Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1080

 

 

 

 

 

  2019          10            24                                           2019/ДШМ/1080                                                           

 

М-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:          

            прокурор Б.Долгион,

            шүүгдэгч М-, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 533 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Долгионы бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн М-ад холбогдох 1902004350192 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-ийн М, Улаанбаатар хотод 1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эцэг, эмэг эх, дүүгийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлтгүй, /регистрийн дугаар: 0000000000/;

М- нь 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 720 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, мөн сарын 3-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоот гэртээ болон биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг М-ад мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М- нь энэ хэрэгт 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан гялгар ууттай 175 гр /цэвэр жин 145 гр/ жинтэй нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, /гялгар ууттай жин 65 гр/ 57 гр цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн 2 ширхэг тугалган цаас, 4 гэж дугаарласан даавуун уутанд хийсэн, нойтон ногоон өнгийн ууттай 583 гр /цэвэр жин 518 гр/ жинтэй нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйл, 5 гэж дугаарласан “KITCHEN FOIL” гэсэн бичигтэй, ашиглагдаагүй хуйлсан тугалган цаас /Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/ зэргийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Эрүүгийн 1902004350192 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Долгион бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхээс М-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэмээн дүгнээд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хор уршгийн талаар дүгнэлт хийгээгүйг гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус заасан байхад хохирол учраагүй, хор уршиг арилсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын Үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол учруулдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай. Харин материаллаг, эсхүл өртгөөр үнэлэгдэх хэлбэрээр хохирол, хор уршгийг тодорхойлох нь хууль зүйн хувьд алдаатай болно.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 533 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал тус шүүхэд гаргасан тайлбартаа: “... хэрэгт авагдсан нотлох баримтаар М- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгон мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөв мэдүүлэг өгсөн, энэ хэргийн улмаас бусдад учруулсан хохирол байхгүй, гэмт хэргийн ангилал нь хөнгөн хэрэг байгаа тул Эрүүгийн хуульд заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэх үндэслэл болсон. Прокуророос шүүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж эсэргүүцэл бичжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Харин прокурорын тайлбарлаж байгаа эрүүгийн хэргийг шүүх шийдвэрлэхдээ төрийн бодлого болон хуулийг хэн нэгэн этгээдийн ашиг сонирхолд нийцүүлж, эсхүл таамаглаж бодитоор учраагүй хохирлыг ирээдүйд болно гэж төсөөлж хэрэглэх хуулийн заалт байхгүй тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байна. М-ын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага наснаас өнчин өсч, хүнд хэцүү амьдрал үзэж туулсан, одоо ч хөдөлмөрлөж тэмцэж энэ хэрэгтээ гэмшиж байгаа. Ажил хийж ар гэрээ тэжээж, өөрөөсөө хоёр насаар дүү охиноо сургуульд сургах зардлыг төлж, шударга амьдрах хүсэл сонирхолтой залуу хүн юм. Энэ нөхцөл байдлыг ч шүүх харгалзан үзсэн. Шүүгдэгчийн үйлдэл шууд нийгэмд аюултай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Иймд Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх, шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэр гаргасныг прокурор “... гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд бодитой үнэлэлт дүгнэлт хийгээгүй ...” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл бичжээ. 

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Гэтэл анхан шатны шүүх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг бодитой үнэлж, дүгнээгүй байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 533 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М-ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ         

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН